Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2020/0728/З |
Дугаар | 128/ШШ2021/0353 |
Огноо | 2021-05-21 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2021/0353
2021 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 128/ШШ2021/0353 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Э
Хариуцагч: ГИХГ
Нэхэмжлэлийн шаардлага: Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/250 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батаа, нэхэмжлэгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, иргэдийн төлөөлөгч Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Э би 2011 оны 09 сарын 01-ний өдрөөс Гадаадын иргэн, харьяатын газарт хяналтын улсын байцаагчаар ажилд орж 9 жил тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын ямар нэгэн ноцтой зөрчил гаргаж байгаагүй.
2020 оны 7 сард миний шалгаж шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгт иргэний гомдол ирж уг гомдлын дагуу Хяналт шалгалтын газарт шалгалт орсон.
Шалгалтыг хийхдээ Могол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 2.2-т Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно. гэж заасныг зөрчиж Тамгын газрын дарга Д.Д шалгаж хууль, журам зөрчсөн.
Шалгалтыг хийхдээ миний дээд шатны албан тушаалтан болох Хяналт шалгалтын газрын дарга, Дотоод хяналтын газраас шалгалтын албаны албан тушаалтныг оролцуулахгүй шалгалт хийж Газрын даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэнд үнэхээр гомдолтой байна.
Учир нь миний зөрчил хянан шийдвэрлэж байгаа ажиллагаа нь тусгай мэдлэг шаардсан процессын үйл ажиллагаа юм.
Миний хийсэн ажлыг шалгаад яг ямар зөрчил гаргасанд төрийн албанаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулсныг тушаал дээр тодорхой заагаагүй. Мөн тушаалыг надад нотлох баримтын шаардлага ханган гардуулж өгөөгүй.
Иймд хууль зүйн үндэслэлгүй гаргасан Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 09 сарын 09 өдрийн Дугаар Б/250 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд гаргасан иргэн Э.Э-ийн нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анх нэхэмжлэгч Э.Э-г Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Ажилд томилох тухай Б/382 дугаартай тушаалаар хяналтын хэлтэст мэргэжилтнээр ажилд томилсон байдаг.
Нэхэмжлэгч Э.Э нь 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн тангаргийг тус тус өргөсөн боловч ажил үүргээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаа баримтлан ажиллаж чадаагүй болно.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3, 37.1.6, 37.1.7, 37.1.8, 37.1.12, 37.1.13, 37.1.14, 37.1.15, 37.1.16, 37.1.18 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг тус тус зөрчсөн учраас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Журам батлах тухай 36/32 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.3.1 дахь хэсэгт заасныг баримтлан түүнийг Гадаадын иргэн, харьяатын газрын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Даргын дэргэдэх зөвлөл-ийн хурлаар оруулж, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/250 дугаартай тушаалаар ажлаас халсан. Хяналтын улсын байцаагч Э.Э нь 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Гадаадын иргэн, харьяатын газарт хяналтын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа хоёр удаа сахилгын шийтгэл авч байсан.
Нэхэмжлэгч Э.Э-г ажлаас халах болсон шалтгаан нь 2002000311 дугаартай зөрчлийн хэргийг хянан шалгах явцад ноцтой зөрчил гаргаж 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ОХУ-ын иргэн Т*******ий Н*******ийг саатуулахдаа Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байхад шүүхэд худал мэдүүлэг тайлбар гаргаж шүүгчийн захирамжаар 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл албадан саатуулсан. Албадан саатуулах саналаа Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд албадан гаргах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр хүргүүлж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 5 дугаартай захирамжаар ОХУ-ын иргэн Т*******ий Н*******ийг 14 хоногоор саатуулсан.
Түүний дараа тус шүүхэд тухайн иргэнийг бичиг баримтжуулах, буцах зардлыг шийдвэрлэх ажиллагаанууд хийгдэх шаардлагатай" гэх үндэслэлээр саатуулах хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж өгөх хүсэлт гаргасны дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 05а дугаартай захирамжаар ОХУ-ын Т*******ий Н*******ийг 30 хоногийн хугацаагаар үргэлжлүүлэн саатуулсан байдаг.
Өөрөөр хэлбэл, ОХУ-ын иргэн Т*******ий Н*******ид Монгол Улсаас сайн дураараа гарахыг сануулаагүй, албадан саатуулах ажиллагаанд саад учруулж, гэмт хэрэг үйлдэж, зөрчил гаргаж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад, түүнчлэн тухайн гадаадын иргэний гадаад паспорт бичиг баримтыг нь хураан авч, хэн болох нь мэдэгдсээр байхад шүүхэд худал тайлбар, санал хүргүүлснээр тухайн иргэнийг албадан саатуулсан байна.
Мөн тухайн гадаадын иргэний бичиг баримтыг хураахдаа тэмдэглэл үйлдээгүй, тус иргэнийг саатуулах хугацааг хууль бусаар сунгуулсан зэрэг нь удирдлагын зөвлөлийн хурал болон албаны шалгалтаар тогтоогдсон ба түүнийгээ 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Гадаадын иргэн, харьяатын газарт гаргасан өргөдөлд өөрөө хүлээн зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч Э.Э-н гаргасан ноцтой зөрчлийг иргэн Л.Бгаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нт хандаж гаргасан гомдлын дагуу түүний шалган шийдвэрлэсэн 2002000311 дугаартай зөрчлийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Гадаадын иргэн, харьяатын газраас дотоод хяналт шалгалт явуулсан боловч хяналт шалгалт хийсэн ахлах мэргэжилтэн хяналт шалгалтыг журмын дагуу явуулж чадаагүй.
Өөрөөр хэлбэл, хяналт шалгалтын ахлах мэргэжилтэн Ш.Э нь иргэн Л.Бгийн гаргасан гомдолд дурдсан асуудлыг судалж шалгаагүй учраас албан хаагчийн дээд шатны албан тушаалтан болох Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Д 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд түүний шалгасан дээрх зөрчлийн хэрэгт хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг илрүүлсэн болно.
Нэхэмжлэгч Э.Э нь тухайн зөрчлийн хэргийг хянан шалгах ажиллагаа явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн болох нь шалгалтын явцад илэрсэн.
Иймд нэхэмжлэлд дурдсан маргаж байгаа асуудлууд үндэслэлгүй байх тул түүний гаргасан Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/250 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүх хуралдааны үйл явцыг сонсоод миний итгэл үнэмшил нэхэмжлэгч Э.Э-ийн зөв гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч Э.Энь нэхэмжлэлийн шаардлагаа Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/250 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах гэж 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эцсийн байдлаар тодруулсан болно.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Э.Э-т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/250 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.3.1, 1.5.3, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн хяналтын улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Э.Э-г 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Гадаадын иргэн, харьяатын газрын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Дотоод хяналт, шалгалт явуулсан тухай 01-03/96 дугаар Илтгэх хуудсаас үзэхэд, Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газарт иргэн Л.Д*******гээс ирүүлсэн ОХУ-ын иргэн У******* гэгч нь Монгол Улсаас албадан гаргасан боловч дахин орж ирж, зохих зөвшөөрөлгүй оршин сууж байгааг шалгаж өгнө үү гэх гомдол мэдээллийг тус газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.Д******* хүлээн авч бүртгэн, улсын байцаагч Э.Э-т шилжүүлсэн байна.
ОХУ-ын иргэн T******* нь Монгол Улсад 30 хоногийн хугацаанд визгүй зорчихоор орж ирээд, уг хугацааг 636 хоног хэтрүүлсэн зөрчил гаргасныг хяналтын улсын байцаагч Э.Э илрүүлж, уг зөрчилд 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 200200311 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Гадаадын иргэнийг саатуулах тухай 5 дугаар захирамжаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын дагуу Т*******ийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 14 хүртэл хоногийн хугацаагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн дэргэдэх Гадаадын иргэнийг саатуулах байранд саатуулахаар шийдвэрлэж, саатуулсан талаар Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэхийг Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газарт даалгасан байна.
Мөн Улсын байцаагч Э.Э нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Гадаадын иргэнийг саатуулах хугацааг сунгуулах тухай санал гаргасныг улсын ахлах байцаагч Н.Д******* хянан баталгаажуулж, улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 05а дугаар бүхий Гадаадын иргэнийг саатуулсан хугацааг сунгах тухай захирамжаар Т*******ийг 2020 /2019 гэж алдаатай бичсэн/ оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 30 хүртэл хоногийн хугацаагаар үргэлжлүүлэн саатуулж, саатуулсан хугацааг сунгасан талаар Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэхийг Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газарт даалгасан байна.
Гадаадын иргэн, харьяатын газрын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Дотоод хяналт, шалгалт явуулсан тухай 01-03/96 дугаар Илтгэх хуудсаас үзэхэд, Э.Э-ийн нээсэн 200200311 дугаартай зөрчлийн хэрэгтэй холбогдуулан дотоод хяналт шалгалтыг хийсэн байх ба уг хяналтын шалгалтын ажиллагааны явцад Хяналт шалгалтын газрын дарга Н.Б*******өөс ...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон эрх хязгаарлах арга хэмжээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гадаадын иргэнийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу, прокурорын хяналт, шүүхийн шийдвэрийн дагуу хэрэгжсэн... гэсэн тайлбар өгсөн байна.
Мөн Дотоод хяналт, шалгалт явуулсан тухай 01-03/96 дугаар Илтгэх хуудсаас үзэхэд дотоод хяналтын шалгалтын ажиллагааны явцад Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.Д******* ...түр саатуулсан талаар Гадаадын иргэнийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар Гадаад харилцааны яамны Консулын газар болон Нийслэлийн прокурорын газарт 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 05/964 дугаартай албан бичгээр, сулласан талаар 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 05/1112 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдсэн. ОХУ-ын иргэн Т*******ий нь Монгол Улсад байх хугацаа хэтрүүлсэн зөрчилд оногдуулсан шийтгэлийг төлж барагдуулаагүй, буцах зардалгүй, эрүүл мэнд нь муудсаны улмаас Улаанбаатар хоспис эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 01/1135 дугаар албан бичгээр мэдэгдсэн, ...Дээр дурдсан ажиллагаа нь ...хуулийн дагуу, прокурорын хяналт, шүүхийн шийдвэрийн дагуу хэрэгжсэн гэсэн тайлбарыг өгсөн байна.
Дээрх Гадаадын иргэн, харьяатын газрын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Дотоод хяналт, шалгалт явуулсан тухай 01-03/96 дугаар Илтгэх хуудсаар ...Авагдсан холбогдох материал тайлбар зэргээс дүгнэхэд Хяналтын улсын байцаагч Э.Э нь ОХУ-ын иргэн Т*******ий-тэй холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хийсэн гэж үзэж байна... гэж дүгнэсэн байх ба уг илтгэх хуудсыг Дотоод хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн Ш.Э бичиж буюу үйлдэж, Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Д танилцаж гарын үсэг зурсан байна.
Гадаадын иргэн, харьяатын газрын Даргын дэргэдэх зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч Э.Э-г ...орчуулагч томилох эрхгүй атлаа тус байгууллагын ажилтан н.З*******г орчуулагчаар томилж, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, өөрийн хийж гүйцэтгэвэл зохих ажиллагааг бусдаар гүйцэтгүүлсэн, ОХУ-ын иргэн Т*******ий Н*******ийн бичиг баримтыг хураан авахдаа тэмдэглэл үйлдээгүй, тухайн иргэнийг суллах үед буюу 7 дугаар сарын 9-ний өдөр өөрөө очиж аваагүй, түүний паспорт бичиг баримтыг өгөөгүйгээс уг иргэн эмнэлгийн тусламж авч чадаагүй, албадан саатуулах хугацаа сунгасан Шүүгчийн захирамжийн талаар Гадаад харилцааны яаманд мэдэгдээгүй... гэж үзэж Э.Э-г төрийн албанаас халах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан үндэслэл, хугацаагаар хүнийг саатуулна, 1 дэх хэсгийн 1.4-д гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн гаргасан хүсэлтээр холбогдогчийн хувийн байдлыг тогтоох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй бол эрүүгийн хэргийн шүүх тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг 14 хүртэл хоногийн хугацаагаар, мөн зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэргийн шүүх гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн гаргасан хүсэлтээр энэ зүйлийн 1.4 дэх заалтад заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг саатуулах хугацааг 30 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно, 3 дахь хэсэгт Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч энэ зүйлийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр саатуулсан гадаадын иргэн, харьяалалгүй хүний талаар гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэнэ гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан Гадаадын иргэн харьяатын газрын хяналтын улсын байцаагчийн \Э.Э-ийн \ албан тушаалын тодорхойлолтын зорилгод ...гадаадын иргэн, харьяалалгүй хүн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх, хяналт тавих..., зорилтод Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, ...хууль тогтоомж зөрчсөн асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсаас албадан гаргасан, түр саатуулсан гадаадын иргэн болон зөрчил гаргасан хүн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийн санг үнэн зөв бүрдүүлэх, баяжуулах гэж, 2 дугаар зорилтын хүрээнд ...зөрчлийг шийдвэрлэх, гадаадын иргэнийг шүүгчийн захирамжаар саатуулах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх, саатуулагдсан этгээдийн хувийн хэргийн бүрдлийг хангах... гэж, 3 дугаар зорилтын хүрээнд ...саатуулагдсан гадаадын иргэний зөрчлийг шийдвэрлэх хүртэл баримт бичгийг хадгалах... чиг үүрэгтэйг заасан байна.
Дээрх ажлын байрны тодорхойлолтын гүйцэтгэх чиг үүргээс үзвэл нэхэмжлэгч Э.Э нь ОХУ-ын иргэн Т*******ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр саатуулах хүсэлт гаргасан нь дээрхи хууль болон түүний албаны чиг үүрэгт заасантай нийцсэн, уг хүсэлтийг шүүх хянан үзээд хангаж шийдвэрлэсэн байна.
Иймд гадаадын иргэнийг албадан саатуулах шийдвэрийг Хяналтын улсын байцаагч гаргадаггүй, санал хүргүүлдэг, харин шүүгчийн захирамжаар гадаадын иргэнийг албадан саатуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэдэг, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ОХУ-ын иргэн Т*******ийг албадан саатуулсан асуудал нь Хяналтын улсын байцаагчийн шууд шийдвэрлэсэн асуудал биш бөгөөд ийнхүү шүүхийн шийдвэрлэсэн асуудалд Э.Э-г буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Э.Э*******ийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, ОХУ-ын иргэн Т*******ийг албадан саатуулах хугацааг сунгуулах тухай хүсэлтийг улсын ахлах байцаагч Н.Д******* хянаж зөвшөөрөл олгосон байх тул зөвхөн Э.Э-г буруутгах боломжгүй.
Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Дотоод хяналт, шалгалт явуулсан тухай 01-09/104 дүгээр Илтгэх хуудаст орчуулагч томилох эрхгүй атлаа тус байгууллагын ажилтан, хяналтын улсын байцаагч Р.З*******г орчуулагчаар томилж, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан зөрчил гаргасан дүгнэсэн байх боловч тус байгууллагын ажилтан, хяналтын улсын байцаагч Р.З*******г орчуулагчаар томилсноос шалтгаалж гадаадын иргэний эрүүл мэнд, амь нас хохирсон гэж шууд дүгнэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
Мөн ОХУ-ын иргэн Т*******ий Н*******ийн бичиг баримтыг хураан авахдаа тэмдэглэл үйлдээгүй гэх зөрчлийн тухайд авч үзвэл, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Э.Э нар нь ОХУ-ын иргэн Т*******ий Н*******ийн паспорт, баримт бичигт үзлэг хийж Монгол улсад байх хугацааг 636 хоногоор хэтрүүлсэн гэх зөрчлийн хэргийг нээхээс өмнө түүний паспортыг хурааж авсан талаар тэмдэглэл үйлдээгүй нь тогтоогдож байна.
Гэсэн хэдий ч дотоод хяналт шалгалтын илтгэх хуудаст паспорт хурааж авсан тэмдэглэл үйлдээгүйгээс шалтгаалж шүүх бичиг баримтжуулах гэсэн үндэслэлийг харгалзан саатуулах хугацааг сунгасан шүүгчийн захирамж гарсан гэсэн агуулгаар дүгнэсэн боловч Э.Э нь бичиг баримтжуулах үндэслэл-ээр албадан саатуулах хүсэлт гаргаагүй нь тогтоогдож байх ба мөн албадан саатуулсан шүүгчийн захирамж бичиг баримтжуулах үндэслэл-ээр гараагүй болох нь тогтоогдож байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7.2-т зааснаар хяналтын улсын байцаагч нь гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичигт үзлэг шалгалт хийж, зөрчлийг шийдвэрлэх хүртэл хадгалах, эрх бүхий байгууллагад шилжүүлэх эрхтэй байх бөгөөд уг эрхийн хүрээнд зөрчилд холбогдогч этгээдийн гадаадын иргэний паспортыг хадгалахаар авсан нь түүний албаны чиг үүрэгт нийцсэн, ийнхүү авахдаа тэмдэглэл үйлдээгүйн улмаас сөрөг үр дагавар үүссэн гэж үзэхээргүй байна.
Мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 05а дугаар захирамжаар тухайн иргэний албадан саатуулсан хугацааг 30 хүртэл хоногоор сунгасан байх бөгөөд уг саатуулсан шүүгчийн захирамжийг Гадаад харилцааны яаманд мэдэгдээгүй гэж Э.Э-г буруутгасан үндэслэлийн тухайд,
Дээрх Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтаар ОХУ-ын иргэн Т*******ий Н*******ийг албадан саатуулсан талаар Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэхийг Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газарт даалгасан байна.
Нэхэмжлэгч би албадан саатуулсан талаар Гадаад харилцааны яаманд мэдэгдэх үүргийг хүлээдэггүй, ажлын байрны тодорхойлолтод ийм чиг үүрэг заагаагүй, ахлах улсын байцаагч хариуцна гэсэн агуулгаар маргаж байх бөгөөд хяналтын улсын байцаагчийн \Э.Э*******ийн\ албан тушаалын тодорхойлолтоос үзвэл энэ үйл ажиллагаа нь Э.Э-н хариуцах ажлын чиг үүрэгт шууд хамааралтай гэж үзэхээргүй байна.
Мөн дээрх шүүгчийн захирамжид тус үүргийг Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газарт даалгасан байхад энэ үйл ажиллагааг тус газрын улсын байцаагч, улсын ахлах байцаагчийн хэн нь хариуцах чиг үүрэгтэй болохыг дотоод хяналт шалгалтын явцад нарийвчлан шалгаж тогтоогоогүй байх тул нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй
Түүнчлэн Э.Э нь Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/606 дугаар тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, мөн тус газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл тус тус хүлээсэн байх боловч Төрийн албаны тухай хуулийн 48.6-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасны дагуу сахилгын шийтгэлтэйд тооцогдох хугацаа дуусгавар болсон байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны Б/250 дугаар тушаалд заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Шүүх Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны Б/250 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг Гадаадын иргэн, харьяатын газрын даргад даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх хугацаагаар тооцож 12,310,017.12 /арван хоёр сая гурван зуун арван мянга арван долоо/-төгрөгийг олгож, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Э.Э*******т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/250 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.Э*******ийг урьд эрхэлж байсан Гадаадын иргэн харьяатын газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 12,310,017.12 /арван хоёр сая гурван зуун арван мянга арван долоо/-төгрөгийг Э.Э-т олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Гадаадын иргэн, харьяатын газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Э.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Д.ХАЛИУНА