| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0692/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/729 |
| Огноо | 2022-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/729
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Д.Ундармаа,
Хохирогч Б.О,
Шүүгдэгч О.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бд холбогдох эрүүгийн 2211 00657 1362 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, О.Б, 1986 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Урьхан цайны газарт тогооч, ам бүл 7 нөхөр 5 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11-434 тоотод оршин суух, урьд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/1038 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн тэнсэн харгалзах ял эдэлж байсан.......
Шүүгдэгч О.Б нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 24-18а тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Отэй маргалдаж түүний үснээс зулгааж, гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүнд зулгаралт, цээж, баруун сарвуу, гуя, шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
О.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 24-18а тоот болох өөрийн төрсөн ах О.Мгийнд, өөрийн ах болон түүний эхнэр Б.О, дүү О.Б нартай хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар хохирогч Б.Отэй маргалдаж түүнийг өшиглөх, үснээс нь зулгаах, цохих зэргээр түүний биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, цээж, баруун сарвуу, гуя, шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.
Дээрхи үйл баримт нь шүүгдэгч О.Бэс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.
Шүүгдэгч О.Бэс мөрдөн шалгах ажиллагаан үед мэдүүлсэн: “..Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 24-18А тоотод байх төрсөн ах М гэгчийн гэрт дүү Бийн хамт очисон. Тэгсэн тэдний гэрт нь О нь 3 хүүхдийнхээ хамт байж байсан ба манай ах М нь надтай хамт мөн гэртээ очсон. Тэгээд жоохон пиво ууцгаасан ба тэгсэн Б, О нар нь хоорондоо маргалдаад байсан. Тэгэхлээр нь би Бт хандаж та хоёр одоо хэрэлдэхээ боль гэж хэлтэл О нь миний нүүр лүү аягатай пивоо цацсанаа би ер нь яаж явах чамд ямар хамаатай юм гэж хэлээд миний үснээс зулгаагаад авахаар нь би түүний үснээс нь зөрүүлээд зулгаасан ба манай ах М нь хүрч ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхлээр нь би гэрлүүгээ яваад өгсөн. Манай дүү Бийн нөхөр Мөнх-Эрдэнэ гэгчтэй О нь гэр бүлийн гадуур харилцаатай явалдсан энэ тэр гэх ярианаас эхлээд О Б нар нь хэрэлдээд байхаар нь би боль гэж хэлсэнээс болоод тэр намайг үснээс зулгаахаар нь би зөрүүлээд түүний үснээс нь зулгааж татсан. Тэрнээс өөр О гэгчийг цохиж зодсон зүйл огт байхгүй ээ. Миний биед тухайн хэрэг болох үед нээх гэмтэл шарх учираагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй ээ. Миний бие О гэгчийн хадам дүү нь байгаа юм. О нь миний төрсөн ах Мгийн эхнэр нь байгаа юм. Тухайн үед манай ах М О гэгчийг зодож цохисон зүйл огт байхгүй ээ. Би О гэгчид эмчилгээний мөнгө төгрөг гэж мөнгө өгөөгүй ээ, гэхдээ түүний үндэслэлтэй хохирлыг нь барагдуулах болно. Тухайн хэрэг болох үед манай ах М нь хүүхдүүдээ зодож цохисон зүйл огт болоогүй ээ..” гэх мэдүүлэг /хх-72/,
Хохирогч Б.Оээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би Болор-Эрдэний ахтай нь 19 жил ханилж байна. Үсийг маань хоёр дахь удаагаа зулгааж байна, би шингэхэн үстэй. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө над руу ярьсан. Би ажилдаа яваад ирсэн. Бийн гэр манайхаас харагддаг бөгөөд харахад бөөнөөрөө байсан. Намайг хүрээд ирээч гэхээр нь би “үгүй, би маргааш өглөө ажилтай” гэсэн чинь төд удалгүй бөөндөө орж ирсэн. Би болж өгвөл архинаас хол байдаг хүн, би байнга тийм зүйл сонирхоод байдаггүй. Би дотроо энэ хүмүүс 04 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш уусан хүмүүс шүү гэж дотроо бодож байсан бөгөөд тийм учраас би очихгүй гэсэн. Би дотроо энэ хүмүүс хоног гаруй уучихлаа гэж дотроо бодож байсан. Намайг очихгүй гэхэд архи аваад олуулаа ороод ирсэн. Би хэрвээ дүү Бийн нөхөртэй нь явалдсан бол би энэ хэргийг эхлэхгүй байсан. Ямар ч баримт нотолгоо байхгүй байж хүн рүү дайрч байна. Би 13, 18 насны өсвөр насны 2 хүүхэдтэй. Одоо 13 настай охин маань сэтгэл зүйн хувьд жирийн байдалд ороогүй байгаа. Яагаад намайг үр хүүхдээс минь холхон дуудаад ярьж болоогүй юм бэ. Миний үр хүүхдийн сэтгэлд насанд туршид нь эдгэршгүй гүн гүнзгий шарх үүсгэж байна. Би аяган дээр унаад би үхсэн бол өнөөдөр шүүгдэгч ингээд суухгүй. Бүгдээрээ орж ирээд над руу дайрч давшилсан. Би явалдсан бол би хэзээ ч эд нар шиг хаяагаа хадрахгүй, тийм ухамсартай хүн биш. Надад тийм зав ч байхгүй, сонирхол ч байхгүй. Би өөрөө төвийг сахьдаг хүн, би 3 хүүхдээ өөрөө зөөж эрсдлийг тооцдог. Бүгдээрээ архи уугаад манайд нэлээд халаалттай орж ирсэн. Би “ та нар арай дэндэж байгаа юм биш үү” гэсэн. Тийм биз дээ гээд дайраад байхаар нь гэнэт миний дургүй хүрээд “тэгсэн хүнийг яадаг юм” гээд би хэлчихсэн. Тэгэхэд Б намайг үсдээд дарсан, гэрээр нэг үс болсон. Шүүгдэгчийн төрсөн ах нь миний 19 жил ханилсан хань, миний 3 хүүхдийн эцэг юм. Шалаар дүүрэн аяга тавга хагарсан. Тэр үед миний хүү гадаа унтаж байсан. Шүүгдэгчийн 2 хүүхэд гүйж гараад миний хүүг дуудаад ээжийг чинь дотор зодоод байна гэж хэлсэн байсан. Тэгэхэд миний хүүхэд орж ирээд энэ хүмүүсийг түлхээд ээжийгээ салгаж авсан. Хэрвээ тэгээгүй бол өдийд би байх эсэх нь тодорхойгүй. Миний 2 том хүүхдийн зүрх сэтгэлд та нар маш том алдаа хийсэн. О.Б нь миний үсийг 2 дахь удаагаа зулгааж байна. 2016 онд манай хадам ээжийн бие их тааруу байсан. Тэгэхэд умайн үзүүний хорт хавдартай 4 дүгээр шатандаа орсон хүнд нь би аяга цай чанаж өгдөг байсан. Би 7 яргуйг түүгээд 2 хүүхдээ дагуулаад 2016 оны 05 дугаар сарын сүүлд би хадам ээж дээрээ цайтай ирж байсан. Би тэр үед Бд ээжийгээ асрахгүй байна гэж хэлснийхээ төлөө үсдүүлж байсан.
Үсээ үзүүлэхэд ургамлаар ярих юм бол үндсийг нь аваад хаясан байна гэсэн. Би өчнөөн юм хэрэглэсэн ч тархи толгой лугшиж өвдөж байсан. Үсний хүүдий байхгүй болсон. Нэг ширхэг үс 2500 төгрөг гэсэн. Эмч энэ янзаар бол намайг их хурдан хөгширч хөгшин харагдана гэсэн. Шүүгдэгчийн ах архины хамааралтай, сард 20 хоног уудаг. О.Болор-Эрдэнийн ах надаас салахгүй гэдэг. Би үсээ суулгуулмаар байна. Үс их унасан, үсээ суулгуулах хүсэлтэй байна. Эмнэлэгт очиход 8.005.000 төгрөг болно гэсэн үүнийгээ нэхэмжилж байна..” гэв.
Хохирогч Б.Оээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 04 дүгээр сарын 18-нд би гэртээ байж байтал манай нөхөр О.М төрсөн хоёр 2 дуу О.Б, О.Б нартай болон хүүхдүүдтэй нь 2 шил пиво, 2 дарс, 1 шил архи барьчихсан орж ирсэн юм тэгээд айлд хүмүүс ирсэн учраас би цай хоол хийж өгөөд ширээнд суугаад авчирсан пиво дарснуудыг нь уугаад сууж байтал намайг О.Бийн нөхөртэй холбож чи Мөнх-Эрдэнэтэй явалдсан биз дээ үнэн биз дээ, манай нөхөр чамтай сууна гэж байна лээ гээд Б нь миний хажуугаас хэлээд байсан тухайн үед би та нар баримттай юм ярина шүү хуний гэр оронд орж ирчихэд юу яриад байгаа юм бэ, битгий хүүхдүүдийн хажууд ярих ярихгүй юм яриад байгаарай гэсэн чинь үнэн виз дээ чи юугээд худлаа гүрийгээд байгаа юм бэ гээд 3-н талаас дайраад О.Б нь чи миний ахыг байнга дарамталдаг би чамайг мэднэ чи битгий олон юм яриад байгаарай би танай ахыг энэ амьдралд байнга авч явж байна шүү гээд маргалдаад ширээн дээр байсан аягатай пиво аваад О.Болор-Эрдэнийн нүүр рүү цацсан чинь О.Б нь шууд босож ирээд намайг үсдэж дараад миний хүзүү цээжийг маажаад доогуураа миний хоёр хөл рүү өшиглөөд байж байтал манай нөхөр М нь бид хоёрыг салгаж байгаа нэртэй намайг бариад дүүгээ салгахгүй зууралдаад байж байтал тэр хооронд О.Б нь миний хөл хэвлий цээж орчимд хөлөөрөө зөндөө өшиглөж цохисон. О.М, О.Б нар миний биед халдаж цохисон зүйл байхгүй. Миний толгойн хэсгийн үс халцарч унасан тухайн үсээ суулгуулах шаардлагатай мөн бусад эмчилгээ эм тарианы мөнгө нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг /хх-43-44/,
Гэрч О.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 04 дүгээр сарын 18 манай гэрт О.М, О.Б нар байж байгаад М ах гэртээ харина гэхээр нь Б эгч бид хоёр ойрд танайхаар очоогүй юм чинь таныг хүргэж өгөх далимаараа бэр эгч Б.О эгч дээр очъё гээд бид гурав гэрээс гарсан юм, тэгээд замаараа айлд хоосон очоод яах вэ гээд дэлгүүр орж 2 шил дарс, 2 сав пиво орой зуурхан юм аваад М ахын гэрт очсон юм, тэгээд бэр эгч Б.О нь цай хоол хийгээд бид нар авсан дарс, пиво хувааж уугаад сууж байгаад би О эгчид хандаад та манай нөхөртэй зугаалганд яваад ирсэн байна лээ, ямар учраас манай нөхөртэй явж байгаа юм бэ гэсэн чинь Б.О эгч яваад ирсэн хүнийг та нар яах юм бэ гээд аягатай ууж байсан пиво шууд манай эгч О.Болор-Эрдэнийн нүүр рүү цацсан юм, тэгээд О.Болор- Эрдэнэ, Б.О хоёр босож ирээд хоорондоо үсдэлцэж авсан учраас ах М тэр хоёрыг салгасан юм...” гэх мэдүүлэг /хх-53-54/,
Гэрч О.Мгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 04 дүгээр сарын 18-нд би өөрийн төрсөн дүү О.Б, О.Б нарын хамт О.Бийн гэрээс хамт гарч манай гэрт очихоор явсан юм тэгээд манай хоёр эмэгтэй дүү О.Б, О.Б нар нь айлд буюу манай гэрт манай эхнэр дээр очиж байгаа учраас хоосон очоод яах вэ гээд замаараа дэлгүүр орж архи, пиво бусад зүйлсийг аваад манай гэрт орсон юм, тэгээд манай эхнэр Б.О, манай хоёр дүү бид нар хоол цай унд идэж уугаад авсан архи, пиво хувааж уусан юм, тэгээд хэсэгхэн зуур унтчихаад босож ирээд сууж байтал О.Б, Б.О хоёр хоорондоо маргалдсан чинь хажуунаас нь О.Б та нар одоо боль энд ямар хэрүүл хийх гэж ирсэн биш гэж хэлчхээд байж байтал Б.О та нар ер нь юу гээд байгаа юм бэ би Мөнх-Эрдэнэтэй хамт явсан байсан ч ер нь яадаг юм бэ гэж хэлээд ууж байсан аягтай пиво аваад О.Болор-Эрдэнийн нүүр рүү цацсан чинь О.Б шууд босож ирээд Б.Оийг хоёр гараараа үсдээд авсан учраас би Б.О, О.Б хоёрыг салгах гээд ноцолдож байтал Б.О нь хойшоогоо болоод салсан юм, тэгээд Б.О нь цагдаад дуудлага өгөхөөр нь би О.Болор-Эрдэнийг аваад гэрээс гараад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-56-57/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 6107 дугаартай дүгнэлтэд: /хх-61-62/ “..Б.Оийн биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, цээж, баруун сарвуу, гуя, шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.м Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, шүүгдэгч О.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-73/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-74/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Б.От учирсан тархи доргилт, хүзүүнд зулгаралт, цээж, баруун сарвуу, гуя, шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед Б.Оийг хохирогчоор тогтоосон бол О.Б хохирогч Б.Оийн биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан нь зөв байна.
Иймд шүүх шүүгдэгч О.Б хохирогч Б.Оийн өшиглөх, үснээс нь зулгаах, цохих зэргээр биед нь тархи доргилт, хүзүүнд зулгаралт, цээж, баруун сарвуу, гуя, шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хууьд заасан журмын дагуу бүрэн хийсэн гэж үзээд шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, баримтаар гарсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгаагүй байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Б нь өмнө Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/1038 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлаж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байна. Шүүгдэгч 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тэнссэн хугацаанд дээрхи гэмт хэргийг үйлдсэн мэт боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасныг үндэслэн 2021 оны 11 сарын 03-ны өдөр дуусгавар болгож тогтоолыг прокуророор хянуулсан байна. Шүүх хуралдаанд улсын яллагчаас тэнссэн хугацаанд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан гэж үзсэн тул шүүх Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлаж ял оногдуулаагүй болно.
Шүүгдэгч О.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Б.Оээс мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал, хохиролтой холбоотой зардлыг нэхэмжилнэ гэх боловч энэ талаараа холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч О.Болор-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Б.О нь “..үс маш ихээр унасан үс суулгуулахад 8.005.000 төгрөг болно гэсэн энэ мөнгөө нэхэмжилж байна.” гэж байх тул цаашид эмчилгээ хийлгэх эмчилгээний зардал, хохиролтой холбоотой нэхэмжлээ холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч О.Болор-Эрдэн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.Оийн цаашид эмчилгээ хийлгэх эмчилгээний зардал, хохиролтой холбоотой нэхэмжлээ холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР