| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2022/0170/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/238 |
| Огноо | 2022-09-06 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Давааравдан/онлайнаар/
Шүүгдэгч: Н.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Арлан овогт Нийн Ст холбогдох эрүүгийн 2212000000058 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 09 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Мал зүйч мэргэжилтэй, Архангай аймгийн Цэнхэр сумын ...г, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын .............. суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Арлан овогт Нийн С/РД:АО.............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.С нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр согтуурсан үедээ Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Зээг гэх газар Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Д.Эт нь биедээ хүнд гэмтэл авч, Улаанбаатар хот, ГССҮТ-д эмчлэгдэж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Н.Сын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...2021 оны 12 дугаар сарын 18-ны орой гэр рүүгээ явж байсан. Тэр шөнөө гэртээ харьж хувцсаа солиод буцаад ажил руугаа явах ёстой байсан. Би 50-60 мл хурдтай явж байсан. Гэнэт л пин пан хийх чимээ гарсан. Нэг мэдэхэд осол гарсан байсан. Миний машины ард талд сууж явсан талийгаач Эт ухаан алдсан байсан. Тэгээд түргэн тусламж дуудаж, аймгийн нэгдсэн эмнэлэгт сахиж хоноод маргааш өдөр нь Улаанбаатар хот руу авч яваад 10 гаран хоног Улаанбаатар хотод хэвтэж эмчлүүлсэн. Би талийгаачийн амь насыг аврах гэж бүх боломжийг ашигласан. Миний буруугаас болж хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг болсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн ар гэрийнхэн гомдол саналгүй гэсэн. Би бүх хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Би 2016 оноос хойш шинэ цагийн хоршооны даргын ажил хийж байгаа. Малчдыг үйлдвэрлэлтэй холбож өгөх ажлыг Монгол улсад анх удаа хийж байгаа. Ноолуурын олон улсын их хурал болно. Тус хуралд бүх хоршоог төлөөлж оролцох ёстой. Мөн Архангай аймгийн 100 жилийн ойд зориулж Архангай аймгийн Цагаан хаалгыг шинэчлэх мөн баримал барих, хясааг тохижуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Төвшрүүлэх сангийн аж ахуйд баригдах махны үйлдвэрийн газрын асуудал шийдэгдсэн байгаа. Цэнхэр суманд бог, бод малын нэхий элдэх тоног төхөөрөмж буусан байгаа буюу 9 дүгээр сард хашаа нь баригдаад ажил нь эхлэх ёстой. 460 хоршооноос манай хоршоо шалгараад “Нэг дэлхий, нэг брэнд, нэг сум” гэсэн төслийн эрхийг авсан. Цэнхэр болон Төвшрүүлэх сумыг дэлхийн том ноолуурын брэндтэй холбож, төсөл хэрэгжсэнээр малчдын бодит орлого нэмэгдэж, монгол ямааны ноолуур дэлхийд танигдах ач холбогдолтой төслийг хэрэгжүүлэх гэж байгаа. 2020 оноос хойш Эрдэнэт хотын нөөцийн махны 70 хувийг манай хоршоо дангаараа бэлтгэдэг. Мөн энэ онд гэрээгээ байгуулаад мах бэлтгэлийн ажил эхэлсэн байгаа. Би 82 настай ээжтэйгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, дүүгийнхээ 2,4 настай 2 хүүхэдтэй хамт амьдардаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2212000000042 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Өын өгсөн:
“...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Н.С гэх хүн манай аав руу залгаад Архангай аймаг руу мал туух сүүлийн ажил үлдчихээд байна гялс яваад ирмээр байна гэж утсаар яриад манайд ирсэн. Тэгээд аавыг дагуулаад явсан. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр аавын төрсөн эгч Д.Нарантуяа над руу залгаад аав чинь Архангай аймагт осолд орсон байна одоо нааш Улаанбаатар хот руу ирж байна гэж хэлсэн. Тэгээд 1-2 хоногийн дараа Улаанбаатар хотод ирээд Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан. Н.С гэх хүнтэй хамт явсан өөр ямар нэгэн хүнтэй явсан талаар би мэдээгүй осол болсны дараа Н.С, манай аав тэгээд нэг танихгүй хүнтэй гурвуулаа явсан юм байна лээ. Манай аав тухайн ажилд явах их дургүй явсан. Ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Олон жилийн өмнө толгойдоо гэмтэл авч байсан гэж сонсож байсан. Гэхдээ миний аав бие сайн чийрэг хүн байсан. Би гомдолтой байна миний аавыг тухайн ажилд явах дургүй байхад авч явсан мөн дээр нь Н.С гэх хүн ажил хийлгэх гэж авсан явсан хүнтэйгээ хамт архи уугаад хариуцлагагүй явсан, би аавтайгаа хамт хийнэ гэж бодож явсан зүйлээ хийж чадаагүйд гомдож байна. Оршуулгын зардал тухайн хүнээс авсан. Санал хүсэлтээ дараа илэрхийлнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 154-155 дугаар тал/
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Өын дахин өгсөн:
“...Оршуулгын зардалтай холбоотой мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Н.С гэх хүн сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулна гэсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Н.С гэх хүнийг хуулийн зүгээс аль болох хөнгөн талаас нь шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 173-174 дүгээр тал/
*Гэрч Б.Өын өгсөн:
“...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн үед найз Н.С, Н.Сын хамт ажилладаг гэх ах Д.Эт нарын хамт Н.Сын гэр рүү тус аймгийн Цэнхэр сумын төвөөс гараад Янгиртай хясаа орох гээд Н.С нь 25-70 УБМ улсын дугаартай Креста маркийн хар ногоон өнгийн тээврийн хэрэгсэлээ жолоодоод би түүний хажууд, арын суудал дээр Д.Эт гэх ах суугаад явж байтал, гэнэт түс тас гэх чимээ гараад машин далбилзсан, тухайн үедээ би нойрмоглоод явж байсан болохоор цочиж сэрээд харахад Н.С рулээ овсгоо гарган хариулж замын хажуу руу онхолдолгүй машин явж байсан урсгалынхаа эсрэг урсгал руу орж, зүүн зүг рүү харж гайгүй зогссон. Тэгтэл ард сууж явсан Д.Эт ахын нүүр, шанаа хувцас зэрэг цус болчихсон, найз Н.Сын уруул, амнаас нь цус гарсан байдалтай айж сандарч, шоконд орцгоосон байсан. Тэгээд эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай найз Н.С тухайн үед Д.Эт ах бид хоёртой 1 шил архи, 3 ширхэг лаазтай пиво зэргийг хувааж уусан байсан. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд осол болсон байна. Надад ямар нэгэн бэртэл, гэмтэл учраагүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/
*Гэрч Н.Иын өгсөн:
“...Би Креста маркийн 25-70 УБМ тээврийн хэрэгслийг 2019 онд өөрийн хуурай дүү Б.Баас 3.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй байсан. Сүүлд уг тээврийн хэрэгслийг би өөрийн төрсөн ах Н.Ст өртэй байсан болохоор түүнд өгөх өрныхөө оронд өгч байсан, одоо тухайн тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлвэл ах Н.Сын эзэмшил, өмчлөлд очих юм. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Дээрх тээврийн хэрэгсэл нь миний төрсөн ах Н.Сынх учир надад иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлага байхгүй. Манай ах Н.С нь хүнд тусархуу, сэтгэл сайтай, буруу зөрүү зан байхгүй дөлгөөхөн сайхан хүн байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 135-136 дугаар тал/
*Гэрч Б.Бын өгсөн:
“...Би Н.Ит 2019 оны намар өрөндөө өгч байсан. Үүнээс хойш 2-3 удаа би Н.Ит хандаж машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж ав над руу татвараас залгаад байна гэж хэлж байсан, энгээд одоог хүртэл шилжүүлж аваагүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, би хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 149 тал/
*Яллагдагч Н.Сын өгсөн:
“...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 144-145 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 05 дугаартай:
“...Н.Сын гэх цусанд 1.1 промиль спиртийн зүйл илрэв...” гэх дүгнэлт/хх-ийн 67 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 сарын 05-ны өдрийн 54 дугаартай:
“...Д.Этын биед зүүн чамархай ясны хайрст, чулуулаг хэсгээс гавлын суурь ясыг дайран самалдаг яс хүртэл 01 см цөмөрсөн хоёрлосон хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн суурь хэсгийг хамарсан тархины эдийн няцрал, баруун эгэм ясны хөндлөн далд хугарал, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн чамархай ясны хугарал, тархины эдийн няцрал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, баруун эгэм ясны хөндлөн далд хугарал гэмтэл нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 77-79 дүгээр тал/
*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 248 дугаартай:
“...Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн суурь луу үргэлжилсэн хугарал, тархины эдийн цусархаг няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, чамархайн хуйх, болон зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн эгэмний далд хугарал, зүүн хацар ясны далд хугарал, баруун зүүн нүдний зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун бугалга, зүүн гарын сарвуу, баруун зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн зам тээврийн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Талийгаач нь ГССҮТ-д 2022.01.01-ний өдөр 09:00 цагт нас барсан байна. Талийгаачийн цус нь АВ4-р бүлгийн харьяалалтай байна. Химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 111-119 дүгээр тал/
*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын шинжээч У.Лхагвадоржийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай:
“...25-70 УБМ улсын дугаартай Креста маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, Мөн дүрмийн 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалт, Мөн дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт, Мөн дүрмийн 3.7.А-Д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жич: Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Цагдаагийн ахмад Б.Отгонжаргалын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтэд Н.Сын гэх цусад 1,1 промиль спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн байна. 25-70 УБМ улсын дугаартай Креста маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалт, Мөн дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт, Мөн дүрмийн 3.7.А-Д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Зам тээврийн ослын газрын схем зураг болон фото зурган дээр 25-70 УБМ улсын дугаартай Креста маркийн тээврийн хэрэгслийн тоормосны гэх ямар нэгэн дугуйн мөр байхгүй байгаа тул жолооч Н.С зогсоох арга хэмжээ аваагүй байна. мөн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Н.Сыг /АО74091137/ регистрийн дугаараар ТРS программд шүүж үзэхэд В ангиллын 1043439 дугаарын жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 128-129 дүгээр тал/
* Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-7 дугаар тал/,
* Ослын газрын схем зургийн акт/хх-ийн 12-13 дугаар тал/
* Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 102-106 дугаар тал/,
*Тээврийн хэрэгслийн лавлагаа/хх-ийн 48 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Н.Ст холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Н.С нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Зээг гэх газар Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Д.Эт нь биедээ хүнд гэмтэл авч, Улаанбаатар хот, ГССҮТ-д эмчлэгдэж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч нас барсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Н.С нь согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Өын”...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр аавын төрсөн эгч Д.Нарантуяа над руу залгаад аав чинь Архангай аймагт осолд орсон байна одоо нааш Улаанбаатар хот руу ирж байна гэж хэлсэн. Тэгээд 1-2 хоногийн дараа Улаанбаатар хотод ирээд Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан. Н.С гэх хүнтэй хамт явсан өөр ямар нэгэн хүнтэй явсан талаар би мэдээгүй осол болсны дараа Н.С, манай аав тэгээд нэг танихгүй хүнтэй гурвуулаа явсан юм байна лээ. Манай аав тухайн ажилд явах их дургүй явсан. Ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Өын”...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн үед найз Н.С, Н.Сын хамт ажилладаг гэх ах Д.Эт нарын хамт Н.Сын гэр рүү тус аймгийн Цэнхэр сумын төвөөс гараад Янгиртай хясаа орох гээд Н.С нь 25-70 УБМ улсын дугаартай Креста маркийн хар ногоон өнгийн тээврийн хэрэгсэлээ жолоодоод би түүний хажуу, арын суудал дээр Д.Эт гэх ах суугаад явж байтал, гэнэт түс тас гэх чимээ гараад машин далбилзсан, тухайн үедээ би нойрмоглоод явж байсан болохоор цочиж сэрээд харахад Н.С рулээ овсгоо гарган хариулж замын хажуу руу онхолдолгүй машин явж байсан урсгалынхаа эсрэг урсгал руу орж, зүүн зүг рүү харж гайгүй зогссон. Тэгтэл ард сууж явсан Д.Эт ахын нүүр, шанаа хувцас зэрэг цус болчихсон, найз Н.Сын уруул, амнаас нь цус гарсан байдалтай айж сандарч, шоконд орцгоосон байсан. Тэгээд эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай найз Н.С жолоодож явсан. Би нойрмоглоод явж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Манай найз Н.С тухайн үед Д.Эт ах бид хоёртой 1 шил архи, 3 ширхэг лаазтай пиво зэргийг хувааж уусан байсан...” гэх мэдүүлэг, Талийгаач Д.Этын цогцост хийсэн шинжилгээгээр талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 248 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 05 дугаартай “...Н.Сын гэх цусанд 1.1 промиль спиртийн зүйл илрэв...” гэх дүгнэлт/хх-ийн 46-66-67 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Сын согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Сын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл болон уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Н.Сын гэх цусанд 1.1 промиль спиртийн зүйл илэрсэн болохыг тогтоосон тул түүнийг согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Сыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ө нь хохирол төлбөрт нийт 44.393.000 төгрөгийг шүүгдэгчээс бэлнээр болон дансаар хүлээж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.С нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Н.С нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялаас доогуур ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ст оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Давааравдан шүүхийн хэлэлцүүлэгт “...Сын гэх цусанд спиртийн зүйл илэрсэн гэсэн шинжээчийн дүгнэлт хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, хуруу шилэнд авсан гэх цус нь хэддүгээр бүлгийн цус болохыг тогтоогоогүй, уг цус нь Н.Сын цус гэдгийг тогтоосон зүйл байхгүй мөн шинжээч У.Лхагвадоржийн гаргасан дүнэлт хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, У.Лхагвадоржийн тухайд шинжээчийн дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий мэргэшсэн гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 69 см урттай төмрийн хувьд хэргээс газраас хураан авсан тэмдэглэл байхгүй, зарим баримтад 6.9 см гэж зарим дээр 69 см гэж зөрүүтэй бичигдсэн, эд мөрийн баримтаар тооцох прокурорын тогтоолд өөр гэмт хэргийн талаар бичигдсэн байна, согтуурсан гэдгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт хууль бус тул түүнийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх санал гаргасанг хүлээн авах боломжгүй юм. Мөрдөгчийн 2021 оны 12 сарын 20-ны өдрийн шинжээч томилох тогтоолд /хх-64х/ шинжээчийн мэдэлд шинжилгээ хийлгэхээр Н.С /00590731/-ын биеэс авсан хуруу шилтэй 5мм цусны хамт тогтоолыг хүргүүлсэн талаар дурдсан ба шинжээч мөрдөгчийн тогтоолын дагуу дүгнэлт гаргаж Н.Сын гэх цусанд 1.1 промиль спиртийн зүйл илэрсэн, энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн, уг шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, харин шүүгдэгч Н.С нь тухайн цаг хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар гэрч Б.Ө мэдүүлсэн болно. Мөн зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоох зорилгоор шинжилгээний байгууллагаас гадуур мөрдөгчийн томилсон тогтоолыг дагуу шинжээч У.Лхагвадорж дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал мөн тогтоогдохгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд талууд уг мөрдөгчийн шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлттэй танилцаж санал хүсэлт гаргаагүй болно. Харин прокурорын 2021 оны 12 сарын 18-ны өдрийн 116 дугаартай зөвшөөрөлд гэмт хэргийн утга хэсэгт өөр хэргийн талаар дурдсан, эд мөрийн баримтыг 6.9 см урттай гэсэн байх бөгөөд мөрдөгчийн тогтоолд эд мөрийн баримтыг 69 см урттай гэж бичигдсэн, энэ нь бичиг техникийн алдаа байх бөгөөд хэргийн тогтоогдсон байдалд нөлөөлөхгүй, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан, гэмт хэргийн ангилалын хувьд Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэг байна. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйл болон 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах тул шүүгдэгч Н.Ст хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Арлан овогт Нийн Сыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ст оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР