Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 159

 

 

“Монгоулд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Энхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмагнай, гуравдагч этгээд “Адексмайн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сэргэлэн, Б.Оюунбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 979 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0168 дугаар магадлалтай, “Монгоулд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 979 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 11.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан “Монгоулд” ХХК-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн “Монгоулд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Монгоулд” ХХК-ийн ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээн хуулийн дагуу шийдвэрийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0168 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгч “Монгоулд” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “..кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж заасан байх ба 11.1.16-д “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх шийдвэрлэх” гэж заасан байна. Ашигт малтмалын газрын дарга 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн а/10 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн эрхлэх ажлыг уг тушаалын Нэг-д “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох, цахим системийн хэвийн ажиллагааг хангах цахим системийг аливаа халдлагаас урьдчилан сэргийлэх системийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд шалтгаан нөхцлийг тогтоох, авах арга хэмжээний санал зөвлөмж боловсруулан АМГ-ын даргатай зөвшилцөн шийдвэрлэх, системийг хэвийн ажиллагаанд нэн даруй оруулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай” гэжээ. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 979 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн а/10 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгээс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олголтыг бүхэлд нь хүчингүй болгох арга хэмжээ авч мөн өдрийн 15:24 цагт байгууллагын цахим хуудсанд мэдээлсэн байх тул цахим дугаар олголтыг хүчингүй болгосон шийдвэр гараагүй гэж үзэх боломжгүй гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22/МА2017/0168 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийг эмх цэгцтэй зохион байгуулалттай, ил тод шударгаар өрсөлдөж авах зарчмыг хангах үүднээс Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, Уул уурхайн Сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 тоот тушаалаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйлчилгээний хөлсийг тогтоосон байдаг. Манай компани 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зарласан хайгуулын тусгай зөвшөөрлийн цахим дугаар олголтод шударгаар оролцож 15 дугаарт бүртгэгдсэн байхад 51 дэх дугаар олголтоос хойш систем гацсан гэдэг үндэслэлээр 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн а/10 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгээс Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн хуульчилсан эрхэнд халдаж, өөрт олгогдоогүй эрхээр тухайн өдрийн цахим олголтыг бүхэлд нь хүчингүй болгосон. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 979 дүгээр шийдвэрээр манай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0168 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн манай эрхийг зөрчсөн байна гэж үзэж байна. Манай компанийн зүгээс захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж маргаан бүхий талбайд маргааныг хянан шийдвэрлэж дуусах хүртэл захиргааны акт гаргахгүй байхыг Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай хүсэлт гаргасныг 2016 оны 04 дүгээр сарын 01-нд шүүгч хүлээн авсан боловч энэ хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т зааснаар шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гэж заасан гомдол гаргах үндэслэл болж байна. Иймд “Монгоулд” ХХК-ийн гомдлыг хүлээн авч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 979 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0168 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын ... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ.:” 11.1.16-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авах, бүртгэх чиг үүрэг бүхий Ашигт малтмалын газар /Кадастрын хэлтэс/-аас 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “...104 дүгээр өргөргөөс зүүн хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөлд дугаар олгох үйл ажиллагаа”-г цахим хэлбэрээр зохион байгуулсан байна.

Нэхэмжлэгч “Монгоулд” ХХК Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг “Тойлбо” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дугаар авахаар 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 09:00:34 цагт системд хандаж, Х201508242254 дугаарыг авсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Энэхүү цахимаар дугаар олгох ажиллагаа 09.00 цагт эхлээд 02 минут гаруйн хугацаанд хэвийн ажиллаж байгаад доголдож, үүний шалтгаан нөхцлийг тогтоохоор уг системийн хэвийн ажиллагааг хангах чиг үүрэг бүхий “Ажлын хэсэг” ажиллан “...цахим системээс олгосон өргөдлийн дугаарыг бүхэлд нь хүчингүй болгон, аж ахуйн нэгжийн системд хандах эрхийг 7 хоногоор сунгах” санал гаргасныг “Монгоулд” ХХК-иас “...өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хуульчилсан эрхэнд халдаж, цахим дугаар олголтыг хүчингүй болгосон...” гэж маргасан байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, түүнийг шийдвэрлэх, тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүрэг бүхий Ашигт малтмалын газар /Кадастрын хэлтэс/ өөрийн цахим хуудсаар дамжуулан “...08 дугаар сарын 24-ний өдрийн өргөдлийн дугаар олгох үйл ажиллагааг хүчингүй болгосон” талаар нийтэд мэдэгдэж, улмаар 08 дугаар сарын 31-ний өдөр дахин өргөдлийн дугаар олгох ажлыг зохион байгуулсан байх тул хариуцагчийг “...өргөдлийн дугаар олголтын үйл ажиллагааг хүчингүй болгосон” шийдвэр гаргаагүй гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Тухайн өдөр системийн үйл ажиллагаа доголдсоныг хариуцагч хүлээн зөвшөөрч, залруулан өргөдлийн дугаар олгох 24-ний өдрийн үйл ажиллагааг хүчингүйд тооцож, 08 дугаар сарын 31-ний өдөр дахин зохион байгуулсныг  анхан болон давж заалдах шатны шүүхээс “төрийн үйл ажиллагааны шударга, тэгш байдал, хууль дээдлэх үндсэн зарчимд нийцсэн, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших, өргөдөл хүсэлт гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч “Монгоулд” ХХК-иас 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “...24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг”, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 248 дугаар шийдвэрийн “Адексмайн” ХХК-д холбогдох хэсгийг” тус тус түдгэлзүүлэх хүсэлт гаргаж, анхан шатны шүүх мөн өдрийн шүүх хуралдаануудаар хүсэлтийг хэлэлцсэн атлаа шийдвэрлэлгүй орхигдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байх боловч энэ нь шүүхийн эцсийн шийдвэрт нөлөөлсөн ноцтой зөрчил биш байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасны дагуу гаргасан хэргийн оролцогчийн гомдлыг Улсын дээд шүүх хянан үзээд шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болох учиртай юм.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 979 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0168 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                              ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН