Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1094

 

 

  2022         07         19                                    2022/ШЦТ/1094

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.Б-ид холбогдох эрүүгийн 2206 01573 1788 дугаартай хэргийг шүүх 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 12 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, дүүргийн дэнжийн 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

       Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх-00000000, Б овогтой М-н Б-.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

 Шүүгдэгч М.Б- нь 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Дэнжийн 0-0 тоотод байрлах иргэн Г.Г-ын гэрийн цоожийг эвдэн дотогш нэвтрэн орж, Шарп брэндийн 47 инчийн зурагт, Гланз брэндийн шарах шүүгээ, Даевоо брэндийн ус буцалгагч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Г.Г-од 826.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

            Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Г-ын өгсөн мэдүүлэг /хх-23-24/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-14-18/, гэрч Б.Төмөр-Очирын өгсөн мэдүүлэг /хх-26-27/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Отгонцэцэгийн гаргасан 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 02/241 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-45-48/, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-49/, М.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-68/, шүүгдэгч М.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар  

 

Шүүгдэгч М.Б- нь 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Дэнжийн 2-40 тоотод байрлах иргэн Г.Г-ын гэрийн цоожийг эвдэн дотогш нэвтрэн орж, Шарп брэндийн 47 инчийн зурагт, Гланз брэндийн шарах шүүгээ, Даевоо брэндийн ус буцалгагч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Г.Г-од 826.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Г-ын өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 16 цагийн үед манай хамаатны ах Батсайхан ах над руу залгаад гэрт байсан тавилгыг чинь хулгайч авч байхаар нь бариад байж байна хурдан ирээрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-24/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Төмөр-Очирын өгсөн: “...Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Дэнжийн 2-40 тоотод Г.Г- 2022 оны 3 сарын 2-нд байраа зарсан гээд тавилга эд зүйлээ гэрт авчирч хураагаад гэрийг цоожлоод явсан. 2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр манай эхнэр Ө.Эрдэнэтуул бид хоёр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Баянзүрх зах ороод буцаад гэртээ ирсэн, тэгтэл Г.Г-ын тавилга хураасан гэрийн цоожийг дугуйн торцовоор эвдээд, нэг нь гэрийн гадаа нөгөө нь дотор байхаар нь хоёуланг нь барьж аваад цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-26-27/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Отгонцэцэгийн гаргасан 01/241 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Харин 3,4,5 гэж дугаарласан гарын мөр харьцуулах  шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн 1-5 хүртэл дугаарласан мөрүүд нь гарын мөр байна.

3. Шинжилгээнд тэнцэх 2 ширхэг гарын мөр нь папилон санд бүртгэгдсэн гарын хээний дардсууд болон эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт  /хх-45-46/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед архи хэрэглсэн байсан ба гэрийнхээ хажуугийн хашааны гэрт орж  хулгай хийж авсан эд зүйлээ гэрийнхээ хашаанд байрлуулж буцаж яваад цагдаад баригдсан ба тэр үедээ хулгайлж авсан эд зүйлээ буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-68/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-13/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-14-18/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-49/,

Шүүгдэгч М.Б-ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Б-ийн 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Дэнжийн 2-40 тоотод байрлах иргэн Г.Г-ын гэрийн цоожийг эвдэн дотогш нэвтрэн орж, Шарп брэндийн 47 инчийн зурагт, Гланз брэндийн шарах шүүгээ, Даевоо брэндийн ус буцалгагч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Г.Г-од 826.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрсэнийг ойлгоно.

 

Шүүгдэгч М.Б-ийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч М.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял шийтгэлийг оногдуулах эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч М.Б-ид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч М.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1,  38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт М-н Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Б-ид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч М.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

 6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Б-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС