Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2019/ДШМ/774

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Даваасүрэн,

шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан давж заалдах гомдлоор Г.Хд холбогдох эрүүгийн 1809040161195 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Г-ын Х, 1991 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 9 дүгээр гудамжны 382 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 23Б байрны 31 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УП91011170/;

            Г.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Сын эрх чөлөөнд халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хээс 469.790 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Сад олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/407 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүх хохирогчоос хуульд заасан үндэслэл журмын дагуу 3 удаа мэдүүлэг авсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...Би машины жолооны хүрд дээр суух боломжтой байсан. Маргалдсан шалтгаан нь Х-ийн машин урд таглаад зогсчихсон. Гаръя гэхэд хөдлөхгүй, машиныхаа цонхоор хараад суугаад байсан. Х машинаа хөдөлгөөд явахаар нь араас хөдлөхөд зогсоод цохисон. ...Яг жолоо барьж явсан залуу. ...” гэх мэтээр зөвхөн хохирогчийн мэдүүлгийг иш татаж хэт нэг талыг барьж, өрөөсгөл дүгнэлт хийжээ.

Өмгөөлөгчийн зүгээс хохирогчид гэмтэл учруулсан хүн нь шүүгдэгч Г.Х биш гэж маргадаг. Мөн хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Г.Хийн жолоодож явсан автомашинаар үйлчлүүлсэн 4 хүн хохирогч болон хохирогчтой хамт явсан хүмүүстэй маргалдаж зодолдох зэргээр нийгмийн хэв журмыг зөрчсөн үйлдлүүд гаргаж байсан болох нь тодорхой байдаг. Гэтэл шүүхээс энэ нөхцөл байдлыг анхаарч үзэхгүйгээр барахгүй "...Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцсан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ. ..." гэж дүгнэсэн нь бодит байдалд төдийгүй амьдрал нийцэхгүй хэт өнгөц дүгнэлт болсон.

Г.Х нь мөрдөн байцаалтын үеэс өөрийгөө хохирогчид гэмтэл учруулаагүй, өөрийнх нь таксинд суусан залуучууд нэг хэсэг залуучуудтай маргалдаж зодолдоод байсан гэж мэдүүлдэг ба энэ нь бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Товчхондоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх бүхий субъектүүдээс дээрх хохирогч Н.С-д учруулсан гэм буруутай хүнийг олж тогтоохоос зайлсхийж хариуцлагагүй хандаж байгаа нь хавтас хэрэгт авагдсан хохирогчийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “...4-5 эрэгтэй хүн байсан, үүрийн 4 цагийн үед байсан болохоор царай зүс, хувцсыг нь анзаараагүй. ..." гэх мэдүүлэг /хх 7/,

мөн хохирогчийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр буюу Г.Хийг Өмнөговь аймагт ажлаар явж байх үед өгсөн "....Сая энд таарахад тэр залуу мөн байна, цохичихоод шууд машиндаа суугаагүй, Тэмүүжинтэй маргалдаж байгаад явсан, намайг цохисон залуу жолоочийн хаалганаас бууж ирсэн гэж Тэмүүжин хэлж байсан. ..." гэх зөрүүтэй мэдүүлгүүдээс тодорхой харагддаг. Жич, шүүгдэгч Г.Х 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймагт уурхайд ажиллаж байсан нь мөрдөгчийн тэмдэглэл /хх 17/,  шүүх хуралдаанд гаргаж өгсөн Г.Хийн ажиллаж байсан тухай ажил олгогчийн тодорхойлолт, шүүх хуралдаанд оролцсон гэрч Ч.Нарантуяагийн мэдүүлэг зэргээс харагдана.

Хэрэгт авагдсан баримтуудаар дээрх нөхцөл байдлууд харагдаж байхад шүүхээс Г.Хийг гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Х “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.

Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хохирогч Н.С нь Г.Хд зодуулсан талаараа анхнаасаа мэдүүлдэг ба гэрч Э.Тэмүүжин энэ талаар мөн мэдүүлдэг. Тухайн цаг хугацаанд Г.Х хэрэг учрал болсон газар байсныг 22-82 УБТ улсын дугаартай найзынх нь машинаар тогтоосон. Тухайн цаг хугацаанд хохирогчийн биед гэмтэл учирсан нь Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолд заасан шүүгдэгч Г.Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй хэргийг шийдвэрлэжээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал”, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт” гэх заалтад заасан нотолбол зохих байдлыг тогтоох ажиллагаа бүрэн хийгдээгүй байна.

            Хавтас хэрэгт авагдсан мөрдөгчийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Г.Х нь Өмнөговь аймагт ажиллахаар явсан, 1 сарын дараа ирнэ” гэх тэмдэглэл /хх 17/, хохирогч Н.Сын 2018 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн мэдүүлэг “...170-177 см орчим өндөртэй бор царайтай, махлагдуу биетэй, 25-30 орчим насны эрэгтэй байсан. Сая энд таарахад тэр залуу мөн байна лээ. Нүүрийг нь хараад би шууд таньсан. Яг өөдөөс гүйж ирсэн болохоор би царайг нь сайн санаж байна.” /хх 8/ гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Г.Хийг тухайн цаг хугацаанд хаана байсан талаар тодруулаагүй гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

            Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан ба шүүгдэгч Г.Хийг 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Сыг хэрхэн зодсон, шүүгдэгчийн гаднах төрх, шинж байдлын талаар мэдүүлсэн гэрч Э.Тэмүүжингийн мэдүүлгийг үнэн эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хүнийг ... гэрч, хохирогч, яллагдагчаар таньж олуулж болно” гэж заасны дагуу мөрдөн байцаалтын шатанд таньж олуулах ажиллагаа хийгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчжээ.

            Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн хууль зүйн дүгнэлтээ шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт хэт товч байдлаар дүгнэснийг цаашид анхаарвал зохино.

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Хд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

            2. Хэргийг прокурорт очтол Г.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                                        Д.ОЮУНЧУЛУУН

                                    ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ