Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1086

 

 

   2022         07         08                                    2022/ШЦТ/1086

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Ц.Ганцэцэг /цахим/,

Шүүгдэгч Д.С- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 02634 2193 дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 6-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 51 настай, дээд боловсролтой, санхүүгийн нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 2, хүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаар:хх-00000000/ Н овогт Д-ын С-,

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Д.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, -- хотхоны 00 байрны гадна тоглоомын талбай дээр, насанд хүрээгүй З.Х-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд 1-р шүдний сулрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язрал, цус хуралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”  гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, насанд хүрээгүй хохирогч З.Х-ийн өгсөн мэдүүлэг /хх-12-13/, гэрч Ө.Эрхэсийн өгсөн мэдүүлэг /хх-15-16/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 7148 дугаартай дүгнэлт /хх-21-22/, шүүгдэгч Д.С-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-60/ шүүгдэгч Д.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/, шүүгдэгч Д.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-65-66/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Д.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, GR хотхоны хх байрны гадна тоглоомын талбай дээр, насанд хүрээгүй З.Х-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд 1-р шүдний сулрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язрал, цус хуралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч З.Х-ийн өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн үед байрныхаа гадаа буюу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Гарден Ресидэнс хотхоны хх байрны гадна найз Ө.Эрхэсийн хамт байж байтал тоглоомын талбай дээр тоглож байсан хүүхдүүд дээр 1 согтуу ах очоод хүүхдүүдийг цохиж аваад байхаар нь би очоод “та одоо болиоч ээ” гэж хэлтэл “чи юу гээд өөдөөс цор цор гээд байгаа юм” гэж хэлээд намайг цохих гээд дайрахаар нь би хойшоо ухраад алхаж байгаад хашаанд тултал, тэр согтуу ах ирээд миний уруул хэсэг рүү 1 удаа гараараа хүчтэй цохисон. Түүний дараа намайг дахин цохих гээд байхаар нь би тухайн хүнийг цааш нь түлхэж холдуултал цаанаас хүмүүс гарч ирээд салгаад, тэгээд би найз Ө.Эрхэсийн утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...миний доод уруул сэтэрсэн, үүдэн баруун 1 шүд хөдөлсөн, тухайн гэмтлийг тэр согтуу эрэгтэй хүн миний нүүр рүү 1 удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг, /хх-12-13/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Эрхэсийн өгсөн: “...22 цагийн үед би найз З.Х-тай гэрийнх нь гадаа буюу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Гарден Ресидэнс хотхоны хүүхдийн тоглоомын талбай дээр уулзсан. Тэгээд бид 2 юм яриад сууж байтал цаанаас 1 согтуу, таягтай хүн хүрч ирээд тоглоомын талбай дээр тоглож байгаа хүүхдүүдийг “та нар шөнө орой шуугилдаад тоглолоо, явцгаа” гэх зэргээр уурлаад хэрүүл хийгээд байсан. Тэгтэл З.Х- тэр хүн дээр очоод “та болиоч ээ, хүүхдүүд дээрэлхээд байх юм” гэж хэлтэл нөгөө согтуу хүн З.Х-ын  нүүр, уруул хэсэг рүү нь 1 удаа цохичихсон. Тэгтэл З.Х-ын амнаас нь цус гарсан...” гэх мэдүүлэг/хх-15-16/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзоригийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 7148 дугаартай:

1.3.З.Х-ын биед баруун дээд 1-р шүдний сулрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-21-22/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүдэгч Д.С-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн үед гэрийнхээ гадаа нэлээн согтуу ирсэн. Тэгтэл байрны гадаа хүүхдүүд тоглож байхаар нь очоод “та нар шөнө орой битгий гадаа тоглоод бай, хүний амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэж хэлтэл хүүхдүүд бөөндөө над руу дайраад, би бас тухайн хүүхдүүд рүү дайраад бид нар хоорондоо маргалдсан. Тэгтэл З.Х- гэх хүүхэд над дээр ирээд “та одоо болио” гэж хэлэхээр нь би тухайн хүүхдийн нүүр хэсэг рүү нь 1 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-60/

Шүүгдэгч Д.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/,

Шүүгдэгч Д.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.П-гаас  гаргасан хохирлоо гаргуулж авсан цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-65/,

Шүүгдэгч Д.С-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-66/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Д.С- нь насанд хүрээгүй хохирогч З.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч З.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.С-ыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.    

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Д.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, GR хотхоны хх байрны гадна тоглоомын талбай дээр, насанд хүрээгүй З.Х-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд 1-р шүдний сулрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язрал, цус хуралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Эрх зүйн дүгнэлт

                                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.С-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, GR хотхоны хх байрны гадна тоглоомын талбай дээр, насанд хүрээгүй З.Х-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд 1-р шүдний сулрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язрал, цус хуралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүхий л шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч А.П- нь хохирлоо бүрэн барагдуулсан ба гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Д.С-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

  Шүүгдэгч Д.С- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт Д-ын С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.С- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.С-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                       

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС