Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2018/02693

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2018/02693

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.А

Хариуцагч: Э.Г

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3997000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т

                                нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.А нь 2015 оны 8 сарын 16-ны өдөр Э.Зд хэрэглээний зориулалтаар 3997000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар Иргэний Хуулийн 281 дугаар зүйлийг үндэслэн зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн. Иргэн Г.А нь 2015 оны 8 сарын 16-ны өдөр гэрээнд заасан үнийн дүн бүхий мөнгийг зээлдэгч тал болох Э.Зд зохих ёсоор өмчлөлд нь шилжүүлсэн байдаг. Гэрээгээр зээлдэгч тал болох Э.З нь гэрээний зүйл болох 3997000 төгрөгийг 6 сарын дараа буюу зээлдүүлэгчийг шаардсан үед буцаан өгөх үүргийг хүлээсэн. Гэвч зээлдэгч тал гэрээний үүргээ огт биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч Э.Згаас үндсэн зээлийн төлбөр болох 3997000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгуулж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78902 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.   

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.З нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.Аын данс руу шилжүүлсэн тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө байгаа” гэсэн байна. Г.Аын дансыг Э.Згийн нэр, дансны дугаар, утасны дугаараар шүүж үзэхэд нийтдээ 477000 төгрөг шилжүүлсэн байна.Мөн нэхэмжлэгч Г.Аын нөхөр Д.Б, ээж Ц.Н, хадам ээж Н.Н нарын 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэлх Хаан банкин дахь данснуудын хуулгыг шүүж үзэхэд хариуцагч Э.З нь 2015 оны 11 дүгээр сарын 24-нд 200000 төгрөг шилжүүлсэн байна. Тиймээс гэрээнд заасан хугацаа өнгөрсөн тул 3350000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Э.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.З миний бие нь Г.А 3997000 төгрөгийн орлогыг дансандаа хийлгэж авсан. Тус мөнгөн дүн дээр хийгдсэн гэрээ, хэлэлцээр байхгүй. Мөн тус дүнгээс эргүүлэн Г.Аын данс руу шилжүүлсэн мөнгөн дүн байгаа бөгөөд өөрийн болон Аын данснаас шүүж дүнг гарган 3997000 төгрөгөөс хасуулан үлдэгдэл төлбөрийг төлөх болно. Бүх мөнгийг бол өгөөгүй, дансаар 2 сая төгрөг өгөгдсөн байгаа.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

1. Нэхэмжлэгч Г.А хариуцагч Э.Згаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3997000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 3997000 төгрөг авсан үйл баримтад маргаагүй бөгөөд харин гэрээ, хэлцэл хийгдээгүй, 2 сая гаруй төгрөг төлсөн гэж маргаж байна. 

Зээлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг хуулиар шаардахгүй бөгөөд зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэх талаар тохиролцоо хийгдсэн бол Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Иймд талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх ба мөн өдөр зээлдүүлэгч зээлдэгчид 3997000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч Г.А, түүний нөхөр болон ээж, хадам ээжийнх нь Хаан банкин дахь дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулсан ба тухайн баримтуудаас үзвэл хариуцагч 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 57000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 100000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 100000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 200000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 20000 төгрөгийг Г.Аын дансанд, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 200000 төгрөгийг Д.Баттөрийн дансанд шилжүүлж зээлийн төлбөрт 677000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. Хэрэгт авагдсан бусад баримтуудаар хариуцагчийн тайлбарт дурдсан 2 сая гаруй төгрөг төлсөн байдал тогтоогдоогүй болно.  

Иймд зээлийн төлбөрт төлсөн 677000 төгрөгийг хасч хариуцагчаас 3320000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Хариуцагч Э.З шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

3. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 78902 төгрөг төлөхөөс 78950 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 48 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Э.Згаас 3320000 /гурван сая гурван зуун хорин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ад олгож, нэхэмжлэлээс 677000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгөөс 78902 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Згаас улсын тэмдэгтийн хураамжид 68070 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 48 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      Т.ГАНДИЙМАА