Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/233

 

 

 

 

 

 

 

                                   2022/ШЦТ/233

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал   

Шүүгдэгч: Т.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дамба овогт Тийн От холбогдох эрүүгийн 2212001080270 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Өлзийт ............ оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Дамба овогт Тийн О/РД:АЕ................/,

 

                             Холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч Т.О нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэрт Э.Бы эзэмшлийн Колд Плас загварын 23-96 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” гэж заалт Мөн дүрмийн. Мөн дүрмийн 3.7.А-Д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Н.Б нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

           

           *Эрүүгийн 2212000000042 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гын өгсөн:

“...Миний дүү болох амь хохирогч Н.Б нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэр Тахидаг гэх газар сайжруулсан шороон замаар Т.Оын хамт тээврийн хэрэгсэлтэй явж байгаад зам тээврийн осолд орсоны улмаас нас барсан. Тухайн үед ямар шалтгааны улмаас тухайн зам тээврийн осол болсныг би мэдэхгүй учир нь хамт байгаагүй болохоор. Би хэрхэн яаж мэдсэн бэ гэхээр тухайн өдөр 17 цагийн орчим манай саахалт хүн Баттулга манайд ирээд Т.О, Н.Б нар нь автомашинтай явж байгаад зам тээврийн осолд ороод нас барсан байна гэж надад хэлсэн. Үүнийг сонсоод тухайн зам тээврийн осол болсон газар ирэхэд амь хохирогч автомашин арын суудал хэсэгт нас барсан байдалтай байсан. Намайг очиход сумын эмнэлэг ирж үзээд явсан амь хохирогчийг нас барсан байна гэж хэлээд явсан байсан. Амь хохирогч маань Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэр Ямаатын үзүүр гэх газар ганцаараа амьдардаг. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй. Хүнээс асуугаагүй. Би амь хохирогчтой хамгийн сүүлд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Өлзийт сумын Ямаат багийн Улаан чулуут гэх газар явж байгаад таарсан. Түүнээс хойш уулзаагүй. Амь хохирогч маань ер архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх гээд байдаг хүн байсан. Би гомдолтой байна. Нэхэмжлэх асуудлыг сүүлд нь шийднэ. Одоогоор сэтгэл санаа тавгүй байгаа учир сайн хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-20 дугаар тал/

 

            *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гын дахин өгсөн:

            “...Т.О нь оршуулгын зардал, буяны ажлын зардалд 5.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлж өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Т.О нь надаас болон гэр бүлээс албан ёсоор уучлалт гуйсан. Гэнэтийн зүйл болсон байсан. Хөнгөн хариуцлага оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 186-187 дугаар тал/

 

           *Гэрч Г.Хгийн өгсөн:

           “...2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 15 минутад манай сумын засаг даргын тамгын газрын дарга Н.Нарангэрэл гар утсаар над руу залгаж тус аймгийн Өлзийт сумын Ямаат багийн уулын урд зам тээврийн осол гарсан 1 хүн ухаангүй байна гэсэн дуудлага өгсөн. Дуудлагыг хүлээн аваад тухайн газар очиход зам тээврийн осолд орсон автомашин нь хамар хэсгийг зүүн тийш харсан хөндлөн байдалтай байсан. Автомашин дотор арын суудал хэсэгт амь хохирогч толгой нь баруун тийш, их биеийг хажуу тал руу харсан байдалтай байсан. Тухайн хүнийг амьд байгаа эсэхийг үзэхэд хөдөлгөөнгүй, ухаангүй, амьсгалгүй, зүрхний зохилт үгүй нас барсан байдалтай байсан. Биднийг очиход А Б нар согтуу сууцгааж байсан. Ер нь бол ийм л зүйл болсон. А Б хоёр бага насны хүүхэд, нэг эмэгтэй байна. Өөр хүн бол байгаагүй. Тухайн үед байсан эмэгтэй Дгээс асуухад тээврийн хэрэгслийг Т.О жолоодож Н.Б Б.Д 2 бага насны хүүхдийн хамт зорчиж явсан гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгсэлд замаасаа тосож сууцгаасан гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгсэлд замаасаа тосож сууцгаасан гэж хэлсэн. Дэржигнэж дугараад унасан тэгээд нэг мэдсэн онхолдсон байсан гэж хэлсэн. Намайг очиход байгаагүй. Тэнд байсан хүмүүсээс асуухад түргэн дуудахаар сумын төв рүү мотоциклтой явсан гэсэн. Б гэх хүний мотоциклийг унаад...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-32 дугаар тал/

 

           *Гэрч Б.Дгийн өгсөн:

     “...Би өөрийн нөхөр Бын хамт Өлзийт сумын төв ороод хөдөө гараад явж байгаад замдаа Амараа гэх хүн гэх хүнтэй таараад 2,5 литрийн нийслэл пиво уугаад байж байхад талийгаач, А нар ирсэн. Мөн Т.О машинтай ирээд нийслэл пивоо ууж дуусгаад Т.О машинтайгаа намайг болон талийгаачийг хүргэж өгөхөөр болоод би өөрийн хүүхэд болон хамт явсан дүүгийнхээ хүүхэдтэй гурвуулаа суусан мөн талийгаач суугаад бид нар Ямаат багийн зүг засмалын тавихаар бэлдсэн шороон далантай замаар явж байгаад шороон далантай замын хажуу тал руу буюу ертөнцийн зүгээр баруун тал руугаа далан руугаа орох гээд байхаар буцаад зам руугаа гарах гээд дараад машин нь унасан гэж бодож байна. Би тухайн үе сандраад хоёр хүүхдээ тэврээд юу болоод байгааг сайн ажиглаагүй нэг мэдэхэд л машин зөв талаараа газар унасан байсан. Тэгээд урд талын хагарсан байсан шилийг цааш түлхэж хоёр хүүхдээ болон би өөрөө гарсан хойно сууж байсан хүнээ харахад амнаас нь цус гарсан байсан. Гараад байж байхад жолооч нь эмнэлэг дуудна манай нөхрийн мотоциклийг унаад сумын төв рүү явсан. Би алхаад сүлжээтэй газар очиж багийн даргадаа машинтай явж байгаад уначихлаа гэж хэлсэн мөн жолоочийн эхнэр рүү ярьж хэлсэн. Тэгээд буцаад машин байгаа газраа очоод байж байхад эмнэлэг цагдаа очсон. Би өөрийн хүүхэд болон дүүгийн хүүхдийн хамт урд суудал дээр нь сууж байсан. Талийгаач ард суудал дээр сууж байсан жолооч нь гээд 5 хүн хоёр хонь ачиж явсан. Бид нар ирээд 2,5 литрийн нийслэл пивнээс 2-3 удаа уусан пиво дуусч байхад ирсэн юм. Өмнө архи дарс уусан байсан талаар мэдээгүй. Би энэ талаар мэдээгүй бид нар суугаад явж байсан гэнэт ийм үйл явдал болсон. Би сайн мэдээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-36 дугаар тал/

 

           *Гэрч Н.Агийн өгсөн:

          “...2022 оны өглөө Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багт байх манай гэрээс Өлзийт сумын төв рүү талийгаачтай хамт яваад мотоциклын эд анги авсан 2 шил 0,5 литрийн ерөөл архи аваад буцаад сумын төвөөс гараад замын кариарын хажууд суугаад 1 шил 0,5 литрийн ерөөл архи уугаад сууж байхад хажуу талд мотоциклтой 2 хүн ирээд пиво уугаад байхаар талийгаач бид хоёр ууж байсан архиа аваад тэр хүмүүс дээр очсон. Тэгээд тэнд тал шил ерөөл архи ууж дуусаад байж байхад Т.О машинтай ирсэн. Тэгээд бид нар 2,5 литрийн нийслэл пиво хувааж уугаад цааш хөдлөх гэхэд талийгаач Т.Оыг чи намайг хүргээд өг би гэрээс гараад бараг сар болох гээд байна гэсэн тэгээд талийгаач Т.Оын машинд суугаад би араас нь өөрийн мотоциклоороо дагаад явж байсан машинтай хүмүүс намайг нэлээд орхиод явсан Ямаат багийн бор үзүүр гэх газрыг тойроод машин харагдахгүй болсон би араас уг үзүүрийг тойроод харахад урд явж байсан машин онхолдож зам тээврийн осол гарсан байсан. Тэгээд би яваад очиход дотроос нь нэг хүүхэд гараад ирсэн байсан. Тэгээд би ар талын хагарсан шилээр нь дотор байсан хүмүүсийг гаргаж ирсэн. Тэгээд талийгаачийг дуудаад хариу өгөхгүй болохоор нь урд талаар ороод чагнаж үзэхэд амьсгал байхгүй амнаас нь цус гарсан байсан. Тэгээд би цусыг арчиад нас барсан байна гэж бодоод хөдөлгөөгүй орхисон. Би талийгаачийг их удаан амьсгалийг чагнаж үзсэн амьсгал мэдэгдэхгүй байсан. Талийгаач жолооч Т.О, Б.Д 2 бага насны хүүхэдтэй ардаа хоёр хонь ачсан явж байсан. Би өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан талаар мэдээгүй бид нар дээр ирээд 2,5 литрийн нийслэл пиво хувааж уусан тэгээд талийгаач хүргээд өг гээд хөдөлсөн. Би энэ талаар мэдээгүй араас мотоциклтой дагаад явж байсан надаас нэлээд түрүүлээд явсан араас очиход осол гарсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-40 дүгээр тал/

 

           *Гэрч Э.Бы өгсөн:

          “...1 жилийн өмнө хувь хүнээс худалдан авч байсан. Би өөрийнхөө эгч Бт таны хөл гар муу учраас хөдөө та унаж бай гээд бэлэг шахуу өгчихсөн байсан. Үлдэгдэл төлбөр тооцоо байхгүй. Шилжүүлгийг хийж амжаагүй байсан. Байнга хөдөө явдаг машин. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 127-128 дугаар тал/

 

           *Яллагдагч Т.Оын өгсөн:

“...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээрээ маргахгүй. Надад хуулийн хөнгөн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 154-155 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 44 дугаартай:

“...Амь хохирогч Н.Бгийн биед гавлын суурь ясны зүүн арын хонхор, дагзны зүүн хэсгээс турк эмээлийн арын бүүрэг рүү чиглэсэн шугаман хугарал, суурь ясны баруун дунд хонхор, турк эмээлийн дээд ирмэгийг хамарсан шугаман хугарал, их тархины голоор, бага тархины аалзан бүрхүүл хальсан доор цус харвалт, духны баруун хэсэг, зүүн чамархай, дагзны зүүн хэсэг, зүүн чамархайн булчинд цус хуралт, уушигны эдийн няцрал, доод уруулын дотор салстад хэгзэрсэн шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээнд сэтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр осол болох цаг хугацаанд үүснэ. Гавлын суурь ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, тархины аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт гэмтэл нь 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээний сэтэрсэн шарх, нүүрний зулгаралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч Н.Б нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас осол болох цаг хугацаанд нас баржээ. Шинжилгээгээр зүүн чамархай, духны дэлбэнгийн суурь хэсгийн тархины эд зөөлрөлийн хуучин голомт, элэг өөхлөлт, ходоодны салстын архаг үрэвсэл өвчтэй байна. Үхэлд хүргэхгүй. Амь хохирогч Н.Б нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. /цусанд 4,0 промиль спиртийн зүйл илэрсэн/...” гэх дүгнэлт/хх-ийн 49-52 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 41 дугаартай:

“...Ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ. Т.Оын гэх цусанд 1.6 промиль спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 64-65 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 213 дугаартай:

“...Б.Дгийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Яаралтай тусламжийн хуудас нь дүгнэлт гаргахад материал хангалтгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 73-74 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 сарын 03-ны өдрийн 223 дугаартай:

“...Т.Оын биед духны зүүн хэсэг, язарсан шарх, зүүн хацарт язарсан шарх, баруун бугалгат зулгаралт, баруун ташаа, баруун өвдөгт зулгаралт, зүүн мөр, зүүн бугалга, зулгаралттай, 2 сарвууны ар талд, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт/хх-ийн 85-86 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 212  дугаартай:

“...Б.Цын биед гэмтэл тогтоогдсонгүй. Яаралтай тусламжийн хуудас нь дүгнэлт гаргахад материал хангалтгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 96-97 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 214  дугаартай:

“...Б.Ггийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Яаралтай тусламжийн хуудас нь дүгнэлт гаргахад материал хангалтгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 108-109 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай:

“...Cold Plus загварын 23-96 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Тийн О /АЕ86022672/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт зааснаар ‘Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаар харахад уг тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан боловч тээврийн хэрэгсэл зогсоогүй байна. Жолооч Т.О нь тээврийн хэрэгсэл жолоодож явахад Замын нөхцөл байдал зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.  Жолооч Т.О нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Отгонжаргалын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 41 тоот дүгнэлтээр Т.Оын гэх цусанд 1.6 промиль спиртын зүйл илрэв гэх дүгнэлтээр Cold Plus загварын 23-96 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуу жолоодож явсан байх үндэслэлтэй байна. Жолооч Т.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх лавлагааг Google.mn сайтын жолоодох эрх шалгах хэсгээс үзэхэд 1325910 дугаарын номертой тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 136-137 дугаар тал/

 

*Вендо ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №40111 дугаартай:

“...2008 онд үйлдвэрлэгдсэн, 2016 онд монгол улсад орж ирсэн, колт маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.162.400/таван сая нэг зуун жаран хоёр мянга дөрвөн зуу/ төгрөг болохыг тодорхойлсон...” дүгнэлт/хх-ийн 142 дугаар хуудас/

 

* Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8 дугаар тал/,

* Ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 10-13 дугаар тал/

* Зам тээврийн осол дээр тогтоосон акт/хх-ийн 9 дүгээр тал/

* Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-48 дугаар тал/,

* Тээврийн хэрэгслийн лавлагаа/хх-ийн 171 дүгээр тал/,

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 158 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Т.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Т.О нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэрт Э.Бы эзэмшлийн Колд Плас загварын 23-96 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” гэж заалт Мөн дүрмийн. Мөн дүрмийн 3.7.А-Д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Н.Бгийн амь насыг хохирсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Т.О нь согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гын”...Миний дүү болох амь хохирогч Н.Б нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэр Тахидаг гэх газар сайжруулсан шороон замаар Т.Оын хамт тээврийн хэрэгсэлтэй явж байгаад зам тээврийн осолд орсоны улмаас нас барсан. Тухайн үед ямар шалтгааны улмаас тухайн зам тээврийн осол болсныг би мэдэхгүй учир нь хамт байгаагүй болохоор. Би хэрхэн яаж мэдсэн бэ гэхээр тухайн өдөр 17 цагийн орчим манай саахалт хүн Баттулга манайд ирээд Т.О, Н.Б нар нь автомашинтай явж байгаад зам тээврийн осолд ороод нас барсан байна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Хгийн”...2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 15 минутад манай сумын засаг даргын тамгын газрын дарга Н.Нарангэрэл гар утсаар над руу залгаж тус аймгийн Өлзийт сумын Ямаат багийн уулын урд зам тээврийн осол гарсан 1 хүн ухаангүй байна гэсэн дуудлага өгсөн. Дуудлагыг хүлээн аваад тухайн газар очиход зам тээврийн осолд орсон автомашин нь хамар хэсгийг зүүн тийш харсан хөндлөн байдалтай байсан. Автомашин дотор арын суудал хэсэгт амь хохирогч толгой нь баруун тийш, их биеийг хажуу тал руу харсан байдалтай байсан. Тухайн хүнийг амьд байгаа эсэхийг үзэхэд хөдөлгөөнгүй, ухаангүй, амьсгалгүй, зүрхний зохилт үгүй нас барсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг,  гэрч Б.Дгийн”...Би өөрийн нөхөр Бын хамт Өлзийт сумын төв ороод хөдөө гараад явж байгаад замдаа Амараа гэх хүн гэх хүнтэй таараад 2,5 литрийн нийслэл пиво уугаад байж байхад талийгаач, А нар ирсэн. Мөн Т.О машинтай ирээд нийслэл пивоо ууж дуусгаад Т.О машинтайгаа намайг болон талийгаачийг хүргэж өгөхөөр болоод би өөрийн хүүхэд болон хамт явсан дүүгийнхээ хүүхэдтэй гурвуулаа суусан мөн талийгаач суугаад бид нар Ямаат багийн зүг засмалын тавихаар бэлдсэн шороон далантай замаар явж байгаад шороон далантай замын хажуу тал руу буюу ертөнцийн зүгээр баруун тал руугаа далан руугаа орох гээд байхаар буцаад зам руугаа гарах гээд дараад машин нь унасан гэж бодож байна. Би тухайн үе сандраад хоёр хүүхдээ тэврээд юу болоод байгааг сайн ажиглаагүй нэг мэдэхэд л машин зөв талаараа газар унасан байсан. Тэгээд урд талын хагарсан байсан шилийг цааш түлхэж хоёр хүүхдээ болон би өөрөө гарсан хойно сууж байсан хүнээ харахад амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Агийн”...2022 оны өглөө Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багт байх манай гэрээс Өлзийт сумын төв рүү талийгаачтай хамт яваад мотоциклын эд анги авсан 2 шил 0,5 литрийн ерөөл архи аваад буцаад сумын төвөөс гараад замын кариарын хажууд суугаад 1 шил 0,5 литрийн ерөөл архи уугаад сууж байхад хажуу талд мотоциклтой 2 хүн ирээд пиво уугаад байхаар талийгаач бид хоёр ууж байсан архиа аваад тэр хүмүүс дээр очсон. Тэгээд тэнд тал шил ерөөл архи ууж дуусаад байж байхад Т.О машинтай ирсэн. Тэгээд бид нар 2,5 литрийн нийслэл пиво хувааж уугаад цааш хөдлөх гэхэд талийгаач Т.Оыг чи намайг хүргээд өг би гэрээс гараад бараг сар болох гээд байна гэсэн тэгээд талийгаач Т.Оын машинд суугаад би араас нь өөрийн мотоциклоороо дагаад явж байсан машинтай хүмүүс намайг нэлээд орхиод явсан Ямаат багийн бор үзүүр гэх газрыг тойроод машин харагдахгүй болсон би араас уг үзүүрийг тойроод харахад урд явж байсан машин онхолдож зам тээврийн осол гарсан байсан. Тэгээд би яваад очиход дотроос нь нэг хүүхэд гараад ирсэн байсан. Тэгээд би ар талын хагарсан шилээр нь дотор байсан хүмүүсийг гаргаж ирсэн. Тэгээд талийгаачийг дуудаад хариу өгөхгүй болохоор нь урд талаар ороод чагнаж үзэхэд амьсгал байхгүй амнаас нь цус гарсан байсан. Тэгээд би цусыг арчиад нас барсан байна гэж бодоод хөдөлгөөгүй орхисон...” гэх мэдүүлэг, Талийгаач Н.Бгийн цогцост хийсэн шинжилгээгээр талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас осол болох цаг хугацаанд нас барсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 44 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Оын согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Оын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл  болон уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 41 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Т.Оын гэх цусанд 1.6 промиль спиртийн зүйл илэрсэн нь тогтоогдож байх тул түүнийг согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Т.Оыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж эрүүгийн хуульд заасан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас амь хохирогч Н.Б нь гавал тархины битүү гэмтэл авч, уг гэмтлийн улмаас нас барсан болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 44 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч Т.О нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрт 5.000.000/таван сая/ төгрөг төлсөн байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, мөн бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

      Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.О болон түүний өмгөөлөгч нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Т.О нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь  өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд шилжүүлсэн бөгөөд, шүүгдэгч Т.О нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг төлсөн, цаашид нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт хураагдсан шүүгдэгчийн 1325910 дугаар бүхий жолооны үнэмлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Дамба овогт Тийн Оыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

          

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

           6. Шүүгдэгч Т.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдсан шүүгдэгчийн 1325910 дугаар бүхий жолооны үнэмлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР