Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0316

 

2021 оны 05 сарын 14-ний өдөр 128/ШШ2021/0316

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Б

Хариуцагч: ХУДЗДТГД

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан Хан-Уул дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуй ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл, нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: С овогтой Б миний бие ХУДЗДТГД-ын  албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Б-ийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ***дугаар С.Б ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулахаар хуульд заасан хугацаанд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Гэвч Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар Xариу хүргүүлэх тухай албан бичгээр намайг Төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй тул уг гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Миний хувьд Төрийн албаны зөвлөлийн үндэслэлгүй дээрх хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

ХУДЗДТГД-ын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өрийн *** дугаар тушаалаар Хууль зүй, архивын тасгийн Эрх зүй сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж байсан. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/114 тоот тушаалаар Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуй асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон.

Гэтэл намайг ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явж байхад ХУДЗДТГД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Б нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ***дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан байсан. Уг тушаалыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр надад танилцуулснаар би ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж байгаагаа мэдсэн. Ажлаас чөлөөлөх тушаал гарсан хэдий ч би ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан.

Гэтэл ХУДЗДТГД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Б нь ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа уг ажиллагаанд намайг оролцуулаагүй тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй. Үүрэг гүйцэтгэгч Н.Б-ийн гаргасан ажлаас чөлөөлсөн тушаалтай анх танилцсанаар би уг албанд түр томилогдсон, ажлаас чөлөөлөх хүсэлтээ өөрөө гаргасан юм байна гэдгийг мэдсэн. Гэвч уг албан тушаалд цаашид ажиллах миний хүсэл зориг бодит байдал болон анх уг албан тушаалд томилогдсон шийдвэрээс харахад намайг ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан 2 шалтгаан хууль зүйн хувьд илт үндэслэлгүй шийдвэр болох нь тодорхой байна. ХУДЗДТГД-ын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ***дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд: Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх заалтыг удирдлага болгосон байна. Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст ажиллаж байх хугацаандаа хэзээ ч өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаж байгаагүй. Ажлаас чөлөөлсөн тушаалын 1 дүгээр хэсэгт түр томилогдсон гэж дурдсан нь үндэслэлгүй юм. Учир нь ХУДЗДТГД-ын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/114 дүгээр тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон. Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлд албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэлийг тодорхой заасан бөгөөд анх ажилд томилсон тушаалд дээрх үндэслэл байхгүй байна.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өглөө ажилдаа ирэхэд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Засаг даргын зөвлөлийн хурал, шагнал хариуцсан мэргэжилтэн Ч.М чамайг ажлаас халсан гэж хэлсэн. Үүрэг гүйцэтгэгч Н.Б нь ХУДЗДТГД-нь ээлжийн амралттай байх хугацаанд түүний үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа илт хууль бус захиргааны актыг гаргасан нь төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхэд үндэслэлгүйгээр халдсан, ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Иймээс Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өрийн ***дугаар тушаалыг хүчингүй болгуулж өмнө эрхэлж байсан Хан-Уул дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...ХУДЗДТГД-ын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар тушаалаар С.Б*******ийг Хууль зүй, архивын тасгийн Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр томилсон байдаг.

Улмаар ХУДЗДТГД-ын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/114 дүгээр тушаалаар Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр сэлгэн ажиллуулсан.

С.Б нь 2020 оны 08 дугаар сарын 20, 21-ний өдөр ажил тасалсан. Шинээр томилогдсон албан хаагчдын ажлын тайланг авч хэлэлцэх Засаг даргын удирдлагын зөвлөлийн хуралд оролцоогүй зөрчил гаргасан. Дээрх зөрчлийг гаргасан учраас ажлаас чөлөөлөхдөө өөрөө хүсэлтээ өгье гэсний дагуу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ***дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч нь ХУДЗДТГД-ын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ***дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан Хан-Уул дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуй ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргасан байна.

ХУДЗДТГД-ын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн С.Б-г ажлаас чөлөөлөх тухай ***дугаар тушаалаар Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилогдсон С.Б-г 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Дээрх ***дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-д заасныг үндэслэсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-д өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан; гэж заасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно, 26 дугаар зүйлийн 26.1-д Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно. гэж тус тус заасан ба Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар бүлгээр төрийн жинхэнэ албан тушаалд томилох нийтлэг журмын талаар, 7 дугаар бүлгээр төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын талаар зохицуулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн дээрх зохицуулалтуудын агуулгаас үзэхэд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдээгүй иргэнийг төрийн жинхэнэ албанд томилохыг хориглосон байна.

Нэхэмжлэгч С.Б нь төрийн албанд анх томилогдохдоо төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдээгүй байсан байх ба нэхэмжлэгч төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй асуудалтай хэргийн оролцогчид маргаагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг; гэж тус тус заасан байна.

Дээрх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд Захиргааны хэргийн шүүх нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой байна.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн хууль ёсоор үүссэн эрх, ашиг сонирхлыг хамгаална.

Иймд нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албанд анх томилогдохдоо төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрх нь хууль ёсоор үүсээгүй байх тул ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Хэдийгээр ХУДЗДТГД-ын 2020 оны ***дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-д өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан; гэж заасныг үндэслэсэн атлаа нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нөхцөл байдал тогтоогддоггүй, уг ***дугаар тушаалд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон шалтгаан, үндэслэлийг заагаагүй зэрэг алдаатай, хуульд нийцээгүй хариуцагчийн үйлдэл байх боловч нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

Харин ХУДЗДТГД-ын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн *** дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Б-г  Аж ахуй, өмчийн хэлтэст утасны лавлагаа хариуцсан оператороор томилсон байх ба уг *** дугаар тушаал хүчинтэй үйлчилж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өрийн ***дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан Хан-Уул дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуй ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч С.Б-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ