Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1102

 

   

 

   2022        07         20                                    2022/ШЦТ/1102

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Я.Амарзаяа,

Шүүгдэгч П.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт П-ийн М-т холбогдох эрүүгийн 2206 00000 2161 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Баруунтүрүүн сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Хангайн 0 дүгээр гудамж 0 тоотод оршин суух бүртгэлтэй,

Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 69 дүгээр Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял, эрүүгийн хуулийн 114-р зүйлийн 114.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар, мөн хуулийн 155-р зүйлийн 155.2-д зааснаар 4 сарын баривчлах ялаар тус тус шийтгэснийг эрүүгийн хуулийн 57-р зүйлийн 57.1-д заасныг баримтлан оногдуулсан ялуудын хөнгөнийг хүндэд нь багтааж 5 жил 10 хоногийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 520 дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.М-ыг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугар сарын 26-ны өдрийн 761 дүгээр Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.М-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаар: хх-0000000/, Х овогт П-ийн М-.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч П.М- нь бусдын өмчлөх эрхэнд халдаж, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлэнгэ зочид буудлын автобусны буудал орчимд Хороолол-Шархад чиглэлийн Ч-5 дугаартай автобусан дотор явж байхдаа насанд хүрээгүй М.Э-гийн халааснаас “айфоне икс эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, насанд хүрээгүй хохирогч М.Э-д бага бус хэмжээнээс дээш хэмжээний буюу 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.М-ын мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-01/, насанд хүрээгүй хохирогч М.Э-ий мэдүүлэг /хх-9-10/, Дамно ХХК-ны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн НЦУГ-22-75 дугаартай эд зүйлийн үнэлгээг тогтоосон дүгнэлт /хх-6-7/, П.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-25/, Эд зүйл, /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-15/, шүүгдэгч П.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-60-61/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч П.М- нь бусдын өмчлөх эрхэнд халдаж, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлэнгэ зочид буудлын автобусны буудал орчимд Хороолол-Шархад чиглэлийн Ч-5 дугаартай автобусан дотор явж байхдаа насанд хүрээгүй М.Э-гийн халааснаас “айфоне икс эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, насанд хүрээгүй хохирогч М.Э-д бага бус хэмжээнээс дээш хэмжээний буюу 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-1/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч М.Э-гийн өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 19-20 цагийн үед гэр лүүгээ харих гээд Хорооллоос ч-5 номерын “Шархад-Гэмтэл” гэсэн хаягтай автобусанд суугаад 1000 оюутны байрны автобусны буудал дээр буугаад гар утсаа үзтэл миний гар утас байхгүй байсан. Тэгээд би гар утсаа хулгайд алдсан байна гэж бодоод гэртээ харьсан. ...цагдаагийн хүн байна, та гар утсаа хулгайд алдсан байна, утсаа аваарай гэж хэлсний дагуу ээжтэйгээ ирсэнгэх мэдүүлэг /хх-9-10/,

Дамно ХХК-ны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн НЦУГ-22-75 дугаартай эд зүйлийн үнэлгээг тогтоосон дүгнэлт /хх-6-7/,

 

Шүүгдэгч П.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-25/,

 

Эд зүйл, /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-15/

 

Шүүгдэгч П.М-ын яллагдагчаар өгсөн: Би хулгайн гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн үйлдэл маш буруу гэдгийг ойлгож байна. дахиж  гэмт хэрэг зөрчилд холбогдох гэдгээ амлаж байна.” гэх мэдүүлэг /хх-60-61/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, эд зүйлсийг үнэлсэн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч П.М- нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч М.Э-гийн өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, шүүгдэгч П.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч П.М-ын бусдын өмчлөх эрхэнд халдаж, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлэнгэ зочид буудлын автобусны буудал орчимд Хороолол-Шархад чиглэлийн Ч-5 дугаартай автобусан дотор явж байхдаа насанд хүрээгүй М.Э-гийн халааснаас “айфоне икс эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, насанд хүрээгүй хохирогч М.Э-д бага бус хэмжээнээс дээш хэмжээний буюу 760.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч П.М-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн насанд хүрээгүй хохирогч М.Э-д хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүх П.М-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч П.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Х овогт П-ийн М-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Шүүгдэгч П.М- нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг сануулсугай.        

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, П.М- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба П.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС