Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/712

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч А.Азжаргал /томилолтоор/,

Хохирогч Ч.М, түүний өмгөөлөгч Р.Бадмаа,

Гэрч Б.Т, Д.Т,

Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.АнхТ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цид холбогдох эрүүгийн 2211 00057 0793 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, Б.Ц, 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 3-46 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй ............

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Б.Цээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..2021 оны 09 дүгээр сард манай ажлын хажуу талд ажилладаг М гэх эгч над дээр орж ирээд “пальто болон цүнхийг 7 хоногийн хугацаатай эгчдээ зээлээр өгөөч” гээд урьдчилгаа 100.000 төгрөг өгөөд надаас авсан. 7 хоног өнгөрөөд би залгасан бөгөөд намайг залгахад эгч нь мөнгөгүй байна, мөнгө орж ирэхээр өгнө гээд байсан, ингээд 3 сарын хугацаа өнгөрсөн. Сүүлдээ залгаад байхад утсаа авахгүй, мессеж бичихээр хариу байхгүй. Би ажил дээр нь өмнө нэг удаа ороход эгч нь нэг дэх өдөр мөнгө орж ирэхээр өгнө гэж хэлээд гаргасан. Дараа нь утсаар ярихад миний утсыг авахгүй, мессежинд хариу өгөхгүй байж байснаа утсаар намайг хэл амаар доромжилсон. Тэгээд би 2 хоногийн дараа ороод “та надаас 7 хоногийн дараа өгнө гэж хүнийг юмыг авчихаад яагаад өгөхгүй байгаа юм бэ” гэхэд намайг ёс бус үгээр доромжлоод миний зүүн гарнаас гулдчиж чирсэн. Тэгэхэд би 3 сартай жирэмсэн байсан, би айгаад нөхрөө дуудсан. Манай нөхөр машинаа байрлуулж байсан учраас хурдан орж ирсэн. Нөхөр орж ирээд шууд цагдаа дууд гэсэн. Цагдаа дуудах мөчид би бичлэг хийж байсан чинь миний утсыг надаас булааж аваад буланд байсан хайрцагны цаагуур шидсэн. Тэрийг манай нөхөр авч өгөөд би утсаараа цагдаа дуудсан байдаг. Цагдаа дуудсан хойно гэрч Т орж ирсэн. Т нь хамгийн сүүлд орж ирээд зогсож байсан бөгөөд тухайн үйл явдал болох үед байгаагүй. Харин тухайн үйл явдал болох үед С.Ч байсан. Би мөнгөө авах зорилготой орсон. Түүнээс биш хохирогчтой муудалцах санаа байгаагүй. Би бараагаа өгч хохироод энд ингээд зогсож байгаа нь надад хүнд хэцүү байгаа.  Би шокны байдлаас болоод жирэмсэн байхдаа 2 удаа эмнэлэгт хэвтсэн. Хугацаандаа төрж чадаагүй, хүндрэлтэй төрсөн, бие маань тэнхрээгүй байгаа. Манай хүүхэд одоо 2 сартай. Би урьд ял шийтгэл авч байгаагүй. Миний барааг анхнаасаа надад өгөхгүй гэсэн зорилготой авсан байна. Одоог хүртэл миний хохирлыг барагдуулаагүй. Хүнээс эд зүйлсийг нь аваад хэл амаар доромжилж хэрэлддэг. Манай ажлын хүмүүсийг хохироосон 3-4 хүн байгаа гэсэн, сүүлд надад хэлэхэд нь мэдсэн. Гэрч Т нь худлаа мэдүүлэг өгсөн. Т гэх гэрчийг шүүхэд өгнө гэж бодож байгаа ..” гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Б.Цээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-71/ “..Би Чингэлтэй дүүргийн 3-р хороонд байрлах худалдааны төвд бэлэн хувцас зардаг ба ойр орчимд худалдаа эрхэлдэг хүмүүсд заримдаа зээлээр хувцас өгчихдөг юм. 2021 оны 09 дүгээр сард би манай худалдааны төвийн урд байрлалтай эртний эдпэлийн дэлгүүрт худалдаа эрхэлдэг М гэх эгчид 470,000 төгрөгийн үнэ бүхий цүнх, пальто хоёрыг зээлсэн байдаг гэтэл М нь зээлээр авсан барааны мөнгийг өгөхгүй залгахаар утсаа авахгүй байсан учир нь 2021 оны 12 дугаар сарын 18 өдөр ажил дээр нь очиж мөнгөө авъя гэж шаардсан. Гэтэл М нь буцаагаад хувцас, цүнхээ ав чиний энэ зарсан хувцас чинь чанаргүй хог байна, муу яанхан минь гэж доромжлоод миний куртикнээс татаад чирээд гар гэсэн. Тухайн үед манай нөхөр гадаа машинаа байрлуулж байсан ба намайг утсаар дуудахад ороод ирсэн ба нөхрийн маань хажууд намайг доромжлоод байхаар нь би гар утсаа гаргаад бичлэг хийх гэсэн чинь над руу дайрч зууралдан миний гар утсыг булаагаад нүд рүү чичээд цохих гэж баруун гараараа далайсан тэгэхээр нь би биеэ хамгаалаад зөрүүлээд гарыг нь түлхсэн чинь өөрөө нүүрээ маажсан юм. Тэгээд манай нөхөр бид гараад цагдаа дуудсан байдаг..” гэх мэдүүлэг

 

Хохирогч Ч.Мгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Ц нь маш ёс зүйгүй хүмүүжлийн доголдолтой, дандаа худлаа ярьдаг хүн. Намайг ажлын байран дээрээ байж байхад Ц өөрөө “би түрээс өгөх гэсэн юм, ямар ч мөнгөгүй болчихлоо, та мөнгөтэй тул надаас юм аваад мөнгийг нь 2, 3 хуваагаад өгөөч ” гээд гуйгаад байхаар нь би барааг нь авсан юм. Тэр бараа нь америк бараа биш бөөсөрсөн бөгөөд тухайн барааг хөдөө өөр хүнд өгсөн. Б.Ц нь ингэж худлаа ярьж болохгүй. Худалдааны төвд 2, 3 хов ярьсан, хүн гүтгэсэн хэдэн хүн байна. Хов живнээс болж шүүх дээр ирж байна, үүн дээр хатуу дүгнэлт хийх хэрэгтэй. Би барааны мөнгө болох 200.000 төгрөгийг өгөх чадвартай хүн.  Яагаад гэвэл би үнэт эдлэл зардаг, надад олон бараа эргэлддэг. Би шүүгдэгчийн харьцаанаас болоод гомдоод мөнгийг нь өгөөгүй. Манай ажил дээр орж ирээд маш муухай харьцаж, маш их муухай зан гаргасан. 2021 оны 12 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед би учраа хэлээд нүүдэл суудал хийгээд тэр том объектийг менежментийн аргаар аваад гадна дотногүй их засвар хийгээд тэр их бараагаа би зөөгөөд харанхуй шөнө гаднаас орж ирэхэд нь би тэр олон хайрцагтай барааг өрөөд зогсож байсан. Тэгэхээр нь би “уучлаарай миний дүү, чи өнөөдөр харанхуй шөнө орж ирээд хэрүүл хийгээд яах юм бэ, би өгнө, түр хүлээж байгаач” гээд эвтэйхэн хэлсэн. Гэрч нар сонсоод зогсож байсан. Надад тэр өдөр үнэндээ мөнгө байсан, мөнгөө өгье гэж бодсон ч намайг элдвээр хэлсэн. Намайг юу гэж хэлснийг нь хэлэхээс ичиж байна. Би өнөөдөр айлын том хүүхэд, манай аав, ээж хоёр хоёулаа насаараа төрийн байгууллагад ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн. Би төрийн алба хашиж байсан, захиргааны гишүүн, удирдах алба хийж байгаад одоо хувийн хэвшилд ажиллаж байгаа, би санхүүгийн албаны тасгийн дарга хийж байсан хүн. Би Санхүүгийн эдийн засгийн их сургуулийг онц, улаан дипломтой төгссөн хүн.  Шүүгдэгчийн ярьж байгаа бүх зүйл худлаа, бүгдийг нь худлаа ярьж байна. Намайг ажлын хүрээнд дээрэлхэж доромжилж, элдвээр хэлж, нүүр маажсан бөгөөд одоог хүртэл миний сорви сайн арилаагүй байгаа. Энэ хугацаанд сэтгэл зүйн хувьд хямралд орсон. Би 2, 3 ажлын байртай, дэлгүүрээсээ гадна хүний захиалга аваад дундуур явахад энэ авгай дундуур орилно. Намайг удаа дараа доромжилж байсан, би энэ хүнд гэм хийгээгүй. Өдөр ирээд намайг элдвээр хэлсэн. Би “чи битгий ийм муухай харьцаа, харанхуй шөнө болсон байна” гэхэд элдвээр хэлсэн. Нөхрөө гадаа хүлээлгээд зорилготой ороод ирсэн байсан. Нөхөр нь орж ирээд миний хоолойг боосон. Би хэрвээ ганцаараа байсан бол нийлээд намайг 200.000 төгрөгийн төлөө янз янз болоод гаръя гэж бодсон байсан. Би юунаас болж тэгж бодсон бэ гэхээр “фейсбүүк дээр чинь тавина, бичлэг хийсэн одоо энийг чинь цацна, энэ авгайг хардаа” гээд аймар юм болсон. Шүүгдэгч ингэж болохгүй, худлаа ярьж байна. Би маш их гомдолтой байна. Намайг элдвээр доромжилдог, шүүгдэгч нь намайг гуйгаад л бараагаа зардаг байсан, яагаад тэгдэг болохыг гайхаад байна. Гаднаас орж ирээд намайг балайр авгай гэхээр нь би “уучлаарай миний дүү эгч нь ажлаа хийхгүй сар засвар хийлээ, хүнд мөнгөтэй өдөр байна, мөнгөгүй өдөр байна, би мөнгөө өгнө л гэж бодсон, би харанхуй шөнө мөнгө өгдөггүй, өглөө эрт өгчихье” гэж бодоод эвтэйхэн гуйсан. Тэгээд би түүнд “маргааш өглөө эрт авчих, би данс руу чинь шилжүүлье, битгий харанхуй шөнө орж ирж хэрүүл хий, би ажлаа хийгээд зогсож байна” гэж хэлээд гуйсан. Тэнд байсан манай ажилтан “эвтэйхэн хэлж байхад, ямар аймар хэл амтай хүн бэ” гэж хэлсэн. Ч нь “болиоч ээ, дайраад байх юм” гэж хэлсэн, үгийг нь аваагүй. Т гэх гэрч гаднаас орж ирсэн. Нэг хүн биш 2 хүн гаднаас орж ирсэн. Тэр хүмүүс бүх процессыг чинь харсан байгаа. Би энэ хугацаанд маш их доромжлуулсан, маш их гомдолтой байна. Б.Ц нь гаднаас орж ирээд “яадаг юм” гээд бичлэг хийсэн. Тэгээд би “чи яагаад ингээд хүний зөвшөөрөлгүй бичлэг хийгээд байгаа юм” гэтэл “яадаг юм, чамайг матарлана, фейсбүүк дээр тавьна, урт цагаанаар нэг онигоо болгоно, хараарай чи” гэсэн. Болиочээ чи гэхэд яадаг юм гээд лангууны хойноос гараараа самардаад маажсан. Б.Ц нь ягаан өнгийн лакаар будсан хумстай байсан. Би олон жил санхүүгийн хариуцлагатай ажил хийж байсан, би мартахгүй, хүнийг гүтгэхгүй, ингэж худлаа ярьж болохгүй. Тэгээд би Б.Цид “ чи яаж байгаа юм бэ, миний нүүрэнд хүрчихлээ” гэхэд “яадаг юм хохь чинь” гэсэн. Нөхөр нь монголын номер 1 атман гээд гаднаас орж ирээд хоолой боосон. Үнэхээр муухай үгнүүд хэлсэн бөгөөд би тэр үгнүүдийг нь хэлмээргүй байна. Нөхөртэйгөө нийлж намайг зодсон. Нөхөр нь намайг өшиглөсөн. Чыг “ална шүү, хохь чинь шүү” гээд хоолойг нь боож зодсон. Бичлэг хийж инээгээд хүнийг муухай доромжилсон. Шүүгдэгч Б.Ц нь худлаа ярьж байна. Би Б.Цийг шулам, янхан гэж хэлээгүй, надаас тийм үг гарахгүй.  Гаднаас орж ирэхээр нь би “чи болилдоо, би бараагаа өрж байна, чи маргааш өглөө уулз” гэж хэлсэн. Би 2.710.000 төгрөгийг яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна. Хүний нэр төрд халдсан асуудлыг ярьмаар байна..” гэв.

Хохирогч Ч.Мгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-15-1/ “...Би 2021 оны 09 дүгээр сарын үед өөрийн зүс таних эмэгтэй болох Цэнгүүнээс 470.000 төгрөгийн бэлэн хувцас зээлээр авсан. Тэгээд уг мөнгөнөөс 200.000 төгрөгийг нь өгөөд үлдэгдэл мөнгийг нь боломжтой болохоороо өгнө гэж хэлсэн боловч мөнгөний боломж болохгүй өдий хүрсэн. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Цэнгүүн манай ажил дээр орж ирээд өрөө нэхээд намайг хэл амаар доромжлоод байсан бөгөөд тэгж байгаад өөрийн нөхөр болох залууг утсаар дуудсан. Удалгүй нөхөр нь орж ирээд хаалга онгойлгож зогсчхоод манай ажлын хаалгыг өшиглөж мөрлөөд нугасыг нь гэмтээсэн. Тэгээд нөхөр нь намайг мөн хэл амаар доромжлоод Монголын хулгайч нарын босс нь байна гэх зэргээр доромжлоод байхаар нь цагдаа дуудах гэж байтал надаас түрүүлээд цагдаа дуудсан байсан. Цэнгүүн миний нүүрийг гараараа самардсан. Нөхөр нь миний гараас барьж мушгиад намайг түлхсэн..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Чаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-20/ “..Миний бие 2 жилийн өмнөөс Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо урт цагааны гудамжны замын эсрэг талд байрлах үнэт эдлэл, хөөрөг, эртний эдлэл зардаг дэлгүүрт засварчнаар ирэн очин ажиллаж байгаа. Уг дэлгүүрийн эзэн нь Батжаргал гэдэг. Засуулах эд зүйл байвал намайг дуудчихдаг юм. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би дэлгүүр дээр хөөргөний ул хийгээд байж байтал гаднаас нэг үл таних 30 орчим насны эмэгтэй хүн орж ирсэн. Тухайн үед Батжаргал дэлгүүрт байгаагүй эхнэр М нь дэлгүүртээ байж байсан ба орж ирсэн эмэгтэй нь Мгээс “балай авгай минь, мөнгөө авъя” гээд шууд орилоод эхэлсэн. Тэгсэн чинь М эгч “Чи нялх нойтон хүүхэдтэй шүү дээ, тайван ярья хэрүүл уруул хийхгүй ярилцъя гэсэн чинь чимээгүй болохгүй “шулам, луйварчин” гээд хараалын үгээр Мг доромжлоод байсан. Удалгүй тэр эмэгтэйн нөхөр нь гээд нэг залуу орж ирээд мөн адил Мг “пизда минь мөнгийг нь өг” гээд хэл амаар доромжилсон. Тэгсэн чинь М уурлаад тэр хоёрыг хөөсөн чинь гарахгүй гээд ноцолдоод авсан ба тэр эрэгтэй нь Мг түлхээд буланд шахсан ба эхнэр нь Мгийн нүүр лүү нь алгадаж самардсан. Тэгэхээр нь би очоод салгасан чинь нөхөр нь намайг зодох гээд байсан болохоор би хэрүүл маргаанд оролцохгүй гээд цаад талын буланд очоод цагдаа дуудах гээд байж байсан чинь гаднаас нэг засуулсан юмаа авна гээд нас тогтсон эгч орж ирээд больцгоо гэж хэлсэн..Ингээд гаднаас цагдаа нар орж ирээд хэрүүл маргаан салсан. ...өмнө М зүгээр байсан харин зодуулсны дараа хацар нь шалбарчихсан цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Тгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..эхнэр нь маажсан, нөхөр нь заамдаж авах гээд байхыг болиулсан. Маажуулсан байсан, улайсан байсан. М, Ц, түүний нөхөр нь байсан. Хоёулаа маргалдсан байдалтай байсан. Ц дэлгүүрт дайрч доромжилсон, лангууны хажууд байсан зайнд байсан. Нөхөр нь М бид хоёрыг цохсьон. Намайг боль гэхэд болихгүй байсан. Лангууны цаана Ц байсан. Хацрыг нь маажсан. : Болохоо байгаад цагдаа дуудсан, хаалга засах хүн дуудаад би яваад өгсөн..” гэв.

Гэрч Д.Тгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:/хх-22/  “...Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байхаа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагааны гудамжны урд байдаг үнэт эдлэл, хуучны эдлэл зардаг, хуучны эд зүйл засаж янзалдаг газарт очиж зэсэн рашааны бумба гагнуулахаар өгөөд 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би тус гагнуулсан рашааны бумбаа авахаар очиход дотор нь танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн Батжаргалын эхнэр Мтэй хэрэлдээд зогсож байсан. Тэр хоёр хүн Мгээс цүнхний мөнгө билүү цүнх нэхээд Мг хэл амаар доромжлоод байсан ба М уурлаад би та нарыг бодвол хариуцлагатай хүн гээд уурласан. Тэгээд улам хэрүүл үүссэн ба мөнгө нэхээд зогсож байсан эмэгтэй Мгийн нүүр лүү нь алгадаад, самардаад барьцалдаад авсан ба хамт явж байсан залуу нь хажуугаас нь Мгийн гарыг нь бариад мушгиад түлхээд байсан. Тэгээд би тэд нарын дундуур орж салгасан ба цагдаа нар ирсэн. Тухайн мөнгө нэхээд байсан эмэгтэй нь Мгийн нүүр лүү гараараа алгадаж, самардсан. ...Мгийн нүүр нь маажуулж цохиулсан байдалтай зулгарсан байсан.. гэсэн мэдүүлэг

 Гэрч Б.Ц  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-29/ “.. “...Би өөрийн ажил үүргийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 цаг 00 минутаас 19-ний өдрийн 08 цаг 00 минут цаг хүртэл Тэс-112 чиглэлд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт жолооч цагдаа ахлагч М.Хаш-Эрдэний хамт 24 цагийн авто эргүүлийн хамт үүрэг гүйцэтгэж ажилласан. ...17 цаг 44 минутад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Жэйт дэлгүүрт хэрүүл маргаан болж байнга гэж дуудлага ирсэн. Тэгээд дуудлагын дагуу яваад очиход уг дэлгүүрт Б.Ц нөхөр Тгийн хамт дэлгүүр ажиллуулдаг М гэгчтэй мөнгө тооцооны асуудлаас болж маргалдсан байдалтай байсан  ..тухайн өдөр Мгээс мэдүүлэг авч байхад түүний зүүн хацар хэсэгт байхаа бага зэргийн улайсан зулгаралт байсан. Гэхдээ маш бага жижиг хэмжээтэй байсан ба би шүүх эмнэлэгт үзүүлнэ гэхээр нь шинжээч томилж, шүүх эмнэлэгт үзүүлээрэй гээд явуулсан байдаг...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-31/ “...Манай эхнэр М нь ажилтан Чын хамт үлдсэн. Би гадуур явж байгаад 19-20 цагийн хооронд байх харанхуй болсон байхад дэлгүүр лүүгээ очиход манай эхнэр хүмүүст зодуулсан гээд зүүн нүднийх доор баруун сарвуу хавьцаа хумсны сорви болоод зулгарчихсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад манай дэлгүүрийн урд талын төвд бэлэн хувцас зардаг Ц нь нөхөртэйгөө хамт ирээд маажсан гэж байсан. Манай эхнэрийн яриагаар бол Ц манай эхнэрийн нүүр гарыг маажсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 674 дугаартай дүгнэлтэд: /хх-37-38/ “..Ч.Мгийн биед хамрын нуруу, зүүн хацар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөр алдалтын чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд 1-3 хоног доторх хугацаанд, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт,

 Шинжээч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-33-34/ “..Ч.Мгийн биед учирсан дээрх гэмтлүүдээс хамрын нуруу, зүүн хацрын зулгаралт гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун сарвууны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Цийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/, оршин суугаа хаягийн тодорхойлолт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Б.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үнэт эдлэлийн дэлгүүрт очиж хохирогч Ч.Мтэй “зээлсэн барааны мөнгөө өгсөнгүй удаалаа” гэх шалтгаанаар хоорондоо маргалдан улмаар шүүгдэгч Б.Ц гар утсаа гарган бичлэг хийх үед, хохирогч утсыг болиулах зэргээр харилцан бие биедээ хүрэх барьцалдах байдал үүссэн болох нь тогтоогдож байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №674 дүгээр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хохирогч Ч.Мгийн биед хамрын нуруу, зүүн хацар, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөр алдалтын чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд 1-3 хоног доторх хугацаанд, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна гэх дүгнэлтийг гаргасан байна.

Дээрх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүгдэгч Б.Цийг хохирогч Ч.Мгийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д хөнгөн гэмтлийг “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар саринуулсан” гэж заасан байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд заагдсан хохирогч Ч.Мгийн хамрын нуруунд 0.3х0.1см, зүүн хацар 0.5х0.1см, баруун сарвуунд 0.5х0.1см зулгаралт нь эрүүл мэндийг сарниулсан гэх шинжгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан гэмтэл биш гэж шүүх үзлээ.

Дээрхи зулгаралт нь эд эрхтний үйл ажиллагааны хямрал биш, эрүүл мэндийг сарниулаагүй бөгөөд дээрхи журмын 2.6-д заасан эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт үүсээгүй үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэсэнтэй тохирч байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн хамрын нуруу, зүүн хацар, баруун сарвуу дахь зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох хэмжээний зулгаралт, гэмтэл биш байна.

Шинжээч дүгнэлт гарахдаа тогтоох хэсгийн 1-д “Ч.Мгийн биед хамрын нуруу, зүүн хацар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо” 3-д “эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2:4:1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт..” гэх боловч мөрдөгчид өгсөн мэдүүлэгтээ хамрын нуруу, зүүн хацар, баруун сарвуунд зулгаралт нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар хэрхэн саринуулж байгааг тайлбарлаагүй бөгөөд “..Ч.Мгийн биед учирсан дээрх гэмтлүүдээс хамрын нуруу, зүүн хацрын зулгаралт гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун сарвууны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэж гаргасан дүгнэлтээ үгүйсгэсэн байна. Өөрөөр хэлбэл зүүн хацар, баруун сарвуу дахь ижил хэмжээний буюу 1мм өргөнтэй 5мм урттай хумсны мөрний нэг нь гэмтэл, нөгөө нь гэмтэл биш болж байгааг мэргэжлийн хувьд тайлбарлаж чадаагүй, мөрдөн шалгах ажиллааны явцад цугласан баримтаар хохирогч Ч.Мгийн биед учирсан хамрын нуруу, зүүн хацар, баруун сарвуунд зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан болохыг баримтаар нотлоогүй байна.

Мөн дээрх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу гараагүй байна гэж дүгнэлээ. Учир нь мөрдөгч шинжээч томилж, шинжээч дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний хуулийг баримтлах үүрэгтэй. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4-д шинжээч томилох шийдвэрийг яллагдагчид танилцуулж мөн хуулийн 27.2 дугаар зүйлд даасан эрхийг эдлүүлээгүй, шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно гэж заасан байхад шинжээч хувийн тамгаа дараагүй байна. Дээрхи байдлаар хууль зөрчиж гаргасан дүгнэлтийг үндэслэж хохирогч Ч.Мд хөнгөн гэмтэл учирсан гэж үзэх боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Цийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй  байх тул шүүхээс шүүгдэгч Б.Цид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэлээ.

Шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Б.Цийн өмгөөлөгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт шинээр 1 ширхэг Сидиг гаргаж өгсөн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг дагуу бэхжүүлсэн баримт биш гэсэн үндэслэлээр шүүх хуралдаанд шинжлэн судлаагүй болно.

Шүүгдэгч Б.Цид холбогдох хэргийн гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул хохирогчоос нэхэмжилсэн 2.719.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

2 Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Ч.Мгээс нэхэмжилсэн 2.719.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Цагаатгах тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР