Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/99

 

 

2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр                   Дугаар 2022/ШЦТ/99                                       Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: С.Д, Э.М,

Өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Л.Э, С.Б,

Гэрч Х.С,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн Э-ийн М, Б овгийн С-ын Д нарт холбогдох 2128003080159 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч С.Д нь Э.Мтай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг 6 дугаар байрны гадна зогсоол дээр байсан М.Цы эзэмшлийн 6.000.000 төгрөгийн үнэтэй кролла маркийн 07-88 ӨМЭ улсын дугаартай автомашин, машин дотор байсан 195.000 төгрөгийн үнэтэй сувдан загас брендийн түрийвч 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 6.195.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Д нь Э.Мтай бүлэглэн, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Мын Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Их уулын Нисэхийн 5-30 тоотод байшингийн цонхоор нэвтэрч бэлнээр 150,000 төгрөг, их гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, 3 ширхэг мөнгөн аяганы хуулсан мөнгө, “Жордан” загварын пүүз 1 хос, “Кари” загварын 1 хос, эрэгтэй хүний савхин куртик 1 ширхэг, энгийн куртик 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 4.720.000 /дөрвөн сая долоон зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Д нь Э.Мтай бүлэглэн, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Гурван сайхны 2-3 тоотод оршин суух иргэн С.Бгийн үүдний пингийн хаалганы цоожийг эвдлэн гэрт нь нэвтэрч, бэлнээр 50,000 /тавин мянга/ төгрөг, 1 ширхэг монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 450,000 /дөрвөн зуун тавин мянга/төгрөгийн хохирол учруулсан,

С.Д нь дангаар 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн Л.Эгийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их уулын 2-16 тоотод байрлах гэрийн тооноор нэвтэрч, бэлэн 230,000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

Мөн дангаар 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Дунд сайханы 7-26 тоотод байх иргэн С.Бын байшингийн цонхны поорточкоор нэвтэрч, 3 ширхэг алтан бөгж, 1 ширхэг монетон бөгж, 1 ширхэг эмэгтэй хүний мөнгөн бүс, бүрмэл алтан нуухтай цагаан шүрэн хөөрөгний толгой 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 3.170.000 / гурван сая нэг зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.М нь С.Дтай бүлэглэн, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг 6 дугаар байрны гадна зогсоол дээр байсан М.Цы эзэмшлийн 7.000.000 /долоон сая/ төгрөгийн үнэтэй “Кролла” маркийн 07-88 ӨМЭ улсын дугаартай автомашин, машин дотор байсан 195,000 /нэг зуун ерэн таван мянга/ төгрөгийн үнэтэй сувдан загас брендийн түрүүвч 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 7.195.000 /долоон сая нэг зуун ерэн таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.М нь С.Дтай бүлэглэн, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Мын Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Их уулын Нисэхийн 5-30 тоотод байшингийн цонхоор нэвтэрч бэлнээр 150,000 төгрөг, их гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, 3 ширхэг мөнгөн аяганы хуулсан мөнгө, “Жордан” загварын пүүз 1 хос, “Кари” загварын 1 хос, эрэгтэй хүний савхин куртик 1 ширхэг, энгийн куртик 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 4.720.000 /дөрвөн сая долоон зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.М нь С.Дтай бүлэглэн, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Гурван сайханы 2-3 тоотод оршин суух иргэн С.Бгийн үүдний пингийн хаалганы цоожийг эвдлэн гэрт нь нэвтэрч, бэлнээр 50,000 /тавин мянга/ төгрөг, 1 ширхэг монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.М, С.Д нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Миний хохирогч Мын байшингаас авсан эд зүйлээс бурхны тавиур дээрээс 20.000 төгрөг авсан. Мэдүүлэг дээрээ хохирогч 150.000 төгрөг авсан гэж мэдүүлсэн байгаа.

 

Шүүгдэгч С.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Ажил хийж хохирол төлбөрөөсөө төлөөд явж байгаа. Хохирол төлбөрийн хувьд байгаагүй зүйлийг нэмж бичээд байгаа. Энэ асуудлыг шийдвэрлүүлмээр байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр би гэртээ байж байгаад ахындаа очиж байж байгаад орой 11 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн унинд хавчуулаатай байсан мөнгөтэй уут, тахил дээр байсан бэлэн мөнгө байхгүй байсан. Тооно руу харахад араамыг нь аваад тавьсан байсан. Манай гэр 5 ханатай гэр, нөгөө гэр 4 ханатай, үүдний пинтэй гэр байдаг. Жижиг гэрт мөн тооноор нь орж авдрыг нь ухаж юмыг нь онгичсон байдалтай байсан. 4 ханатай гэрийн тооноор орсон байхаар нь жижиг биетэй хүн байна гэж би тухайн үедээ бодож байсан. Тэгээд цагдаа дуудсан. Тахил дээр байсан бэлэн мөнгийг тодорхой мэдэхгүй. Гэхдээ багцаагаар хэлсэн. Ил тавиатай байсан нь 100.000 гаруй мянган төгрөг байсан. Уутанд мөн 100.000 гаруй төгрөг байсан. Барагцаагаар нийлүүлээд 230.000 орчим байсан байх гэж мэдүүлсэн. Гэхдээ 117.000 төгрөгөөс илүү байсан.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Амралтын өдөр байсан. Гэртээ нөхөр, охин бид гурав амарч байгаад манай нөхөр машин дээрээ очиж засвараа хийх гэж, би хөргөгч авахаар гарсан. Үдээс хойш 4 цаг өнгөрөөгөөд ирэхэд гэрийг минь ухсан байсан. Ухахдаа унтлагын өрөөний порчикоор орсон байсан. Баруун урд өрөөний ор дэрийг унаж онгичсон, орны буланд тавиатай байсан сейфийг унагаж байгаад эвдсэн. Эвдэхдээ гал тогооны өрөөнөөс хутга, заазуур, арматурын иштэй төмөр алх гурвыг ашиглаж эвдсэн байсан. Том өрөөний хүрэн стенкийг ухаж бүх зүйлийг нь онгичиж үзсэн байсан. Тухайн үед цагдаа нарыг ирэхэд алдсан бүх зүйлээ хэлээд явуулснаас миний чигчий хурууны монетон бөгж, мөнгөн бүс хоёрыг буцааж өгсөн. 3 алтан бөгж, хөөргөний толгойг нь авч явсан байсан. Сейф болон алдсан эд зүйлээ нийлүүлээд би 3.400.000 гаруй төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний компани 3.170.000 төгрөгөөр үнэлсэн байсан.

 

Гэрч Х.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гурвуулаа очоогүй. 2 бөгжийг нь, 1 бөгжийг нь тус тусад нь өгсөн. Гурван бөгж өгсөн. Гэхдээ бөөн гурвууланг нь өгөөгүй. 2 бөгжийг нь өгөхөд 400.000 төгрөг өгсөн санаад байна. 1 граммыг нь 100.000 төгрөгөөр тооцож авсан юм шиг байна.

 

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хот руу ажлаар яваад 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орой 22 цагийн үед Их-Уул, Нисэхийн 5-30 тоотод байх гэртээ ирээд хаалгаа онгойлгоод ороход гэрийн эд зүйл бусниулчихсан шкафны эд зүйл гаргачихсан, гал тогооны хажуу талын ширээн дээр хоол хийсэн, тамхи, татсан, пиво уусан, виски гаргаад тавьчихсан цаашлаад бүх өрөөний эд зүйлийг бусниулчихсан, хүүхдийн өрөөний цонх онгорхой байна гэж манай хүү хэлсэн. Тэгээд хулгай орсон байна гэж бодоод юманд хүрэхгүй цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд үзлэг хийгээд дууссан дараа эд зүйлээ бүртгэхэд манай байшингийн хувцасны өрөөнд тавиур дээр байсан манай нөхрийн хөөрөг байхгүй байсан. Гал тогооны дээд шүүгээнд байсан 3 мөнгөн аяга байхгүй байсан. Модон тагшийг нь ширээн дээр мөнгийг нь хуулаад тавьсан байсан. Коридорт байх пүүзний тавиураас жордан 5 загварын пүүз, кари 6 загварын нийт 2 пүүз байхгүй болсон байсан. Хувцасны өрөөнөөс нөхрийн хар өнгийн куртик, унтлагын өрөөний бурхан дээр байсан 150.000 төгрөг алга болсон байсан. Үүдний шкафнаас манай нөхрийн хар савхин хүрэм байхгүй байсан. Миний хөөрөгний халбагыг салгаад үлдээчихсэн байсан. Хөөрөг нь алтан нуухтай, ясан халбагатай, битүү морины сийлбэртэй их гарын цагаан шүрэн хөөрөг манай нөхөр 2017 онд найзаасаа шинээр 3,500,000 төгрөгөөр худалдаж авсан, пүүз нь Улаанбаатар хот Монзила сайтаас Жордан-5 загварын пүүзийг 469,000 төгрөг, кари-6 219,000 төгрөгөөр худалдаж авсан шинээрээ байсан. 2010 онд гэр бүл болоход бэлгэнд ирсэн шинэ цагийн үйлдвэрийн мөнгөн аяга байгаа. 1 мөнгөн аяга нь дунд гарын 18 см диаметртэй, нөгөө 2 мөнгөн аяга нь бага гарын үйлдвэрийн мөнгөн 14 см диаметртэй мөнгөн аяга байсан, бэлэн 150,000 төгрөг байсан, нөхрийн савхин куртик нь 2018 онд Улаанбаатар хотоос 200,000 төгрөгөөр худалдан авсан, Хувцасны өрөөнд байсан хар өнгийн куртик нь 2020 онд 150,000 төгрөгөөр худалдан авсан. /хх-ийн 15-16 дахь тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манайх энэ хаягт 2007 оноос хойш амьдарч байна. Манай хашааны баруун зүүн тал болон хойд талд айл байдаг. Буруутай хүнээс алдагдсан 230.000 төгрөгөө гаргуулж авмаар байна. /хх-ийн 57 дахь тал/

 

Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Гурвансайхан гэр хорооллын 2-3 тоотод хашаанд өөрийн эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өглөө эрт манай эхнэр Ганчимэг ажилдаа явсан. Харин би хүүхдүүдийн хамт гэрт үлдээд өдрийн 13 цаг өнгөрөөж хүүхдүүдээ аваад мөн ажилдаа явсан. Тухайн өдрийн орой 18 цагийн орчимд би эхнэр хүүхдүүдийн хамт гэртээ ирэхэд үүдний пингийн хаалганы цоож цуургыг эвдсэн байсан. Тэгээд гэртээ ороход гэрийн баруун хойд талын хэсэгт байрлах авдарны таг онгойчихсон доторх эд зүйлсийг ухаад гаргаад тавьчихсан байсан. Тэгээд эхнэр бид 2 гэрт хулгай орсон байна гэж бодоод Цагдаагийн байгууллагад хандсан. /хх-ийн 83 дахь тал/

 

Хохирогч М.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би өчигдөр 19 цагийн ажлаасаа тараад өөрийн королла маркийн 07-88 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, эхнэрээ хажуудаа суулгаад 6 дугаар байрны замын урд талын шороон зогсоол дээр хойш харуулаад зогсоод машинаа цоожлоод эхнэр бид хоёр гэртээ орсон. Өглөө сэрээд 08 цаг 40 минутад ажилдаа явах гээд гарч машинаа халаах гэхэд миний автомашин байхгүй байсан. Байраа тойроод хараад байхгүй болохоор нь хулгайд алдагдсан байна гэж бодоод дуудлага өгсөн. Шаргал өнгийн жи королла маркийн, 2002 онд үйлдвэрлэсэн, 2012 онд монголд орж ирсэн 07-88 ӨМЭ улсын дугаартай миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Онцлог шинж тэмдэг бол арын гупер дээр нь тойруулаад цагаан өнгийн хөнгөн цагаан хадаасаар хадсан. Би автомашинаа өмнөх өдөр цоожлоод орсон. Манай машин 2 түлхүүртэй 1 түлхүүр нь надад байсан нөгөө түлхүүр нь машин дотор рулийн доод талд байсан хайрцаган дотор байсан. Манай машины хаалга бүрэн цоожлогдсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Би тухайн автомашинаа 7,000,000 төгрөгөөр үнэлж байна. Манай машин дотор эхнэр өчигдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дэлгүүрээс найздаа өгөх гэж 195,000 төгрөгөөр /Сувдан загас/ брендийн түрийвч аваад хийсэн байсан. Өөр онцын юм байхгүй, байрны гэрчилгээ, диплом, бичиг баримтууд байсан. /хх-ийн 123 дахь тал/

 

Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манайх Дундсайханы 7-26 тоот хашаа буюу 8 дугаар цэцэрлэгийн яг ард талд байдаг. Манай хашаанд 1 гэр, 1 байшин байдаг ба байшин нь манай гэр, нөгөө гэр нь манай хүү Билэгсайханых байдаг. Би тухайн үед гэртээ орж ирэхэд баруун хойд талын булангийн цонхны порчикоор хүн орсон бололтой, баруун урд жижиг өрөөний эд зүйлүүдийг онгичиж тавьсан байсан. Уг өрөөнд байдаг төмөр сейфийг газар унагаж заазуур, алх, отвёрк ашиглаж ард талын нимгэн төмрийг эвдэн хуулж дотор нь байсан хөөрөгний толгой, мөнгөн бүс, терагерц хүзүүний зүүлт, бугуйвч хосоороо, мөнгөн бугуйвч бөгж хосоороо, хэрэглэхээ байгаад хайлуулж хазаарын мөнгө хийхээр бэлдэж байсан олон төрлийн мөнгөнүүд сейфнээс авсан байсан. Уг өрөөний толины өмнө ил байсан 3 ширхэг алтан бөгж, 1 ширхэг монетон бөгжийг бас авсан байсан. Тэгээд уг өрөөнөөс гараад манай зүүн талын том өрөө рүү ороод 2 жижиг чемодан цүнх, хойд талын хананд байдаг стинкний шүүгээнүүдийг ухсан байсан. Уг стинкний шүүгээнд байсан архи болон бусад эд зүйлүүдийг аваагүй байсан. Улмаар би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 3 ширхэг алтан бөгж нь нийлээд 1.500.000 төгрөг байгаа байх. Зүүж эдлээд 5 жил болж байна. Өмнөговийн цагаан шүрэн толгойтой бүрмэл алтан нуухтай, мөнгөн халбагатай хөөрөгний толгой нь 400.000 төгрөг, мөнгөн бугуйвч нь бөгжтэйгөө хосоороо 350.000 төгрөг, цул мөнгөн бүс 1.200.000 төгрөг, терагерц хүзүүний зүүлт бугуйвч хосоороо 380.000 төгрөг, задгай мөнгөнүүд ямар хэмжээтэй хэчнээн юм байсныг бол мэдэхгүй байна. Монетон бөгж 70.000 гаруй төгрөг байдаг байх. /хх-ийн 185-186 дахь тал/

 

Гэрч Ц.Ганчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манайх Даланзадгад сумын 1-р баг Гурван сайхан 2-3 тоотод хашаандаа ганц гэрээр амьдардаг юм. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө би ажилдаа явсан бөгөөд гэрт манай нөхөр хүүхдүүд үлдсэн юм. Тухайн өдрийн 13 цагийн үед манай нөхөр хүүхдүүдээ аваад ажил дээр хүрээд ирсэн. Бид нар манай ажил дээр хамт байж байгаад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд үүдний пингийн хаалганы цоож цуургыг эвдсэн байсан бөгөөд гэртээ ороход манай гэрийн хойморт байх авдар болон гэрийн хойд стенк зэргүүдийг ухаж, онгичсон байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Гэрийн баруун талын номын тавиураас зүүсэн байсан миний гар цүнхэнд байсан монетон гинж, уг цүнхэнд байсан түрийвчнээс 50.000 төгрөг хулгайд алдсан юм. Би уг гинжийг 2008 оны үед 500.000 төгрөгөөр Гүнж төвөөс худалдаж авч байсан бөгөөд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй кулон байхгүй нарийхан хавтгай монетон гинж байсан юм. Монетны орц З грамм байсан юм. /хх-ийн 89 дэх тал/

 

Гэрч Х.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэг танихгүй залуу манай өрөөнд орж ирээд алтан бөгж авах уу гээд 3 ширхэг бөгж үзүүлсэн. Тухайн бөгж нь алтан бөгж байсан учраас би граммлаж үзэхэд 400.000 төгрөг болохоор байсан учраас би 400.000 төгрөгөөр авч болно гэсэн. Тэгээд тэр залуу надад 400.000 төгрөгөөр зараад мөнгөө бэлнээр аваад явсан юм. Өндөр нарийхан залуу байсан санагдаж байна. Гонзгойдуу төрхтэй цайвар царайтай залуу байсан бөгөөд тухайн үед барилга дээр ажиллаж байгаа болов уу гэмээр хувцас хунар нь шавар болсон хувцастай залуу байсан. Тухайн залуу дахин манайхаар ирж үнэт эдлэл зараагүй. /хх-ийн 197 дахь тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 425 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Жордан 5 загварын пүүз 375.000 төгрөг, мөнгөн аяганы мөнгө 240.000 төгрөг, пүүз 175.000, эрэгтэй савхин куртик 160.000 төгрөг, эрэгтэй куртик 120.000 төгрөг, нийт 4.570.000 төгрөг /хх-ийн 26 дахь тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 537 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: монетон гинж 400.000 төгрөг /хх-ийн 96 дахь тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаартай техникийн үнэлгээний дүгнэлтэд: Toyota corolla маркийн автомашин нь 2021 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнэ 6.000.000 төгрөгөөр тогтоов. /хх-ийн 131 дэх тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 395 дугаартай дүгнэлтэд: Түрийвч 195.000 төгрөг /хх-ийн 132 дахь тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 391 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Алтан бөгж 1.500.000 төгрөг, мөнгөн бүс 1.200.000 төгрөг, монетон бөгж 70.000 төгрөг, хөөрөгний толгой 400.000 төгрөг, төмөр сейф 300.000 төгрөг нийт 3.470.000 төгрөг /хх-ийн 202 дахь тал/

 

Шүүгдэгч С.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Мөнгөн бүсийг Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы 7-22 тоотод байх байшингаас эд зүйл хулгайлахдаа авсан юм. 3 ширхэг мөнгөн бөгж, гинж, очиртой зүүлт зэрэг нь надад байсан бөгөөд миний зүүлт бөгж юм. Би болсон асуудлын талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой ярьсан байгаа учраас дахин нэмж ярих зүйл байхгүй. /хх-ийн 232 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 43 дахь тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-53, 72-77, 109-110, 141, 155-161 дэх тал/

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 167-177 дахь тал/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 180-182 дахь тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 19-28 дахь тал/

Мандал-Овоо сумын Баянхошуу багийн засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 298 дугаартай тодорхойлолт /хх-ийн 38 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч С.Д нь Э.Мтай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг 6 дугаар байрны гадна зогсоол дээр байсан М.Цы эзэмшлийн кролла маркийн 07-88 ӨМЭ улсын дугаартай автомашиныг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар  авсан,

2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Мын Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Их уулын Нисэхийн 5-30 тоотод байшингийн цонхоор нэвтэрсэн,

2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Гурван сайхны 2-3 тоотод оршин суух иргэн С.Бгийн үүдний пингийн хаалганы цоожийг эвдлэн гэрт нь нэвтэрсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч С.Д нь Э.Мтай бүлэглэн М.Цы эзэмшлийн 6.000.000 төгрөгийн үнэтэй кролла маркийн 07-88 ӨМЭ улсын дугаартай автомашин, машин дотор байсан 195.000 төгрөгийн үнэтэй сувдан загас брендийн түрүүвч 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан,

Хохирогч Б.Мын байшингаас бэлнээр 150,000 төгрөг, их гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, 3 ширхэг мөнгөн аяганы хуулсан мөнгө, “Жордан” загварын пүүз 1 хос, “Кари” загварын 1 хос, эрэгтэй хүний савхин куртик 1 ширхэг, энгийн куртик 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан,

Хохирогч С.Бгийн гэрээс бэлнээр 50,000 /тавин мянга/ төгрөг, 1 ширхэг монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч Б.Мын: Би Улаанбаатар хот руу ажлаар яваад 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орой 22 цагийн үед Их-Уул, Нисэхийн 5-30 тоотод байх гэртээ ирээд хаалгаа онгойлгоод ороход гэрийн эд зүйл бусниулчихсан шкафны эд зүйл гаргачихсан, гал тогооны хажуу талын ширээн дээр хоол хийсэн, тамхи, татсан, пиво уусан, виски гаргаад тавьчихсан цаашлаад бүх өрөөний эд зүйлийг бусниулчихсан, хүүхдийн өрөөний цонх онгорхой байна гэж манай хүү хэлсэн. ...Цагдаа ирээд үзлэг хийгээд дууссан дараа эд зүйлээ бүртгэхэд манай байшингийн хувцасны өрөөнд тавиур дээр байсан манай нөхрийн хөөрөг байхгүй байсан. Гал тогооны дээд шүүгээнд байсан 3 мөнгөн аяга байхгүй байсан. Модон тагшийг нь ширээн дээр мөнгийг нь хуулаад тавьсан байсан. Коридорт байх пүүзний тавиураас жордан 5 загварын пүүз, кари 6 загварын нийт 2 пүүз байхгүй болсон байсан. Хувцасны өрөөнөөс нөхрийн хар өнгийн куртик, унтлагын өрөөний бурхан дээр байсан 150.000 төгрөг алга болсон байсан. Үүдний шкафнаас манай нөхрийн хар савхин хүрэм байхгүй байсан. /хх-ийн 15-16 дахь тал/ гэх мэдүүлэг,

Хохирогч С.Бгийн: Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Гурвансайхан гэр хорооллын 2-3 тоотод хашаанд өөрийн эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Тухайн өдрийн орой 18 цагийн орчимд би эхнэр хүүхдүүдийн хамт гэртээ ирэхэд үүдний пингийн хаалганы цоож цуургыг эвдсэн байсан. Тэгээд гэртээ ороход гэрийн баруун хойд талын хэсэгт байрлах авдарны таг онгойчихсон доторх эд зүйлсийг ухаад гаргаад тавьчихсан байсан. Тэгээд эхнэр бид 2 гэрт хулгай орсон байна гэж бодоод Цагдаагийн байгууллагад хандсан. /хх-ийн 83 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч М.Цы: ...Өглөө сэрээд 08 цаг 40 минутад ажилдаа явах гээд гарч машинаа халаах гэхэд миний автомашин байхгүй байсан. Байраа тойроод хараад байхгүй болохоор нь хулгайд алдагдсан байна гэж бодоод дуудлага өгсөн. Манай машин дотор эхнэр өчигдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дэлгүүрээс найздаа өгөх гэж 195,000 төгрөгөөр /Сувдан загас/ брендийн түрүүвч аваад хийсэн байсан. Өөр онцын юм байхгүй, байрны гэрчилгээ, диплом, бичиг баримтууд байсан. /хх-ийн 123 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Г-ийн: Манайх Даланзадгад сумын 1-р баг Гурван сайхан 2-3 тоотод хашаандаа ганц гэрээр амьдардаг юм. Бид нар манай ажил дээр хамт байж байгаад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд үүдний пингийн хаалганы цоож цуургыг эвдсэн байсан бөгөөд гэртээ ороход манай гэрийн хойморт байх авдар болон гэрийн хойд стенк зэргүүдийг ухаж, онгичсон байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Гэрийн баруун талын номны тавиураас зүүсэн байсан миний гар цүнхэнд байсан монетон гинж, уг цүнхэнд байсан түрүүвчнээс 50.000 төгрөг хулгайд алдсан юм. /хх-ийн 89 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

 

Шүүгдэгч С.Д нь Э.Мтай бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч С.Д нь Э.Мтай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч С.Д нь дангаар 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн Л.Эгийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их уулын 2-16 тоотод байрлах гэрийн тооноор нэвтэрсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар хохирогч Л.Эгийн гэрээс бэлэн 230,000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч Л.Эгийн: Манайх энэ хаягт 2007 оноос хойш амьдарч байна. Манай хашааны баруун зүүн тал болон хойд талд айл байдаг. Буруутай хүнээс алдагдсан 230.000 төгрөгөө гаргуулж авмаар байна. /хх-ийн 57 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Дын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Цд 6.195.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаартай техникийн үнэлгээний дүгнэлтэд: Toyota corolla маркийн автомашин нь 2021 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнэ 6.000.000 төгрөгөөр тогтоов. /хх-ийн 131 дэх тал/,

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 395 дугаартай дүгнэлтэд: Түрийвч 195.000 төгрөг /хх-ийн 132 дахь тал/ гэснээр,

 

Хохирогч Б.Мд 4.570.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 425 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Жордан 5 загварын пүүз 375.000 төгрөг, мөнгөн аяганы мөнгө 240.000 төгрөг, пүүз 175.000, эрэгтэй савхин куртик 160.000 төгрөг, эрэгтэй куртик 120.000 төгрөг, нийт 4.570.000 төгрөг /хх-ийн 26 дахь тал/ гэснээр,

 

Хохирогч С.Бд 450.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 537 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: монетон гинж 400.000 төгрөг /хх-ийн 96 дахь тал/, хохирогч С.Бгийн мэдүүлэгт: ...бэлнээр 50.000 төгрөг алдсан /хх-ийн 83 дахь тал/ гэснээр,

 

Хохирогч С.Бт 3.470.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 391 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Алтан бөгж 1.500.000 төгрөг, мөнгөн бүс 1.200.000 төгрөг, монетон бөгж 70.000 төгрөг, хөөрөгний толгой 400.000 төгрөг, төмөр сейф 300.000 төгрөг нийт 3.470.000 төгрөг /хх-ийн 202 дахь тал/ гэснээр тус тус тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б, С.Б, М.Ц, Б.М нарт хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрт учирсан хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

 

Шүүгдэгч С.Д нь Э.Мтай бүлэглэн хохирогч Б.М, С.Б, нарын орон байранд нэвтэрсэн, шүүгдэгч С.Д хохирогч С.Бын гэрээс нууцаар хууль бусаар авсан эд зүйлсийг шүүгдэгч Э.М гэртээ нуусан, улмаар шүүгдэгч С.Д хохирлыг хамт төлнө гэх тайлбар гаргасныг шүүх хүлээн авч гэмт хэргийн улмаас дээрх хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Хулгайд алдагдсан эд зүйлээ төлүүлмээр байна. /хх-ийн 15-16 дахь тал/ гэх тул хохирогч Б.Мд учирсан 4.570.000 төгрөгийн хохирол төлбөрийг тэнцүү хэмжээгээр хувааж шүүгдэгч С.Даас 2.285.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Мд олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч С.Д хохирол төлбөр төлөхөөр шүүх хуралдаанд завсарлага авч хохирогч Б.Мд 305.000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгч С.Даас үлдэгдэл 1.980.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Мд олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Манай эхнэрийн монетон гинж алга болсон. Бэлнээр 50.000 орчим төгрөг алга болсон. Гомдолтой байна. Хулгайд алдагдсан эд зүйлээ олж авмаар байна. /хх-ийн 83 дахь тал/ гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ... С.Дын зүгээс тухайн үед монетон гинж байгаагүй, мөнгөн гинж байсан гэдэг зүйлийг хэлдэг. С.Дын энэ 5 үйлдэлтэй холбогдуулан өгсөн мэдүүлгүүдийг нь харахад С.Д авсан зүйлүүдээ яг тодорхой хэлдэг. Өөрөөр хэлбэл авсан, аваагүй гэдэг зүйл дээр нэг ч маргаагүй учраас С.Дын мэдүүлгийг үнэлэх боломжтой гэж үзэж    байна. Иймээс тухайн нөхцөлд С.Бгийнхоо гэрээс монетон гинж С.Д авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа учраас хохирлыг авсан гэх бэлэн 50.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэх дүгнэлт, улсын яллагчийн зүгээс ... Тухайн эд зүйлийг хэрэглэж эдэлж байсан эхнэр Ганчимэг нь гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Эх сурвалжтай нь хэлж мэдүүлсэн байдаг учраас хохирлын тухай хохирогчийн үнэлгээгээр шийдвэрлэх нь зүйтэй байх гэх дүгнэлт гаргаж тус тус мэтгэлцэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогч С.Бгийн ...эхнэрийн монетон гинж алга болсон гэх мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, хууль сануулж баталгаа гаргасны дараа өгсөн гэрч Ц.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 89 дэх тал/-ээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүх хохирогч болон гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Бд 450.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 537 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: монетон гинж 400.000 төгрөг /хх-ийн 96 дахь тал/, хохирогч С.Бгийн мэдүүлэгт: ...бэлнээр 50.000 төгрөг алдсан /хх-ийн 83 дахь тал/ гэснээр тогтоогдож байх тул хохирол төлбөрийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч С.Даас 225.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Бд олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч С.Д хохирол төлбөр төлөхөөр шүүх хуралдаанд завсарлага авч хохирогч С.Бд 225.000 төгрөгийг төлсөн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч С.Дыг хохирогч С.Бд төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй бий болов.

 

Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ... Буцаан өгсөн эд зүйлсийн үнийг хасаж, 3 алтан бөгж, хөөрөгний толгойны үнэ, сейфний үнэ зэрэг нийт 2.200.000 төгрөгийг нэхэмжилнэ, хохирогч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд ...230.000 төгрөгөө гаргуулж авмаар байна гэх тул шүүх шүүгдэгч С.Даас 1.100.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Бт олгохоор, 230.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Эд тус тус олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч С.Д нь хохирогч нарт хохирол төлбөр төлөхөөр шүүх хуралдаанд завсарлага авч хохирогч С.Бт 1.100.000 төгрөг, хохирогч Л.Эд 230.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгч С.Дыг хохирогч С.Б, Л.Э нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Мөн гэмт хэргийн улмаас хохирогч М.Цд 6.195.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Санал хүсэлт байхгүй. Би алдагдсан эд зүйлүүдээ бүрэн бүтэн хүлээж авсан. /хх-ийн 126 дахь тал/ гэснээр шүүгдэгч С.Дыг хохирогч М.Цд төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Д нь Э.Мтай бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн С-ын Д, С овгийн Э-ийн М нарт холбогдох 2128003080159 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч С.Д нь хохирол төлбөр төлөхөөр шүүх хуралдаанд завсарлага авсан боловч шүүхийн шатанд оргон зайлж, тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 116 дугаартай шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, тодорхой үр дүн гараагүй, шүүгдэгч Э.М өөрт холбогдох хэргээ тусгаарлаж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч С.Дт холбогдох хэргийг  2128003080159 тоот хэргээс тусгаарлаж, Цагдаагийн байгууллага шүүгдэгчийг олж ирүүлсний дараагаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч С.Дыг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Дын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч С.Дын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэлтэй /2хх-ийн 43 дахь тал/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 50-59 дэх тал/ Мандал-Овоо сумын Баянхошуу багийн засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 298 дугаартай тодорхойлолтод: С.Д нь тус багийн үндсэн харьяат байнгын оршин суугч иргэн мөн болохыг тодорхойлов /хх-ийн 38 дахь тал/, Мандал-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай тодорхойлолтод: С.Д нь тус сургуульд 2004-2010 оны хооронд сурч төгссөн нь үнэн болно /хх-ийн 39 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Э.М нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч ... С.Дын зүгээс Б, Буджав, Эрдэнээ нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мд 1.980.000 төгрөгийн хохирол төлөхөөр байгаа. Тэгэхээр хохирол төлбөрөө төлсөн, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан хуульд зааснаар 2 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байгаа учраас 2 жил, 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлт тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, зарим хохирогч нарт хохирол төлбөр төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж хуульчилсан тул шүүгдэгч С.Дын 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл баривчлагдсан 2 хоног, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 59 хоног, нийт 61 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч С.Дын эдлэх хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Дт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч С.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Д нь 61 хоног цагдан хоригдсон, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мд 1.980.000 төгрөгийн төлөх төлбөртэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн С-ын Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч С.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дын эдлэх 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дын 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл баривчлагдсан 2 хоног, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 59 хоног, нийт 61 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даас 1.980.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М д олгож, хохирогч М.Ц, Л.Э, С.Б, С.Б нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 7. Шүүгдэгч С.Д нь 61 хоног цагдан хоригдсон, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мд 1.980.000 төгрөгийн төлөх төлбөртэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

       8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА