Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/730

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

Улсын яллагч: Ж.Баянжаргал,

Шүүгдэгч: Д.А,

Шүүгдэгч: Б.Б, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сээрдэн овогт Баянжаргалын Б, Шаз овогт Доржийн А нарт холбогдох эрүүгийн 2211 00000 1322 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол улсын иргэн, Д.А, 1989 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, 21 дүгээр хороо Нефть баазын 10в-43 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар .....

 

2. Монгол Улсын иргэн, Б.Б, 1983 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Увс аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, төрсөн ахын хамт Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 26-39 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ы өдрийн 1743 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 450 нэгжтэй тэмцэн хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар ...

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

2022 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ойн дурсамж нэртэй амралтын газарт шүүгдэгч Д.А нь очиж тус амралтанд амарч байсан нөхөр Баянмөнх, түүний найз Б.Б үл таних 2 эмэгтэйн гэрт орж хохирогч Б.Бтой маргалдан архины шилээр цохиж зодон хагархайгаар нь зүсэж нуруунд шарх, зулгаралт, зүүн бугалга, цээж, хэвлийд зулгаралт, цээж зүүн хөх, зүүн даланд цус хуралт, баруун болон зүүн гарын шуунд шарх, зүүн тохой, шуу, зүүн бугалганд зулгаралт бүхий гэмтэл шүүгдэгч Б.Б нь гар, тогооны таг, галын тахир төмрөөр хохирогч Д.Аг цохиж зүүн доод эрүү, баруун шуу, баруун гуяны цус хуралт бүхий гэмтэл учруулсан байна. Энэ үед гэрт байсан 2 эмэгтэй гарч зугтсан бөгөөд шүүгдэгч Д.Агийн нөхөр Баянмөнх согтуу унтаж байсан болох нь:

 

Шүүгдэгч Д.Агаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд нэмж мэдүүлэх зүйлгүй..”

Шүүгдэгч Б.Боос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Тэр өдөр найз Баянмөнхтэй ажил ярихаар уулзаж салхинд гарч 1 шил архи уусан. Д.А ирээд хэрүүл маргаан болсон тэгээд над руу дайрсан. Миний биеийг зүсч цус гарсан..”

Шүүгдэгч Д.Агаас шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “..Тэр үед зүүн шанаа, гуяны дотор тал хөхөрсөн байсан. Тэр үедээ хөхөрсөнг эмчлээгүй. Одоо гомдол саналгүй..”

Шүүгдэгч Б.Боос шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “..Надад гэмтэл учирсан сорви байгаа. Миний нуруун дээрх сорви арилаагүй байгаа. Цус бохирдсон тул хатиг гарсан гэж эмч хэлсэн. Д.А нь манай найзын эхнэр. Цус алдаад бохир ороод бохирдсон..” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ойн дурсамж гэх амралтын газар найз Баянмөнхийн хамт миний танил хоёр эмэгтэй дүүг авч очоод, нэг 0.75 литрийн хэмжээтэй 1 шил Чингис нэртэй архи хувааж уугаад сууж байтал гаднаас Баянмөнхийн эхнэр орж ирээд үгийн зөрүүгүй над руу дайраад гартаа таарсан болгоноо бариад цохиод байсан юм, тэгээд сүүлдээ ширээн дээр байсан 0.75 литрийн хэмжээтэй Чингис архины шилийг барьж над руу дайртал шил нь хагараад, барьж байсан хагархай шилээрээ миний нуруу, бие хэсэг рүү цохиход нь би зүүн гараараа өөрийгөө хамгаалахад миний зүүн гарыг шууг хэд хэдэн удаа цохиж, миний гарыг хагархай архины шилээрээ зүссэн юм. Дараа нь би эмнэлэгт үзүүлэхэд би зүүн гарын шуун дээрээ нийт 7 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-15-17, 26-27/,

 

Хохирогч Д.Агаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр Баянмөнх нь Бтой хамт Тэрэлжид очиж ажил хийх гэж байна гээд явсан юм тэгээд би тухайн өдрийн 23 цагийн орчим нөхрийнхөө гар утас руу залгаад утсаа авахгүй байхаар нь найз Бын гар утас руу залгаад, Баянмөнхтэй яръя гэсэн чинь бид хоёр Санзайд амралтанд ажил ярьж байна одоогоор чамтай яриулах боломж алга байна гээд тасалсан юм тэгээд би гэрээсээ гараад такси бариад 7-н буудлаас хойшхи амралтын газруудаар орж үзнэ гээд явж байтал Ойн жим гэх амралтын газар байхаар нь явж ороод гэрэл нь асаалттай чулуун гэрүүдийн гэрийн хаалгыг татаж үзтэл гол хавьд нь байсан нэг гэрийн хаалгыг татаад үзтэл манай нөхөр болон Б хоёр өөрсдөөсөө дүү хоёр охинтой байж байхаар нь би явж ороод та хоёр юу хийж байгаа юм гээд уурлаад орон дээр пивоны лааз байхаар нь аваад Б руу шидээд очоод гараараа цохиод авсан чинь намайг зөрүүлээд цохиод авсан учраас би ширээн дээр байсан архины шилийг аваад нуруу орчимд нэг удаа цохисон чинь миний барьж байсан шил хагарсан тэгээд би тухайн хагарсан шилээрээ Бын зүүн гарын шуу орчимд нь нэг удаа цохисон чинь гарнаас нь цус гарсан. Б намайг тухайн амралтын гэрт ортол надтай хэрэлдэж, гэрт байсан тогооны төмөр тагийг аваад, миний толгой руу нэг удаа цохиж, гуя руу маань галын дэгээ төмрөөр цохисон юм. Тэгэхээр нь ширээн дээр байсан архины шилийг аваад, цохисон, тэгээд миний зүүн талын эрүү рүү гараараа нэг удаа цохисон. Б намайг гэр лүү орох үед эхэлж цохисны улмаас бид хоёр хоорондоо зодолдсон асуудал үүссэн юм. Миний зүүн талын завж хөндүүртэй, баруун талын гуя хөндүүртэй байна толгой маш их өвдөж байна...” гэх мэдүүлэг /хх-22-24, 30-31/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 8863 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “..Б.Быг биед нуруунд шарх, зулгаралт, зүүн бугалга, цээж, хэвлийд зулгаралт, цээж зүүн хөх, зүүн даланд цус хуралт, баруун болон зүүн гарын шуунд шарх, зүүн тохой, шуу, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээж, зүүн хөхний цус хуралт, гэмтэл нь мохоо зүйлийн тус бүх нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь хурц ир ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-47-48/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 9002 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “..Д.Агийн биед зүүн доод эрүү, баруун шуу, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт/хх-43-44/  , шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-86/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67/, шүүгдэгч Д.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-96/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-94/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон Д.А, Б.Б нарт учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарах бөгөөд Д.А, Б.Б нар нь маргалдаж улмаар харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.А нь Б.Бтой маргалдаж улмаар цохиж зодон, биед нь биед нуруунд шарх, зулгаралт, зүүн бугалга, цээж, хэвлийд зулгаралт, цээж зүүн хөх, зүүн даланд цус хуралт, баруун болон зүүн гарын шуунд шарх, зүүн тохой, шуу, зүүн бугалганд зулгаралт хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.Боос шүүхийн хэлэлцүүлэгт : “..Би найзтайгаа суугаад ажил яриад сууж байхад тийм зүйл болсон. Би өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа. Өөрийгөө хамгаалаад хүний биед гэмтэл учруулсан. Би өөрөө хохирсон хэрнээ торгуулж байгааг зөвшөөрөхгүй байна..” гэж мэдүүлсэнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэх боломжгүй юм. Тэрээр хохирогч Д.Агийн биед учруулсан гэмтлийг биеэ хамгаалж байхдаа цохиж учруулсан гэж мэдүүлсэн нь тэрээр өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрсан гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.А, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.А, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох 2 үл таних эмэгтэйтэй нөхөр нь найзын амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байснаас болж маргаан үүссэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болох олон нийтийг хамарч хүнд хор уршиг учраагүй, гэр бүл найз нөхдийн хүрээнд үйлдэгдсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээсэн, харилцан хохирол нэхэмжлээгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тус тус 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад суух албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Ад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

 

Хохирогч  Д.А, Б.Б нар нь бие биедээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч  Д.А, Б.Б нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б, Д.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад суух албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш  3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.А, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.А, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.МӨНХБАЯР