Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1117

 

2022          09          12                                    2022/ШЦТ/1117

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Г.Лхагвасүрэн,

хохирогч: Б.Э,  

шүүгдэгч: М.Э нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Эд холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.08.30-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1977 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, гагнуурчин мэргэжилтэй, “Х” ХХК-д захирал ажилтай, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо 00-000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Боржигон овогт Мгийн Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 2 цагийн орчимд  Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын 00 дугаар гудамжинд хөрш айлын Б.Эийг заамдан нүүрэн тус газарт нь тохойлдон шахаж ноцолдсоны улмаас бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Б.Эийн: “Тэгээд шөнө 01 цаг өнгөрч байхад би хашаагаа цэвэрлээд байж байхад манай хажуу талын айлын залуу нэлээн согтуу гартаа цаасны хутга барьчихсан “п...а минь нааш ир” гэхээр нь өөдөөс нь “яасан ахаа” гээд очтол намайг шууд заамдаж аваад, хоолойноос боогоод миний шүд рүү тохойлдсон, тэгэхээр нь би зөрүүлээд тухайн залууг боосон. Гэтэл нөгөө залуугийн эхнэр гарч ирээд бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг /хх-6-13/,

- Гэрч Г.Гийн: “хашааны гадаа Б.Э гэх залуу манай нөхрийг газар боогоод унагаачихсан баруун гараа зангидаад манай нөхрийг яг цохих гээд байж байсан,  хажууд нь Тогтох, Дорж гэх 2 залуу хараад зогсож байхаар нь би нөхрийгөө Б.Эөөс салгаад нөхрөө авч хашаа руугаа явж байтал араас Б.Э “эгчээ танай нөхөр чинь намайг цохилоо шүү дээ, би уг нь өглөө танаас уучлал гуйгаа биз дээ” гээд орилоод байсан” гэх мэдүүлэг /хх-20-22/,

- Гэрч Н.Дийн: “Б.Э ахыг хөрш М.Э ах дуудсан чинь М.Э ах яваад очсон чинь М.Э ах шууд заамдаж аваад баруун гараараа нүүр рүү нь тохойлдсоноо хашааны хаалга хаачихсан....бид хоёрыг Э ах хоёр суганы үс минь ойртвол ална шүү гэж хэлээд ойртуулахгүй байсан. Тухайн үед Э ахын нүүр лүү Э ах баруун гарын тохойгоороо нэг удаа тохойлдсон. Цамцыг нь урсан байсан. М.Э маргалдсаны дараа гэртээ ороод М.Э миний шүдийг тохойлдоод хөдөлгөсөн гэж хэлээд хэлээрээ хөдөлсөн шүдээ хөдөлгөж байсан” гэх мэдүүлэг /хх-27/,

- Гэрч Н.Бын: “Б.Э ах яваад очсон чинь М.Э ах заамдаж аваад баруун гарын тохойгоор нүүр рүү тохойлдож байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-29/,

- Шүүх эмнэлгийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 9325 дугаартай “Б.Эийн биед 4 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-33-34/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч М.Эий хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Э нь хэрэг учрал болохын  өмнөх өдөр нь буюу 2022 оны 6 сарын 29-ний өдөр шүүгдэгч М.Эий хамтран амьдрагч Г.Ганпүрэвтэй маргалдсан байсан болох нь гэрч Г.Ганпүрэвийн “...орой 23цагийн орчимд манай хажуу хөрш айлын гадаа машин сигналдаад байхаар нь би ...хашааныхаа завсраар толгойгоо гаргаад хартал Э... байхаар нь “өө Жонон юм уу чи чинь ямар аймаар сигналддаг юм бэ” гэж хэлтэл өөдөөс Э “П...а минь би өөрийн хашаандаа яаж байхаа чамаар заалгах юм уу” гэж хэлэхээр би “чи хаусандаа амьдарч байсан ч хажуу хавирганыхаа хүмүүсийг хүндэлж амьдрах ёстой” гэж хэлсэн чинь өөдөөс “чи бол я...н авгай чамайг ямар хүнд гэдэг юм, чамайг хараана, хэвтэрт чинь үхүүлнэ” гэх зэргээр намайг харааж зүхэж доромжлоод бид хоёрын хооронд маргаан үүсэж байгаад салцгааж би гэртээ орж амарсан, тухайн явдлыг манай Э сонссон байсан. Тэгээд өглөө Э орж ирээд “за ёстой уучлаарай эгчээ, дүү нь ёстой эвгүй эвгүй юм хэлчихсэн байна, дүүгээ уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд уржигдар болсон асуудлыг Э сонссон байсан” гэх мэдүүлэг /хх-21/, хохирогч Б.Эийн ”6 дугаар сарын 29ний өдөр хашаагаа янзлаад байж байтал манай хажуу айлын зүс таних эмэгтэй надад хандан “хөөе хашаагаа ингэж барь, ингэ, тэг” гээд зааварлаад байхаар нь би юу ч дуугараагүй. Би кадастрын зурагт орсон хэмжээгээрээ л хашаагаа барьсан. Тэгэхэд “хашаагаа цаашаа тат” гэж хэл амаар доромжлоод байсан. Тэр эмэгтэй намайг “шээс минь” гээд доромжлоод байхаар нь би тэр эмэгтэйг “г...й минь чамд хамаагүй, би заасан хэмжээгээрээ л барина” гэж маргалдаад өнгөрсөн. Маргааш өглөө нь хажуу айлын эмэгтэйн гэрт ороод “муухай үгээр доромжилсонд уучлаарай, миний буруу” гэж уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-10-11/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Э нь хохирогч Б.Эийг эхнэрийг хэл амаар доромжилсонд дургүйцэн заамдан авч, нүүрэн тус газарт нь тохойлдон шахаж ноцолдсон ба Б.Э нь М.Эийг буцаагаад боож, газар унагах зэргээр зодолдсоны улмаас Б.Эийн бие махбодод “4 шүдний сулрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хохирогч Б.Эийн “заамдаж аваад хоолойноос боогоод миний шүд рүү тохойлдсон. Би зөрүүлээд тухайн залууг боосон” гэх мэдүүлэг /хх-20-22/, гэрч Г.Ганпүрэвийн “ ...хашааны гадаа Э манай нөхрийг газар боогоод унагаачихсан баруун гараа зангидаад манай нөхрийг яг цохих гэж байсан. ..нөхрөө салгаад хашаа руу авч орсон чинь араас “танай нөхөр чинь намайг цохилоо шүү дээ би уг нь өглөө танаас уучлалт гуйгаа биз дээ” гэж орилоод байсан.” гэх мэдүүлэг /хх-20-22/, гэрч Н.Дийн “Б.Э маргалдсаны дараа гэртээ ороод М.Э миний шүдийг тохойлдоод хөдөлгөсөн гэж хэлээд хэлээрээ хөдөлсөн шүдээ хөдөлгөж байсан” гэх мэдүүлэг /хх-27/, гэрч Н.Бын “М.Э ах Б.Э ахыг заамдаж аваад баруун гарын тохойгоороо нүүр рүү нь тохойлдож байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-29/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2022.07.05-ны өдрийн 9325 дугаартай “Б.Эийн биед 4 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-33-34/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2022.07.04-ний өдрийн 9344 дугаартай “М.Эий биед хүзүүнд цус хуралт, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-39/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Э нь хувийн сэдэлттэй, шууд санаатай үйлдлээр хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь баримтаар нотлогдож байх тул М.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Эий хууль бус санаатай үйлдлийн улмаас Б.Эийн биед “4 шүдний сулрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2022.07.05-ны өдрийн 9325 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.Э нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.Э нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг шүүгдэгч М.Эээс шаардах эрхтэй байна.

Хохирогч Б.Э нь шүүх хуралдаанд “байнгын шүд суулгуулахад 1 шүд 2,5 сая төгрөг, нийт 10 сая төгрөг болно гэсэн.  Хараахан эмчилгээ хийлгээгүй болохоор баримт байхгүй” гэж мэдүүлсэн ба шүүх хуралдааны дүгнэлт гаргах шатанд шүүгдэгч М.Этэй харилцан тохиролцож 2022.12.31-ний дотор 8 сая төгрөг авч өгөлцөхөөр тохиролцсон талаараа шүүхэд бичгээр илэрхийлсэн болно.

Иймд хохирогч Б.Эийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад хугацаа шаардлагатай байдлыг харгалзан түүний иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Э нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-42/

Шүүгдэгч М.Э нь хохирогчийн хохирол төлбөрийг сайн дураараа төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, хохирогч “хэлэх зүйлгүй” гэх, ”шүүгдэгчээс “дахин ийм үйлдэл гаргахгүй, хохирогчийн хохирлыг хэлсэн хугацаанд гаргаж өгнө” гэх тайлбарыг тус тус гаргаж оролцсон болно.

Шүүх дээрх нөхцөл байдал болон М.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, тогтвортой орлоготой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Мгийн Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Мгийн Эд 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчтой 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 8 сая төгрөгийг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Эийн арван хоёр сая таван зуун мянган төгрөгийн нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Б.Э нь шүдний эмчилгээ, төлбөр үйлчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон М.Эий оршин суух газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Эд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг М.Эд мэдэгдсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг компакт дискийг хохирогчид хүлээлгэн өгч, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ