Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 72

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Батцэнгэл, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Д.Эрболд, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, хохирогч Э.Гочоосүрэн нарыг оролцуулан Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч Мянгад овогт Дариймаагийн  Эрболдод холбогдох эрүүгийн 201621000201 дугаартай, 153/2016/0076/Э/ индекстэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 21-ний өдөр  Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй,  ард урианхай,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй,  ам бүл 5, ээж, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 15-01 тоотод   оршин суух, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргйин анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 27-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар 01 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, ЙП:91032113 дугаарын регистртэй Мянгад овогт Дариймаагийн Эрболд.

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Эрболд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Стадионы ар талын Буянт бага голын хажууд 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хохирогч  Э.Гочоосүрэнгийн эзэмшлийн 76-77 ХОҮ  улсын дугаартай “Аванте” ХД маркын хар өнгийн автомашины арын салхины шилийг чулуугаар цохиж санаатайгаар гэмтээж  хохирогчид  450000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ хх- 9-10  дугаар хуудас/

      Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ хх-ийн  14-15 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 16-18 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт/ хх-ийн 21-22 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Гочоосүрэнгийн  өгсөн".... 2016 оны 07 сарын 22-ны өдөр 11 цагийн үед гэртээ байж байтал манай найз Ганзориг чи манай гэрт хүрээд ирээч гэхээр нь би яваад очсон. Намайг очиж байхад дахин надруу залгаад гол дээр миний нэг таньдаг эмэгтэй найзтайгаа хамт байна гэнэ. Хоёулаа хамт очоод аваад ирье гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр очиж авахад тэр 2 эмэгтэй 2 залуутай хамт архи уугаад сууж байсан. Ганзориг тэр хоёр эмэгтэйг дуудаад машинд суулгаад хөдлөх гэхэд хамт архи ууж байсан 2 залуу нь ирээд та 2 наад эмэгтэйгээ яагаад авч явж байгаа юм бэ? гээд бид хоёртой маргалдах гээд байхаар нь би машинаа асаагаад найз Ганзоригийн гэрт ирсэн. Бид дөрөв 2.5 литрийн пиво хувааж уусан. Би тэр пивоноос уулгүй амсаж өгөөд сууж байтал надаас зургаа авах гэсэн хүн залгаад зургаа авах гэсэн юм гээд байхаар нь би ажил дээрээ очиж зургийг нь өгчихөөд буцаад очиход манай найз Ганзориг би төв ороод хоол аваад ирье гээд миний машинтай явсаны ард нөгөө 2 эмэгтэй хүлээж байгаад бид 2 харилаа гээд яваад өгсөн. Удалгүй найз Ганзориг ирээд бид 2 хоорондоо жаахан юм ярьж байгаад би харихаар гэрээс нь гараад автомашины хажууд очтол Ганзориг бид 2-ын очиж авсан 2 эмэгтэйтэй хамт сууж байсан. Нэг залуу нь миний автомашин руу чулууу шидээд арын салхины шилийг хагалчихаар нь би тэр залууг очиж бариад чи яагаад машины шил хагалж байгаа юм бэ? гэж асуухад та нарыг ална гээд орилоод байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч мэдэгдсэн… Хамт архи ууж байсан эмэгтэйг нь аваад явчихсан болохоор  уурлаж миний тээврийн хэрэгслийн арын салхины шилийг хагалсан байхаа. Бусдаар би тэр залууг танихгүй бид 2-ын дунд ямар нэгэн өс хонзон болон өр авлагын асуудал байхгүй… Эрболдыг урьд өмнө нь харж байгаагүй, танихгүй… 76-77 ХОҮ улсын дугаартай “Аванте” ХD маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийнх.. Миний тээврийн хэрэгслийн арын салхины шил бүрэн бүтэн байсан. Ямар нэгэн хагарсан цуурсан гэмтэл байгаагүй … Машины шилээ төлүүлээд авчих юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй … гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Н.Ганзоригийн өгсөн...2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байжбайтал өглөө надруу танил эмэгтэй над руу утсаар залгаад Солонгоо бид хоёр Стадионы доод талд голын эрэг дээр байж байна ирээд аваач гэхээр иь би зөвшөөрч өөрийн найз Э.Гочоосүрэнг машинтайгаа хүрээд ирээч гэтэл манай найз Гочоосүрэн хүрээд ирсэн юм. Тэгээд Гочоосүрэн бид хоёр тэр хоёр дээр очсон чинь Солонгоо тэр хоёр нэг танихгүй залуутай хамт архи уусан байдалтай байсан. Би тэр хоёр эмэгтэйг нь машин руу суулгаад аваад явах гэсэн чинь нөгөө хамт архи уусан эрэгтэй нь явуулахгүй гээд байхаар нь би тэр эрэгтэйд чамд хамаагүй гэж хэлээд би тэр хоёр эмэгтэйг Гочоосүрэнгийн машинд суулгаад аваад явсан ба би тэр хоёрыг гэртээ аваачсан юм... Тэгээд удалгүй Гочоосүрэн харихаар гэрээс гарснаас хойш удалгүй шил хагарах чимээ гарахаар нь би гэрээс гараад харсан чинь Солонгоотой голын эрэг дээр хамт архи уусан залуу байсан.  Тэгсэн чинь энэ хүн миний машины араас чулуу шидээд арын цонх хагалчихлаа гэж хэлж байсан" Би тэр хүмүүсийг танихгүй ….гэх мэдүүлэг  /хх-ийн 27-28, 30 дугаар  хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч С.Содбилэгийн өгсөн "...2016 оны 07 сарын 22-ны  өдөр сэжигтэн Д.Эрболдтой өглөө 06 цагт манай гэрт ирээд цай уугаад бид 2 гараад төв гигант дэлгүүрээс 0.5 литрийн Ерөөл нэртэй 1 шил архи, 2 литрийн Боргио нэртэй 3 сав пиво аваад гол дээр очиж уух гээд дэлгүүрээс гартал нэг  танихгүй согтуу эмэгтэй явж байхаар нь би мэндлээд сайн муу болоод хамт явж гол гарч архи уухуу гэж асуухад за  тэгье гээд талын хашаанаас манай найзыг нэг айлаас очоод аваад явъя гэхээр нь Вансэмбэрүү эмийн сангийн урд талаас такси аваад  бид 3 тоглоомтой гудмаар дээш яваад 4 замын уулзварын ойролцоо явж байтал замынхаа урд талд доош эргээд нэг эмэгтэй ганцаараа явж байхаар нь дуудаж уулзаад бид 4 хойш эргэн хуучин нисэх буудлын уулзвараар хойшоо стадионы доод талд байдаг торны өнцгөөр доош эргээд гол дагаж 200 метр зайд явж очиж зогсоод голын захад сууж байгаад авсан архиа ууж дуусаад бид нар явах гэж байтал хар өнгийн тээврийн хэрэгсэл ирээд Чимэдэаяэ, Мөнхцэцэг хоёрыг аваад явах гэхэд Д.Эрболд бид хоёр араас нь очоод Эрболд явуулахгүй та хоёр хэн юм бэ? гэхэд ах нь байна гэж хэлээд суулгаад аваад явчихсан. Тэгээд Д.Эрболд дээш эргээд явсан би харихаар торны доод талаар урагшаа харьчихсан гэх мэдүүлэг  " /хх-ийн 31-32 дугаар хуудас/

Гэрч Х.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн …2016 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 11 цагийн үед гэртээ цайгаа уугаад сууж байтал стадионы доод талаас согтуу хүний орилох дуу гарахаар нь би гэрээс гараад хартал нэг согтуу хун ирж байсан. Тэгээд манай доод талын айлаас нэг залуу гарч ирээд утсаар яриад зогсож байтал согтуу залуу чулуу аваад утсаар ярьж байсан залуу руу чулуу шидэхэд шидсэн чулуунаас иь бултаад байсан. Тэгтэл тэр залуу чи яагаад хамт явсан эмэгтэйг авч явж байгаа юм бэ? гээд дахиад нэг чулуу аваад шидэхэд голын захад зогсож байсан хар өнгийн 76-77 ХОҮ улсын дүгаартай тээврийн хэрэгслийн арын салхины шилийг хагалахад чи яаж байгаа юм бэ? гээд утсаар ярьж байсан залуу согтуу залууг барьж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр хооронд тэр 2 хоорондоо зодолдож маргалдаагүй. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд согтуу залууг аваад явчихсан…." гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар  хуудас/

2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Жаргалант сумын үнэлгээний комиссийн үнэлгээний баримт, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 41, 43 дугаар хуудас/

  Мөрдөн байцаалтад  Д.Эрболдын  сэжигтэн, яллагдагчаар өгсөн…”2016 оны 07 сарын 22-ны  өглөө 06 цагийн үед найз Содбилэг бид 2 гэрээс нь гарч төв ороод төв гигант дэлгүүрээс 0.5 литрийн Ерөл нэртэй 1 шил архи, 2 литрийн Боргио пиво пиво 3 ширхэгийг аваад явах гэтэл согтуу эмэгтэй дэлгүүрийн хажуугаар явж байхаар нь манай найз бид 2  мэндлээд сайн муу болоод хамт явж гол гарч архи уухуу гэж асуухад за  тэгье гээд  бид 3 хамт явсан. Тэр эмэгтэй талын хашаанаас манай найзыг нэг айлаас очоод аваад явъя гэхээр нь Вансэмбэрүү эмийн сангийн урд талаас такси аваад  бид 3 тоглоомтой гудмаар дээш яваад 4 замын уулзварын ойролцоо явж байтал замынхаа урд талд доош эргээд нэг эмэгтэй ганцаараа явж байхаар  нь манай найз байна гээд тэр эмэгтэйг дуудаж уулзаад хамт архи уухаар болоод бид 4 хойш эргэн хуучин нисэх буудлын уулзвараар хойшоо стадионы доод талд байдаг торны өнцгөөр доош эргээд гол дагаж 200 метр  зайд явж очиж зогсоод голын захад сууж байгаад авсан архиа ууж дуусаад Содбилэг харихаар тор даваад урагшаа гэрлүүгээ ганцаараа явчихаар нь бид 3 бас харихаар дээш эргээд миний урд талд хамт архи уусан 2 эмэгтэй 50-100 метрийн зайтай явж байтал хар өнгийн “Аванте” маркийн 76-77 ХОҮ улсын дүгаартай тээврийн хэрэгсэл ирж зогсоод надтай хамт явж байсан 2 охиныг суулгахаар нь  би очоод та 2 наад охиноороо яах гэж байгаа юм бэ? гэж асуухад чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлээд хажууд нь сууж явсан залуу намайг түлхээд байж байх хооронд автомашин хөдлөөд явчихсан. Нөгөө залуу  араас нь гүйгээд явчихаар нь би араас нь яваад очтол тухайн тээврийн хэрэгсэл нь стадионы ар талын бага голын захад зогсчихсон хажууд нь жолооч нь зогсож байхаар нь би нэг чулуу аваад шидэхэд автомашины арын салхины шилийг хагалчихсан. Тэр үед автомашины жолооч чи яаж байгаа юм бэ? машины шил хагалчихлаа гээд намайг барьж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр хугацаанд надтай маргалдаж намайг цохиж зодсон асуудал гараагүй. .. Надтай хамт явсан 2 эмэгтэй байхгүй байсан. Би жолоочоос яагаад тэр 2 эмэгтэйг авч явсан юм бэ? гэж асуухад манай дүү нар байсан. Би гэр лүү нь хүргэж өгсөн гэж хэлсэн…. Би тэр 2 эмэгтэйг харж байгаагүй. Одоо харах юм бол танихгүй. Хаана юу хийдэг талаар сайн мэдэхгүй … Бид 3 талын хашааны тоглоомтой гудмаар дээш эргээд дөрвөн замын уулзварын ойролцоо явж байтал замынхаа урд талд явж байсан Тэгээд дуудаж уулзаад дагуулаад явсан….Жолооч тээврийн хэрэгсэлийн хажууд зогсож байсан. Намайг автомашины шилийг нь чулуугаар шидэж хагалахад яаж байгаа юм бэ? гээд барьж аваад цагдаад мэдэгдсэн…Надтай хамт явж байсан 2 эмэгтэйг аваад явчихаар нь уур хүрээд хагалчихсан… Би машины эзнийг танихгүй урд өмнө харж байгаагүй. Бид 2-ын дунд ямар нэг өс хонзонгийн асуудал байхгүй… Би урд сэжигтэнээр тооцогдож байцаалт өгсөн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан бүх зүйл үнэн гэх мэдүүлэг ” /хх-ийн 50-53 дугаар  хуудас/

-Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн  засаг даргын тодорхойлолт, 2016 оны 08 сарын 24-ний өдрийн 606 тоот  төрийн банкны  салбарын захирлын пй:91032113 регистрийн дугаартай харилцагч байхгүй гэсэн тодорхойлолт, Капитал банкны  тодорхойлолт, Ховд аймгийн улсын бүртгэл, статистикийн газрын тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, Голомт банкны тодорхойлолт, ХААН банкны тодорхойлолт, Хас банкны тодорхойлолт/ хх-ийн 58-64 дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эрболд мэдүүлэхдээ: Гол дээр 2 охины хамт архи ууж байтал 2 залуу ирэээд тар 2 охиноо аваад явсан. Тэгээд стадионы хойд талд зогсож байхаар нь чулуу аваад шидсэн. Би тэр үед тасарсан байсан. Хамт явж байсан 2 охиныг аваад явахаар нь уурлаад машины шилийг хагалсан. Намар хадланд гарч өвс хадсан. Одоо өвс зарагдахааар хохирлоо төлж барагдуулна  . Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэм буруугаа ойлгон гэмшиж байна, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү?  ... гэх мэдүүлэг

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 4-24-11 тоотод оршин суух / Тавин овогт Энхбалсангийн Гочоосүрэн  мэдүүлэхдээ:  Найз Ганзориг утасдсан. Тэгээд манай 2 дүүг аваад ирье гээд явсан. 2 залуутай 2 охин сууж байсныг 2 охиныг авчирсан. Тэгээд байж байтал энэ залуу араас ирж 2 удаа чулуу шидсэн. 1 нь оноогүй дараагийнх нь оносон. Тэгээд цагдаа дуудаж өгсөн. Хохирол барагдуулаагүй. Өөрөө 600000 төгрөгөөр шилээ хийсэн. Одоо 450000 төгрөг төлбөл гомдолгүй байна ... гэх мэдүүлэг зэрэг  болно. 

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг зэргийг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэжүзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Д.Эрболд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Стадионы ар талын Буянт бага голын хажууд 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хохирогч  Э.Гочоосүрэнгийн эзэмшлийн 76-77 ХОҮ  улсын дугаартай “Аванте” ХД маркын хар өнгийн автомашины арын салхины шилийг чулуугаар цохиж санаатайгаар гэмтээж  хохирогчид  450000 төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч нарын өгсөн мэдүүлэг,  мөрдөн байцаалтад гэрч Х.Энхтөр, С.Содбилэг, Н.Ганзориг нарын өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Эрболдыг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар  ял  оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Эрболд  нь ... Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэм буруугаа ойлгон гэмшиж байна ... гэх мэдүүлэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д заасан  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн,  ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны хуудас /хх-ийн 55-р хуудас/, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор /хх-ийн 66 дугаар хуудас/ тогтоогдож байгаа тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Д.Эрболд нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлөөгүй байх тул түүний эзэмшлийн Коgkz маркын 32 инчийн хар өнгийн 80000 төгрөгний үнэ бүхий зурагт битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “-ыг  хэвээр үлдээж Эрүүгийн 201621000201 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдан ирсэн 20х13 хэмжээтэй цэнхэр судалтай чулуу -1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй ба шүүгдэгч Д.Эрболдоос 450000 төгрөг гаргуулж хохирогч Э.Гочоосүрэнд олгуулах нь зүйтэй байна.

              Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

                                      ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Мянгад овогт Дариймаагийн Эрболд.бусдын эд хөрөнгийг санаатайгаар  устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч Мянгад овогт Дариймаагийн Эрболдыг 1 / нэг / жил 1/ нэг / сарын  хугацаагаар хорих ялаар    шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Мянгад овогт Дариймаагийн Эрболдод ононгдуулсан 1/ нэг/  жил 1/нэг/ сарын  хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эрүүгийн 201621000201 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20х13 хэмжээтэй цэнхэр судалтай чулууг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус  дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Мянгад овогт Дариймаагийн Эрболдын эзэмшлийн Коgkz маркын 32 инчийн хар өнгийн 80000 төгрөгний үнэ бүхий зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “-ыг  хохирол төлөгдтөл хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаарзүйлийн 497.1, 510 дугаарзүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Эрболдоос 450000  төгрөг гаргуулан хохирогч Э.Гочоосүрэнд олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 70 дугаар зүйлийн 70.1-д  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээрзүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар түүнийг гардуулснаас  хойш 14 хоногийн дотор ялтан , хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар нь Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНТӨГС