Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 744

 

Г.Д-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                        

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Хосбаяр,

шүүгдэгч Г.Д-,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 481 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ш.Хосбаярын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Д-д холбогдох эрүүгийн 1809019540297 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Пэрэнлэйн овгийн Г.Д-, 1994 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмэг эх, өвөг эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Г.Д- нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Бямбажавыг “Зуслангийн байрыг чинь худалдаж авна, гар утсаар чинь яриад өгье, мөнгө түр өгч байгаач” гэж хуурч бэлнээр 60.000 төгрөг, “Samsung S3” загварын гар утас зэргийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Д-ийг бусдыг хуурч, төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Хосбаяр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээнээс хамаарч ялгамжтай байдлаар зохицуулсан байхад шүүхээс шүүгдэгч Г.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна гэж дүгнээд хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн оногдуулах ялд “...эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар хуульчилжээ. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах хорих ялын дээд хэмжээ нь 3 жил байхад хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамруулан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн гэж үзсэн нь буруу байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Г.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Г.Д-ийг үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Бямбажавыг “зуслангийн байрыг чинь худалдаж авна, гар утсаар чинь яриад өгье, мөнгө түр өгч байгаач” гэж хуурч бэлнээр 60.000 төгрөг, “Samsung S3” загварын гар утас зэргийг шилжүүлэн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...шүүгдэгч Г.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон боловч ... дээрх гэмт хэрэгт оногдуулж болох хүнд төрлийн буюу хорих ялын доод хэмжээ 6 сарын хугацаатай байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад, дээд хэмжээ 3 жилийн хугацаагаар хорих ял нь мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус хамаарч байгаагаас шалтгаалж хөөн хэлэлцэх хугацааг хэдий хугацаагаар тооцоход тодорхой бус, эргэлзээтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталж шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамааруулан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй...” хэмээн дүгнэн, шүүгдэгч Г.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтуудад заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн хэргийн ангилалд хамаарах хэдий ч хууль тогтоогч эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэлийг тодорхойлохдоо гэмт хэргийн ангилалд тулгуурлаж бус харин тодорхой ялын дээд хэмжээгээр хязгаар тогтоон хуульчилсан болно.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанд тооцохоор зохицуулсан бөгөөд гэмт хэргийн ангиллыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа тооцох талаар ямар нэгэн хэм хэмжээг хуульчлан тогтоогоогүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуульд байхгүй үндэслэл зааж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд дээрх үндэслэлийг нэгэн адил дурьдсан 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Г.Д-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан шийдвэрлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурьдвал зохино.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 481 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Д-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                   ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                   ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН