Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 71

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, шүүгдэгч Ж.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн,153 дугаар зүйлийн 153.1, 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Төмөрбаатарт  холбогдох эрүүгийн 201621000185 дугаартай, 153/2016/0075/Э/ индекстэй хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Мандах овогт Жанчивдоржийн Төмөрбаатар  1971 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 45 настай, ДП 71032911 регистрийн дугаартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багт  оршин суух, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 02 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жил 05 сарын  хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай  гэх 

                                      Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Төмөрбаатар  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн кобан буюу хэсгийн байрны гадна талд 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч З.Насанбатын нүүрэн тус газар нь гараараа цохиж хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар хэсгийн байрны бүргэд хаалга болон цонхны шилийг санаатайгаар устган гэмтээж хохирогч З.Насанбатад 230000 төгрөгийн  хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ж.Төмөрбаатар сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:...2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дарви сумын төвд эхнэр хүүхэдтэйгээ машины засуулахаар ирээд С.Мөнхбаатараар машиныхаа нумыг хийлгэсэн. Орой 19 цагийн үед машинаа засуулж дуусаад Мөнхбаатарт “ ах нь нэг шил архи авч өгье” гээд архи аваад тэднийд очиж хамт уугаад дахин нэг Ерөөл архи авч уусан. Тэгээд сумаас гарч явж байхдаа замдаа эхнэртээгээ маргаад буцаж сумын төв ороод хэсгийн төлөөлөгч З.Насанбатын гэрт нь очоод “ чи их хүн журамладаг хүн, энэ машины түлхүүр ав “ гээд хэрэлдэж маргалдаж байтал З.Насанбат цахилгаан бороохой гаргаж ирээд дуу гаргахаар нь би хойшоо ухартал хананд байсан толь унаад хагарчихсан. Тэгээд би З.Насанбаттай ноцолдоод гэрээс нь гараад машинаа тойроод зугтаасан.Тэгж байгаад эхнэр хүүхдээ урдаа барьчихсан “ чи чаддаг юм бол одоо гавал “ гээд зогсож байсан. тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдсэн би цагдаагийн хэсгийн түр саатуулах байранд  гавлуулчихсан гарнаас цус гарсан байдалтай байсан. Байрны гадна манай эхнэрийн дуу гарахаар би дуудахад эхнэр ирээд “ чи даанч яав даа юу болж байгаа юм” гэж хэлчихээд яваад өгсөн. Өглөө нь Ховд аймгийн төвөөс цагдаагийн алба хаагчид ирээд надаас байцаалт аваад намайг аваад ирсэн. З.Насанбат бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзон байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ./хх-58-59-р хуудас/

 Хохирогч З.Насанбат  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 18.00-20.30 цагийн үед Дарви сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад гэртээ орж цахилгаан бороохой, гав хэрэгслээ аваад гарах гэтэл гаднаас Ж.Төмөрбаатар согтуу орж ирээд намайг үгийн зөрөөгүй “янхан, пизда “ гээд миний зүүн шанаа руу гараараа цохиод хойшоо ухрахдаа хөл алдаж  хананд байсан толь унагаж хагалсан.Тэгэхээр нь би “ чи яаж байгаа юм бэ “гээд гав цахилгаан бороохойгоо авах хооронд  гараад унаж явсан 43-68 ХОҮ улсын дугаартай Портер маркийн автомашиндаа ороод суучихсан байсан. Би машин дээр нь очоод “чи ягаад согтуу машин унах гээд байна, бас ямарч шалтгаангүйгээр цагдаагийн албан хаагчийг цохиж байгаа юм бэ” гэхэд  машинаасаа бууж ирээд нэг гартаа чулуу барьчихсан, нэг гартаа хүүхдээ тэврээд намайг хэл амаар доромжлоод дайраад байсан. Би хүүхдийг нь булааж аваад эхнэр Дэлгэрмаад нь өгөөд “ чи хүүхдээ аваад харьж бай” гэсэн.Тэгээд би гавлах санаатай барьж авах гэтэл зугтаад айлын хашаа руу орчихсон. Тэгээд 30-40 минутын дараа дахиад гудманд явж байхаар нь Галбадрахтай таараад чи энэ Ж.Төмөрбаатарыг гэрт нь хүргээд өгчих гээд явуулсан.Орой 23.30 цагийн үед гэртээ хариад байж байтал Ж.Төмөрбаатар гартаа өвс атгачихсан чамайг ална, машинаа авна гэсээр ирсэн. Надад илүү түлхүүр байгаа гэхээр нь машинаа асаагаад явчихаж магадгүй гэж бодоод машиных нь урд талын 2 дугуйных нь хийг гаргачихсан байсан. тэгээд Ж.Төмөрбаатар буцаад гараад явсан. Би дуудлага ирээд явчихаад иртэл Ж.Төмөрбаатар ажлын үүдэн дээр “Насанбатыг ална “ гээд орилоод зогсож байсан. Тэгээд цонхнуудыг хагалсныг хараад түүнийг гавлаж саатуулсан. Тэгтэл Ж.Төмөрбаатар бие өвдөөд байна гээд сумын их эмч Сүнжидмааг дуудаж үзүүлсэн. Миний биед гэмтэл учраагүй гэжээ   /хх-22-23-р хуудас/

Гэрч Х.Дэлгэрмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр манай нөхөр Ж.Төмөрбаатар халамцуу хэсгийн төлөөлөгч З.Насанбатын гэр лүү орчихоод гараад ирье гэхээр нь би хүүхэдтэйгээ машин дотор сууж байсан.Тэгээд 5-10 минут болоод З.Насанбаттай маргалдсаар гарч ирсэн. З.Насанбат манай нөхрийг “чи яагаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод байгаа юм бэ “ гээд машины түлхүүрийг нь  авахад манай нөхөр дагаж буугаад нэг  гартаа чулуу бариад, нөгөө гартаа хүүхдээ тэврээд Насанбатыг ална гээд тэр хоёр маргалдаад байхаар нь би  хүүхдээ аваад Баяраа ахындаа очоод амарсан. З.Насанбат, манай нөхөр Ж.Төмөрбаатар нарын хооронд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй   гэжээ. /хх -24-25-р хуудас/

Гэрч Л.Баатархүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн үед би гэртээ байж байтал сумын хэсгийн төлөөлөгчийн ажлын байрны гадна хүмүүс маргалдах чимээ гарсан. Би цонхоор харахад хэсгийн төлөөлөгч З.Насанбат, Ж.Төмөрбаатар нар хоорондоо маргалдаж хэсгийн төлөөлөгч цахилгаан бороохой гаргатал Ж.Төмөрбаатар зугтаагаад явчихсан.Тэгээд шөнө 03-04 цагийн үед хэн нэгэн хүн цагдаагийн байрны гадна “Насанбат аа гараад ир” гээд орилоод байсан. Би босоод хартал Ж.Төмөрбаатар ирчихсэн орилж байсан, тэгснээ цонх цохиод хагалсан. З.Насанбат  хойт талаас гүйж гарч ирээд Ж.Төмөрбаатартай ноцолдож байгаад гавалсан.Тэгэхээр нь би очоод Ж.Төмөрбаатарыг “чи яаж байгаа юм бэ? Ажлаа хийж байгаа хүнийг ингэж болохгүй, хүндлэх ёстой ” гэж хэлчихээд харьж амарсан  гэжээ. /хх- 27-р хуудас/

Гэрч С.Мөнхбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... 2016 оны 08 дугаар сарын 04-ний орой Ж.Төмөрбаатар ах машины нум авахаар ирээд орой 20 цаг хүртэл дугуй засвар дээрээ хийж өгсөн. Тэгээд гэртээ ирээд байж байтал Ж.Төмөрбаатар ах эхнэртэйгээ ирээд, эхнэр нь машинд суугаад үлдсэн. Ж.Төмөрбаатар Ерөөл нэртэй 0.5 литрийн 1 шил архи авч орж ирээд бид хоёр ууж байтал Содмоо ирээд бас нэг шил архи авчирч бид гурав хувааж уугаад дуустал Ж.Төмөрбаатар ах бас нэг Ерөөл архи авчирсныг бид гурав хувааж уусан.Тэгээд дүү нь харьж амарлаа гээд би найзтайгаа явсан гэжээ. / хх-28-р хуудас/

Гэрч З.Галбадрах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...орой 23 цагийн үед  гудманд явж байтал З.Насанбат ах таараад та Ж.Төмөрбаатарыг гэрт нь хүргээд өгөөч, бид хоёр жаахан маргалдсан юм, дахиад таарах юм бол маргалдаж магадгүй гэхээр нь би за гээд Ж.Төмөрбаатарыг хашааных нь гадна хүргэж өгөөд буцаж З.Насанбатад хэлчихээд харьсан гэжээ / хх-30-р хуудас/

Гэрч Б.Сүнжидмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө манай ээлжийн сувилагч Я.Бурмаа над руу яриад цагдаагийн хэсэг дээр нэг хүн үзүүлэх гэсэн юм гэсэн. Би очоод биеийг нь үзэх гэхэд урдаас өшиглөөд гараараа цохих гээд байсан.тэгээд би амин үзүүлэлтийг нь үзчихээд явсан. Намайг үзэхэд гарынх нь хуруу цус болчихсон байсан гэжээ. /хх-31-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тухай  тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14-р хуудас/

Согтолт тодорхойлсон тэмдэглэл / хх-15-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт / хх-50-р хуудас/

Захиргааны хяналт зогсоох тухай тогтоол зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Төмөрбаатар нь хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, тавьсан шаардлагыг нь эсэргүүцсэн, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч З.Насанбатын мэдүүлэг, гэрч Х.Дэлгэрмаа, Л.Баатархүү, С.Мөнхбаатар, З.Галбадрах, Б.Сүнжидмаа нарын мэдүүлэг, шүүгдэгч Ж.Төмөрбаатарын мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тухай  тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт, согтолт тодорхойлсон тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Төмөрбаатарыг  хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, тавьсан шаардлагыг нь эсэргүүцсэн, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Төмөрбаатар нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж 1 жил 5 сарын хугацаагаар хянан харгалзсан байна. Шүүгдэгчийн ялгүйд тооцох хугацаа өнгөрсөн болох нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Цагдаагийн газрын захиргааны хяналт зогсоох тухай тогтоолоор нотлогдож байх тул Ж.Төмөрбаатарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй,цагдан хоригдоогүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11х11см хэмжээтэй тал тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг    дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Төмөрбаатар нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүний өмчлөлийн 49 толгой мал битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж  оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэсэн болно.

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Мандах овогт Жанчивдоржийн Төмөрбаатарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Мандах овогт Жанчивдоржийн Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 02 /хоёр/ жил, 08 /найм/ сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар 1 / нэг/ жил 05 / тав/ сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Ж.Төмөрбаатарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 02

/ хоёр/ жил 08 / найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Төмөрбаатарт оногдуулсан 02 жил 08 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ж.Төмөрбаатар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус  дурдсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11х11 см хэмжээтэй тал тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгасугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Ж.Төмөрбаатарын өмчлөлийн 49 тооны мал   битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолыг  хүчингүй болгосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ж.Төмөрбаатарт  оногдуулсан 02 /хоёр/ жил 08 / найман/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС