| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2018/00398/И |
| Дугаар | 467 |
| Огноо | 2018-10-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 467
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Өмнөговь аймаг, Даланзадгад сум, ............................. тоотод оршин суух, ******* овогт О.Э /РД:............/
Хариуцагч:Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, ...................... оршин суух, ******* овогт М.Б /РД:......................./
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Э , хариуцагч М.Б , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Б тай 2007 онд танилцаж дотносон, 2008 оны 09 сарын 08-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлсэн, 2010 оны 01 сарын 10-нд хүү төрсөн. Сүүлийн жилд архи дарс их хэрэглэн агсам согтуу тавьж амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байсан тул салсан. М.Б нь өөр хүнтэй болж тус тусдаа амьдарч байгаа учраас гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү. М.Б тай эд хөрөнгийн маргаангүй тул 2009 оны 09 сарын 08-ны өдрийн 129 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2009 онд гэрлэлтээ батлуулж, 3 жил хамт амьдраад 2012 оноос хойш тусдаа амьдарч байна. Эвлэрэх боломжгүй, хүүхдийн тэтгэлэг, асрамж, эд хөрөнгийн талаар маргаангүй тул гэрлэлт цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М овогтой М.Б миний бие нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уулын 2 дугаар баг, ............. оршин суудаг. Миний эхнэр болох О.Э тэй 2009-2013 он хүртэл айл гэр болон амьдарсан. Бид хоёр үзэл бодол, санаа сэтгэл нийлээгүй учир салсан болно. О.Э ийн салах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тусдаа амьдраад удаж байгаа болохоор гэрлэлтээ цуцлах хүсэлтэй, буцаж амьдрах ямар ч боломжгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч М.Б ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
О.Э , М.Б нар 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-3/-гаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч О.Э нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч уригдсан тал М.Б нь уулзалтад ирээгүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар /хх-10/ болжээ.
Гэрлэгчид нь тусдаа удаан хугацаагаар амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт О.Э /РД:............/, ******* овогт М.Б /РД:......................./ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэрлэгчид эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэг, асрамжийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч О.Э ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б аас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Э т олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар М.Б , О.Э нарын гэрлэлтийг цуцласан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Чулуунчимэгт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР