| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2018/02585/И |
| Дугаар | 102/ШШ2018/02841 |
| Огноо | 2018-09-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2018/02841
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л.Ч
Хариуцагч: ШБ ХХК
2635000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ч
хариуцагчийн төлөөлөгч Х.Ц
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Ч би 2012.11.22-ны өдөр “Шб” ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, СХД, 15-р хороо, 1 хорооллын Цамбагарав худалдааны төвөөс баруун тийш 200 метрт орших москва 44 байрны 6-р давхарт байрлах, 1 өрөө 40,7 метр квадрат, 63085000 төгрөгийн бүхий үнэ бүхий орон сууцыг нэг метр квадратыг нь 1550000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаанд 37851000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг 12 сарын хугацаатай, нэг сарын 2102835 төгрөг, нэг жилийн 1,6 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцож, худалдан авагч Л.Ч би гэрээгээр тохирсон хугацаандаа 65181375 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан боловч “Шб” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, уг байрны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байсаар байгаад 2018.01.17-ны өдөр тухайн байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхөд уг байрны метр квадрат нь 40.7 метр квадрат биш, 39 метр квадрат болохыг анх мэдэж, худалдан авагч Л.Ч би худалдагч “Шб” ХХК-ийн захиралд хэлэхэд би мэдэхгүй тухайн барилгыг барьсан компанийн буруу байх. Та тухайн барилгыг барьсан компанитай уулз хэмээн үндэслэлгүй тайлбар хийж байна. Иймд Л.Ч би СХД-ийн 15-р хороо 1-р хороололын 18031, москва 44 байрны 83 тоотод байрлах орон сууцанд 1,7 метр квадратын төлбөрийг илүү төлсөн байх тул /1,7x1550000 төгрөг =2635000 төгрөг/ “Шб” ХХК-иас 2635000 төгрөгийг Л.Ч надад гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч Л.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Шб” ХХК-тай гэрээ хийж, 40.7м2 байрыг худалдаж авсан. Квадратын мөнгө илүү тушаачихсан учраас илүү төлсөн квадратын мөнгөө нэхэмжилж байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээрээ 39 метр квадрат гэж гарч ирсэн. Би “Шб” ХХК-д 40.7 метр квадратын үнэ төлсөн. Иймд илүү төлсөн 1.7 метр квадратын үнэ болох 2635000 төгрөгийг хариуцагч компаниас нэхэмжилж байгаа.
Хариуцагчийн төлөөлөгч Х.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани барилгын вакум цонхны үйлдвэр эрхэлдэг бөгөөд 2011 оны 09 сарын 19 өдрийн 110919-01 тоот гэрээгээр нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний төлбөрт “Билэг -Орд” ХХК-нь тухайн үед барьж байсан барилгаасаа нэг өрөө орон сууцыг бартер хэлбэрээр манай компанид олгох тохиролцоо хийсэн. Энэхүү солилцоогоор ирсэн орон сууц нь 2012 оны 8 сард оршин суугчдаа оруулсан бөгөөд, мөн оны 11 сард манай компанид менежерээр ажиллаж байсан Б.Мөнхсайхан уг байрыг 65 сая төгрөгөөр үнэлэн зарах, борлуулах үүрэгтэй ажиллаж байсан. Тэр үед иргэн Ч.Ч нь урьдчилгаа төлбөрөө өгч байранд ороод, үлдэх хэсгийг нь манай компанид цувуулан өгөх санал хүсэлт гаргасан. Тухайн үед X Ц би банкны зээлээр ав гэсэн боловч хүү гадаадад ажилладаг, орлого тодорхойлох боломжгүй тул, банкны зээлийн шаардлага хангахгүй байгаа болоод би орон сууц авч чадахгүй байна, банкны хүүтэй тэнцэх хэмжээний хүүг төлье гэсэн санал гаргасныг нь би хүлээн авч, орон сууцаа 63 сая төгрөгөөр үнэлэн худалдсан. 85000 төгрөг нь ашиглалтын зардлын төлбөр байсан. Энэ байрыг худалдах үед орон сууцны ордер гараагүй, хаяг томилогдоогүй, бид материал нийлүүлэгч компанитай тооцоо дуусаагүй байсан болохоор яг хэдэн м2 талбайтай болохыг тодорхойлох бичиг баримт байгаагүй. Иймээс орон сууцны 1 м2 талбайн тогтоосон үнээр бус, худалдах орон сууцаа үзүүлээд 63085000 төгрөгөөр тохиролцон худалдсан тул бид иргэн Ч.Чгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Тухайн үед орон сууцыг дараа төлбөрт нөхцлөөр борлуулах гэрээ үйлдэхдээ нэг м2 талбайн үнийг тусгайлан заагаагүй, талбайн хэмжээг ойролцоогоор бичиж тохиролцсон үнийн дүнг төлбөрийн графикаар төлж барагдуулах тухай зөвшилцсөн баримт үйлдсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч Х.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч манай хүү гадаадад байдаг тийм учраас банкны зээлэнд хамрагдах боломжгүй байна танай зээлээр байр авъя гэсэн хүсэлт тавьсныг хүлээж авч энэ байрыг зарсан. Би гэрээн дээр гарын үсэг зурахдаа метр квадратын үнийг заагаагүй, 1м2 нь тийм үнэтэй байна гэж тохироогүй, байрыг нийтэд нь 65000000 төгрөгөөр зарахаар менежертээ үүрэг болгосон. Менежер маань байрныхаа үнээс жаахан буулгаач гэж байна гэхээр нь 63085000 төгрөг болгосон юм. Би хариуцлагагүй хандаж гэрээнд гарын үсэг зурсан байна. Байрны гэрчилгээн дээр 39 метр квадрат, гэрээн дээр 40.7 метр квадрат гээд 1.7 метр квадратын зөрүү гарч ирж байгаа. Энэ зөрүү мөнгийг нэхэмжлэгч нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Гэхдээ тухайн үед худалдан авагч ч гэсэн гэрээгээ нягтлаж аваагүй надтай ижил юм байна. Тиймээс хариуцлагаа хүлээгээд нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 50 хувийг төлөх саналтай байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
1. Нэхэмжлэгч Л.Ч, хариуцагч “Шб” ХХК-ийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурсан байна. Уг гэрээгээр худалдагч “Шб” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт баригдсан орон сууцны 6 давхарт /83тоот/ 40.7м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг 63085000 төгрөгөөр худалдаж, худалдан авагчийг төлбөрийн 60% болох 37851000 төгрөгийг төлснөөр орон сууцны эзэмших эрхийг шилжүүлэх, төлбөрийг бүрэн төлж дууссанаар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, харин худалдан авагч Л.Ч нь урьдчилгаа төлбөрт 37851000 төгрөг төлж, үлдэгдэл 25234000 төгрөгийг нэг жилийн хугацаанд сар бүр 1.6%-ийн хүүтэй төлөх үүргийг тус, тус хүлээжээ. Ердийн худалдах, худалдан авах гэрээгээр эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх нь худалдагчийн үндсэн үүрэг байдаг бол зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч нь эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилждэг онцлогтой. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус, тус хүлээнэ. Дээрх үүргийг биелүүлснээр гэрээний талуудыг гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн гэж үзнэ.
Хариуцагч “Шб” ХХК-ийн шилжүүлсэн орон сууцны талбайн хэмжээ нь гэрээнд зааснаас бага буюу гэрээний зүйл доголдолтой үндэслэлээр зөрүү үнэ гаргуулахаар нэхэмжлэгч шаардлага гаргасан ба хариуцагч тухайн орон сууцыг бартераар авсан, уг компанитай тооцоо дуусаагүй байснаас хэдэн м2 талбайтай болохыг тодорхойлох бичиг баримт байгаагүй, орон сууцыг 1 м2 талбайн тогтоосон үнээр бус хэдэн м2 байхаас үл хамааран 63085000 төгрөгөөр худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан гэж маргаж байна. Худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл гэрээнд ямар чанартай, хэдий хэмжээний эд хөрөнгө шилжүүлэхээр тохирсон тэр хэмжээ, чанарын эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр хуульчилсан байна. Иймд хариуцагч 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээгээр тохирсон хэмжээний орон сууцыг шилжүүлээгүйг гэрээний үндсэн үүргээ зөрчсөн гэж үзнэ. Энэхүү үүргийн зөрчил буюу эд хөрөнгийн доголдлын талаар хариуцагч өөрөө мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч “БОК” ХХК-тай 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “орон сууцны барилга захиалгын гэрээ” байгуулж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 90 айлын орон сууцны барилгын 3 дугаар орц 6 давхрын 83 тоот нэг өрөө 39м2 талбай бүхий орон сууцыг захиалж, тухайн гэрээг үндэслэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гарган Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хороолол Москва 44 байр 83 тоотын орон сууцны зориулалттай 39м2 талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр хариуцагч бүртгэгджээ. Тодруулбал, нэхэмжлэгчид 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээгээр худалдсан орон сууцыг 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “орон сууцны барилга захиалгын гэрээ”-гээр хариуцагч авахдаа 39м2 талбайтай болохыг мэдсэн байна. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн “нөгөө компанитай тооцоо дуусаагүй байснаас хэдэн м2 талбайтай болохыг тодорхойлох бичиг баримт байгаагүй” гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Иймд худалдагч буюу хариуцагийг эд хөрөнгийг шилжүүлэхдээ эд хөрөнгийн хэмжээний талаар бодит байдлыг нуун дарагдуулсан гэж үзэв. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч дутуу талбайн үнийг буцаан шаардах эрхтэй. Талууд 1м2 талбайн үнийг тохироогүй боловч хуулийн дээрх зохицуулалтыг үндэс болгон гэрээний үнийг хувь тэнцүүлэн тооцоход дутуу 1.7м2 талбайн үнэд 2635000 төгрөгийг хариуцагч буцаан төлөхөөр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57110 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 57110 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Шб” ХХК-иас 2635000 /хоёр сая зургаан зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Чд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57110 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Шб” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 57110 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Чд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА