Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 445

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Өмнөговь аймаг, ******* сум, Ганзагад баг, .................... оршин суух, ******* овогт Д.А  /РД:......................./

 

Хариуцагч:Өмнөговь аймаг, ******* сум, ...................... оршин суух, ******* овогт М.Б  /РД:..................../

 

        Гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагч М.Б , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Нэхэмжлэгч Д.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д овогтой Д.А  миний бие 2006 оны 01 дүгээр сард тус сумын уугуул, ******* сумын харьяат М.Б тэй танилцан 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэр бүл болсноо албан ёсоор Өмнөговь аймгийн ******* сумын улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн батлуулсан билээ. М.Б  нь тухайн үед ******* сумын нутагт өөрийн эмээ Ц.С гийндаа амьдарч байсан бөгөөд хаягийн шилжүүлгээ хийлгэн тус сумын харьяат болсон юм. Үүний дараа 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүү Б.М , 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр охин Б.У  нар төрсөн. Одоо Б.М  10 настай, Б.У  7 настай тус сумынхаа ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа билээ. Бид хөдөөнөө 83 толгой бог малтай, миний бие тус сумынхаа сургуульд багшийн ажилтай, М.Б  малаа маллан хөдөө амьдарч, Д.А  миний бие ажлаа хийж 2 хүүхдээ асран хөдөө ирж, очин амьдрах болсон. М.Б  гэр бүл болсон цагаасаа хойш архи ууж, архи уусан үедээ агсам тавьж, гэр орны эд зүйлээ эвдэж, сүйтгэн байнга хэл амаар доромжилон, заналхийлж улмаар бие мах бодь, эрх чөлөөнд удаа дараа халдаж, эрүүл мэнд, бие мах бодь, сэтгэл санааны олон удаагийн дарамт, хохирол учруулсаар ирсэн. Энэ байдлыг би 10 жил тэвчиж гэр бүлийнхээ нэр хүндийг хамгаалан амьдарсан ч улмаар даамжирч, засрах байтугай бүр намайг харь хамаагүй хэн нэгэн хүнтэй холбон худал цуу яриа гарган намайг болон, бусдыг гүжирдэн гүтгэж, өөрийн гаргасан ааш авирынхаа бурууг надад тохоон ярьж, өөрийгөө улам

ч өмөөрөн ах дүү садан олон түмэнд буруу ойлголт өгч миний нэр хүндэд халдаж эхэлсэн. Иймээс миний бие 2017 оны 1 дүгээр сард зодуулсан үеэс хойш салахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнээс хойш удаа дараа эрүүл согтуу ирж намайг зодож, дарамталж, энэ бүхэнд хүүхдүүд бид айж түгшин, амар тайван амьдрах нөхцөл боломжгүй болсон тул арга буюу шүүх эмнэлэгээр үзүүлэн дүгнэлт гаргуулж цагдаагийн байгууллагад өргөдөл өгснөөр 2017 оны 12 дугаар сард М.Б д 6 сарын хорих ялыг “Нээлттэй хорих байгууллагад” эдлүүлэхээр шийдвэр гарсан юм. Ингээд энэ оны 5 дугаар сард суллагдаж ирээд “Намайг шоронд явуулсан та нарыг ална, гал голомтыг чинь самарна, 2 хүүхдээ авна” хэмээн байнга заналхийлж эрүүл согтуу ирэн урьдын байдал хэвээр үргэлжилсээр байна. Энэ бүхнээс үүдэн хоёр хүүхэд байнга айж түгшин амгалан тайван сурч, хүмүүжих нөхцөл байдал нь алдагдаж сурлага хүмүүжилд нь сөргөөр нөлөөлж байгаа нь илт харагдаж байна. Иймд миний бие гэрлэлтээ цуцлуулан, М.Б ээс хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Энэхүү нэхэмжпэлийг миний бие 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргаж шүүхэд өгсөн боловч “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.9-д зааснаар “Хариуцагчийн хаяг тодорхойгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. Ийм учраас нэхэмжлэлийг дахин гаргаж байна. Миний зүгээс эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй болно. Иймд 0000615 дугаар бүхий гэрлэлтийн баталгааг цуцалж, хүү Б.М , охин Б.У  нарт М.Б ээс тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгч Д.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа хэвээрээ, М.Б  нь хамт амьдарсан цагаас эхлэн архи ууж, сэтгэл санаа, бие мах бодийн дарамт учруулсаар ирсэн, цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж байсан. Хамгийн сүүлд гэр бүлийн хүчирхийлэл 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үйлдсэн гэв.

 

Хариуцагч М.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М овогтой М.Б  миний бие нь 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дарьсүрэн овогтой Д.А тай гэр бүл болж, хүү Б.М , охин Б.У  гэдэг хоёр хүүхэдтэй болсон. Эхнэр Д.А ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй 2 хүүхдийнхээ ирээдүйн амьдралыг бодож эхнэр Д.А аас салах, гэрлэлтийн баталгаагаа салгахгүй гэж шүүхэд тайлбар гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч М.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архи уудаг, уухаараа эхнэртээ гар хүрдэг байсан нь үнэн, энэ хүн сална, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж байвал татгалзах зүйлгүй. Харин хүүхдийн тэтгэлгийг сар бүр төлөхөд хүндрэлтэй тул хавар ноос, ноолуурын цагаар төлөх боломжтой, мөн хүүхдүүддээ данс нээж түүнд нь тэтгэлэгээ өгөх хүсэлтэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А  нь хариуцагч М.Б д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Нэг. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн тухайд:

Д.А , М.Б  нар 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-6/-гаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.А  нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч өргөдөл гаргагч Д.А , уригдсан тал М.Б  нар нь уулзалтад ирээгүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсноос /хх-9/ гадна хариуцагч М.Б  гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь  Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоол /хх-20-23/, нотлох баримт болох cd-д хийсэн үзлэг /хх-38/, талуудын тайлбараар тогдоогдож байна. 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх ... гэрлэлтийг цуцална.” гэж заасны дагуу Д.А , М.Б  нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

 

Хоёр. Хүүхдийн тэтгэлэг тогтоох нэхэмжлэлийн тухайд:

 

Гэрлэгчдийн дундаас 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүү Б.М , 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр охин Б.У  нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-7-8/, хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх тодорхойлолт, /хх-3-4/ талуудын тайлбараар нотлогдож байна. 

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, энэ үүрэг нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч М.Б ээс мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Б.М , охин Б.У  нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Хүүхдийн тэтгэлгийг тогтоохдоо тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшинтэй уялдуулан тогтоох бөгөөд хүн амын амьжиргааны доод түвшин 2018 оны байдлаар Өмнөговь аймагт 175 600 төгрөг байна. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүүхдүүд 11 нас хүрээгүй тул амьжиргааны доод түвшингийн 50 хувь буюу хүүхэд тус бүр 87 800 төгрөг нийт 175 600 төгрөгийг сар бүр хариуцагч М.Б ээс гаргуулан хүү Б.М , охин Б.У  нарт олгох үндэстэй байна. Гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 болон 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэвэр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасны дагуу 2 хүүхдийн сарын тэтгэвэр 175 600 төгрөгийг 1 жил буюу 12 сарын хугацаанд төлөх үнийн дүн 2 107 200 /175 600 х 12 сар= 2 107 200/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 48 665 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод, 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх бөгөөд эцэг, эхийн ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн болон эх Д.А д хүүхдүүд илүү ээнэгшин дассан байдлыг харгалзан 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.М , 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.У  нарыг  эх Д.А ын асрамжид үлдээх үндэстэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

        1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт Д.А  /РД:......................./, ******* овогт М.Б  /РД:..................../  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч ******* овогт М.Б  /РД:..................../-ээс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.М , 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.У  нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

        3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.М , 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.У  нарыг эх Д.А ын асрамжид үлдээсүгэй.

 

        4.М.Б ээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

 

       5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.А ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б ээс улсын тэмдэгтийн хураамж 48 665 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод, 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А д тус тус олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүү Б.М , охин Б.У  нарыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг М.Б д, эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад хийхгүй байхыг эх Д.А д тус тус даалгасугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар М.Б , Д.А  нарын гэрлэлтийг цуцлаж, хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Чулуунчимэгт даалгасугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХТӨР