Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2021/0335

 

2021 оны 05 сарын 19 өдөр Дугаар 128/ШШ2021/0335 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Ч.М нэхэмжлэлтэй, БЗДИТХТ-дэд  холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ч.М 

Хариуцагч:БЗДИТХТ

Нэхэмжлэлийн шаардлага: Ч.М ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох шийдвэр гаргахгүй байгаа БЗДИТХТ-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.М ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал хугацаагаар тооцож 30,526,453 /гучин сая таван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун тавин гурав/ төгрөгийг Ч.М-д олгох шийдвэр гаргахыг БЗДИТХТ-д даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...БЗДИТХТ нь Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 378 тоот тогтоолыг биелүүлж, хууль бус Б/06, Б/07 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн хэдий ч Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн зарим зүйлийг хангахаас татгалзаж, Ч.М-ны  2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр томилогдох хүртэлх ажиллаагүй хугацааны цалинг олгох шийдвэрийг гаргаагүй байна.

Дахин энэ асуудлаар БЗДИТХТ-д 2 удаа хандсан хэдий ч шийдвэрлэж өгөөгүй байна.

Ийнхүү захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйл болон миний албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлэх үндсэн эрхийг зөрчиж, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг алдагдуулсан төдийгүй Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн тул Тэргүүлэгчдийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож ажиллаагүй хугацааны /2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх буюу 1274 хоногийн/ цалин болох 28,558,933.00 /хорин найман сая таван зуун тавин найман мянга есөн зуун гучин гурван/ төгрөгийг нэхэмжлэгч Ч.М-д  олгох захиргааны акт гаргахыг БЗДИТХТ-д  даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ч.М-наас БЗДИТХТ холбогдуулан гаргасан БЗДИТХТ-ийн  2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/04 тоот тогтоолд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тогтоолд өөрчлөлт оруулахыг ББЗДИТХТ-дэд даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад БЗДИТХТ-ийн  2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/04 тоот тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой тул дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ БЗДИТХТ нь Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 378 тоот тогтоолыг биелүүлж, хууль бус Б/06, Б/07 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн хэдий ч Улсын Дээд шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн зарим зүйлийг хангахаас татгалзаж, Ч.М-ны 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр томилогдох хүртэлх ажиллаагүй хугацааны цалинг олгох шийдвэрийг гаргаагүй байна гэжээ. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Ч.М-г ажилд эгүүлэн томилохдоо цалингийн асуудлыг дараагийн хурлаар шийдвэрлэхээр хойшлуулсан нь үнэн бөгөөд холбогдох баримт бичгүүдийг нягтлах, ажилтны хөдөлмөрлөх, цалин урамшуулал авах эрхийг зөрчихгүйгээр Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлэхэд хичээж ажилласан болно.

Ийнхүү холбогдох материалыг судлах явцад хурлын Тэргүүлэгчдээс гаргасан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Ч.М-г ажилд томилох тухай Б/06 дугаар тогтоол, мөн өдрийн Ч.М-г үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/07 тоот тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 06/1363, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2/6292 тоот мэдэгдлүүдээр нотлогдож байна.

Ажиллаагүй хугацааны цалинг олгох асуудлаар Тэргүүлэгчдэд 2 удаа хандсан хэдий ч шийдвэрлэж өгөөгүй байна. Ийнхүү захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйл болон миний албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлэх үндсэн эрхийг зөрчиж, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг алдагдуулсан төдийгүй Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн тул Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/04 тоот тогтоолд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тогтоолд өөрчлөлт оруулах, ажиллаагүй хугацааны /2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх буюу 1274 хоногийн/ цалин болох 28,558,933.00 /хорин найман сая таван зуун тавин найман мянга есөн зуун гучин гурван/ төгрөгийг нэхэмжлэгч Ч.М-д олгох захиргааны акт гаргахыг БЗДИТХТ-дэд даалгаж өгнө үү" гэжээ.

БЗДИТХТ-ийн  2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд, хуралд оролцсон Тэргүүлэгчдээс тодорхой саналыг гаргаж хурлын тэмдэглэлд тусгагдсан байна. Тодруулбал:

Тэргүүлэгч Г.Ж: Хуулиас давсан санал гэж юу байхав. Ч.М Ажлын албаны дарга уншиж өгч байна. Буруутай шийдвэр гаргасан бол буруутай этгээд төлбөрийг төлөх ёстой гэж. Тухайн үед шийдвэр гаргасан Тэргүүлэгч нар нь төлнө биз. Эсвэл шүүхээс хэн нь төл гэх юм. Шүүхээс Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төлбөрийг барагдуул гэсэн шийдвэр гарвал төлөхөд татгалзах зүйл байхгүй гэсэн саналтай байна.

Тэргүүлэгч Г.: Шүүхийн шийдвэр гарвал хуулийн дагуу хэрэгжээд явах биз ээ.

Тэргүүлэгч А.От: Шүүхэд гомдол гаргаад, шүүхийн шийдвэрээр 2 жилийн цалин, нийгмийн даатгалыг өг гэсэн шийдвэр гарвал Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас уу эсвэл буруутай этгээдээр төлүүлэх үү гэсэн шийдвэр гарах байх. Дараа энэ асуудлыг шийдсэн нь зөв байх.

Тэргүүлэгч Б.Ж: Шүүхээс 2018-2020 оны ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төл гэсэн шийдвэр гарвал биелүүлнэ гэх байр суурийг илэрхийлсэн бөгөөд ажил олгогчийн хувьд шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх шинжийг хангах, ажилтны хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдох бусад эрхийг зөрчихгүй байх үүднээс уг асуудлыг шүүхээс эцэслэн шийдвэрлэсний дараа холбогдох шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн ажилгүй байх хугацааны цалинг олгох эсэх асуудлыг шүүхийн шийдвэрт нийцүүлэн шийдвэрлэх болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно" гэж ажил олгогчийн зүгээс ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар заажээ. Нэхэмжлэгч Ч.М-ны  ажилгүй байсан хугацааг тооцон амралтын өдрийг хасаж, урьд авч байсан үндсэн цалинг 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 тогтоолын хавсралт ТЗ-8-5 дахь шатлал буюу 795,935.00 төгрөгөөр, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 264 дүгээр тогтоолын хавсралт 9-ийн ТЗ-8-5 дахь шатлал буюу 859,609.00 төгрөгөөр, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолын хавсралт 2-ын ТЗ-9-5 дах шатлал 1,045,653.00 төгрөгөөр тус тус тооцож нийт 30,526,453 төгрөгийг олгох тооцоолол гарч байгаа болно.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Ч.М-ны гаргасан БЗДИТХТ-ийн  2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/04 тогтоолд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тогтоолд өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.М нь нэхэмжлэлийн шаардлагаа Ч.М-ны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох шийдвэр гаргахгүй байгаа БЗДИТХТ-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.М-ны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал хугацаагаар тооцож 30,526,453 /гучин сая таван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун тавин гурав/ төгрөгийг Ч.М-д олгох шийдвэр гаргахыг БЗДИТХТ-дэд  даалгах гэж эцсийн байдлаар тодруулсан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийслэлийн БЗДИТХТ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 тоот тогтоолоор Хурлын ажлын албаны дарга бөгөөд Тэргүүлэгчдийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Ч.М-ыг албан тушаалын эрх хэмжээгээ хэтрүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэргүйгээр 45 сая төгрөгийг дур мэдэн зарцуулж сахилгын шийтгэл гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлсөн байна.

Тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоохыг даалгах , ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах-аар Ч.М шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0371 дүгээр шийдвэрээр: 1. ...нэхэмжлэгч Ч.Мэндсайханы Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Ч.М-ны урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга бөгөөд Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2. ...Ч.М-ны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нэг сарын үндсэн цалинг 692,117 төгрөгөөр тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 0520 дугаар магадлалаар: ...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Харин Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаар тогтоолоор: ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 0520 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0371 дүгээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулсан шийдлийг хэвээр үлдээсэн байна.

Дээрх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0371 дүгээр шийдвэр болон Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Ч.М-ны урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга бөгөөд Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Ч.М-ны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртлэх ажилгүй байсан хугацааны нэг сарын үндсэн цалинг 692,117 төгрөгөөр тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Ч.М-ныг ажилд томилох тухай Б/06 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрийг биелүүлэн Ч.М-ыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан тушаалд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн эгүүлэн томилсон байна.

Гэвч мөн өдрийн буюу 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ч.М-г үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Б/07 тоот тогтоолоор Ч.М нь урьд уг албан тушаалд ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчин дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхэнд халдсан үйлдэл гаргасан нь шүүхээр нотлогдсон гэсэн үндэслэлээр 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлсэн 2/6292 тоот мэдэгдлээр ...Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 дүгээр тогтоолыг хүчингүй болголгүй 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар Ажилд томилох тухай тогтоол гарсан боловч 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 дугаар тогтоолоор Ч.М-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх тул тогтоолуудыг хүчингүйд тооцож, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдааныг дахин зарлаж, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлж, түүнийг үүрэгт ажилд нь эгүүлэн томилж, албан ажлыг хүлээлцэхийг мэдэгдье гэсэн байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тус Хурлын дарга Ш.Ганчимэгт хүргүүлсэн, Гомдолд хариу өгөх тухай 06/1363 тоот албан бичигт ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133.2-т Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй гэж заажээ. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хуулийн үндэслэлтэй байна. гэсэн байна.

Улмаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ч.М-ыг ажилд томилох тухай Б/04 тоот тогтоолоор ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2 дахь хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 378 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолыг тус тус үндэслэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлж Ч.М-ыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан тушаалд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн томилсон байна.

Монгол Улсын Шүүхийн тухай 2012 оны хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй., 32.2-т Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ., 32.3-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. гэж тус тус заажээ.

Дээрх үйл баримтууд, хууль зүйн үндэслэлүүдээс үзэхэд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр буюу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0371 дүгээр шийдвэр болон Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүйг хариуцагч гаргасан болох нь тогтоогдож байна.

Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хариуцагч биелээгүйн улмаас нэхэмжлэгч ажилгүй байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хувь хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс шалтгаалж нэхэмжлэгч ажилгүй, цалин хөлсгүй байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь нэхэмжлэгч Ч.М-ны гаргасан ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж өгнө үү. гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгоход татгалзах зүйлгүй гэсэн агуулгаар шүүх хуралдаанд тайлбарласан болно.

Хариуцагч нь 30,526,453 /гучин сая таван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун тавин гурав/ төгрөгийг нэхэмжлэгчид олгох тооцоолол гарч байгаа болно гэж шүүхэд хариу тайлбар ирүүлсэн, мөн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нягтлан бодогч нь 30,526,453 төгрөг гэсэн санхүүгийн тэмдэг бүхий цалингийн тооцоо /хүснэгтээр үзүүлсэн/-г шүүхэд ирүүлсэн тул уг дүнгээр ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг тооцов.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шүүхийн тухай 2012 оны хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.М-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ч.М-ны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох шийдвэр гаргахгүй байгаа БЗДИТХТ-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.М-ны ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал хугацаагаар тооцож 30,526,453 /гучин сая таван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун тавин гурав/ төгрөгийг Ч.М-д олгох шийдвэр гаргахыгБЗДИТХТ-дэд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.М-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

 

 

 

 

 

I