Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/97

 

 

2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр                      Дугаар 2022/ШЦТ/97                                         Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Б.Г,

Хохирогч: Н.Б,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х эмгэн овгийн Б-ын Г-т холбогдох 2228000000102 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, 0167 дугаар цэргийн ангийн байранд Н.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бие эрх чөлөөнд нь халдан зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Гыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

 

Хохирогч Н.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Цэргийн 0167 дугаар ангийн байрны хойд талд гэрт Ганзориг гэх хүнтэй архи ууж байсан. Энэ хүн нойл руу явж байгаад манай үүд дээр ирэхээр  нь би манайд ор гэж хэлсэн. Ганзориг тасраад унтсан байсан. Хэдүүлээ тарцгаая гэх хэлээд зодоон болсон. Намайг хэд хэдэн удаа цохиж авахаар нь би дүү охиноо дуудсан. Манай дүү охин ирж хориход яваагүй. Дүү охиныг түлхчихээд гэр тойрч гүйж ирээд намайг зуух руу түлхсэн.

 

Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 07 сарын 26-ны өдөр би Ганзориг гэх найзтайгаа гэртээ архи ууж байсан. Тэгээд Ганбаатар нойл руу явж байгаад манай гэрийн үүдэнд ирэхээр нь би ор ор гэж хэлээд оруулсан. Тэгээд Ганзориг архи уугаад унтчихсан, Ганбаатар бид 2 архи ууж суусан. Архи дуусахаар нь за хэдүүлээ одоо больё гэхэд Ганбаатар гэрээс гаралгүй намайг толгой руу цохиод байхаар нь би дүүгээ дуудаад ахыг нь хүн зодоод байна гэж хэлсэн. Тэгээд дүү ирээд Ганбаатарыг явуулах гээд 2, 3 удаа гэрээс гаргахад Ганбаатар явахгүй буцаж гэрт орж ирээд байсан. Тэгээд дүү охин буцаагаад гаргах гэсэн чинь Ганбаатар манай дүүг түлхэж унагаагаад гэр тойрч гүйж ирээд намайг зуух руу түлхэж унагаагаад араас цохиод байсан. Тухайн үед миний нүдний зовхины дээд талаас цус гоожиж байсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа ирээд Ганбаатарыг аваад явсан.  Ганбаатар манай гэрт орж ирэхдээ архи уусан байсан. Тэгээд Ганзориг бид 2 Г-тай хамт 0.5 литрийн Чанар гэдэг архи хувааж уусан. Өөр архи уугаагүй. /хх-ийн 09-10 дахь тал/

 

Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 07 сарын 25-ны өдөр Хурд сервис дээр машинаа янзлуулж байхад манай ах над руу залгаад ах нь хүнд зодуулаад байна гэхээр нь Хурдын урдаас такси бариад офицеруудын байрны гадаа очсон. Тэгэхэд манай ах нэг хүнтэй маргалдаад зогсож байсан. Би голоор нь ороод ахыгаа аваад гэр рүүгээ орох гээд Ганзориг гэх хүнийг дагуулаад гэртээ ороод амар гээд ахыгаа аваад гэртээ орсон. Тэр ахтай маргалдаж байсан хүн араас нь орж ирээд маргалдаад ах чи манай дүүг байхгүй байхад намайг 2, 3 удаа шанаадсан, одоо манай дүүг байхад намайг зод гэхэд чамайг ална шүү гэсэн. Тэгээд би тэр хүнийг гэрээсээ 2, 3 удаа гаргасан. Тэгэхэд хамгийн сүүлд нь гаргахад тэр хүн буцаж орж ирэхээр нь би гаргах гэж түлхэх үед миний шанаа хацарт хүрээд байхаар нь би яагаад миний биед халдаад байгаа юм гэхэд би чиний биед халдаж болдоггүй юм уу гэхэд манай ах чи яагаад миний дүүгийн биед хүрээд байгаа юм гэсэн. Тэгэхэд тэр эрэгтэй намайг гэрийн баруун тал руу түлхээд гэрийн зүүн талаар тойроод манай ах зуухны хажууд зогсож байхад очоод хүзүүнээс нь барьж аваад толгойг нь зуух руу нааж байгаад ар дагз руу нь олон удаа цохиж байсан. Тэгээд би очиж салгах гэж байгаад тэр хүнд өөрөө 2, 3 удаа цохиулсан. Тэгээд ахын хамар, хөмсөгний дээд хэсгээс цус гарсан. Тэгээд тэр хүн ахаас холдохоор нь би гэрээс гаргачихаад цагдаад дуудлага өгсөн. /хх-ийн 11-12 дахь тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 369 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Бын биед духанд шарх, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Н.Бын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Н.Бын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 24-25 дахь тал/

 

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Ахын дүү шинэ ирсэн юм уу” гэхээр нь би тиймээ гэхэд “Байрны ард байдаг гэрийг мэдэх үү? Ах нь тэнд байдаг шүү” гэхээр нь би хувцасаа янзалчихаад очно гэж хэлсэн. Тэгээд би хувцасаа янзалчихаад гэрт нь очиход 2 хүнтэй хамт гурвуулаа архи уугаад сууж байсан. Намайг дээшээ суу гээд 1 хундага архи хийж өгөхөөр нь би уухгүй гэхэд “За ахын дүү ганц удаа уучих” гэхээр нь би нэг удаа уусан. Тэгээд дараа нь архи өгөх тоолонд нь би уусан. Тухайн архи нь дуусахад хамт сууж байсан нэг хүн нь цүнхнээсээ 1 ширхэг архи гаргаж ирсэн. Тэгээд байж байтал Бүрнээбаатарын дүү нь орж ирээд уурлаад намайг хөөж гаргасан. Тэгээд намайг гарахад Бүрнээбаатар эргэж намайг оруулсан. Тэгээд сууж байтал дахиад дүү нь орж ирээд уурлахад Бүрнээбаатар дүүтэйгээ маргалдсан. Би Бүрнээбаатарт эмэгтэй хүнтэй битгий маргалд гэж хэлэхэд намайг Бүрнээбаатар ар шилэн хүзүүнээс татаад “Ах нь чамаас удаан ажиллаж байгаа юм байна” гэж хэлээд зүүн шанаа руу 1 удаа алгадахад би зөрүүлээд шанаа руу нь цохьсон. Тэгээд бид 2 хоорондоо маргалдахад дүү нь цагдаа дуудсан. /хх-ийн 24 дэх тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 46 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дэх тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 37 дахь тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 38 дахь тал/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 67-71 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Н.Б, шүүгдэгч Б.Г нар нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, 0167 дугаар цэргийн ангийн байранд маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Б.Г нь хохирогч Н.Бын бие эрх чөлөөнд нь халдан зодсон үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч Н.Бын мэдүүлэгт: ...Тэгээд дүү ирээд Ганбаатарыг явуулах гээд 2, 3 удаа гэрээс гаргахад Ганбаатар явахгүй буцаж гэрт орж ирээд байсан. Тэгээд дүү охин буцаагаад гаргах гэсэн чинь Ганбаатар манай дүүг түлхэж унагаагаад гэр тойрч гүйж ирээд намайг зуух руу түлхэж унагаагаад араас цохиод байсан. /хх-ийн 09-10 дахь тал/

Гэрч Т.А-ийн мэдүүлэгт: ...Тэгэхэд тэр эрэгтэй намайг гэрийн баруун тал руу түлхээд гэрийн зүүн талаар тойроод манай ах зуухны хажууд зогсож байхад очоод хүзүүнээс нь барьж аваад толгойг нь зуух руу нааж байгаад ар дагз руу нь олон удаа цохиж байсан. Тэгээд би очиж салгах гэж байгаад тэр хүнд өөрөө 2, 3 удаа цохиулсан. Тэгээд ахын хамар, хөмсөгний дээд хэсгээс цус гарсан. /хх-ийн 11-12 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Бын эрүүл мэндэд духанд шарх, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 369 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 дахь тал/-ээр  тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 369 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...хэсэг газрын үзлэгт духны баруун хэсэгт хөмсөгний дээд хэсэгт 2.2*0.2 см хэмжээтэй мэс заслын оёдол тавигдсан язарсан шархтай. Барууны шууны ар дээд хэсэгт 1*1 см, 1*0.5 см хэмжээтэй тавшсан зулгаралттай /хх-ийн 25 дахь тал/ гэх ба уг тавшсан зулгаралттай шарх нь тухайн хэргийн нөхцөлд үүссэн эсэх нь эргэлзээтэй боловч духны баруун хэсэгт хөмсөгний дээд хэсэгт 2.2*0.2 см хэмжээтэй мэс заслын оёдол тавигдсан язарсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах буюу тухайн хэргийн нөхцөлд хохирогчийн биед учирсан шинэ гэмтэл болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дахин шинжээч томилох буюу шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүхэд ирүүлсэн хавтаст хэргийн хүрээнд шийдвэрээ гаргах боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, 0167 дугаар цэргийн ангийн байранд Н.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бие эрх чөлөөнд нь халдан зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоор хуульчилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээс дүгнэхэд хохирогч Н.Б нь өөрийн гэрт архидан согтууралт зохион байгуулсан, шүүгдэгч Б.Гыг дуудаж архи уусан, улмаар шүүгдэгчийн эрүүл мэндэд хохирогч Н.Б эхэлж халдсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх ба тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлд хамаарч байна.

Хохирогч Н.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжилж байгаа зүйлийн хувьд 1.000.000 орчим төгрөг нэхэмжилж байна....” гэж мэдүүлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Бт хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан ба улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад эмчилгээний төлбөрт 263.074 төгрөгийн 9 ширхэг эм авсан е баримт, 15 хоног өдрийн 35.000 төгрөгөөр буюу нийт 525.000 төгрөгөөр толгой бариулна гэх баримт 2 хуудас, 64.770 төгрөгийн эм авсан гэх гар бичмэл 1 хуудас, нийт 704.324 төгрөгийн эм тариа, бариа засал хийлгэсэн талаар бичсэн гар бичмэл хэрэгт хавсаргуулсан гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 98.250 төгрөгийг шүүгдэгч Б.Гаас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Бт олгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт ...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилжээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 369 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...хэсэг газрын үзлэгт духны баруун хэсэгт хөмсөгний дээд хэсэгт 2.2*0.2 см хэмжээтэй мэс заслын оёдол тавигдсан язарсан шархтай гэж бичигдсэн байх тул хохирогч Н.Бын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 36.000 төгрөгөөр томограффикийн зураг авахуулсан баримт, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сувдбаяр фарм эмийн сангаас гальвусмет 51.000 төгрөг, зилт 75 мг 11.250 төгрөгийн баримтуудад хохирогчийн нэр хаяг тодорхой бичигдсэн байх тул шүүх дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогчийн зүгээс хавтаст хэрэгт гаргаж өгсөн хохирол төлбөрийн нотлох баримтуудаас гар бичмэлээр бичсэн эмийн баримтууд, Эй энд би айлиа ХХК-ийн 64.770 төгрөгийн гарч бичмэл, аспирин, конкор 5828 төгрөг, юмдүүжин ибупропен индомон метронидазол 18.500 төгрөг, цитромакс 2100 төгрөг, индомон метронидазол 8600 төгрөг, бидоп дротаверин 13646 төгрөг, параденк 1700 төгрөг, тарианы хөвөн дуслын систем 37.200 төгрөг зэрэг баримтуудад бичигдсэн эм тариа, витамин С, D зэрэг нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтэлтэй холбогдуулж хохирогч зайлшгүй хэрэглэх шаардлагатай гэх амбулаторийн картад бичигдсэн эмчийн тэмдэглэгээгүй, түүнчлэн дээрх эм, тариа дуслыг хаана хэрхэн хэн хийлгэснийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хохирогч Н.Бын нэр, хаяг бичигдээгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэн хохирогчийн нэхэмжлэлээс 606.074 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн хохирогч Н.Б бариачид 15 хоног толгойгоо бариулсан, нэг удаагийн бариаг 35.000 төгрөгөөр тооцож нийт 525.000 төгрөг нэхэмжилсэн ба Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 369 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хохирогч Н.Бт тархи доргилт гэмтэл учирсан талаар дурдаагүй тул шүүх шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид тархи доргилт гэмтэл учирсан гэж үзэн нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Энх-Амар гэх иргэн бариач мөн эсэх, Энх-Амар гэх иргэнээр хохирогч Н.Б бариа засал хийлгэсэн эсэхийг тодруулж түүнээс гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийх боломжтой боловч энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.Гын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлтэй...” /хх-ийн 43 дахь тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 837 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78-81 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Г нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Б.Г нь өөрийгөө өмгөөлж ... Дахиж ийм алдаа гаргахгүй. Нэртэй төртэй зүтгэж ажиллана гэх тайлбарыг гаргав.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Н.Бт 98.250 төгрөгийн төлбөртэй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч Х эмгэн овгийн Б-ын Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гаас 98.250 /ерэн найман мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б /-т олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Бын нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 606.074 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч Н.Бт 98.250 төгрөгийн төлбөртэй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА