Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/244

 

 

 

 

 

                                         2022/ШЦТ/244

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: С.Б  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гиваа овогт Сгийн Бт холбогдох эрүүгийн 2212001160235 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын ............... гэх газар оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Гиваа овогт Сгийн Б/РД:АО............./

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Т.Сг таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, зүүн нүдний зовхинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Шүүгдэгч С.Бын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

            “...Би Т.Сд өчнөөн зүйл өгсөн. Үнэхээр намайг зодсон гэж байгаа бол тухайн үедээ эмнэлэгт үзүүлээд арга хэмжээ авахгүй хэдэн сарын дараа ийм гомдол гаргаж миний ажлыг уялаа. Тухайн үедээ эмнэлэгт үзүүлж шүүхээс шийдвэрлэж болохгүй байсан юм уу. Манайд эрүүл ирж байгаагүй, би өчнөөн зүйл өгсөн. Би  Гарамгайбаатар гэх хүний морийг уяж байсан. Энэ ах бид хоёр өчнөөн зүйл өгч байсан. Надад одоо өгөх шаардлага байхгүй өчнөөн өгсөн. Хажуу айлынх нь хүн хүртэл наадах чинь чамаас зүгээр юм авсаар байгаад сурсан болохоор авах гээд улайраад байгаа гэж хэлж байсан. Үнэхээр эрүүл ирээд тэрийг авъя гэж хэлсэн бол өөр, би өгөх байсан. Мөн ахад нь 1 гүү өгсөн чинь ламд үзүүлсэн юм болохгүй гэж байна чи тэр гүүгээ ав гээд авчирч уяад явахаар нь адуунд нь тавьсан. Тэгсэн хавар согтуу давхиж ирээд тэрийгээ аваарай гээд байхаар нь аргаа бараад авсан. Одоо адуунд байгаа. Өөрийг нь мөн адилхан байцааж болдоггүй юм уу. Согтуу хонь дайрч алчих гээд байсан. Хэрэв манай хонийг дайрсан бол хэн төлөх юм, эсхүл намайг дайрсан бол яах юм. Надаас юмаа авъя гэж ирээгүй чамайг ална гэж л ирсэн...” гэх мэдүүлэг,

          

            *Эрүүгийн 2212001160235 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Т.Сн өгсөн:

“...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би гэрээсээ гараад машинаараа С.Бынд очиж хүүхдээ морь унуулсан хөлсийг авах гээд очиж явтал хониных нь бэлчээр дээр таарсан. Тэгээд очоод хөгшин нь хүүхдийнхээ хөлсийг авъя гэж хэлтэл Ргаасаа ав би яахаараа чамд өгдөг юм бэ гэтэл би яахаараа Ргаас авах ёстой юм. Гэтэл чи Рд гэрч болоо биз дээ гээд барьж аваад уургаараа морин дээрээсээ энд тэндгүй цохиж байгаад яваад өгсөн. Тэгээд миний нүдний доод зовхиноос цус гараад, би гэр рүүгээ буцаад явсан. Намайг мориноосоо бууж ирээгүй барьж явсан уургаараа энд тэндгүй цохисон. Хавирганы зөөлөн эд, тархины доргилт үүсэж, зүүн нүдний зовхины доод хэсэгт хага цохиж 5 оёдол тавиулсан. Би урьд орой нь нэг хүнтэй цуг нэг шил архи, нэг пиво уучихсан байсан. Тухайн өдөр бол эрүүл байсан. С.Б эрүүл байсан. Өвөл 12 дугаар сард санагдаж байна. Манай гэр рүү залгаад надтай яръя гэхээр нь манай эхнэр байхгүй юманд явчихсан байна гэж хэлтэл манай эхнэрийг янхан минь яриулаадах гээд баахан доромжилсон байсан. Дараа нь би 3 адуу хайж явж байгаад С.Б дээр очиж асуухад чи намайг хулгайд гүтгэж байгаа юм уу гээд байсан. Тэгээд бид 2 Цэнхэр сумын Буйлан багаар айлуудаар архи ууж явж байгаад өглөө нь гэрт нь хүргэж иртэл чиний хэдэн адуу юу байдын хашаан дотор хэд хэдэн морь байна гэхээр нь уурлаад маргалдаж байгаад нэг удаа нүүрэн хэсэгт өшиглөсөн юм. Тэрнээс өөр асуудал болж байгаагүй. Одоогоор толгой өвдөөд байгаа. Мөн баруун талын хавирганы хэсгээр зөөлөн эд нь өвдөөд байгаа. Зүүн нүдний доод зовхин дээр оёдол тавиулсан сорив байгаа. Би гомдолтой байна. Миний нэхэмжлэх зүйл бол эм тариа авч хэрэглэсэн 80,000 төгрөг болон хүүхдээ морь унуулсан хөлсийг авмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар тал/

 

*Хохирогч Т.Сн дахин өгсөн:

“...Би одоогоор юу ч аваагүй, Би эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эмчилгээний мөнгөө авах юм бол гомдол санал байхгүй... “гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар тал/

 

*Гэрч М.Хгийн өгсөн:

“...Манай нөхөр Т.С 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр С.Бтай уулзаад хүүхдийнхээ морь унуулсан хөлс 5 ямаа, 500.000 төгрөг аваад ирье гээд явсан. Тэгээд нэлээн удсаны дараа гэртээ ирэхдээ толгой нь энд тэндээ овойчихсон, нүүр нь цус болчихсон хувцасыг нь тайлахад бие нь хөхөрчихсөн байсан. Тэгээд юу болсон талаар асуухад С.Б намайг нүдчихлээ гэж хэлсэн. Тэгээд сумын эмнэлэг дуудсан. Хүүхдийнхээ морь унасан хөлсийг аваад ирье гэж яваад зодуулчихсан ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр тал/

*Гэрч Б.Нгийн өгсөн:

“...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манай эрүүл мэндийн төв рүү Буйлан багт хүн зодуулчихлаа гэсэн дуудлага ирсэн. Тэгээд Орхон багийн эмч Г.Мн явж Т.С гэх хүнийг авч ирсэн. Тэгээд ирэхээр нь үзэхэд нүүр болон зүүн талын нүд хавдсан, зүүн талын чамархай хэсэг тэмтрэхэд цусан хаван үүссэн байсан. Мөн зүүн талын цээж гар нилдээ няцарсан, хөхөрсөн шархтай байсан. Тэгээд өвдөлт намдаах тариа хийгээд, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэсэн. Тархины доргилт болон зүүн талын гар нь зөөлөн эдийн гэмтэлтэй гэж үзэн нарийвчилсан шинжилгээ өгөхөөр нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Т.С нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Юу болсон талаар асуухад айлаас ямаа авах гээд очоод зодуулсан. Юугаар цохисон талаар асуухад шургаагаар цохиулсан гэж хэлсэн. Хэн гэдэг хүнд зодуулсан талаараа нэрийг нь хэлээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-10 дугаар тал/

 

*Гэрч Г.Мийн өгсөн:

“...Тухайн өдөр Цэнхэр сумын Эрүүл мэндийн төв дээр ажлаа хийгээд байж байтал Буйлан багаас дуудлага ирээд би явсан. Тэгээд дуудлага дээрээ очтол Т.С гэх хүн гэртээ унтаж байхаар нь сэргээгээд юу болсон талаар асуухад өглөө С.Бт зодуулчихлаа гэж байсан. Тэгээд би сумын эмнэлэг дээр авч ирсэн. Толгой нь хавантай ар нуруугаараа хөхрөлтэй, зүүн нүдний доод зовхи хагарсан нүд нь хавдартай нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд их эмч Б.Нд хүлээлгэн өгч үзүүлээд жолооч Ганзоригтой хамт аймгийн нэгдсэн эмнэлэг хүлээлгэн өгсөн. Юмаар нүдсэн гэж л хэлсэн. Яг юугаар гэдгээ тодорхой хэлээгүй. Т.С нь архи хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/

 

*Гэрч М.Аийн өгсөн:

“...Урьд өдөр нь Т.Сгийн ямааг самнаж өгөөд үдээс хойш хадам ахынх руу явсан. Тэгээд хадам ахынд хоночихоод 04 дүгээр сарын 29-ний өглөө Т.Сгийнд ирэхэд Т.С малд явсан гээд байхгүй байсан. Тэгээд би хонийг нь тавьж өгчихөөд усанд яваад ирж байтал Т.С машинтайгаа таараад нүүр нь цус болчихсон, хавдчихсан байхаар нь юу болсон талаар асуухад С.Бт зүгээр зогсож байгаад зодуулчихлаа гэж байсан. Тэгээд би гэрт нь очоод, би гэр рүүгээ явлаа замаараа цагдаад хэлье гэж хэлээд явсан. Барьж явсан уургаараа нүдчихлээ гэж байсан. Тэгэхээр нь би бариад авахгүй яасан юм бэ гэтэл чадсангүй нүдүүлчихлээ гэж хэлсэн. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-40 дүгээр тал/

 

*Яллагдагч С.Бын өгсөн:

“…Би зүйллэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 67-68 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 207 дугаартай “...Т.Сгийн биед зүүн нүдний зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг дэвсгэрт иргэн Т.С нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Стай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Т.Сн”...Тэгээд очоод хөгшин нь хүүхдийнхээ хөлсийг авъя гэж хэлтэл Ргаасаа ав би яахаараа чамд өгдөг юм бэ гэтэл би яахаараа Ргаас авах ёстой юм. Гэтэл чи Рд гэрч болоо биз дээ гээд барьж аваад уургаараа морин дээрээсээ энд тэндгүй цохиж байгаад яваад өгсөн. Тэгээд миний нүдний доод зовхиноос цус гараад, би гэр рүүгээ буцаад явсан. Намайг мориноосоо бууж ирээгүй барьж явсан уургаараа энд тэндгүй цохисон. Хавирганы зөөлөн эд, тархины доргилт үүсэж, зүүн нүдний зовхины доод хэсэгт хага цохиж 5 оёдол тавиулсан. Би урьд орой нь нэг хүнтэй цуг нэг шил архи, нэг пиво уучихсан байсан. Тухайн өдөр бол эрүүл байсан. С.Б эрүүл байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Хгийн”...Манай нөхөр Т.С 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр С.Бтай уулзаад хүүхдийнхээ морь унуулсан хөлс 5 ямаа, 500.000 төгрөг аваад ирье гээд явсан. Тэгээд нэлээн удсаны дараа гэртээ ирэхдээ толгой нь энд тэндээ овойчихсон, нүүр нь цус болчихсон хувцасыг нь тайлахад бие нь хөхөрчихсөн байсан. Тэгээд юу болсон талаар асуухад С.Б намайг нүдчихлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Нгийн”...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манай эрүүл мэндийн төв рүү Буйлан багт хүн зодуулчихлаа гэсэн дуудлага ирсэн. Тэгээд Орхон багийн эмч Г.Мн явж Т.С гэх хүнийг авч ирсэн. Тэгээд ирэхээр нь үзэхэд нүүр болон зүүн талын нүд хавдсан, зүүн талын чамархай хэсэг тэмтрэхэд цусан хаван үүссэн байсан. Мөн зүүн талын цээж гар нилдээ няцарсан, хөхөрсөн шархтай байсан. Тэгээд өвдөлт намдаах тариа хийгээд, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэсэн. Тархины доргилт болон зүүн талын гар нь зөөлөн эдийн гэмтэлтэй гэж үзэн нарийвчилсан шинжилгээ өгөхөөр нэгдсэн эмнэлэгт хүргэсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.Аийн”...Тэгээд би хонийг нь тавьж өгчихөөд усанд яваад ирж байтал Т.С машинтайгаа таараад нүүр нь цус болчихсон, хавдчихсан байхаар нь юу болсон талаар асуухад С.Бт зүгээр зогсож байгаад зодуулчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 207 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч С.Б нь хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний зовхинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Б нь би дээрх гэмт хэргийг үйлдээгүй тухайн цаг хугацаанд Т.С манайд ирээгүй гэж маргаж байх боловч шүүгдэгч нь өөрийн гэм буруу, хэргийн байдлыг нотлох үүрэггүй бөгөөд  харин 2022 оны 04 сарын 29-ний өдөр шүүгдэгч С.Б нь хохирогч Т.Стай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг болон гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хохирогчийн биед үзлэг хийсэн гэрч Б.Нгийн мэдүүлэг, бусдад зодуулсан байдалтай байхыг харсан гэрч М.Х, М.А нарын мэдүүлэг,  хохирогчийн биед гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх ба эдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Иймд шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Т.Сн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч хохирол төлбөрт 500.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн болоч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тул хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт  хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, уг ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гиваа овогт Сгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР