| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2018/03131/И |
| Дугаар | 102/ШШ2018/02786 |
| Огноо | 2018-09-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2018/02786
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Э
Хариуцагч: П Ю Н
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.О
хариуцагч П.Ю.Н
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Э миний бие нь 2009 онд Н.Ютэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 09 сарын 11-нд охин Э төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2016 оноос салж тус тусдаа амьдарсан. Тэр үеэс хойш охин маань миний асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Ю.Э охинд тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Э Н.Ю нар нь 2009 онд танилцан хамтран амьдарч байгаад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр охин Ю.Э нь төрсөн. Зохигчид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. Зан харилцааны таарамжгүй байдлын улмаас Ч.Э Н.Ю нар нь 2016 оноос хойш тусдаа амьдарсан. 2016 оноос хойш охин Ю.Эийг нэхэмжлэгч Ч.Э өөрийн асрамжид өсгөж, хүмүүжүүлж байгаа. Тиймээс хариуцагч Н.Югээс охин Ю.Эд тэтгэлэг гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Хүүхэд нь одоо 6 настай. Нэхэмжлэгч охиноо Н.Ютэй уулзуулахгүй байгаа нь том шалтгаантай. Би нэхэмжлэгч болон бусад хүмүүсээс сонссон. Энэ нь Н.Югийн өөрийнх нь зохион байгуулалт, сахилга баттай холбоотой. Н.Ю нь архины хамааралтай хүн, маш их хэмжээгээр архи уудаг. Архи уусан үедээ зүгээр байдаггүй. Н.Ю нэг биш удаа нэхэмжлэгчид гар хүрч байсан. Энэ хоёр хүн хамтран амьдраад амьдралаа дээш нь татъя гээд хамт Солонгос улсад амьдарч байсан. Гэтэл Н.Ю Солонгос улсад хүртэл эхнэрээ зодож, хөөгөөд эхнэр нь Солонгос улсын хамгаалах байранд хүртэл байж байсан. Одоо өсөж, торниж байгаа хүүхэд рүү Н.Ю дандаа согтуу үедээ залгаж ярих гэдэг. Хэдийгээр Гэр бүлийн тухай хуульд хүүхэд эцэг эхтэйгээ уулзах эрхтэй боловч жаахан хүүхэдтэй согтуу үедээ ярьж уулзах гэж байгаа учраас уулзуулдаггүй. Иймд бид маш болгоомжтой хандаж байгаа. Н.Ю эрүүл саруул үедээ охинтойгоо уулзах хүсэлтэй байгаа бол уулзуулна. Согтуу үедээ охинтойгоо уулзвал сайнаар хүлээж авахгүй байх.
Хариуцагч П.Ю.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Эгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус нэхэмжлэлд дурдснаар Ч.Э бид хоёр 2009 оноос эхлэн хамтран амьдарч, 2012 онд охин Э маань төрж, бид ямарч асуудалгүй сайхан амьдарч байсан. Харин 2016 оноос эхлэн бидний хооронд үл ойлголцох асуудлууд бага сагаар гарч байсан боловч би тухайн үед өнөөдрийнх шиг ийм байдалд хүрнэ гэж огт бодож байгаагүй. Ингээд бид 2016 оноос тусдаа амьдарч эхлэсэн боловч миний бие охин Этэйгээ удаа дараа уулзах гэж очиж, зарим үед утсаар ярих гэсэн боловч Ч.Э болон түүний ар гэрийнхэн нь огт уулзуулдаггүй, яриулдаггүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар миний үр хүүхдээ асран хүмүүжүүлэхэд эцэг хүний эдлэх ёстой эрх үүрэгт минь удаа дараа халдаж, зөрчиж байсан. Би ч гэсэн эцэг хүний хувьд охин үртэйгээ уулзах, хүүхдээ өсөж том болоход эдийн засгаар болон сэтгэл санаагаар туслаж дэмжихийг маш их хүсдэг. Энэ тухайгаа ч Ч.Эд олон ч удаа хэлж байсан боловч Ч.Э нь удаа дараа элдвээр хэлж, охинтой минь хэзээ ч уулзуулахгүй, бид 2 салсан болохоор охинтой чинь уулзахыг зөвшөөрдөггүй тухай Монгол улсын хууль байдаг, чамайг охинтойгоо уулзахыг чинь харнаа гэж удаа дараа хэлж байсан. Тийм мессэж хүртэл бичиж байсан. Би хэдий орос иргэншилтэй иргэн ч гэсэн Монгол улсад бүртгэлтэй Монгол улсын иргэн. Монгол улсын хууль дүрэмд захирагдаж амьдардаг. Гэтэл энэ хүн хаанаасаа ийм хууль харчихаад дур зоргоороо аашилж, миний эрхэнд халдаад байгааг ойлгохгүй байна. Ч.Э нь өнөөдрийн байдлаар Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд охин минь Ч.Эгийн ах дүү нартай нь хамт амьдарч байгаа. Хэрэв Ч.Э нь үнэхээр үр хүүхдээ гэж бодож байдаг юм бол ядаж эх хүний нинжин сэтгэл гаргаад элэг бүтэн өсөж чадахгүй байгаа хүүхдийг минь ээж нь өөрөө хамт байж чадахгүй байгаа ч гэсэн яагаад эцэг нь гэж байгаа надад үлдээж явж болоогүй юм бэ? Би чинь ядаж энэ хүнтэй хамт амьдрах эрхгүй ч гэсэн үр хүүхдээ асран халамжлах эрхтэй эцэг хүн шдээ. Эсвэл энэ хүний хэлээд байгаа шиг бид салсан бол надад үр хүүхэдтэйгээ уулзах, асран халамжлах эрх нь миний хувьд хаалттай байдаг юм уу. Ямар үндэслэлээр энэ хүн дур зоргоороо аашилж байгааг ойлгохгүй байна. Би тус нэхэмжлэлд дурдсанаар тэтгэлэг гаргуулах асуудалд маргаан гаргаагүй, харин хүүхдийг асран халамжлах тал дээр адил тэгш эрхтэй оролцож чадахгүй байгаадаа гомдолтой байна. Би хэдий эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдарч чадахгүй байгаа ч гэсэн эцэг хүний хувьд өөрийн мах цусны тасархай болсон охин үрээ маш их санаж, уулзахыг маш их хүсдэг. Гэтэл 2016 оноос өнөөдрийг хүртэл Ч.Э нь үр хүүхэдтэй минь уулзуулахгүй байгаад маш их гомдолтой байна. Иймд та бүхэн миний энэхүү эцэг хүний үрээ гэсэн сэтгэлийг минь ойлгож, эцэг байх эрхийг минь энэ хүнд ойлгуулж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран халамжлах эрхээр минь хангаж өгөхийг хүсэж байна.
Хариуцагч П.Ю.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Намайг хүүхэдтэй маань ерөөсөө уулзуулдаггүй. Би хүүхдээ тусдаа амьдарснаас нь хойш хараагүй. Утсаар ч яриулдаггүй. Би сардаа нэг, хоёр ч удаа болтугай хүүхэдтэйгээ уулзахыг хүсч байна. Намайг утасдах бүрт согтуу байдаг гэж яаж мэдэж байна вэ. Би үргэлж согтуу байдаггүй. Солонгос улсад байх хугацаанд согтуу байхдаа цагдаад барьж өгсөн гэдэг. Яг үнэндээ Ч.Э тэндээ өөр хүнтэй болоод намайг улаан цайм цагдаад барьж өгөөд явуулсан. Солонгос улсад ажил хийж байхдаа олсон мөнгөө Ч.Эгийн сургуулийн төлбөрт л өгдөг байсан. Солонгос улсаас би баригдаж, Монгол улс руу ирэхдээ ямар ч мөнгөгүй л ирсэн. Би тэнд байх хугацаандаа билетээ сунгаад л байж байдаг байсан. Үнэхээр би зодож, цохидог байсан бол яагаад намайг цагдаад өгөөгүй юм.
Шүүх нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, Ю.Эийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:
1. Ч.Э, П.Ю.Н нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаанд 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр охин Ю.Эийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Ч.Эгийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч П.Ю.Ноос хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Ю.Эийг сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно. Охин Ю.Э нь Улаанбаатар хотод амьдарч байх тул түүнд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамаарч тэтгэлэг тогтоогдоно.
3. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эмнэлгийн болон хорооны тодорхойлолтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнээс хамааран тодорхой хувиар тооцдог бөгөөд хүүхдийн тэтгэлгийн нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлно. Тэжээн тэтгүүлэгч Ю.Э нь 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, одоо 6 настай тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тогтоогдоно. Улаанбаатар хотод амьжиргааны доод түвшингийн хэмжээ 198600 төгрөгөөр тогтоогдсон байна. Иймд хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ сар бүр 99300 төгрөг болох бөгөөд нэхэмжлэлийн үнийг уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тогтооно. Хариуцагч нь нэг жилийн хугацаанд охин Ю.Эд 1191600 төгрөгийн тэтгэлэг төлөхөөр байна. Үүнээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тооцвол хариуцагч 33148 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 37052 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Ю.Ноос 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Ю.Эийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Ю.Н нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 33148 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас илүү төлсөн 37052 төгрөг, хариуцагч П.Ю.Ноос улсын тэмдэгтийн хураамжид 33148 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Эд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА