Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1098

 

 

 

 

  2022         07          20                                   2022/ШЦТ/1098

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг, 

Улсын яллагч Б.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Р овогтой Б-ын Э-д холбогдох эрүүгийн 2206 00000 1566 дугаартай хэргийг шүүх 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, илчит тэрэгний туслах машинч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Нийслэлийн Баянгол дүүргийн 0 дугаар хорооны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 218/ШЦТ/1027 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ-00000000/ Р овогт Б-ын Э-.

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагааны явуулдаг “Спорт” пабын гадна талд хохирогч Г.Э-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг нүүрэн тус газарт гараараа цохиж, хавирч унагаан нүүр рүү нь өшиглөсний улмаас биед нь зүүн нүдний ухархайн дээд хана, духны хажуу хэсгийг дайрсан хугарал, баруун эрүүний сэртэнгийн зөрүүтэй хугарал, зүүн духны хажуугийн хатуу хальсан дээрх цусан хураа, бага тархины эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, салстын цус харвалт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

    Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Э-ийн өгсөн мэдүүлэг /хх-8/, гэрч Б.Галсандоржийн мэдүүлэг /хх-15/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 5336 дугаартай дүгнэлт /хх-18-19/ шүүгдэгч Б.Э-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-68-69/, шүүгдэгч Б.Э-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/, хохирогч Г.Э-ийн өвчний түүх /хх-87-108/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагааны явуулдаг “Спорт” пабын гадна талд хохирогч Г.Э-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг нүүрэн тус газарт гараараа цохиж, хавирч унагаан нүүр рүү нь өшиглөсний улмаас биед нь зүүн нүдний ухархайн дээд хана, духны хажуу хэсгийг дайрсан хугарал, баруун эрүүний сэртэнгийн зөрүүтэй хугарал, зүүн духны хажуугийн хатуу хальсан дээрх цусан хураа, бага тархины эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, салстын цус харвалт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Э-ийн өгсөн “...2022 оны 3 сарын 31-ний өдөр 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Бөхийн өргөөний тэнд байх Спорт пабад очсон. Манай найзууд болох Галсандорж, Бат-Эрдэнэ, Э-, Дөлгөөн, Билгүүн нар очсон байсан. Тэгээд 20-30 минут сууж байгаад гарсан. Тэгээд хүнд зодуулсан... Б.Э- учруулсан гэж бодож байна. Өнгөрсөн жил Б.Э-тай танилцаж байсан... миний толгой өвдөөд, зүүн талын нүд хөхөрч хавдсан, шүднүүд өвдөж байна.” гэх мэдүүлэг /хх-8/,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Галсандоржийн өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 23 цагийн үед 13 дугаар хорооллын “Спорт” нэртэй пабад найзууд болох Б.Э-, Мөнхөө, Батхүү, Билгүүн, Дөлгөөн, Галмандах, Бат-Эрдэнэ, миний найз охин Ган-Уяа нарын хамт уулзаад пиво ууцгаасан. Хүн нэг бүрийн 4 шил пиво уусан. Тухайн үед Мөнхөө /Г.Э-/, Б.Э- нар нь хүүхдийн талаар яриад муудалцаад байсан. Тэр үед тооцоогоо хийчих гэхээр нь би очиж тооцоог нь хийчхээд иртэл бүгд босчихсон, Б.Э-, Г.Э- нар нь муудалцаад байж байсан. Б.Э- Г.Э-ийг гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон, ингэж байтал уг газрын эзэн нь ирээд гадаа гарч учраа ол гээд гаргасан. Тэгээд гадаа гараад би Б.Э-г хорьсон, “Тэр хоёр амаараа учраа олчихъё” гэхээр нь хорихоо болиод орхисон. Б.Э-, Г.Э- дээр очиход Г.Э- зөрүүлээд цохисон. Тэгээд Г.Э- хавирч унагаагаад нүүр рүү өшиглөсөн. Бид нар буцаж очоод салгасан. Г.Э- газарт унаад босохгүй байсан. Г.Э-ийн хөмсөг задарсан бололтой цус гоожсон, хамраас нь мөн цус гарсан байсан. Бат-Эрдэнийн найз охин авч явахаар ирсэн байсан тул Баагий “Мөнхөөгийн хөмсөг задарсан байна, гэмтэл ороод оёулчихъя” гэж хэлсэн. Батхүү Бат-Эрдэнэ, Б.Э-, Батхүү нар Г.Э-ийг аваад ГССҮТ рүү явсан.” гэх мэдүүлэг /хх-15/,

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 5336 дугаартай дүгнэлтэд:

         1.Г.Э-ийн биед зүүн нүдний ухархайн дээд хана, духны хажуу хэсгийг дайрсан хугарал, баруун эрүүний сэртэнгийн зөрүүтэй хугарал, зүүн духны хажуугийн хатуу хальсан дээрх цусан хураа, бага тархины эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

         2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

         3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

         4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-18-19/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Э-гийн яллагдагчаар өгсөн: “...Би Г.Э-ийг гараас нь татаад урдуураа унагасан, тэгээд нүүр хэсэг рүү нь баруун хөлөөрөө өшиглөсөн, хорьж байсан залуучууд шууд намайг түлхээд би Г.Э-өөс салсан. Найзууд маань бид хоёрыг хоёр тийш нь авч явсан... Нэг нь ирээд “Эмнэлэг явъя, Мөнхөөгийн хамраас цус гараад байна, эсвэл хөмсөг нь сэтэрсэн байх” гэх утгатай зүйл ярьсан Сандраад гүйгээд очтол Мөнхөөг машинд оруулсан байсан. Г.Э- пиджакаа нөмөрсөн хэвтэж байсан, нүүрийг нь харахад зүүн нүдний орчмоос цус гарч, нүүр нь цус болсон байсан... Би зодсоноо хүлээн зөвшөөрч байгаа тул маргая гэж бодоогүй юм... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж найзынхаа биеийг эрүүл болтол нь чадах бүхнээ хийнэ.” гэх мэдүүлэг /хх-68-69/

 

          Хохирогч Г.Э-ийн өвчний түүх /хх-87-108/,

          Шүүгдэгч Б.Э-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч  Б.Э-гийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагааны явуулдаг Спорт пабын гадна талд хохирогч Г.Э-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг нүүрэн тус газарт гараараа цохиж, хавирч унагаан нүүр лүү нь өшиглөсний улмаас биед нь зүүн нүдний ухархайн дээд хана, духны хажуу хэсгийг дайрсан хугарал, баруун эрүүний сэртэнгийн зөрүүтэй хугарал, зүүн духны хажуугийн хатуу хальсан дээрх цусан хураа, бага тархины эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, салстын цус харвалт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эхүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэдэгт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Э- нь хохирогч Г.Э-өд баримтаар нэхэмжилсэн 851.100 төгрөг дээр 2.753.900 төгрөг, нийт 3.605.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул Б.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн хохирогч Г.Э- нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Б.Э-гийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

   Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

           Шүүгдэгч Б.Э- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Р овогт Б-ын Э- хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-г 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Э- нь шүүхээс оногдуулсан 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           

           5.. Энэ хэрэгт баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Э- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Хохирогч Г.Э- нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС