| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2015/0060/И |
| Дугаар | 207 |
| Огноо | 2018-09-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч К банк ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух Б овогт С.А, Я овогт Н.Т нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 95,689,164.29 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 73 мкв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.А, нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.О, Б.Н, хариуцагч Н.Т, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: К банк нь Н.Т, С.А нартай 2013 оны 12 сарын 04-ний өдөр 737 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 112,420,000 төгрөгийг 10 жилийн хугацаатайгаар, сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэйгээр олгосон.Тус зээлийн үүргийн баталгаа болгож Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороонд байрлах 73 мкв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байдаг. Зээлдэгч өнөөдрийг хүртэл хугацаанд 19,692,217.02 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 12 сарын 14-ний өдрөөр зээлийн үлдэгдэл 93,699,735.26 төгрөг, зээлийн хүү 1,974,529.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,900 төгрөг, нийт 95,689,164.29 төгрөгийн төлөлт хийгдээгүй байна. Иймээс хариуцагчийн олж буй орлого болон барьцаа хөрөнгөөөс дээрх мөнгө, нотариатын зардал, улсын тэмдэгтийн хураамж зэргийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н 2018 оны 08 сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... үлдэгдэл 64,521,635.81 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 312,208 төгрөг, нийт 64,833,843.81 төгрөгийг төлөөгүй байна, иймд хариуцагч нараас 64,833,843.81 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Т, С.А нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нийт 95,689,164.29 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 2,396,058.29 төгрөгөөр бууруулж, 93,293,106 төгрөг болгон өөрчилсөн бөгөөд хариуцагч нар нь шүүхэд өгөхөөс өмнө хугацаа хэтэрсэн байсан зээл 6,158,200 төгрөг төлсөн. Ингээд үлдэгдэл нь 87,134,906 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул шүүх хэргийг 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 74 дугаар шүүгчийн захирамжаар хялбаршуулсан журмаар шийдсэн байсан. Гэтэл төлбөр төлөгч А нь 47 тоот шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргасныг шүүх 2018 оны 07 сарын 06 өдрийн 5 дугаартай тогтоолоор хангаж захирамжийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтсон. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд төлбөр төлөгч нар нь нийт 23,613,270 төгрөг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 63,521,635.81 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т-н хувьд 2016 оны 06 сараас эхлээд зээлийг хуваарийн дагуу төлөөгүй байсан учраас манай зүгээс 2016 оны 12 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэж бичсэн байгаа нь үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн шаардлага бөгөөд үүний улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн. Барьцааны гэрээний 4.1.5-т зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, зээлийн гэрээний 8.3-т заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, барьцааны хөрөнгийг захиран зарцуулах талаар заасан байгаа. Т үүргээ биелүүлсэн гэж яриад байна, гэтэл зээлийн гэрээгээр бол сар бүрийн 10-нд төлөхөөр үүрэг хүлээсэн. Хугацаандаа төлөхгүй бол хэн ч ийм байдлаар зээл авч төлж болно шүү дээ, ийм учраас үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Зээлээс одоо үлдсэн байгаа 63,521,635.81 төгрөг бол хүү нь зогссон үндсэн зээл байгаа юм. Анх шүүх 2017 оны 01 сарын 30-нд хэргийг шийдвэрлэснээс хойш 2018 оны 01 сарын 01 хүртэл хариуцагч нараас хүү авсан байсан бөгөөд хүүнд авсан 6,325,708 төгрөгийг Т-т буцаан олгож, зээл рүү татсан юм. Шүүхэд сүүлд нэмэгдүүлсэн нэхэмжлэл гаргах үед 22,613,270 төгрөг төлсөн байсан бөгөөд энэ дүнгээр нэхэмжлэл гаргасан байсан. Т нь сая 8 сард 1 сая төгрөг төлсөн гэж хэллээ, үүнтэй маргах зүйл байхгүй, үүнийг хасаад одоо 63,521,635 төгрөг үлдсэн, үүнийг нэхэмжилнэ. Хариуцагч нартай эвлэрэх боломжгүй, учир нь 2017 оны 01 сараас эхлээд хүү нь зогсчихсон, одоо үндсэн зээлийн төлөлт хийгдэж байгаа гэв.
Хариуцагч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 10 жилийн хугацаатай орон сууц худалдан авах зорилгоор гэрээ байгуулж зээл авсан. Зээлийг 2016 оны 03, 04 сараас эхэлж хоцрогдолтой төлсөн. Шүүхэд анх нэхэмжлэл ирэхэд зээлийн хоцрогдлоо арилгаж 6,158,200 төгрөгийг төлж хэвийн болгож, 87,134,906 төгрөгийг төлөхөөр болж шүүхээс эхний шийдвэр гарсан. Үүнээс хойш 2018 оны 08 сарыг дуустал нийт 23,613,270 төгрөгийг төлж, одоо 63,521,635 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ мөнгийг хүүгүй төлөхийг хүлээн зөвшөөрч байна, гэхдээ энэ мөнгийг зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаагаар төлж барагдуулахыг хүсч байна. Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахыг зөвшөөрөхгүй байна, банк угаасаа энэ байрыг авахыг анхнаасаа зорьсон гэж боддог. Банк намайг үүргээ биелүүлээгүй гэдэг, гэтэл би сар бүрийн 10-нд төлөөгүй ч сардаа багтаагаад зээлийг төлдөг. Зээлийн гэрээ 10 жилийн хугацаатай байгуулагдсан, миний ойлгосноор энэ 10 жилийн хугацаа дуусахад зээлээ төлж дуусаагүй бол барьцаанд байгаа байрыг банк авах юм байна гэж ойлгосон. Иймд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК нь хариуцагч Н.Т, С.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 95,689,164.29 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 73 мкв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2,396,058.29 багасгаж, 93,293,106 төгрөг болгон өөрчилж, хариуцагч нар нийт 29,771,470 төгрөгийг төлсөн, үлдэх 63,521,635 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Үндэслэл нь :
Нэхэмжлэгч К банк ХХК нь хариуцагч Н.Т, С.А нартай 2013 оны 12 сарын 04-ний өдөр 10 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зорилгоор зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 112,420,000 төгрөгийг зээлж авсан үйл баримт нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 737 тоот зээлийн гэрээний хуулбар, 737 тоот барьцааны гэрээний хуулбар, зээл эргэн төлөх хуваарийн хуулбар зэргээр тогтоогдож байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч К банк ХХК нь хариуцагч нараас гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь хариуцагч нараас анх 95,689,164.29 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,396,058.29 төгрөгөөр нэхэмжлэлээ багасгаж үлдэх, 93,293,106 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нар нь хугацаа хэтэрсэн зээл 6,158,200 төгрөг төлж, үлдэх 87,134,906 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул шүүх хэргийг 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 47 дугаар шүүгчийн захирамжаар хялбаршуулсан журмаар шийдсэн, үүнээс хойш 2018 оны 08 сарыг дуустал хугацаанд нийт 23,613,270 төгрөгийг ямар нэг хүүгүйгээр төлсөн. Ингээд хариуцагч нарын нийт төлсөн зээл нь 29,771,470 төгрөг болж байгаа, одоо үндсэн зээл 63,521,635 төгрөг нь огт хүүгүй төлөгдөх учир эвлэрэх боломжгүй гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан бөгөөд хариуцагч нар нь 63,521,635 төгрөгийг төлөхийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байгаа болно.
Харин хариуцагч нар нь зээлийн гэрээний ерөнхий хугацаа дуусаагүй, зээлийн гэрээний 8.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй тул 2013 оны 12 сарын 04-ны өдрийн барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 73 мкв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл байхгүй гэж маргадаг болно.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь 2013 оны 12 сарын 04-ны өдрөөс эхлэн 10 жилийн хугацаатай байгуулагдсан байх ба хэдийгээр гэрээний хугацаа дуусах болоогүй боловч зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.1-т заасан гэрээний үүргээ зөрчсөн, 8.3.2-т зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, 8.3.3-т зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй, энэ нь 60 хоног үргэлжилсэн бол зээлийн гэрээг дуусгавар болгохоор заасан байх тул гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгох эрх нэхэмжлэгчид олгогдсон байна.
Хариуцагч Н.Төгөлдөр, С.Аюуш нар нь зээлийн гэрээ байгуулсан цаг, хугацаанаас хойш зээлийн эргэн төлөлтийг 2016 оны 06 сар хүртэл хэсэгчлэн төлөх хуваарийн дагуу төлж байгаад түүнээс хойш зээлийн эргэн төлөлт доголдож, гэрээний үүрэг зөрчигдөн, зээлийн төлөлт хугацаа хэтрэлтийн байдалд шилжсэн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Н.Төгөлдөрийн зээлийн дансны хуулга, хариуцагч нар нь шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хугацаа хэтэрсэн зээлэнд 6,158,200 төгрөг төлсөн зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч нар нь 2016 оны 03, 04 сараас эхэлж зээлийн төлөлт доголдсон, банк биднийг үүргээ гүйцэтгээгүй гэдэг боловч би сарын бүрийн 10-нд зээлийг төлөөгүй ч сардаа багтаагаад төлдөг гэж шүүх хуралдаанд тайлбарлах боловч тэрээр зээлийн гэрээний хавсралт 1-т заасан хугацаанд буюу сар бүрийн 10-ны өдөр хэсэгчлэн төлөх үүрэгтэй байжээ.
Зээлийн гэрээний 2.7-д “ зээлийн гэрээний хэсэгчилсэн хугацаа “ гэж гэрээний хавсралт 1-т заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу хэсэгчилэн гүйцэтгэхээр тохирсон хугацааг, 2.8-д “зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь биелүүлээгүй” гэж гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацааг хэтрүүлсэн байхыг хэлнэ гэж заасан байх ба хариуцагч Н.Т, С.А нар нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан хугацаанд буюу сар бүрийн 10-ны өдөр зээлийн үүргийг биелүүлээгүй байгаа нь 8.3.2, 8.3.3-д заасан үндэслэлийг бий болгосон гэж үзэх үндэслэл болж байна. Иймд зээлийн гэрээний ерөнхий хугацааг харгалзахгүйгээр барьцааны гэрээний 4.1.5-т зааснаар барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шаардах эрхтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс зээл төлөх талаар бичгээр мэдэгдэл өгөөгүй боловч зээлдэгчид үүргээ гүйцэтгэхийг түүний гар утсаар нь холбогдон урьдчилан сануулж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т заасан нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч Н.Т, С.А нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 63,521,635 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К банк ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7.1-т зааснаар барьцаа хөрөнгөөр буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 73 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа барьцааны гэрээгээр талуудын тохирсон үнэ болох 160,600,000 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй учир энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох гэсэн агуулга бүхий хүсэлтийг шүүхэд гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардсан бөгөөд уг барьцааны гэрээ нь зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор байгуулагдсан гэрээ байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээг биелүүлээгүйгээс үүссэн үүргийг шаардахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн, түүнчлэн нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа барьцаа хөрөнгөөс зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардсан байх бөгөөд сүүлд нэмэгдүүлсэн гэж үзэж 70,200 төгрөг төлсөн байгааг буруутгах үндэслэл байхгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч Н.Т, С.А нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 63,521,635 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К банк ХХК-д олгосугай.
2. Нэхэмжлэгч К банк ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2,396,058.29 төгрөгөөр багасгаж, 93,293,106 төгрөг болгон өөрчилж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас нийт 29,771,470 төгрөгийг төлсөнийг баталсугай.
3. Хариуцагч Н.Т, С.А нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7.1-т зааснаар барьцаа хөрөнгөөр буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 73 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706,596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч нараас 706,596 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц