Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2021/0342

 

 

 

 

 

28/ШШ2021/0342 2021-05-19

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: СБДПГ-ын  хяналтын прокурор Н.Д

Хариуцагч: СБДТХ-ийн  ТУБ Д.Б, Б.Ц нар

Прокурорын дүгнэлт: ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, дүгнэлт гаргагч прокурор Н.Д, хариуцагч Б.Ц, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дүгнэлт гаргагч прокурор Н.Д шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ: ...Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Н.Д би, тус дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Ц нар нь Н ХХК-аас удаа дараа дуудаад ирээгүй, хяналт шалгалтын ажлын явцыг удаашруулах асуудал гаргаж, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх *** бүртгэлийн дугаартай зөрчлийн гомдлыг шалгаж 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй гэж *** дугаартай шийтгэлийн хуудсаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр Т.Уыг торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрх бүхий албан тушаалтан Д.Б, Б.Ц нар нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар холбогдогчоор мэдүүлэг авах тэмдэглэлийг Н ХХК-ийн захирал Т.Уын цахим шуудангийн хаягаар илгээж, үүрэн холбооны утасны шуудангаар харилцсан баримтын хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, 2021 оны 03 дугаар 11-ний өдрийн мэдэгдэл, Т.Уын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хорооны тодорхойлолт зэргийг тус тус хавсаргаж, Т.Уыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол үйлдэж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэж, шийтгэлийн хуудас бичиж шалган шийдвэрлэсэн байна.

Эрх бүхий албан тушаалтан нарын шалгасан хялбаршуулсан материалын нотлох баримтын хүрээнд холбогдогч Т.У нь Н ХХК-ийн захирал, хууль ёсны төлөөлөгч болох баримт байхгүй, уг тогтоолд Н ХХК-ийн захирлаар тогтоосугай гэж Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоолын эрх зүйн хэлбэрийн агуулгаас өөр хэлбэрээр тогтоох хэсэгт бичигдсэн, албан мэдэгдэлд зөрчлийн холбогдох хуулийн заалт тодорхойгүй мэдэгдэл бүрийг хүргүүлсэн эсэх мэдэгдэл хоорондын хугацаанд ямар ажиллагаа явуулсан холбогдогчийг хаана байгааг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах ажиллагааг явуулах шаардлагатай байсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд хуульчилсан Холбогдогчийн эрх үүргээс 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 "ямар эөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх", 2.7 "өөрийн эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, 2.8 "нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх", зөрчлийн хэрэгтэй танилцах" гэсэн заалтууд, мөн хуулийн 4.8 дугаар зүйлд заасан 1.Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна, 2.Мэдүүлгийг тухайн хүнийг эрх бүхий байгууллагад ирүүлэн, эсхүл тухайн хүний байгаа газарт авч болно

5. Тухайн хүн хүсвэл мэдүүлгийг бичгээр авч болно.

6. Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг асуулт асууж, хариулт авах хэлбэрээр явуулна.

11. Мэдүүлэг авч дуусмагц тэмдэглэлийг мэдүүлэг өгч байгаа хүнд танилцуулж, нэмэлт оруулах, засвар хийх боломж олгоно.

12.Мэдүүлэг өгөхөөс татгалзсан бол энэ тухай тэмдэглэлд тусгана.

14.Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлж, мэдүүлэг өгсөн хүн гарын үсэг зурж баталгаажуулна.

15. Мэдүүлэг өгч байгаа хүнд мэдэгдэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж болно гэсэн мэдүүлэг авахтай холбоотой доорх заалтууд зөрчигдөж байна. Үүнд:

Мөн гар утасны шуудангаар харилцсан хэсэгт хуулийн заалт эрх үүрэг танилцуулсан байдал бичигдээгүй, холбогдогчид цахим шуудангаар мэдүүлэг авсан тэмдэглэл явуулахдаа тайлбар хэсэгт Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхийн дагуу доорхи мэдүүлэгтэй танилцана уу гэсэн өгүүлбэрээр тайлбарласан бөгөөд "холбогдогч гэсэн нэр томьёоны оролцогч болж шалгагдаж, улмаар зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхтэй эсэхийг огт танилцуулаагүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол; 1.2.зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол; 1.3.зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол хялбаршуулсан журмаар шалгаж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг "Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна" гэсэн заалт зөрчигдсөн.

Энэ нотлох баримт, хуулийн шаардлагыг зөрчиж шийтгэл оногдуулсан үйлдэл нь 6.6 дугаар зүйлийн 3-д заасан. Холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно гэснийг зөрчиж байгаа хэлбэр болно. Тухайлбал: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийн үйлдэл тодорхой бус , холбогдогч үл маргаж, зөрчлийн үйлдлээ зөвшөөрсөн талаар баримтгүй байхад хялбаршуулсан журмаар асуудлыг шийдвэрлэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Энэ нь цаашлаад холбогдогчийн эрх, үүргийг буюу ямар зөрчилд холбогдсоныг мэдэгдсэн талаар баримт баримтгүй, шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн заалтыг 11.19-4.2 гэж буруу бичсэн гэсэн дээрх зөрчлүүд байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т Татвар төлөгч хүн, хуулийн этгээд:

4.2. татварын албанаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэсэн үйлдлийг хуульчилсан ба эрх бүхий албан тушаалтан нь энэ зүйл заалтын шинж болох хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг шалгаж тогтоогоогүй байна.

Эрх бүхий албан тушаалтны шалгаж бүрдүүлсэн материалаар Н ХХК, Т.Уын гаргасан зөрчилд хялбаршуулсан шийтгэл оногдуулах үндэслэлгүй, нотлох баримтыг бүрдүүлж зөрчлийн хэрэг нээх зэрэг хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрх бүхий албан тушаалтны шийдвэр болох *** дугаартай шийтгэлийн хуудаст Зөрчлийн хуулийн зүйл хэсгийг буруу бичиж, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, нотлох баримт үндэслэлгүй шийдвэр гаргасныг зөвтгөх шаардлагатай байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг /шийдвэрийг/ хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Сүхбаатар дүүрэгт бүртгэлтэй татвар төлөгч "Н" ХХК-ийн 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу 2020 оны 05 сарын 13-ны өдрийн *** тоот томилолтоор бүрэн шалгалтыг 2020 оны 05 сарын 13-ны өдрөөс 2021 оны 03-р сарын 16 -ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэж, шалгалтын явцад удаа дараа дуудаад ирэхгүй байх нь хяналт шалгалтын ажлын явцыг удаашруулах хүндрэлтэй асуудлууд гарсантай холбогдуулан, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил илэрснийг тэмдэглэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан талаар тэмдэглэл үйлдсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тус компани нь нислэгийн тийз борлуулах зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Захирал Т овогтой У /Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ***-р хороо, Баянмонгол хороолол Кристал таун ****-р байр *** тоот хаягт оршин суух ***** тоот регистрийн дугаартай, ***** харилцах утастай/-ийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан оролцогчийн эрх,үүргийн дагуу оролцуулахаар тэмдэглэл хөтөлсөн.

Татварын улсын байцаагч Д. Б, Б.Ц бид хялбаршуулсан материалын нотлох баримтын хүрээнд холбогдогч Т. У нь Н ХХК-ийн захирал, хууль ёсны төлөөлөгч болох улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 2015 оны 08 дугаар сарын 26 ны өдрийн, иргэний үнэмлэхийн хуулбар, эрх бүхий албан тушаалтны тогтоол хэсэгт оруулж өгсөн байна. Мөн мэдэгдэл хүргүүлсэн эсэхэд шуудангаас хүлээн авсан гарын үсэгтэй материалууд,мэдэгдэл хоорондын хугацаанд удаа дараа бичсэн цахим мессежүүд, утсаа аваагүй зэрэг ажиллагаа явуулсан баримтуудыг цуглуулсан.

Холбогдогчийн БЗД-ын 26-р хорооны Засаг даргын 2021 оны 01-дүгээр сарын 18-ны тодорхойлолтод бүртгэлтэй оршин суугаа хаяг дээр байгаа нөхцөлд хаяг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах шаардлагагүй юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд тайлбар гаргах нь:

Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэйлээр харьцаж байсан мэйл рүү нь холбогдогчоос авах мэдүүлгийг явуулсан энэ талаар тухайн үед дүүргийн прокуророос зөвлөгөө авсан болно.

1.2.Тухайн хүний хаягаар мэдүүлгийг шуудангаар явуулсан.

5.Тус компанийн захирал Т.У 2021 оны 03-р сарын 11-ээс хойш мэдэгдэх хуудас шуудангаар явуулаад ирээгүй учир бичгээр авах боломж байхгүй байсан.

6. Асуулт асууж, хариулт авах боломжгүй /ирээгүй, утсаа аваагүй тул утсаар **** мессеж бичсэн тул хариу ирээгүй болно.

12. Мэйлээр болон шуудангаар явуулсан.

14. Улсын онцгой комисс болон Засгийн газрын тогтоолын дагуу цар тахлын үед хөл хорио зөрчиж гарын үсэг авч баталгаажуулах боломжгүй байсан тул цахимаар ажлаа явуулж байсан.

15. 2021 оны 03-дугаар сарын 15, 26-ны өдрүүдэд цахим шуудангаар явуулахдаа Холбогдогчоос авсан мэдүүлэг гарчигтайгаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8-р зүйл, 3.1-р зүйлийг тодотгож бичсэн байна. Мэйл дээрээ ....танилцана уу гэж бичсэн.

Зөрчил үйлдэж байгаа нь тогтоогдож байгаа боловч цар тахлын үед Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3-дугаар зүйлийн 11 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтны шаардлагаар үзлэг хийлгэхээс татгалзсан, эсэргүүцэл үзүүлсэн бол үзлэгийг албадан гүйцэтгэнэ гэж дагуу албадлагын арга хэмжээ авах нь үндэслэлгүй юм.

-      Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6-дугаар зүйлийн 3-д зааснаар ...............албадахыг хориглоно гэж заасныг зөрчөөгүй хэлбэр нь зөрчлийн үйлдэл нь тодорхой, ирэхгүй, хөл хорио тогтоосон боловч төрийн ажил явж байхтай холбогдуулаад дуудаад ирэхгүй нөхцөлд зайлшгүй мэйлээр буюу цахимаар, утсаар асуудлыг шийдвэрлэснийг харгалзан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх 1.1 .зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзсэн.

-      Зөрчлийн тухай хуулийн заалтыг шийтгэлийн хуудаст 11.19-4.2 гэж бичсэн талаар техникийн алдаа гэж бодож байна. Энэ нь шийдвэр болон гарах үр дагаварт нөлөөлөхгүй.

-      Тус компанийг 2020 оны 05 дугаар сард шалгах томилолт нь хугацаатай учир 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл удаа дараа сунгаж нөхөн ногдуулалтын акт болон Зөрчил шалган шийдвэрлэх шийтгэлийн хуудас бичиж Н ХХК-ийг Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд хяналт шалгалт хийх явцад тус компани нь удаа дараа санхүүгийн анхан шатны баримтыг авчирч өгөхөөс зайлсхийх, мэдэгдэл хүргүүлэх явцад үндэслэлгүйгээр ямар нэгэн шалтгаан хэлэх эсвэл хэлэхгүй, баримт бичгээ хагас дутуу өгөх, дуудаад ирэхгүй байх, утсаа авахгүй таг болох, албан ёсоор хойшлуулах бичиг өгч болно гэхэд өгөөгүй, зэрэг нь ажлын үзүүлэлтэд нөлөөлж үлдэгдэлтэй гарах, гэр-цахим ажил гэсэн Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ажиллаж байгаа нөхцөлд болон тогтсон цаг хугацаанд ирээгүй нь шалгалтын явцад саад учруулж байсан тул татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх 1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол Зөрчлийн тухай 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг 4.2. татварын албанаас дуудахад...хүрэлцэн ирээгүй, татварын хяналт шалгалтын зорилгоор ... хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр *** дугаартай шийтгэлийн хуудас бичсэн үндэслэлтэй гэж үзэж байна. Шийтгэлийн хуудсыг хэвээр баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Ц нарын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн *** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Н.Д 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтийг бичсэн байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Ц нарын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №*** тоот шийтгэлийн хуудсаар Н ХХК-г ЗТХ-11.19-4.2-т заасны дагуу 4.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т татварын албанаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй; ... бол татварыг нөхөн төлүүлж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилсан байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтдээ ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийн үйлдэл тодорхой бус, холбогдогч үл маргаж, зөрчлийн үйлдлээ зөвшөөрсөн талаар баримтгүй байхад хялбаршуулсан журмаар асуудлыг шийдвэрлэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна... гэсэн үндэслэлээр дүгнэлт бичсэнийг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:, 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол, 1.2-т зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол гэж тус тус заасан байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан зөрчил нь татварын албанаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нөхцөл байдал тогтоогдсон нөхцөлд заавал зөрчлийн хэрэг нээн шалгаж, хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх боломжтой байдаг онцлогтой байна.

Өөрөөр хэлбэл татварын албанаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй зөрчил нь татварын байцаагч чиг үүргээ хэрэгжүүлэх явцад татвар төлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь тогтоогдсон тохиолдолд ил тодорхой зөрчил бөгөөд зөрчлийг нотлох талаар болон учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж нотлох баримт цуглуулах шаардлагагүй юм.

Иймд Н ХХК-д холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокурорын 09 дүгээр дүгнэлтэд ...шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн заалтыг 11.19-4.2 гэж буруу бичсэн зөрчлүүд байна гэж дүгнэлтийн үндэслэлээ тайлбарласан нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үр дагаврыг үүсгэх хэмжээний зөрчил биш юм.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтыг ЗТХ-11.19-4.2 гэж товчилж бичсэн нь хэлбэрийн шинжтэй алдаа байх ба захиргааны актын утга агуулга алдагдаагүй байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй.

Мөн 09 дүгээр прокурорын дүгнэлтэд ...холбогдогч Т.У нь Н ХХК-ийн захирал, хууль ёсны төлөөлөгч болох баримт байхгүй, уг тогтоолд Н ХХК-ийн захирлаар тогтоосугай гэж Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоолын эрх зүйн хэлбэрийн агуулгаас өөр хэлбэрээр тогтоох хэсэгт бичигдсэн... гэж тайлбарласан байгаа нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хэмжээний алдаа биш юм.

Яагаад гэвэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын олон нийтэд нээлттэй мэдээллийн сан болох http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2831953 вэб хуудсаас үзэхэд Т.У нь Н ХХК-ийн гүйцэтгэх захирал болох нь нотлогдож байх ба мөн хариуцагчид нь Төрийн байгууллагуудын дотоодын нэгдсэн мэдээллийн системийн лавлагаагаар Т.У нь Н ХХК-ийн гүйцэтгэх захирал болох нь тогтоогдож байсан гэсэн агуулгаар шүүх хуралдаанд тайлбарлаж байсан болно.

Иймд бодит нөхцөл байдалд Н ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Т.У болох нь илт тодорхой, нийтэд илэрхий үйл баримт байх тул ...холбогдогч Т.У нь Н ХХК-ийн захирал болохыг нотлох баримт байхгүй байсан гэх прокурорын тайлбар үндэслэлгүй.

Мөн хууль ёсны төлөөлөгчөөр Н ХХК-ийн захирлаар тогтоосугай гэж ... эрх зүйн хэлбэрийн агуулгаас өөр хэлбэрээр тогтоох хэсэгт бичигдсэн... гэж прокурор дүгнэлтдээ тайлбарлаж байгаа нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хэмжээний алдаа биш бөгөөд хэлбэрийн шинжтэй алдаа байна.

Прокурорын 09 дүгээр дүгнэлтэд болон прокурор шүүх хуралдаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн эрхтэй холбоотой заалтууд зөрчигдсөн, эрхээ эдлэх боломж олдоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, тэмдэглэл, материалтай танилцах, хүсэлт гаргах, мэдүүлэгт гарын үсэг зурах, холбогдогчийн эрх, үүргийг танилцуулаагүй, гар утас, цахим шуудангаар холбогдогчтой харилцахдаа эрхийг танилцуулаагүй зэрэг холбогдогчийн эрхтэй холбоотой хуулийн заалтууд зөрчигдсөн гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь татварын албанаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зөрчлийн онцлогоос шалтгаалж эрхийг танилцуулах, тэмдэглэлтэй танилцах, мэдүүлэгт гарын үсэг зурах зэрэг дээр дурдсан холбогдогчийн эрхийг эдлэх боломжгүй.

Хариуцагч нар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татварын өр үүссэн тохиолдолд татварын өрийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргадаг, үүний дагуу шүүхэд иргэний хэрэг үүссэн тохиолдолд шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлах ажиллагаа хийгддэг, харин Н ХХК-ийн хувьд тус компанийн үйл ажиллагаанд татварын хяналт, шалгалт хийгдээгүй, татварын өр үүсээгүй учир эрэн сурвалжлах асуудал үүсэхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна.

Иймд прокурорын 09 дүгээр дүгнэлтэд ...холбогдогчийг хаана байгааг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах ажиллагааг явуулах шаардлагатай байсан... гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

Зөрчлийн хэрэгт авагдсан мэдэгдлүүдээр Татварын хэлтэст хүрэлцэн ирэхийг Н ХХК-ийн гүйцэтгэх захиралд удаа дараа мэдэгдсэн болох нь нотлогдож байх ба татварын албанд хүрэлцэн очиж чадахгүй болсон хүндэтгэн үзэх шалтгаанаа татвар төлөгч нь өөрөө татварын байгууллагад мэдэгдэх үүрэгтэй тул прокурорын 09 дүгээр дүгнэлтэд ...хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг шалгаж тогтоогоогүй... гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Дээр тайлбарласан үндэслэлүүдээр татварын улсын байцаагч Д.Б,  Б.Ц  нарын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №*** тоот шийтгэлийн хуудсыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүх прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Ц нарын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №*** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Н.Д-ийн  2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ