Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/748

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Б.Дөлгөөн ,

Шүүгдэгч Г.Н /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их тугтан овогт Гаваагийн Над холбогдох эрүүгийн 2211000001410 дугаар хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

           Монгол Улсын иргэн, Г.Н, 1972 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Увс аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 70-788 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ....

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 70-788 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ш.Бийг үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн хэсэгт гараараа хоёр удаа цохиж, улмаар тархи доргилт, зүүн нүдний зовхи унжилт, 12-р шүдний хугарал, зүүн нүдний салстад цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Г.Наас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-31-32/ “...би 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед таньдаг ах Тайвантай хамт еликс нэртэй архи нэг шилийг уусан юм. Тэгээд гэртээ ороод байж байтал манай охин Цолмонгэрэл нөхөр хүүхэдтэйгээ 22 цагийн үед ирсэн. Тэгээд тэд нар 23 цагийн үед унтахаар хэвтсэн байх. Тэд нарыг унтсаны дараа дахиад жаахан юм уусаар санагдаад байхаар нь ганцаараа нэг шил 0.5 литрийн архи нэг шилийг уусан юм. Тэгээд ууж байгаад унтах гээд хэвтсэн санагдаад байгаа юм. Нэг мэдсэн чинь эхнэр охин хоёр орилоод ухаан орсон чинь эхнэр чи нүд рүү цохичихлоо гээд энхэр орилоод байж байсан. Тэгээд намайг хөөгөөд байхаар нь гарч яваад грашдаа унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө гэрт орж ирсэн чинь эхнэр чи шүд хугалаад хаячихлаа, нүд бас хөхөрсөн эмнэлэгт үзүүлнэ гээд охинтой хамт яваад өгсөн юм. Тэгээд сүүлд эхнэрийн ах цагдаад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ш.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-12-15/ “..2022 оны 07 сарын 14-15-нд шилжих шөнө би өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 70-788 тоотод байх гэртээ өөрийн нөхөр болох Нын хамт унтаж байтал тэр намайг араас татаад чангаагаад байхаар нь би түүнд хандаж зүгээр унтаач гэхэд тэр шууд миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон бөгөөд тэгэхэд нь миний үүдэн хоёр шүд хугарсан ба чи шүд хугалчихлаа ш дээ гэсэн чинь тэр дахиад миний зүүн талын нүд хэсэг рүү гараараа цохисон бөгөөд миний зүүн талын нүдний зовхи унжсан. Тэгээд би босч ирээд өөрийн охин Цолмонгэрэлийг дуудаад энэ аав чинь ээжийг нь цохиод 2 шүд хугалаад, нүд сохолчих шахлаа гэж хэлсэн..., ...Н нь намайг хэзээ, хаана байхдаа зодож байсан талаар санахгүй байна. Намайг өмнө нь хэдэн удаа зодсон гэдгийг хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч 2022 оны 07 сарын 22-ны өдрийн 10082 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: /хх-25-26/ “...Ш.Бийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи унжилт, 12-р шүдний хугарал, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр 2022.07.14-15-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Г.Нын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34х/, оршин суугаа хаягийн лавлагаа /х-35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Ш.Бд учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Н нь хохирогч Ш.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний нүүрэн хэсэгт гараараа хоёр удаа цохиж, улмаар тархи доргилт, зүүн нүдний зовхи унжилт, 12-р шүдний хугарал, зүүн нүдний салстад цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Наас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Над торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Г.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Над оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР