Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0396

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Э

Хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд Боловсролын зээлийн сан

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 46 дугаар байр, Гранд плаза худалдаа үйлчилгээ, оффис цогцолборын *-* тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 52.06 м.кв талбайн 50 хувийн өмчлөгчөөр Ц.Э намайг бүртгэхээс татгалзсан 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1079 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0039 дүгээр шийдвэр

Шүүх хуралдааны оролцогчид

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С

Хариуцагчийн өмгөөлөгч С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2023/0938/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Э нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулж “Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 46 дугаар байр, Гранд плаза худалдаа үйлчилгээ, оффис цогцолборын *-* тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 52.06 м.кв талбайн 50 хувийн өмчлөгчөөр Ц.Э намайг бүртгэхээс татгалзсан 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1079 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0039 дүгээр шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Шүүх маргаан бүхий Ү-220505**** дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийг бүртгэсэн эрхийн улсын бүртгэл хуульд заасан мэдүүлэг, бүрдэл баримтаар хийгдсэн эсэх, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байсан эсэх мөн 2023 оны 1079 дугаартай албан бичиг хууль бус байсан эсэх захиргааны байгууллагын үйл ажиллагаанд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн хууль /тухайн үед мөрдөгдөж байсан/ -ийн 14 дүгээр зүйлийн 14.1.8-д бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгагдсан үндэслэл нь энэ талаарх хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буцаахаар зааж, 14.2-т бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хоригложээ. С-ын О /РД:УХ98*****/ нэг иргэний өмчид бүртгэгдсэн, Баянгол дүүрэг 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө, 46 дугаар байр Гранд плаза худалдаа, үйлчилгээ, оффисын цогцолборын *-* тоот үйлчилгээний зориулалттай 52,06 м.кв талбайтай Ү-220505**** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэсэн бүртгэл нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй.

Бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйлдэл, 2023 оны 1079 дугаартай албан бичгээр өгсөн хариу үндэслэлтэй. Учир нь Эд хөрөнгийн эрхийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.3-т заасан эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах “эрх бүхий этгээд, шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн” гэх үндэслэл үүсээгүй байна. Тодруулбал: а. 2013 оны 607 дугаартай шийдвэрт Гранд плазагийн 52,06 м.кв талбайтай үйлчилгээний хэсгийн гэрчилгээнээс С.С нь өөрийн нэрийг татаж хүү С.О-ын нэрийг оруулна гэсэн байна. б.2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын БХЗХТБА албаны албан тоотоор Б.С /ТЯ80012409/ нэр дээр гэрчилгээ гарга гэсэн байна. Албан бичгээр өмчлөх эрх бүртгэх хуулийн зохицуулалт байхгүй болно. Маргаан бүхий Ү-220505**** дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийг бүртгэх үндэслэл нь “Жигүүр гранд групп” ХХК, С.О нарын хооронд байгуулсан гэрээ байдаг. Уг гэрээнд гуравдагч этгээдийн өмчлөлийн талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй.

Ү-220505**** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө нь Боловсролын зээлийн сантай барьцааны гэрээ байгуулж, гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар бүртгүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж маргаагүй. Барьцааны гэрээ нь дээрх хуулийн заалтын дагуу тусдаа бүртгэл хийгддэг бие даасан захиргааны акт юм. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар барьцааны эрх үүссэн ба уг эрх болон түүнийг бүртгэсэн бүртгэл хүчин төгөлдөр хэвээр болно.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009он/ -ийн 17 дугаар зүйлийн 17.3-т улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан. Тухайн үеийн Бүртгэлийн хуульд заасан баримт бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлсэн ба хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу МУ-ын нутаг дэвсгэрт байгаа газар түүнээс салмагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийг баталгаажуулан бүртгэл хийсэн нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчөөгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С Ү-220505**** дугаартай хөрөнгийн өмчлөгч С.О-ын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байх тул гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү гэж хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0039 дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж, нэхэмжлэгч Ц.Э-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Жигүүр гранд группийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 442/3 дугаар албан бичгээр “...иргэн С.С түүний гэргий асан Ч.Б нарын хооронд байгуулсан 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгө хуваах гэрээ”, 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэр, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2/1998 тоот “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны” 2-1998 тоот албан бичиг зэрэг тушаал шийдвэрүүдийг үндэслэн манай групптэй хийсэн С.С-ын гэрээг цуцлан, хууль журмын дагуу түүний хүү С-ын О-ын нэр дээр шилжүүлээд байгаа тул уг үйлчилгээний танхимын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг С-ын О-ын нэр дээр гарган өгнө үү” гэх албан бичгийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлжээ.

          3. Улсын бүртгэлийн ерөнхий газар 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С-ын О-д Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайван өргөн чөлөө, 46 дугаар байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисын цогцолборын *-* тоот үйлчилгээний зориулалттай 52.06 м.кв талбайд үл хөдлөх хөрөнгийн Ү-220505**** дугаарт бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн 000282*** дугаартай гэрчилгээ олгожээ.

          4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 395 дугаар шийдвэрээр “...Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисын цогцолборын *-* тоот үйлчилгээний зориулалттай талбайн Ү-220515**** дугаар улсын бүртгэл, 00028**** дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.О, Ц.Э нарыг хамтад нь бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 553 дугаар магадлалаар “...Ү-220505**** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Ц.Э-г С.О-ын хамт бүртгэхийг даалгах шаардлага бүхий Ц.Э-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай, ... гэрчилгээний 50 хувьд холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж...” шийдвэрлэжээ.

          5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх шийдвэрийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс дахин шинэ акт гаргаагүй болох нь тогтоогдож байна.

          6. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна” гэж заасан.

          7. Ийнхүү Ц.Э-г тухайн үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзаж байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус байх бөгөөд анхан шатны шүүх “...нэхэмжлэгч Ц.Э нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг иргэн С.С-тай нийлж 50, 50 хувийн хөрөнгө гаргаж худалдаж авсан, иргэн С.С нь өөрт холбогдох хувь болох маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийг өөрийн хүү С.О-доо шилжүүлэн өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Э нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өөрт холбогдох 50 хувийг өөрийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхтэй байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий бүртгэлийн талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА