Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/231

 

 

 

 

 

                                         2022/ШЦТ/231

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх  

Шүүгдэгч: П.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэнтэг овогт Пгийн Нд холбогдох эрүүгийн 2212000000212 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган ...............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Мэнтэг овогт Пгийн Н/РД:А0............./

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Минтэг овогтой Пгийн Н нь Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Шийрт гэх газар 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ш.Аатай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь хоёр нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтлүүд бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

          

            *Эрүүгийн 2212000000212 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Ш.Аын өгсөн:

“...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Цэнхэр сумын Орхон багийн Шийрт гэх газар Уын гэрт Д, Дэмбээ, Гонзгой бид 4 пиво ууж байтал ард талын айлынх нь хүн Мөнхдаваа татаад уначихлаа гээд хүүхэд нь ирж хэлсэн. Тэгээд тэнд байж байсан хүмүүс Мөнхдаваагийнх руу явсан. Гонзгой бид 2 үлдсэн. Тэгээд тэр хэд явахдаа П.Нг наад хоёроо гаргахаар нь хаалгаа түгжээд араас ирээрэй гэж үлдээсэн. Тэгээд П.Н та 2 гарчих би гэрийг нь цоожилчхоод явлаа гэхээр нь хүргэн ах чинь уначихсан гэж байна, чи яваач бид 2 энэ пивоо уугаад сууж байя чи хүний гэрээс хүн яагаад хөөгөөд байгаа юм гэтэл би чамайг алчихаад хүргэн ах дээрээ очно гээд орон дээр дарж унагаагаад цээжин дээр сууж байгаад гараа атгаж байгаад нүүр хэсэгт цохичихсон, бас хоолой боосон. ТЭгээд нүүрэн дээр гарынхаа цусаа энд тэндгүй тусаагаад чамайг цустайгаа хольж ална гээд байсан. Тэгээд байж байтал Д болон манай нөхөр Хүрлээ хоёр орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд салаад гарсны дараа Хүрлээгийн янхан, янханыг зодчихоод ирлээ гээд тар хавиар орилоод байсан. П.Нтай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Таньдаг хүмүүс. Нүүрэн хэсэгт гараа атгаж байгаад цохисон. Хэдэн удаа цохисныг нь сайн мэдэхгүй байна. Бас нүүр урж хоолой боосон. Хоолой боогоод байхаар нь урдаас нь гараараа нүүр хэсэг рүү нь түлхсэн. Өөр гар хүрсэн асуудал байхгүй. Би гомдолтой байна. Нгаас болж надад учирсан хохирлоо барагдуулж авмаар байна.. П.Н Дынд орж ирэхдээ согтуу байсан. Тэр өдөр нөхөртэйгээ дэлгүүрийн гадаа зодоон хийгээд хүмүүс салгаж байгаа харагдсан. Тэгээд орж ирээд унтчихсан байсан. Бид хоёр ширхэг 2.5 литртэй пиво уусан...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр тал/

 

*Гэрч Б.Дын өгсөн:

“...Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Шийрт гэх газар манай гэрт Ш.Аа, Гонзгой, Дэмбээ бид 4 пиво уугаад сууж байтал П.Н орж ирээд буцаад гарсан. Тэгээд удалгүй буцаад хүрээд ирсэн. Тэгээд бид хэд сууж байгаад хажуу айлын Мөнхдаваа ахын охин аав татаад байна та ороод ирээч гэхээр нь гарах гэтэл Ш.Аа, Гонзгой 2 пивоо ууж дуусгаад гаръя гэхээр нь би Дэмбээтэй цуг түрүүлээд Мөнхдаваа ахынх руу явсан. Явахдаа П.Нг хаалга түгжээд араас хүрээд ирээрэй гээд явсан. Тэгээд Мөнхдаваа ахынд очоод түргэн дуудах гэж утсаа авах гээд гэртээ иргээд иртэл Ш.Аа, П.Н 2 хоорондоо зодолдож байсан. Тэгэхээр нь би салгаж байтал Ш.Аын нөхөр Хүрлээ орж ирээд бид 2 цуг салгаж 2 тийш нь авсан. Би сайн анзаараагүй ямар ч байсан хоёулаа үс гэзэг нь сэгсийсэн нүүрээ маажсан байсан. П.Н бид нартай хамт пиво уугаагүй. Ш.Аа бага зэргийн согтолттой байсан... “гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/

 

*Яллагдагч П.Нгийн өгсөн:

“…Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 206 дугаартай “...Ш.Аын биед хоёр нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, дух, эрүүний доод хэсэг, нүүрэнд зулгаралт, баруун гарын ядам хуруунд жижиг шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Хоёр нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гарын ядам хурууны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Шийрт гэх газар иргэн Ш.Аа нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч П.Н нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Шийрт гэх газар иргэн Ш.Аатай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ш.Аын“...Тэгээд П.Н та 2 гарчих би гэрийг нь цоожилчхоод явлаа гэхээр нь хүргэн ах чинь уначихсан гэж байна, чи яваач бид 2 энэ пивоо уугаад сууж байя чи хүний гэрээс хүн яагаад хөөгөөд байгаа юм гэтэл би чамайг алчихаад хүргэн ах дээрээ очно гээд орон дээр дарж унагаагаад цээжин дээр сууж байгаад гараа атгаж байгаад нүүр хэсэгт цохичихсон, бас хоолой боосон. ТЭгээд нүүрэн дээр гарынхаа цусаа энд тэндгүй тусаагаад чамайг цустайгаа хольж ална гээд байсан. Тэгээд байж байтал Д болон манай нөхөр Хүрлээ хоёр орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд салаад гарсны дараа Хүрлээгийн янхан, янханыг зодчихоод ирлээ гээд тар хавиар орилоод байсан. П.Нтай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Таньдаг хүмүүс. Нүүрэн хэсэгт гараа атгаж байгаад цохисон. Хэдэн удаа цохисныг нь сайн мэдэхгүй байна. Бас нүүр урж хоолой боосон. Хоолой боогоод байхаар нь урдаас нь гараараа нүүр хэсэг рүү нь түлхсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дын “...П.Нг хаалга түгжээд араас хүрээд ирээрэй гээд явсан. Тэгээд Мөнхдаваа ахынд очоод түргэн дуудах гэж утсаа авах гээд гэртээ иргээд иртэл Ш.Аа, П.Н 2 хоорондоо зодолдож байсан. Тэгэхээр нь би салгаж байтал Ш.Аын нөхөр Хүрлээ орж ирээд бид 2 цуг салгаж 2 тийш нь авсан. Би сайн анзаараагүй ямар ч байсан хоёулаа үс гэзэг нь сэгсийсэн нүүрээ маажсан байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч П.Нгийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 206 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч П.Н нь хохирогчийн эрүүл мэндэд хоёр нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, дух, эрүүний доод хэсэг, нүүрэнд зулгаралт, баруун гарын ядам хуруунд жижиг шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Нгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч П.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Ш.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч П.Н нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч П.Нд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мэнтэг овогт Пгийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч П.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР