Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 459

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6-р баг, Бага Уулын ................. тоотод оршин суух ******* овогт П.О   /регистрийн дугаар: .................../

Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум /хот/-ын *******. /дарга В.Э /

Өмнөговь аймаг Даланзадгад сум /хот/-ын *******ны даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/37 дугаартай тушаалыг хүчингүй болгож,  урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 3.461.251 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2018 оны 05 дугаар сарын 01 -ны өдрийг хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сум /хот/-ын *******нд цахилгааны инженерээр ажилласан. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын  Далангийн гол, Цагааны голын суурьшил бүсэд оршин сууж буй  иргэдийн үхрийг ээмэглэх бүртгэлжүүлэх ажилд сумын ЗДТГ-ын дарга *******гийн захирамжаар томилогдон ажилласан. Орой харих замд цагдаа таарч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж захиргааны арга хэмжээ авагдсан. 2018 оны 4 сарын эхээр Даланзадгад сумын *******ны дарга В.Э  гэрт ирж “..миний хөгшин гарчих, би эрх хэмжээнийхээ хүрээнд 6 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж өгье, ингэвэл чамд арга хэмжээ тооцохгүй өнгөрье, чамд хуучин эмчлүүлж байсан карт эмнэлгийн бичиг байвал тэрийгээ хавсаргаад ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчих энэ нь чамд ашигтай арга хэмжээ тооцогдоод шууд халагдвал чамд юу ч олдохгүй, хэсэг хугацааны дараа эргээд ажилдаа орчих...” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 4 сараас эхлэн 2018 оны 6 сар хүртэл 3 удаа тушаал буруу гарсан гэх шалтгаанаар тэтгэмж олгоогүй буцааж ажилд аваагүй. 2018 оны 7 сарын 25-нд нягтлан *******тай уулзахад тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариу өгсөн тэр өдрөө хүний нөөцийн ажилтнаас ажлаас чөлөөлөгдөх тушаалаа гардаж авсан. Миний бие дарга Э-гын ятгалга, дарамтаар  өөрийн хүсэлтээр өвчний учир ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Надад ажил хийхэд харшлах ямар нэгэн өвчин байхгүй. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын *******ны даргын 2018.05.01 -ний өдрийн №6/37 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалд иргэн намайг 2018.05.01-ний өдрөөс чөлөөлсөн байдаг бөгөөд 2018 оны 4 сард би цалин аваагүй харин миний ээлжийн амралт гэж 266000 төгрөг орсон. Миний бие 3 cap гаруйн хугацаанд ажилгүй болж буруу тушаалууд гаргасан гэх шалтгаанаар хугацаа алдан нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй хохирч, дарга *******ын хэлсэнчлэн тушаалд заасан 6 сарын тэтгэмжээ ч авч чадахгүй одоог хүрч миний эрх ашиг хохирч байна. Ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа хугацаандаа аваагүйгээс ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ хасуулж хууль мэдэхгүйгээр нь далимдуулан шударга бус үйлдэл хийж байгаад нь гомдолтой байна. Одоо миний бие охины хамт ам бүл 2-уул амьдардаг. Эхнэр ******* 2013 онд өвчний учир нас барсан. Төрийн банкинд 3.600.000 төгрөгийн цалингийн зээлтэй уг зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.О 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан. Үүнээс хойш хуульд заасан хугацааны дотор эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын *******ны 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан гэдэг боловч ажлаас халсан тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх хэсэгт байхгүй зүйл заалтыг барьж ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь хууль бус юм гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл буюу өнөөдрийг хүртэлх хугацааны цалингаа нэхэмжилж байгаа. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад П.О ын ажлаас чөлөөлөх 3 янзын тушаал авагдсан байдаг. 04 дүгээр сард ээлжийн амралтын цалин бодож олгосон нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс харагддаг. Хэрвээ П.О ыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй бол 04 дүгээр сард ажлаа хийх боломжтой байсан. 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх цалингаа нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Хариуцагч нь хариу тайлбартаа П.О ыг өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн гэж тайлбарладаг хэдий ч хөдөлмөрийн тухай хуульд байхгүй заалтыг ашиглаж ажлаас чөлөөлөх тухай тушаалаа гаргасан. Өөрийн хүсэлтээр юм уу, хөдөлмөрийн тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлүүдэд заасан аль заалтыг ашигласан нь тодорхойгүй тушаал байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин нийт 3 461 251 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч В.Э  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хотын захирагчийн ажлын албанд цахилгаанчнаар ажиллаж байсан П.О ын нэхэмжлэлд тайлбар хүргүүлж байна. П.О нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох П.О ын нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 0487992 дугаартай П.О ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/23 дугаартай П.О ыг ажилд томилох тухай тушаал, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Даланзадгад сум /хот/-ын захирагчийн ажлын албаны даргын Б/37 дугаартай тушаал, хариуцагчийн төлөөлөгч *******ын хариу тайлбар, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Өмнөговь аймгийн Даланзадгад сум /хот/-ын захирагчийн ажлын албаны даргын Б/37 дугаартай тушаал, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Даланзадгад сум /хот/-ын захирагчийн ажлын албаны даргын Б/48 дугаартай тушаал, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр П.О аас Э.Н д олгосон итгэмжлэл зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгч П.О нь Өмнөговь аймаг Даланзадгад сум /хот/-ын *******ны даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/37 дугаартай тушаалыг хүчингүй болгож,  урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 3.461.251 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч П.О нь Өмнөговь аймгийн Даланзадгад сум /хот/-ын захирагчийн ажлын албаны даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/23 дугаартай П.О ыг ажилд томилох тухай тушаалаар тус албаны цахилгааны инженерийн үүрэгт ажилд түр томилогджээ.

Улмаар Өмнөговь аймгийн Даланзадгад сум /хот/-ын захирагчийн ажлын албаны даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/37 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1, 42.1, 43.1 дэх заалтыг үндэслэн цахилгааны инженерийн үүрэгт ажлаас чөлөөлж, энэ тухай мэдэгдлийг нэхэмжлэгч П.О нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гардаж авчээ. Шүүхэд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

Хариуцагчийн төлөөлөгч В.Э  нь “...П.О нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн байна” гэсэн тайлбар ирүүлжээ.

 

Ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь эрх зүйн акт болохынхоо хувьд үндэслэл болгож буй хуулийн зохицуулалт нь хуульд нийцсэн байхыг шаарддаг бөгөөд дээрхи шаардлагад нийцээгүй ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзнэ.

Ажил олгогчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/37 дугаартай тушаалаар нэхэмжлэгч П.О ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1, 42.1, 43.1 дэх заалтыг үндэслэн цахилгааны инженерийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд ажилтан санаачилсан эсхүл ажил олгогч санаачилсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болдог ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1- 40.1.7 дахь хэсэгт ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг заасан атал ажил олгогч Өмнөговь аймгийн Даланзадгад сум /хот/-ын захирагчийн ажлын албаны дарга ажилтныг ажлаас чөлөөлөх тушаалдаа “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2.1 дэх хэсэг” гэж заасан нь хуульд нийцээгүй Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй заалт баримтласан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох нь зүйтэй гэж үзлээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад сум /хот/-ын захирагчийн ажлын албаны даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/37 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх тул нэхэмжлэгч П.О ын ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас чөлөөлсөн мөн өдрөөс нь эхлэн тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч П.О ын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тооцоход 2018 оны 01-03 дугаар саруудад 1.886.118 : 3 сар = 628.706 төгрөг /нэг сарын дундаж цалин хөлс/ байх ба 1 өдрийн хөлс нь 628.705   21.5 = 29.242 төгрөг байна.

2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр / шүүхийн шийдвэр гарсан / - ийг хүртэл 4 сар 10 хоногийн ажилгүй байсан  хугацааны цалин 628.705 * 4 сар = 2.514.824 төгрөг, 10 хоног * 29.242 = 292.421 төгрөг, нийт 2.807.245 төгрөгийг  хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Өмнөговь аймгийн Даланзадгад сум /хот/-ын *******нд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан 0487992 дугаартай П.О ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/23 дугаартай П.О ыг ажилд томилох тухай тушаал, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Даланзадгад сум /хот/-ын захирагчийн ажлын албаны даргын Б/37 дугаартай тушаал, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр П.О аас Э.Н д олгосон итгэмжлэл зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг  хангасан, хэрэгт хамааралтай байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Харин 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Өмнөговь аймгийн Даланзадгад сум /хот/-ын захирагчийн ажлын албаны даргын Б/37 дугаартай тушаал, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Даланзадгад сум /хот/-ын захирагчийн ажлын албаны даргын Б/48 дугаартай тушаал,төлбөрийн хүсэлт /хх-23/, амралт 6 сарын олголтын баримт /хх-24/, 2014 оны 12 сарын 08-ны тэтгэмж олгох тухай а/84 дугаартай тушаал зэрэг нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Зохигчдын маргаж буй маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлоор үүсдэг бөгөөд гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь бүхэлдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 59.866 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч В.Э д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн атал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг Даланзадгад сум /хот/-ын *******ны даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/37 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ******* овогт П.О ыг Өмнөговь аймгийн Даланзадгад сум /хот/-ын *******ны цахилгааны инженерийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар П.О ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 2.807.241 /хоёр сая найман зуун долоон мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг Өмнөговь аймгийн Даланзадгад сум /хот/-ын *******наас гаргуулан нэхэмжлэгч П.О ад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 654.006 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.О болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Өмнөговь аймгийн Даланзадгад сум /хот/-ын *******нд даалгасугай.

 

5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сум /хот/-ын *******наас 59.866 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.УГТАХБАЯР