Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2024/0375

 

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2024/0375

Улаанбаатар хот

Т.Н-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч: Шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т

 

Гомдол гаргагч: Т.Н

  Хариуцагч: Хотын стандарт, хяналтын газрын барилгын техник хяналтын улсын байцаагч Ж.Ж

 

Гомдлын шаардлага: “Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч /хуучин нэрээр/ Ж.Ж-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0108020 дугаар шийтгэлийн хуудас ба эрх бүхий албан тушаалтны №2302000357 даалгаврыг хүчингүй болгуулах” тухай

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 417 дугаар шийдвэртэй,

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т,

Хариуцагч Ж.Ж нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2024/0356/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Т.Н нь Хотын стандарт, хяналтын газрын барилгын техник хяналтын улсын байцаагч Ж.Ж-д холбогдуулан “...улсын ахлах байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0108020 дугаар шийтгэлийн хуудас ба эрх бүхий албан тушаалтны №2302000357 даалгаврыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 417 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т заасныг тус тус баримтлан Т.Н-ийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ж-д холбогдуулан гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т давж заалдах гомдолдоо:

 

3.1. “ХЗ” СӨХ нь Т.Н-ийн орон сууцанд 2022 онд 2 удаа хулгай орсон тул хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ба түүний орцны дээврийн бүрэн бүтэн байдлыг дээшлүүлэх зорилгоор түүний орон сууцны 3-р орцны 3-аас 4 давхар (эцсийн давхар) руу гарах шатны талбайг хааж, хаалга шинээр суулгах зөвшөөрлийг тус хаалга ба дээврийн хаалганы түлхүүрүүдийн нэг нэг хувийг СӨХ-д өгөх болзолтойгоор С.Т надад бичгээр зөвшөөрөл олгосон юм.

 

3.2. Зөвшөөрлийн дагуу би өөрийн 8.545.720 төгрөгийн зардал гаргаж 4-р давхар руу гарах шатыг 3-р давхарт нь төмөр модоор үзэмжтэй хааж, шинээр хаалга суулгасан юм. Тус хаалга ба дээврийн хаалганы түлхүүрүүдийн хувийг тус СӨХ-д хүлээлгэн өгч, баримт үйлдсэн юм. 4-р давхарт 2 л хаалга байдаг, нэг нь Т.Н-ийн 18/1 тоот орон сууцны хаалга; нөгөө нь дээвэрт гарах хаалга юм. Түлхүүрүүдийг өгснөөр СӨХ нь хүссэн үедээ миний хаасан шатны талбайд гарч, нэвтэрч, байшингийн дээвэрт гарах боломжтой болсон юм. Жишээ нь: үүнийг миний хийсэн хаалт, хаалгыг эсэргүүцэгч иргэн Ганцолмон ч ашиглаж, 2023 оны зун өөрийн дээврийн хар цаасаа бүрэн сольж, наан, дээврийнхээ иж бүрэн засвар хийж чадсан явдал юм.

 

3.3. Байцаагч Ж.Ж-ийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02-13-01/033/136 тоот Хотын стандарт, хяналтын газар, Улсын байцаагчийн зөвлөмжийн 4-т тэрбээр надад дараах зүйлийг зөвлөсөн юм: “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-т “Холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно”. Ж.Ж-ийн бичгээр өгсөн зөвлөмжийн дагуу С.Т би СӨХ-тойгоо харилцан тохиролцож “Нийтийн эзэмшлийн талбайг түр эзэмшүүлэн, нэг этгээдэд ашиглуулах тухай гэрээ”-г байгуулж, СӨХ-ийн 13,23 м.кв өөрийн хийсэн хаалт, шинээр суулгасан хаалгаар хашсан талбайг, эзэмшин ашиглаж ирсэн юм.

 

3.4. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-т: “Холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно” гэж заасан. Иймд би хуулийн дагуу СӨХ-той гэрээ байгуулж, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг:

 

3.4.1. Ж.Ж-ийн бичгээр өгсөн зөвлөмжийн дагуу СӨХ-той гэрээ байгуулан эзэмших, ашиглаж ирсэн;

3.4.2. Дээрх хуулийн 15.5-т заасан зүйлийг үндэслэн СӨХ-той гэрээ байгуулан эзэмшин ашиглаж ирсэн;

 

3.4.3. СӨХ-той байгуулсан “Нийтийн эзэмшлийн талбайг түр хугацаанд эзэмшүүлэн ашиглуулах тухай гэрээ”-ний эхний өгүүлбэрт тус гэрээг байгуулахад “ХЗ” СӨХ-ны дүрэм, дээрх хуулийн 15.5-т заасан заалтыг тус тус удирдлага болгов. Гэрээгээр ашигласан.

 

3.4.4. “ХЗ” СӨХ-ны дүрмийн 2.1-д Сууц өмчлөгчдийн холбоо нь “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг дагаж мөрдөнө” гэж заасан нь “ХЗ” СӨХ нь тус хуулийн 15.5-т заасныг мөн дагаж мөрдөхийг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, С.Т би хууль, “ХЗ” СӨХ-ны дүрэм, СӨХ-той байгуулсан гэрээний дагуу хуулийн хүрээнд дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшин ашигласаар байгаа болно. Гэтэл үүнийг Ж.Ж хууль бус гэж үзэж Т.Н-ийг 300,000 төгрөгөөр торгох “Шийтгэлийн хуудас” ба миний СӨХ-ны зөвшөөрлөөр хийсэн шатны хаалт ба хаалгыг нураах “Эрх бүхий албан тушаалтны даалгавар” гаргасныг хууль бус гэж үзэж байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд (миний өгсөн), миний шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт хууль бус үнэлэлт, дүгнэлт бүхэлд нь өгөөд миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3.4.5. Шүүхийн шийдвэрт заасан үндэслэлүүдийг няцаавал: Хан-Уул дүүргийн 2 хороо, 106В байрны 18/1 тоотын оршин суугч С.Т би тус байрны 3-аас эцсийн 4 давхар луу гарах шатыг хаалт хийж, шинээр хаалга гаргаж, тус хаалганы 1 ш түлхүүрийг СӨХ-д хүлээлгэн өгсөн. Үүгээр хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн ба нийтийн дээврийн аюулгүй бүрэн бүтэн байдал дээшилсэн. СӨХ нь дуртай үедээ тус хаалгыг онгойлгож, хаасан шатны хонгилд нэвтрэн орж, дээвэрт саадгүй гарах боломжтой болсон юм. Үүний 1 тод жишээ нь 2023 оны зун манай доод хөрш Ганцолмон нь СӨХ-оос миний шинээр суулгасан хаалганы түлхүүрийг авч, өөрийн дээвэрт иж бүрэн засвар хийсэн явдал юм. Энд 1 зүйлийг зориуд, давтан анхаарна уу. Миний хаасан шатны 4-р давхрын талбай нь манай орон сууцны хамгийн дээд давхар бөгөөд тус давхарт өөр айл байхгүй, зөвхөн 18/1 тоот буюу Т.Н-ийн орон сууцны хаалга ба дээвэрт гарах хаалга л байдаг юм. 2-хон л хаалга байдаг.

 

3.4.6. Би шатны хаалт ба шинээр хаалга суулгахдаа СӨХ-ны бичгээр зөвшөөрөлтэй хийсэн. Зөвшөөрөлгүй биш. Орон сууцны төлөвлөлт, барилгын үндсэн бүтэц, хийцийг огт өөрчлөөгүй. Иймд Т.Н-ийг 300.000 төгрөгөөр торгох ба хамгийн дээд давхарт гарах шатанд би хаалт хийж суулгасныг нураах шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэж байна. Энэ хаалт, хаалга бол хэнд ч саад болоогүй. СӨХ-д өгсөн түлхүүрүүдээр СӨХ нь дуртай үедээ миний хаасан талбайд орж, дээвэрт гарах боломжтой болсон юм.

 

3.5. Шүүхийн тус үндэслэл нь энэ хэрэгт огт хамаагүй юм.

 

3.6. Би орон сууцны төлөвлөлт, барилгын үндсэн бүтэц, хийц зэргийг огт өөрчлөөгүй. Зөвшөөрөлгүй биш, зөвшөөрөл СӨХ-оос авч, хаалт, хаалга суулгасан. 4-р давхар нь эцсийн бөгөөд энд манайхаас өөр айл байдаггүй. Өөр айлын хаалга байдаггүй. 2 л хаалга байдаг: Нэг нь Т.Н-ийн 18/1 тоот орон сууцны хаалга; нөгөө нь дээвэрт гарах хаалга юм. Зөвшөөрөл хавтаст хэрэгт байгаа.

3.7. С.Т би шинээр хаалт, хаалга суулгахдаа хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлсэн, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол огт учруулаагүй, хууль ёсны бусад эрх ашиг сонирхлыг огт зөрчөөгүй юм. СӨХ-д түлхүүрийг би өгснөөр бусад оршин суугчид дээвэрт гарч, дээврийн засвар хийх бүрэн боломжтой болсон юм. Бусад үед тэдэнд дээвэрт гарах, дээвэр дээр алхах нь дээврийн хар цаас цоорох, ховхрох хохирол учрах аюултай юм.

 

3.8. Энд шүүх худлаа дүгнэлт хийсэн байна. Дээвэр дээр хүн явах, зугаалах талбай байхгүй, суух сандал 1 ширхэг ч байхгүй. Дээвэр бол хар цаасыг /дээврийн/ хар тосоор нааж, доошоо ус алдахаас сэргийлсэн давхар болохоос биш оршин суугчид чөлөөтэй гарч, алхаж зугаалах, зугаалгын талбай огт биш юм. СӨХ-д би түлхүүрүүдийг өгсөн. Дээвэрт засвар хийх үед айлууд СӨХ-оос түлхүүрийг авч дээврийн засвараа хийх бүрэн боломжтой байгаа юм. Хаасан шатны талбайг би СӨХ-той байгуулсан гэрээгээр эзэмшин ашиглах эрхтэй гэж үзэв.

 

3.9. СӨХ нь надад бичгээр Зөвшөөрөл өгсөн. СӨХ-той би гэрээ байгуулсан. 2028 оны 08-р сарын 08-ны өдөр хүртэл гэрээгээр би шатны хаасан талбайг эзэмшин ашиглах эрхтэй. Цаашид ч гэрээг сунгаж болохыг гэрээнд заасан. Ж.Ж-ийн бичгээр өгсөн зөвлөмжийн дагуу СӨХ-той гэрээ байгуулан, эзэмшин ашиглаж байгаа.

 

3.10. Гал гарвал, манай барилга 4 давхар, подволын давхарт авто гаражтай. Иймд: -айлд гал гарвал маш шатамхай дээврийн хар цаас, хар тостой, галын аюул маш их дээвэр лүү биш, 1-р давхрын орцны хаалгаар оршин суугчид гадагшаа гарах хэрэгтэй эсвэл гаражны давхар луу бууж, өөр орцны 1-р давхарт гарч, гадаа гарах хаалгаар гадагшаа гарах хэрэгтэй эсвэл үүнд гаражны том хаалгыг нээж, ашиглаж болох юм. -Орцонд гал гарвал: гэртээ орж, гэрийнхээ цонхоор гадаа гарах хэрэгтэй. Эсвэл дээр заасан гаражны орц, гарцыг ашиглах нь зүйтэй. Галын аюултай үед галын онц аюултай дээвэрт гарах нь бүр илүү их аюултай юм.

 

3.11. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.5-т “...дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно...” гэж маш тодорхой заасан. Иймд би хуулийн хүрээнд СӨХ-оос зөвшөөрөл авч, 3-аас 4-р давхарт гарах шатны талбайд шинээр хаалт хийж, хаалга суулгаж, түлхүүрийн 1 хувийг нь СӨХ-д өгч, СӨХ-той гэрээ байгуулж, тус талбайг эзэмшин ашигласаар ирсэн.

 

3.12. СӨХ нь дүрмийнхээ 2.1-д “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг дагаж мөрдөнө” гэж тодорхой заасан. Хуульд дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхдээ СӨХ-ийн бүх гишүүд, СӨХ-ны УЗ-ийн хуралдаанаар шийдвэрлэнэ гэж огт заагаагүй. Нийтлэг журмаар СӨХ-ны гүйцэтгэх захирал нь СӨХ-г төлөөлж гэрээ байгуулах эрхтэй. Гэрээгээр дундын өмчийг тодорхой этгээдэд эзэмшүүлж, ашиглуулах эрхтэй. Үүний дагуу гэрээг бид байгуулж, би эзэмшин ашигласаар ирсэн. Бидний гэрээ нь нийтийн өмчийг худалдан авах тухай биш, зөвхөн эзэмшүүлэн ашиглуулах тухай гэрээ юм. Иймд гүйцэтгэх захирал гэрээг байгуулах эрхтэй.

 

3.13. Хуульд шүүхийн үзсэн шиг, “дундын өмчлөлийн эд хөрөнгийг тодорхой этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх тохиолдолд нийт өмчлөгчдийн зөвшөөрөл шаардлагатай” гэж огт заагаагүй. “...бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж ч заагаагүй. СӨХ-той байгуулсан гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр. Манай 3-р орцонд 7 айл л амьдардаг. Тэдний 6 нь намайг дэмжиж шүүхэд хүсэлт гаргасныг анхаарна уу. Тэд анхнаасаа миний хийсэн хаалт, суулгасан шинэ хаалгыг дэмжиж, зөвшөөрч ирсэн юм.

 

Үүнээс гадна:

 

а/ Ж.Ж-ийн шүүхэд өгсөн баримтуудын нь хуулийн хүчин төгөлдөр бус учир шүүгч Ц.М нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн /Шүүх хурал 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр болсны дараа/ 10 хоногоор нотлох баримтууд цуглуулах хугацааг сунгасугай гэсэн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 692 тоот Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гаргасан нь гайхалтай. Хурал болоод өнгөрсний дараа дахин шинээр нотлох баримт цуглуулж, хавтаст хэрэгт хийж болохгүй байх. Хуулийн хүчин төгөлдөр бус Ж.Ж-ийн “нотлох” баримтуудыг үндэслэн Ц.М шүүгч шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Иймд Ц.М шүүгч Ж.Ж-аас дахин баримтууд гаргуулж, хавтаст хэрэгт хийхийн тул дээрх тогтоолыг гаргуулсан нь тодорхой. Тэгвэл би ч гэсэн өөрийн СӨХ-той байгуулсан “Нийтийн эзэмшлийн талбайг түр хугацаанд эзэмшүүлэн ашиглуулах тухай гэрээ”-гээ хугацааг нь сунгуулан танай шүүхэд гаргаж өгөх болно. Гэрээний нэр нь СӨХ-ны дундын өмчлөлийн талбайг 1 этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх тухай гэрээ.

 

б/ Хан-Уул дүүргийн Зайсан дахь “Энхжин” хотхоны олон орон сууцуудын дээд давхруудын доод давхарт миний хийсэн шиг тоосгоор хаалтууд хийж, шинээр хаалганууд суулгасан байдаг. Үүнийг Нийслэлийн стандарт хяналтын газар зөрчил гэж үзээгүй, биднийх шиг торгож, нураахыг хэзээ ч шаардаж ирээгүй. Гэтэл зөвхөн биднийг л хавчин боож, хохироох гэж ирсэн нь гомдолтой байна.

 

в/ Ц.Мөнхзул шүүгчтэй Ж.Ж бид 2 шүүх хурлыг товлохоор шүүхийн танхимд хамт уулзсан. Хурлаа товлоод би шууд гараад явахад Ж.Ж нь Ц.М шүүгчтэй юм ярилцаад үлдсэн. Энэ нь Ж.Ж шүүгчид авлига өгсөн гэж би хардаж байна. Түүний дарга н.Б нь авлигын хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгааг анхаарна уу.

 

г/ Ж.Ж С.Т намайг шүүгч, хуульч гэж гүтгэж, зориуд худал хэлсэн. Би түүнд өөрийгөө шүүгч, хуульч гэж хэлж ч байгаагүй.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад, анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

 

2. Маргааны үйл баримтын тухайд;

 

2.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдлын шаардлагын үндэслэлээ “...СӨХ-ны зөвшөөрлөөр орцны дээд давхрын шатны талбайг шинээр хааж, хаалга суулгасан ба тус хаалганы дээврийн хаалганы нэг нэг түлхүүрүүдийг СӨХ-д өгсөн. СӨХ нь дуртай үедээ дээвэрт гарах, хаасан шатны талбайд орох боломжтой болсон. ...Тус шатны талбайг бид СӨХ-той байгуулсан гэрээгээр эзэмшин ашиглаж байгаа.” гэж, хариуцагчаас “...Хотын стандарт, хяналтын газарт иргэн П.Ганцолмонгоос удаа дараа ирүүлсэн гомдлын дагуу холбогдох хуулийн дагуу хяналт шалгалт хийж ... зөвлөмж хүргүүлсэн. ...үүний дагуу дутагдлууд арилаагүй тул ... Зөрчлийн хэрэг нээсэн, ...холбогдогчийн мэдүүлэг өгөөгүй, торгууль төлөөгүй ...3-4 давхарт хийсэн хаалга, хаалт нь дээрх хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь нотлогдсон” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

2.2. Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч /хуучин нэрээр/ Ж.Ж нь гомдол гаргагч Т.Н-д “Хан-уул 2-р хороо, 106В -18/1 орон сууцад хаалт хийсэн ...орон сууцны төлөвлөлт өөрчилсөн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0108020 дугаартай шийтгэлийн хуудсаар 300000 /гурван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 

2.3. Мөн өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” 2302000357 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”-аар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн иргэн Т.Н-д “Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны орон сууцны 106в дугаартай барилгын 18/1 тоот байрныхаа өмнөх нийтийн эзэмшлийн анхны төлөвлөлтийг өөрчилсөн /шатны хонгил,  коридорт мод, төмөр материалаар хаалт хийж, хаалга гаргасан/ байгааг барилгын анхны зураг төслийн дагуу байгууллагын гүйцэтгэсэн зургийн дагуу болгож, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангахыг даалгаж” шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргагч Т.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т-өөс хүчингүй болгуулахаар маргаж байна.

 

3. Хууль зүйн үндэслэлийн тухайд;

 

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Хан-Уул дүүргийн 2-р хороо, үйлдвэр гудамж 106в байрны 4 давхарт байрлах 18/1 тоот 75.47 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч Т.Н нь барилгын анхны зураг төслийг өөрчилж, тус байрны 3 давхраас дамжиж 4 давхар /техникийн давхар/-т байрлах дээвэрт гарах нийтийн эзэмшлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах талбайн орон зайг хааж, нийтийн эзэмшлийн анхны төлөвлөлтийг өөрчилсөн буюу шатны хонгил, коридорт мод, төмөр материалаар хаалт хийж, бүргэд хаалга хийсэн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.

 

3.2. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна:”, 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, ..., тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т “Өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид ..., зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр ..., төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, ...- ийг хориглоно”,  Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2-т “сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх”, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Барилга байгууламжийн хийц, бүтээцийн шийдэл нь гал түймэр гарсан тохиолдолд хүн амын аюулгүй байдлыг хангахуйц, гал түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог хангасан байна.” тус тус заажээ.

 

3.3. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах хэсэгт зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр орон сууцны барилгын анхны үндсэн хийц бүтцийг өөрчилсөн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйл. “Орон сууцны тухай хууль зөрчих”, мөн зүйлийн 1-д заасан “Орон сууцны төлөвлөлт, барилгын үндсэн бүтэц, хийц, инженерийн шугам сүлжээг зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслөөс өөрчилсөн” гэх зөрчлийн шинжийг агуулсан байх тул зөрчил үйлдсэн этгээдийг 300000 төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байна.

 

3.4. Мөн эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хууль болон бусад хуульд заасан тохиолдолд зөрчлийн үр дагаврыг арилгах, учирч болзошгүй хохирол, хор уршгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах эрхтэй.

 

3.5. Ингэхдээ зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахыг зөрчил үйлдсэн хүнд хугацаа тогтоон даалгах бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүрээнд Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ж даалгавар бичсэн байх тул хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

3.6. Зөрчилд холбогдогч Т.Н-д хариуцагч Ж.Ж нь зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан нийтлэг журмын дагуу явуулсан байна. Энэ талаар хэн аль нь маргадаггүй.

 

3.7. Мөн дээрх зөрчлийн талаар хариуцагч нь зөвлөмж бичиж зөрчил холбогдогчид хүргүүлж байсан бөгөөд тэрээр уг зөвлөмжийн дагуу зөрчлийг арилгаагүй, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах нөхцөл хязгаарлагджээ.

 

3.8. Нөгөөтээгүүр, 106в байрны 18/1 тоотын оршин суугч, зөрчилд холбогдогч Т.Н нь өөрийн байрныхаа өмнөх нийтийн эзэмшлийн анхны төлөвлөлтийг өөрчилж, 4 давхар луу гарах шатны хонгил, коридорт мод, төмөр материалаар хаалт хийж, хаалга гаргасан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон энэ тохиолдолд орон сууцны барилгыг анхны зураг төслийн байгууллагын гүйцэтгэсэн зургийн дагуу болгож, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангуулахаар шийдвэрлэсэн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2302000357 дугаартай Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

3.9. Иймд гомдол гаргагч Т.Н-ийн “Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч /хуучин нэрээр/ Ж.Ж-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0108020 дугаар шийтгэлийн хуудас ба эрх бүхий албан тушаалтны №2302000357 даалгаврыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

 

3.10. Зөрчилд холбогдогч Т.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т-ийн “ХЗ” СӨХ-той байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02/1 дугаартай “Нийтийн эзэмшлийн талбайг түр хугацаанд эзэмшүүлэн ашиглуулах гэрээ” нь нийтийн зориулалтай дундын өмчлөлийн талбайг түр хугацаагаар эзэмшүүлэх зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн 2 талын хэлэлцэн тохиролцсон бичгээр хийгдсэн хэлцэл байна.

 

3.11. Харин дээрх хуульд заасан журмын дагуу орон сууцны анхны бүтцийг өөрчлөхөд эрх бүхий мэргэжлийн байгууллагын зөвшөөрлийг авах ёстой болохоос “ХЗ” СӨХ-той байгуулсан гэрээг эрх бүхий мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл гэж үзэхгүй тул “...СӨХ нь надад бичгээр Зөвшөөрөл өгсөн. СӨХ-той би гэрээ байгуулсан. 2028 оны 08-р сарын 08-ны өдөр хүртэл гэрээгээр би шатны хаасан талбайг эзэмшин ашиглах эрхтэй. Цаашид ч гэрээг сунгаж болохыг гэрээнд заасан. Ж.Ж-ийн бичгээр өгсөн зөвлөмжийн дагуу СӨХ-той гэрээ байгуулан, эзэмшин ашиглаж байгаа.” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

3.12. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 692 дугаар тогтоолоор тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 10 хоногоор сунгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.5-д “Энэ хуулийн 112.4.1, 112.4.3-т заасан маргааныг хянан шийдвэрлэхэд хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж заасантай нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

3.13. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, Барилгын тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА