Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1097

 

                                    

 

 

    2022        07         19                                    2022/ШЦТ/1097

                                  

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.У-, 

Шүүгдэгч А.Ч-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.Ч-т холбогдох 2106  02129  0253 дугаартай хэргийг шүүх 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Холбоо толгойн 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх-0000000, О овогтой А-ийн Ч-.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

            Шүүгдэгч А.Ч- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан заалтыг зөрчиж, согтуурсан үедээ 2021 оны 6 дугаар сарын 21-ний 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Цэргийн нэгдсэн сургалтын төвийн орчимд “Kia Bongo Frontier” маркийн 00-00 ХХХ  улсын дугаартай тээврийн хэрэгслээр, шаварт суусан “Mitsubishi Pajero” маркийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг чирч гаргах үед, мөн дүрмийн 1.3, 22.5, 22.6.д-д заасан заалтуудыг зөрчиж, хөдөлгөөнд осолтой байдал бий болгон, ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэн, өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн бодит жингээс илүү тээврийн хэрэгслийг чирсний улмаас татлага тасарч, харваад татлагын холбогч төмөрт “Kia Bongo Frontier” маркийн 00-00 ХХХ  улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвш дээрх зорчигч А.Б-, О.С- нар оногдож, эрүүл мэндэд нь тус тус хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 

                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ч- мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.У- мэдүүлэхдээ: “...Хүүхдийн биеийн байдал одоохондоо бол гайгүй байна. Сая хагалгаанд орсон. 10 гаруй хоног болж байна. Гэмтсэнээсээ хойш гурван удаагийн тархины хагалгаанд орсон. Тэгээд нүдний гурван удаагийн хагалгаанд орно гэсэн. Сая нэг удаагийн нүдний хагалгаанд орсон. Хоёр хагалгаанд орох үлдсэн. Дараагийн хагалгаанд жил болж байж орно гэсэн. Тэгэхгүй бол унтуулгатай ойр ойрхон хагалгаад орж болохгүй гэсэн. Сая хагалгаа нь баруун талын ясыг нь авахыг аваад, орлуулах зүйлийг орлуулаад шигдсэн зүйлийг нь наашлуулах хагалгаа хийсэн. Биеийн байдал нь хурдан мартаж санадаг. Тэгээд хааяа унаж татдаг. Биеийн байдал нь тун сайн биш, хүнтэй хамт явахгүй бол болдоггүй. Би баримтаар эмчилгээний төлбөрт 6.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Мөнгөншагай нь 1.250.000 төгрөгийг эмнэлэгт байхад өгч байсан. Сая 4.750.000 төгрөг өгсөн. Цаашид нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй. Гомдол санал байхгүй ...гэв.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч,  гэрэл зургийн үзлэг /1хх-18-26/, хохирогч А.Б-ий өгсөн мэдүүлэг /1хх-48-54/, хохирогч О.С-ын өгсөн мэдүүлэг /1хх-47/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.У-ийн өгсөн мэдүүлэг /1хх-37-44/, гэрч Э.Мөнгөншагайн өгсөн мэдүүлэг /1хх-62-63/, А.Ч-ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-65-66/, насанд хүрээгүй гэрч Э.Төгөлдөрийн өгсөн мэдүүлэг /1хх-69-70/, гэрч М.Эрдэнэбатын өгсөн мэдүүлэг /1хх-72/, гэрч Л.Аръянинжийн өгсөн мэдүүлэг /1хх-74-75/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5531 дугаартай дүгнэлт /1хх-93-94/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5530 дугаартай дүгнэлт /1хх-86-88/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1хх-248/, хохирол төлсөн баримт /2хх-1/, шүүгдэгч А.Ч-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-245/ зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч А.Ч- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан заалтыг зөрчиж, согтуурсан үедээ 2021 оны 6 дугаар сарын 21-ний 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Цэргийн нэгдсэн сургалтын төвийн орчимд “Kia Bongo Frontier” маркийн 00-00 ХХХ  улсын дугаартай тээврийн хэрэгслээр, шаварт суусан “Mitsubishi Pajero” маркийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг чирч гаргах үед, мөн дүрмийн 1.3, 22.5, 22.6.д-д заасан заалтуудыг зөрчиж, хөдөлгөөнд осолтой байдал бий болгон, ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэн, өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн бодит жингээс илүү тээврийн хэрэгслийг чирсний улмаас татлага тасарч, харваад татлагын холбогч төмөрт “Kia Bongo Frontier” маркийн 00-00 ХХХ  улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвш дээрх зорчигч А.Б-, О.С- нар оногдож, эрүүл мэндэд нь тус тус хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Б-ий өгсөн: “...Суусан газраа хонодог юм уу гэж бодоод байж байтал, ачааны машинтай хүн ирээд чирээд өгье гэсэн юм. Пажеро машиныг ачааны машин татаж дийлэхгүй хойд дугуй хий эргээд байсан тул ачааны машины жолооч ачаан дээр гараад суучих гэж хэлсэн юм. Тэгээд С-, Төгөлдөр, Ариунболд бид 4 гарсан Анхбаяр машин дотор утсаараа тоглоод үлдсэн ачааны машин угзарч татахад гараагүй, 2 дахь угзралт дээр нь тороос нь тасраад харвасан. Тэгтэл нь С-ыг эхэлж оноод, дараа нь миний зүүн талын чамархай хэсэгт оносон юм. Тэрнээс хойш болсон зүйлийг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-42-45, 53-54/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.С-ын өгсөн: “...Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Санахгүй байгаа. Одооноос арай гайгүй болоод босож байгаа. Бие тааруу толгойдоо хүнд гэмтэлтэй болохоор юм санахгүй. Заримдаа гэрт орж ирсэн хүмүүсийг буцаад мартаад бас хийж байсан зүйлээ мартаж санаад хэцүү байна. Миний зүгээс тэр машины жолооч нарт маш их гомдолтой байгаа. Баруун нүд юм харахаа байсан. 2-3 удаа хагалгаанд орно гэсэн хараа орох орох үгүйг мэдэхгүй. Өвдөлт маш их мэдэрч байна. ...Пажеро маркийн жолооч ээжид 1.252.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Эмчилгээнд бараг 6 сая төгрөг гаргасан гэж ээж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-47/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.У-ийн өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө над руу юнителийн дугаараас залгаад залгасан дугаар болон хэн гэдэг хүн залгасаныг мэдэхгүй байна “би танай хүү С-тай хамт явж байсан залуугийн ах нь байна. Танай хүүхэд С- гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн одоо хагалгаанд орох гэж байна” гэж яриад би гэмтлийн эмнэлэг дээр 02 цаг өнгөрч байхад хүрч ирэхэд миний хүү О.С- нь ямар ч ухаангүй, тархины хагалгаанд орох гэж байсан. Би манай хүү О.С-тай хамт явсан. Мөнгөншагай гэх залуугаас юу болсон талаар асуухад “шаварт суусан машиныг татаж байсан Пронтер машины ачаан дээр О.С- гарч суугаад машин татаж байсан чирэгч тасраад О.С-, Б- 2 чирэгчний төмөрт оногдчихсон ...Одоо миний хүүгийн биеийн байдал маш хүнд байгаа...” гэх мэдүүлэг /1хх-37-44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Мөнгөншагайн иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр би манай компанид ажилладаг С-, Б-, Анхбаяр, Ариунболд, Төгөлдөр, аав Эрдэнэбат нарыг дагуулан Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хашаа барих ажил хийхээр яваад ажлаа хийж дуусаад орой буцаад Улаанбаатар хот руу буцаж явах замдаа 23 цагийн орчим миний унаж явсан 00-00 ХХХ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгсэл шаварт суугаад бид нар татаж гаргаж дийлэхгүй зогсож байтал 00-00 ХХХ  улсын дугаартай Пронтер маркийн автомашин хажуугаар явж байхаар нь манай аав машиныхаа гэрлээр дохиж зогсоогоод, үл таних жолоочоос нь машин чирч өгөхийг гуйж, би өөрт байсан машин чирэгч 2 ширхэг татлага олсыг хооронд нь холбож байгаад машинаа өнөөх Пронтер маркийн машинаар чирүүлсэн чинь миний машиныг чирч байсан Пронтер машин хий эргээд, чирч чадахгүй байтал өнөөх машины жолооч нь миний машины тэвш хоосон болохоор хүч хүрэхгүй байна. Хэдэн хүн ачаан дээр гараад суучих юм бол хий эргэхгүй байх гэж хэлтэл бидэнтэй хамт явж байсан Анхбаяраас бусад бүх залуучууд ачаан дээр нь гараад суусан. 'Гэгээд өнөөх Пронтер машин миний машиныг чирсэн. Би өөрөө шаварт Жаяагийн хамт суучхаад 23 цагийн орчимд, өөрөө 00-00 ХХХ  улсын дугаартай Пронтер маркийн машинаа жолоодож, буцаад хот руу явж байтал Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Цэргийн нэгдсэн сургалтын төвийн ойролцоо байдаг рашааны хажууд 00-00 ХХХ Митцубиши Пажеро маркийн машин шаварт суучихсан. Нэг машин намайг гэрлээр дохиод байхаар нь би яваад очтол машин чирээд шавраас гараад өгөөч гэхээр нь би зөвшөөрч машиныг нь чирч өгтөл миний машин тэвш хоосон байсан болохоор хий эргээд чирч дийлэхгүй байсан. Тэгсэн тэнд байсан хүмүүсээс нэг нь энд хамт явж байгаа залуучуудыг тэвш дээр чинь гаргаад суулгачихъя гэж хэлээд 3-4 залууг гаргаж, суулгаад би машинаараа өнөөх машиныг чирч 2 удаа хүчтэйхэн угз татсан чинь машин чирч байсан олс тасарч, харваад татлагын холбогч төмөр нь миний тэвш дээр сууж байсан 2 залууг онож, гэмтээж тэнд байсан хүмүүс түргэн тусламж дуудсан. ...Би архи уусан байсан. Бага зэргийн согтолттой байсан. Би Жааяа гэх танилтайгаа 0.5 граммын “Хараа” архи хувааж уучхаад явж байсан...” гэх мэдүүлэг /1хх-55-63/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Аръянинжийн өгсөн: “...Би тухайн өдөр гарсан зам тээврийн ослын талаар сайн мэдэхгүй байна. ...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улиастайн цэргийн ангийн ойролцоо явж байтал ...Хоёр үл таних залуу гараа өргөөд өөдөөс гүйгээд ирж байсан. ...Яг хажуугаар нь зөрсөн чинь гэнэт цонх цохисон. Тэгэхээр нь зогсоод цонхоо онгойлгоод хартал өөдөөс “нөгөө хоёр залуу хүн ухаан алдаад уначихлаа түргэн тусламж дуудаад өг” гэж хэлэхээр нь би утсаа гаргаад түргэн тусламж буюу 103 дугаар руу дуудлага өгтөл “Улиастайгаас одоо гарлаа” гэж хэлэхээр нь би “тэр ухаан алдсан хүнийг өөдөөс чинь аваад явж байх уу” гэж хэлтэл тэр түргэн тусламжийн жолооч нь “наашаа дөх дөх” гэж хэлэхээр нь би ухаан алдсан хүнийг манай машинд суулгаад түргэн тусламжийн машины өөдөөс яваад эмч нарт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-74-75/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 5530 дугаартай дүгнэлтэд:

1. О.С-ын биед баруун чамархай ясны цөмөрч бяцарсан хугарал, баруун чамархайн, суурин тархины эдийн няцрал, аалзан хальсан доор цус харвалт, нүүрний баруун талын яс, /баруун хацар яс, баруун гайморын хөндийн бүх хана/, баруун нүдний ухархайн бүх хана, хамар ясны хугарал, 2 талын уушгины авчил, цээжний хөндийд хий хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаалд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /1хх-86-88/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 5531 дугаартай дүгнэлтэд:

1.2. А.Б-ий биед зүүн чамархайн ясны цөмөрсөн далд хугарал, зүүн чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Уг гэмтэл нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /1хх-93-94/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-13/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч,  гэрэл зургийн үзлэг /1хх-18-26/,

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГазрын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт, хавсралт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-99-112/,

Мөрдөгчийн 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн магадалгаа /1хх-113-116/,

Хохирлын баримтууд /1хх-143-176/,

Гэмтэл Согог судлалын Үндэсний төвөөс ирүүлсэн өвчтөн О.С-ын өвчний түүх, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-183-221/,

“Хаан” банкны дансны хуулга /1хх-227/,

Шүүгдэгч А.Ч-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-245/ зэргээр тогтоогдсон болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

         

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм. Согтуурсан үедээ гэж авто тээврийн хэрэгслийн жолооч өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болсныг хэлнэ. Мөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсныг ойлгоно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч А.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч А.Ч- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогч нарын нэхэмжилсэн баримттай хохирлын төлж барагдуулсан байна.

 

Гэвч хохирогч А.Б-, О.С- нар нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч А.Ч-ын гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

            Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг баримтаар нөхөн төлсөн, хохирогчийн буруутай үйлдэл байсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх шүүгдэгч А.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Шүүхээс шүүгдэгч А.Ч-т ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг  нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял шийтгэлийг оногдуулах зүйтэй байна.

 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

 

Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна. 

 

Шүүгдэгч А.Ч-ын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаарх маргаагүй хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх учир түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шүүгдэгчийн 412698 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгохоор тогтлоо.

           

            Шүүгдэгч А.Ч- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тэмдэглэж байна.

   

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогтой А-ийн Ч-ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч А.Ч-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ч-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шүүгдэгчийн 412698 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.

 

 5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Ч- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Хохирогч А.Б-, О.С- нар нь цаашид гарах гэм хорын зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,                                   Э.ЧИНГИС

                      ШҮҮГЧ