Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0395

 

 

 

 

 

 

 

 

Ч.Д, С.Л нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ч.Д, С.Л, түүний өмгөөлөгч Ц.О

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Д, С.Л

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд Ц ХХК, Ц.О

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/****** дүгээр захирамж, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/****** дүгээр захирамж, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/****** дүгээр захирамжийн Ц.О-т холбогдох хэсэг, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/****** дугаар захирамжийн Ц.О, Ц ХХК-д холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/****** дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0159 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Д, С.Л

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н

Гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б

Гуравдагч этгээд Ц.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2023/0184/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Д, С.Л нар нь Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдуулж “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/****** дүгээр захирамж, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/****** дүгээр захирамж, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/****** дүгээр захирамжийн Ц.О-т холбогдох хэсэг, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/****** дугаар захирамжийн Ц.О, Ц ХХК-д холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/****** дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0159 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4, 44 дүгээр зүйлийн 44.8, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч Ч.Д, С.Л, түүний өмгөөлөгч Ц.О нар давж заалдах гомдолдоо:

“...Шүүх хэрэгт цугларсан материалыг судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Ц.О анх өргөдлөө өгөхдөө өндөр хүчдэлийн шугаман дор газар олгох нь хуулиар хориглосон байтал газар эзэмших өргөдөл өгчээ. Үүнийг төрсөн эгч Ц.А нь газар олгогч Нийслэлийн газрын албаны нөлөө бүхий хүн тул хүсэлттэйгээ хамт өгсөн кадастрын зурган дээр өндөр хүчдэлийн шугам ил тод харагдаж байдаг байтал үүнийг үл хайхран 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг даргын А/*** дүгээр захирамж гарсан. Энэ нь зөвхөн газрын албанаас газар олгохдоо өөр хоорондоо тал засдаг, эвлэрдэг байсныг эхний үйлдэл харагдаж байгааг өдгөө хэлэх цаг болсон.

...Ч.Д-д 2013 онд энэ газрыг худалдсан гэдэг нь 2013 оны намар А/****** дүгээр захирамжийг хүчингүй болгох мэдэгдэл авмагцаа хүчингүй болохоос нь өрсөж бусдад газар худалдах гэрээгээр халхавчлан мөнгө угаагаад тэр чигтээ зуларч алга болсон залилангийн шинжтэй гэмт хэрэг юм. Тэгэвч Ц.А хохирогч надад газраа шилжүүлж өгнө гэж хуурч далдуур өөрсдөө хууль бус захирамж хуйвалдан гаргаж 4 жилийг барахдаа хөөн хэлэлцэх хугацааг нь өнгөрүүлчихсэн байсан маш нарийн бодож боловсруулсан гэмт хэрэг гэж би үздэг. Зарсан эзэн нь Ц.О боловч газрын жинхэнэ эзэн нь Ц.А, түүний нөхөр Х.Ж нар юм.

...Гэвч энэ 2 дугаар заалтын төгсгөлд шүүх дүгнэхдээ “2012 оны Нийслэлийн Засаг даргын А/*** дүгээр захирамжаар Ц.О-т газар эзэмших гэрээ хийж, гэрчилгээ олгосон боловч Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний А/****** дугаар захирамжаар А/*** дүгээр захирамжийн Ц.О-т хамаарах заалтыг хүчингүй болгосонд тооцсон байх ба дээрх үйл явдлуудтай хэргийн оролцогчид маргахгүй байна” гэж худал тодорхойлсон. Хохирогч бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маш их маргаж байгаа, энэ тухай Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд маш тодорхой тусгасан байгаа.

...Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/****** дүгээр захирамж гарсантай холбогдуулж Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 400 м.кв газрыг үйлдвэрийн зориулалтаар Ц.О-т эзэмшүүлэхээр шийдвэрлэж, энэ захирамж гарсантай холбогдуулж Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/****** дугаар захирамжийг хүчингүй болгосонд тооцсон байна гэж шүүгч дүгнэжээ. Энд захиргааны шүүх засахгүй бол байж боломжгүй алдаа гаргасан байна. 2012 оны Нийслэлийн Засаг даргын А/*** дүгээр захирамжийг 2014 оны А/****** дугаар захирамжаар хүчингүй болгох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. А/****** дугаар захирамжаар 2012 оны А/*** дүгээр захирамжаар хүчингүй болгох үндэслэл байхгүй учраас А/****** дугаар захирамжийг хүчингүй болгосноор Ц.О-т газар олгох ямар ч боломж байхгүй. Ц.О-т газар анх олгосон 2019 оны Нийслэлийн Засаг даргын захирамж 2014 оны А/****** дугаар захирамжаар хүчингүй болсон хэвээр, А/****** дугаар захирамжийг хүчингүй болгох шийдвэр одоо болтол гараагүй байгаа тул Ц.О-т 2012 оноос хойш тус газрыг эзэмшиж байгаа гэж бардамнаж явдаг түүнийг нь дэмжиж хууль зөрчдөг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б, Санхүүгийн дарга Ц.А нар ажлаа хийхээ больсон.

...Нийслэлийн газрын албанаас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1-082544 дугаартай нотлох баримтын жагсаалтад 2016 оны Нийслэлийн Засаг даргын А/****** дүгээр захирамжаар Ц.О-т газар олгох, эзэмшүүлэх талаар гаргасан шийдвэртэй холбоотой хувийн хэрэг байхгүй байна гэжээ. Энэ нь А/****** дүгээр захирамжийг хуурамч бичиг баримт ашигласан хуульд нийцүүлж болохгүй байсныг нотолж байна.

...Газар эзэмших эрх нэхэмжлэгч Ч.Д-д үүсээгүй, гэрээ байгуулж гэрчилгээ олгогдоогүй учир А/****** дүгээр захирамжтай газар эзэмшигчтэй маргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ. Ч.Д, С.Л нарын захирамж 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр байсан гэдгийг Хан-Уул дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Очир шүүх хуралдаан дээр баталж байсан. Бусдын үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, газар эзэмших эрх бүхий захирамжийг нууцалж, бид танд захирамж гаргаж өгнө гэж мөнгийг нь 7 жил үржүүлж, ашиглаж, мөнгөнийх нь ханшийг хэд дахин унагаачхаад эцэст нь үнэ хүргэж зарчхаад авлига хээл хахуулийн хэрэгт холбогдчихоод байгаа хүмүүсийг өмгөөлж хамгаалж байгаа бол хүлээн зөвшөөрөхгүй.

...Бодит байдалд нэхэмжлэгч бидний 2016 оны А/***291 дүгээр захирамж хүчин төгөлдөр байх бүхий хугацаанд Ц.О-т газрын албаны газрын наймаачдын гаргаж өгсөн Ц.О-т хамааруулж гаргасан 2016 оны А/******, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/******, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/****** дүгээр захирамж, хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/****** дугаар захирамжууд бүгд нэхэмжлэгч бидний 2016 оны А/***291 дүгээр захирамжид захирамжилсан газрыг бүгдэд нь давхардуулж байгаад гаргасан нь хөтөлбөргүй батлагдаж байгаагийн дээр бидэнд олгосон 442 м.кв болон 700 м.кв газрыг албан тушаалаараа 250 сая төгрөгөөр зарсан Ц.А, Ц.О, Х.Ж нар заргалдах ямар ч эрхгүй гэдийг илэрхийлье.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ20240159 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч нарын хүсэлтийг хүчингүй болгосон нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Д, С.Л нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Д, С.Л, түүний өмгөөлөгч Ц.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Гуравдагч этгээд Ц.О-т Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/****** дүгээр “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжаар “үйлдвэрийн зориулалтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршуулан 0.18 га газар” эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

          3. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/****** дугаар “Газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” захирамжаар ... төрийн байгууллагаас тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлээгүй үндэслэлээр Ц.О-т холбогдох А/*** дүгээр захирамжаар олгосон газрыг хүчингүй болгож,  

          3.1 Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/****** дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож, баталгаажуулах тухай” захирамжаар “...нийслэлийн Засаг даргын 2014 оны А/****** дугаар захирамжийн иргэн Ц.О-т холбогдох” хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 400 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр,

          3.2 Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/****** дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” захирамжаар “...нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/****** дүгээр захирамжийн иргэн Ц.О-т холбогдох үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон 400 м.кв газрын эзэмших” хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 1894 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр,

          3.3 Нийслэлийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/****** дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” захирамжаар “...нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/****** дүгээр захирамжийн иргэн Ц.О-т холбогдох үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон 1894 м.кв газрын эзэмших” хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 700 м.кв, 442 м.кв  газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр,

          3.4 Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/****** дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар “...нийслэлийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/****** дүгээр захирамжийн иргэн Ц.О-т холбогдох” хэсгийг хүчингүй болгож, “Ц” ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 700 м.кв, 442 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр тус тус захирамж гарсан байна.

          4.  Нэхэмжлэгч С.Л, Ч.Д болон түүний өмгөөлөгч нар нь гуравдагч этгээд Ц.О-т хүсэлт гаргасан даруйд удаа дараа захирамж, гэрчилгээ гарч, бусдад буюу “Ц” ХХК-д шилжүүлэхэд мөн адил цаг тухайд захирамж, гэрчилгээ гарсан. Гэтэл нэхэмжлэгч нар 2013 онд Ц.О-тай гэрээ хийж, улмаар газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтээ гаргахад захирамж, гэрчилгээ гараагүй, 2014 онд маргаан бүхий газрыг хүчингүй болгосон. Түүнээс хойш 2016 онд Ц.О-т дахин тухайн газрыг эзэмшүүлдэг. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж маргаан бүхий захирамжууд анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй, илт хууль бус захирамж хэмээн маргажээ.

          5. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

          6. Нэхэмжлэгч С.Лхагважавт Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/***291 дүгээр захирамжаар “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 402 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, нэхэмжлэгч Ч.Д-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай”-аар тус тус эзэмшүүлжээ.

          7. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/****** дугаар “Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай” захирамжаар “...тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар бусдын газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон, газар дээрээ амьдардаггүй иргэн Ч.Д, С.Л нарт холбогдох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/***291 дүгээр захирамжийн заалтыг хүчингүй” болгосон.

          8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Д болон гуравдагч этгээд Ц.О нар 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших эрх худалдан авах гэрээ”-ээр 1.1 Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 3-р цахилгаан станцын ард байрлах нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А/*** тоот шийдвэртэй 1894 м.кв, 0386006 тоот гэрчилгээтэй газрыг худалдан авагчид хүлээлгэн өгөх, 1.3 Худалдан авагчийг төлбөрийнхөө 50 хувийг төлсний дараа худалдан авагчийн нэр дээр газраа шилжүүлэн өгч үлдэгдэл төлбөрөө авах эрх олгох, 2.1 гэрээг нотариатаар баталгаажуулж гэрээ хүчин төгөлдөр болмогц урьдчилгаа 50 хувь буюу 85,000,000 төгрөгийг худалдагч талд бэлнээр төлнө, үлдэгдэл төлбөрийг 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 55,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан байна.

          9. Үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших эрх худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/****** дугаар “Газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” захирамж гарч, иргэн Ц.О-т холбогдох газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

          10. Анхан шатны шүүх “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/****** дугаар захирамжаар уг газрын эзэмших эрхийг цуцалснаар гэрээний үүрэг зогсонги байдалд орж улмаар нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй нь тогтоогдож байх ба харин Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/****** дүгээр захирамжаар Ц.О-т 400 м.кв газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй, харин ч талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдалд эерэг нөлөөтэй захирамж гэж үзэхээр байна” хэмээн үндэслэлтэй дүгнэсэн.

          11. Мөн нэхэмжлэгч нар “...Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дүгээр захирамжаар Ц.О-т 1894 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон ба тухайн газар нь дээрээ өндөр хүчдэлийн шугамтай тул хууль бус захирамж гаргасан” гэж маргадаг.

          12. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна/2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-т “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж тус тус заасантай маргаан бүхий захирамжууд нь нийцсэн байна.

          13. Анхан шатны шүүх “...Нийслэлийн Засаг даргын А/****** дүгээр захирамж нь хариуцагч захиргааны байгууллага болох Нийслэлийн Засаг даргын хуульд заасан эрх хэмжээнд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр байх бөгөөд уг захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй, ... тухайн газар нь Нийслэлийн засаг дарга шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн, уг газар нь 2016 оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсныг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

          14. Гуравдагч этгээд Ц.О-т Нийслэлийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/****** дүгээр захирамжийг үндэслэн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороонд 1780110**** дугаар бүхий 442 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-220600**** дугаарт бүртгэж, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороонд 178011**** дугаар бүхий 700 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-220600***** дугаарт бүртгэж тус тус гэрчилгээ олгож, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр №01122-2020/00****, №01122-2020/00**** дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулжээ.

          15. Ц.О болон “Ц” ХХК нар нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 244, 245 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 442 м.кв газар, 700 м.кв газрыг тус тус худалдан шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

          16. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана”, 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж тус тус заасан.

          17. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ц.О нь газар эзэмшигчийн хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлт гаргаж, нийслэлийн Засаг дарга захирамжаар шийдвэрлэсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын “...бидний эзэмшил газрыг Нийслэлийн газрын албан тушаалтнууд хуурамч захирамж гаргаж, бидний албан ёсны захирамжийг нуун дарагдуулж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Ц” ХХК-д зарчихсан байгаа нь хууль бус захирамж...” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

18. Тухайн маргаан бүхий газар нь Газрын тухай хуульд зааснаар инженерийн шугам сүлжээ бүхий газар болох нь хэргийн оролцогчдын тайлбар, шүүхийн газрын үзлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд уг газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээ дүүргийн Засаг даргад Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т  /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ зааснаар  олгогдоогүй байсан гэж үзнэ.   

19. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь тухайн маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг нийслэлийн Засаг даргад хандан гаргаж байгаагүй үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг дээрх үндэслэлээр хангах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актуудын талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0159 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Л, Ч.Д, түүний өмгөөлөгч Ц.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА