Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтайваны Чингис |
Хэргийн индекс | 105/2022/1087/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1126 |
Огноо | 2022-07-25 |
Зүйл хэсэг | 20.17.1., |
Улсын яллагч | Г.Билгүүн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1126
2022 07 25 2022/ШЦТ/1126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Г.Билгүүн,
Шүүгдэгч Т.Э- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Т-ийн Э-д холбогдох 2206 00000 0571 дугаартай хэргийг шүүх 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо Хангайн 0 дугаар гудамж 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх-0000000, Ц овогтой Т-ийн Э-.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Э- нь 2022 оны 1 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар байрны 0 тоот буюу тусгайлан тохижуулсан байранд, олон тооны хүмүүс цуглуулан, ашиг олох зорилгоор, хөзөр ашиглан, “Техас покер” гэх нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э- мэдүүлэхдээ: “…Цагаан сар болох гэж байсан. Тэр тоглосон хүмүүс нь дандаа таньдаг хүмүүс байсан. Тэд нар “чи байр бэлдээд кофе, цай дөхүүлээд өгчих, бид нар түрээсийн мөнгө гээд хэдэн төгрөг өгье, цагаан сар болох гэж байхад боов, буузныхаа мөнгийг хийгээд авахгүй юу” гэхээр нь “за тэгье“ гээд хүнээс байр гуйгаад тоглож эхлээд 30 минут орчим болж байтал цагдаа нар орж ирсэн...” гэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/, эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-8-15/, гэрч М.Баттогтохын өгсөн мэдүүлэг /хх-21/, гэрч Б.Э-гийн өгсөн мэдүүлэг /хх-23/, гэрч Н.Амарзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-25/, гэрч М.Энхмаагийн өгсөн мэдүүлэг /хх-27/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-16-17/, шүүгдэгч Т.Э-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/, Т.Э-гийн гаргасан хүсэлт /хх-61/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Т.Э- нь 2022 оны 1 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар байрны 0 тоот буюу тусгайлан тохижуулсан байранд, олон тооны хүмүүс цуглуулан, ашиг олох зорилгоор, хөзөр ашиглан, “Техас покер” гэх нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Баттогтохын өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн орой 23 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад Баяраа ахаас 100.000 төгрөгөө уулзаж авах санаатай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байранд очсон. Тэр байранд очиход хүмүүс покер тоглоод сууцгааж байсан. Би тэр тоглоомд оролцоогүй, зүгээр зогсож байгаад яг гарах гэсэн чинь цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Э-гийн өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө найзууд болох Ихбаяр, Амарзаяа нарын хамт гэртээ харих гээд явж байсан чинь Ихбаяр руу нэг хүн залгаад, Ихбаяр тоглолоо гээд Амарзаяа бид хоёрыг дагуулаад Сансарын хуучны 5 давхар руу очсон. Тэгээд тэр байранд ороход тоглоомын ширээ тавьчихсан, 8-9 хүн байж байсан. Тэгээд Ихбаяр тоглоно гээд Амарзаяа бид хоёр хажуугийн өрөөнд сууж байсан юм. Тэгээд тэднийг тоглож байхад хүмүүс нэмэгдсээр байгаад нэлээн олон хүн болчихсон байсан. Тэгж байтал миний сууж байсан өрөөний цонхоор цагдаа нар орж ирсэн. ...Тэнд байсан хүмүүс техас покер тоглож байсан...” гэх мэдүүлэг /хх-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Амарзаяагийн өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө найзууд болох Ихбаяр, Э- нартай уулзчихаад гэртээ харих гэж байхад Ихбаяр руу нэг хүн байн байн залгаад дуудаад байсан. Тэгээд Ихбаяр ийшээ нэг айлд очоод ирье гээд Э- бид хоёрыг дагуулаад Сансарын хуучны 5 давхар байр руу орсон. Тэнд ороод Э- бид хоёр нэг өрөөнд тамхи татаад сууж байсан. Тэгэхэд хүмүүс нэмэгдсээр байгаад аймар олон хүмүүс цугласан. Тэгээд тэд нар хөзөр тоглож байсан. Э- бид хоёр тэр тоглоомыг нь мэддэггүй болохоор тоглоомд оролцоогүй. ...Тэгээд л сууж байтал цагдаа нар цонхоор ороод ирцгээсэн” гэх мэдүүлэг /хх-25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Энхмаагийн өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн орой 21, 22 цагийн үед таньдаг ах Э- над руу залгаад хүрээд ирээч гээд дуудсан. Тэгээд манай ажил амарч байсан болохоор Э- ахынд очсон. Намайг анх ороход 4 эрэгтэй хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд удалгүй хүмүүс нэмэгдсээр байгаад арваад хүн цуглачихсан. Цаад тоглоомынх нь өрөөнд 7 хүн сууж байх шиг байсан. Харин би хажуу талийх нь өрөөнд сууж л байсан. Тэгээд тэнд байгаа хүмүүст цай кофе найруулж өгөөд үйлчилж байсан. Намайг тэгж үйлчилсний төлөө Э- ах ямар нэгэн хөлс төлөөгүй, харин дараа нь болно оо, мөнгө өгнө гэж хэлж байсан. Тэгээд хүмүүс тоглож байхад пижигнээд цагдаа нар ороод ирсэн.” гэх мэдүүлэг /хх-27/,
Гэмт хэргийн талаарх “...2022 оны 1 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны 4-р орц, 2 давхрын 55 тоотод мөрийтэй тоглоом зохион байгуулж байна гэх...” гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/,
Эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-8-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Э-гийн гаргасан “... хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна...” гэх хүсэлт /хх-61/
Шүүгдэгч Т.Э-гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Т.Э- нь 2022 оны 1 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дугаар байрны 0 тоот буюу тусгайлан тохижуулсан байранд, олон тооны хүмүүс цуглуулан, ашиг олох зорилгоор, хөзөр ашиглан, “Техас покер” гэх нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Т.Э-гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Батхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Т.Э-д оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Э- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц овогт Т-ийн Э-г “ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д 500 нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Э-д сануулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн саарал өнгийн хайрцагтай покерын читон, хөзрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС