| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2018/00401/И |
| Дугаар | 458 |
| Огноо | 2018-10-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 458
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Номгон сум Эмгэн булаг 4-р баг, ....................... оршин суух, ******* овогт Н.У /регистрийн дугаар:................./
Хариуцагч: Өмнөговь аймаг Номгон сум, 4-р баг .............................. оршин суух, ******* овогт Б.С /регистрийн дугаар:...................../
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.У , хариуцагч Б.С , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.С нь 2016 оноос өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байна. Бид хамтарч амьдарч байх хугацаанд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү ******* төрсөн. Энэ хугацаанд Б.С нь эргэж тойрохгүй, утсаар ярихгүй, сүүлдээ янз бүрийн мессеж өгч сэтгэл санаагаар тоглож дарамтанд оруулж байгаа тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсч байна. Иймд хариуцагч Б.С оос хүү *******од тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Н.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Эвлэрэн хэлэлцэх хүсэлт байхгүй. Хамт амьдарч байсан боловч хүүхдээ төрүүлээд тусдаа амьдарсан. Хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. 1 жил гаруйн хугацаанд хамт амьдарсан. Би энэ зун хамтдаа амьдрах гээд хувцасаа бэлдээд хүлээгээд байсан. Намайг ирж аваагүй. Одоо хамт амьдрах боломжгүй гэв.
Хариуцагч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.У ын шаардлагыг хүлээж авлаа. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрэн хэлэлцэх хүсэлт байхгүй. Ар гэрийн гачигдлаас болоод мөн аав маань хөдөлмөр эрхлэх боломжгүй. Ээж бага насны хүүхэдтэй. Ойр ойрхон уулзаад байх боломжгүй.Хүүхдээ төрөхөд нь хамт байсан. Нэхэмжлэгчийн ар гэрийн надад хандах хандлага нь таалагддаггүй. Цагаан сараар очоод золгоход золгоогүй, өөдөөс мөргөж байсан. Би өөрийнхөө санаачлагаар хүүхдээ тусалж дэмжиж байгаагүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Н.У ын нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 4625000002 дугаартай С.Г ын төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Номгон сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.С ийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.У нь Б.С т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Н.У , Б.С нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрах хугацаанд 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү С.Г ыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Өмнөговь аймгийн Номгон сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, С.Г ын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Н.У ын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч С.Г ын эцгийг захиргааны журмаар тогтоож, эцгийн нэрийг авсан байна.
Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч Б.С нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Б.С оос тэтгэлэг гаргуулан 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү С.Г ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.У нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг Номгон сум............................... суух, ******* овогт Б.С /регистрийн дугаар:...................../-аас 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн С.Г ыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Б.С оос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүү С.Г ыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Б.С т, эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад хийхгүй байхыг эх Н.У т тус тус даалгасугай.
4. Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.У ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С оос 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.У т олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР