Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1113

 

 

   2022         07         21                                    2022/ШЦТ/1113

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Б.Мөнхтулга,

Шүүгдэгч Н.З- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1870 дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 18-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ......... ХХК-д менежер, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Баруун тосгон 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй,

        Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаар:хх-000000/ Б овогт Н-ын З-

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Н.З- нь 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казино” нэртэй бааранд хувийн таарамжгүй харьцааны улмаас үл таних Б.А-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөсний улмаас хохирогчийн биед дээд уруулын холбоосны урагдсан шарх, уруулын салстад язрал, баруун шилбэ, зүүн өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.З- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”  гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-3/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-4/, хохирогч Б.А-ийн өгсөн мэдүүлэг, /хх-8/, гэрч Х.Энхсайханы өгсөн мэдүүлэг, /хх-13/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 6120 дугаартай дүгнэлт /хх-17-18/, шүүгдэгч Н.З-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-21/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-43-44/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Н.З- нь 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казино” нэртэй бааранд хувийн таарамжгүй харьцааны улмаас үл таних Б.А-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөсний улмаас хохирогчийн биед дээд уруулын холбоосны урагдсан шарх, уруулын салстад язрал, баруун шилбэ, зүүн өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-3/,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн “...цэц-112 ахмад Ж.Мягмардорж би дэд ахлагч А.Еркиндекийн хамт очиж шалгаад дуудлага өгсөн иргэн Б.А- гэгчийг мөрдөгч дэслэгч Балжиннямд хүлээлгэн өгч зөрчил гаргасан Н.З- гэгчийг улиастай 120д эрүүлжүүлэв...” гэх дуудлагын лавлагааны хуудас  /хх-4/,   

    

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.А-ийн өгсөн: ”...2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сайхнаа эгчийн төрсөн өдөр нь болоод бид хэд нэрийг нь санахгүй байна Сансарын тэнд бааранд ороод 1 лааз пиво аваад тэрийгээ бараг уугаагүй байж байсан би бүжгийн талбай дээр бүжиглээд зогсож байтал нэг танихгүй ах миний араас миний үснээс зулгаахаар нь би гайхаад арагшаа эргээд хартал тэр танихгүй ах 00-ын өрөө рүү орохоор нь би араас нь очоод та яагаад миний үснээс зулгааж байгаа юм бэ гэсэн чинь намайг хараагаад 00-ын өрөө рүү яваад орчихсон. Тэгээд би араас нь хөөе ахаа та яагаад намайг зодож байгаа юм бэ гэтэл миний хөл рүү өшиглөсөн тэгтэл тэр баарны хамгаалагч нар нь ирээд тэр ахыг баарнаас хөөж гаргасан би араас нь гартал тэр ах шууд над руу ирээд миний нүүр рүү цохисон чинь миний хамраас цус гарсан. Араас манай найз Сайхнаа гарч ирээд цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг, /хх-8/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Энхсайханы өгсөн: ”...2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр миний төрсөн өдөр болсон юм. Тэгээд өмнө хамт ажилладаг байсан дүү Б.А-, найз Мөнхцэцэг нарын хамт хоолонд ороод, караоке ороод 00:00 цаг өнгөрөөд Сансарын Казино нэртэй бааранд орсон. Д.А- нь тухайн караокед 2 шил шар айраг, хоолонд 1 шил шар айраг уусан. Тэгээд бүжгийн талбай дээр байж байтал 30 орчим насны залуу Б.А-ийг түлхээд байгаа бололтой байж байгаад алга болсон тэгээд би араас нь гартал Казино баарны коридорт хамгаалагч нэг залуугийн цээжнээс зуурсан, тухайн залуу нь Б.А- рүү дайраад байсан, Б.А- уг залууд хандаж чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд хашхираад байж байсан тэгсэн нөгөө залуу нь шууд гараа атгаж байгаад Б.А-ийн хамар хэсэгт 1 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-13/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 6120 дугаартай:

1.Б.А-ийн биед дээд уруулын холбоосны урагдсан шарх, уруулын салстад язрал, баруун шилбэ, өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

2.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Б.А-ийн биед үүссэн холбоосны урагдсан шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад язралт, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-17-18,/   

 

Шүүгдэгч Н.З-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-21/,

 

Хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-43-44/  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Н.З- нь хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.З-ыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.    

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Н.З- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казино” нэртэй бааранд хувийн таарамжгүй харьцааны улмаас үл таних Б.А-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөсний улмаас хохирогчийн биед дээд уруулын холбоосны урагдсан шарх, уруулын салстад язрал, баруун шилбэ, зүүн өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Эрх зүйн дүгнэлт

                                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Н.З-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казино” нэртэй бааранд хувийн таарамжгүй харьцааны улмаас үл таних Б.А-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөсний улмаас хохирогчийн биед дээд уруулын холбоосны урагдсан шарх, уруулын салстад язрал, баруун шилбэ, зүүн өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүхий л шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.А- нь хохирлоо баримтаар  нэхэмжлээгүй ба гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрт 30.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Н.З-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

  Шүүгдэгч Н.З- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-ын З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.З- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.З-т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС