Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1149

 

             

    2022        07          27                                  2022/ШЦТ/1149

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч Д.О- нарыг оролцуулан тус шүүхийн хэргийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М овогтой Д-ын О-т холбогдох эрүүгийн 2106 03254 1791 дугаартай хэргийг шүүх 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: М улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, хоёр хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 19-634 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар У385120519, М овогтой Д-ын О-.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Д.О- нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын 1-41 тоот хашаагүй, 0.7 га газрыг миний өөрийн газар, бичиг баримт нь гараагүй байгаа гэж худал хэлж хуурч, иргэн Б.М-д зарахаар болж тохиролцон, улмаар 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл нийт 700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О- мэдүүлэхдээ: “... Би 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байхад Одсүрэн гэх хүн надтай ирж уулзаад газар зарах талаар асуусан. Би тэрийг сайн мэдэхгүй хоёр гурван газар байгаа байх гэсэн чинь. “Чамайг хоёр давхар байшинтай айл газар зарна” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би “тийм газар бол байхгүй, хүмүүсийн асуудалтай гэсэн газрыг нь тогтоож өгдөг” гэхэд “өө тийм үү танд кадастрын зураг байна уу” гэхэд би “надад кадастрын зураг бол байхгүй” Газрын алба дээр очиход эргийн дагуу Налайх дүүргийн харьяатай гээд надад газар өгөхгүй байсан гэхэд оршин суугаа газраа сольж байгаад авдаг юм уу би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргыг танина. Газрын алба дээр таньдаг хоёр, гурван хүнтэй. Би энэ газрыг чинь нэр дээрээ авчихъя гэхэд чи хашаа хатгуулаад авчихвал хүний газар зарна гэж юу байх вэ гээд чи гаргаж авч чадвал чи надад 200.000-300.000 төгрөг өгчих гэсэн чинь “тэгье” гэсэн. Анх мөнгөн дүнгээ тохиролцож хийсэн...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас иргэн Б.М-аас гаргасан гэмт хэргийг талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-10/, хохирогч Б.М-ын өгсөн мэдүүлэг /хх-14-15/, гэрч Ж.Одгэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-32-33/, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 15/867 дугаартай албан бичиг /хх-39/, иргэн Б.Мандахын эзэмшлийн 000139690 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-40/, газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /хх-41-47/, шүүгдэгч Д.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Д.О- нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын 1-41 тоот хашаагүй, 0.7 га газрыг миний өөрийн газар, бичиг баримт нь гараагүй байгаа гэж худал хэлж хуурч, иргэн Б.М-д зарахаар болж тохиролцон, улмаар 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл нийт 700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М-ын өгсөн: “...Би нөхөр Ж.Одгэрэлийн хамт иргэн Д.О- гэх хүнтэй холбогдож Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эфисс” худалдааны төвийн урд талд байрлах Хөлийн голын 1-41 тоот хашаагүй 0.7 га газрыг 4.000.000 төгрөгт бодож авах болсон. Газрын гэрчилгээ нь удахгүй гарна би хүнд авлигал өгчихсөн, харин гарахгүй бол өөрсдөө хөөцөлдөөд 2 сая төгрөг өгөөд аваарай гэсэн. Энэ асуудал нь 2021 оны 3 дугаар сард болсон юм. Тэгээд 2021 оны 3 сарын 23-ны өдөр 200.000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 300.000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 200.000 төгрөг, нийт 700.000 төгрөг өөрийнх 5779138776, эхнэр Сумъяанаранцацралын 5009388600 гэсэн данс руу шилжүүлсэн. Д.О- нь хурдан хашаагаа барь, кадастр хийлгэхэд хашаагүй байж болдоггүй юм гээд байсан ба бид нар хашаа барихад нийт 9.356.000 төгрөг зарцуулж хашаагаа бариад дууссан чинь Б.Мандах гэх хүн өөрийнхөө нэр дээр байгаа гээд хашааны гэрчилгээ гаргуулаад ирсэн.” гэх мэдүүлэг /хх-14-15/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Одгэрэлийн өгсөн: “...Би 2021 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гүний худаг өрөмдлөгийн ажил хийж байсан бөгөөд тухайн үед тус газарт амьдардаг О- гэх залуутай танилцаж энд зарах газар байна уу? гэж асуухад хашаагүй 0.7 га газрыг зарна гэж хэлсэн бөгөөд хэний эзэмшилд байдаг вэ? кадастр байгаа юу? гэж асуухад миний өөрийн эзэмшлийн газар, хуучин хашаатай байж байгаад хашаагүй болсон одоогоор бичиг баримт нь гараагүй, кадастрын зураг хийлгэсэн гэж хэлсэн бөгөөд зарах уу? гэж асуухад 7 саяар зарна бэлэн 5 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тухайн өдрөөс хэд хоногийн дараа О- бид хоёр Баянзүрх дүүргийн газрын албан дээр очиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо хариуцсан мэргэжилтэнтэй уулзахад дотоод ажилтай байна гэсэн бөгөөд тухайн газрынхаа кадастрын зургаа аваад ирвэл эзэмшил, давхцал байгаа эсэхийг судалж болно гэж хэлсэн. Тухайн үед О- кадастрын зургаа Налайхад байгаа гэсэн тул тодруулах боломжгүй болсон. ...Тухайн өдрөөс хойш 5 хоногийн дараа О- утсаар холбогдож “газраа авах юм уу? надад мөнгөний хэрэгцээ шаардлага гараад байна, ямар нэгэн асуудал байхгүй“ гэж хэлсэн тул 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл нийт 700.000 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн. ...хашаа барьж дуусаад хашааны төмөр хаалгаа хийгээд байж байтал Мандах гэх эмэгтэй “Миний өөрийн эзэмшлийн газар, ямар шалтгаанаар хашаа бариад байгаа юм бэ?” гэж асуусан бөгөөд тухайн хүнд хандаж “газрын гэрчилгээ бичиг баримт байна уу” гэж асуухад Бойройн Мандах гэсэн газар эзэмших гэрчилгээ гаргаж ирсэн” гэх мэдүүлэг /хх-32-33/,

 

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 15/867 дугаартай албан бичиг, иргэн Б.Мандахын эзэмшлийн 000139690 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /хх-39-47/,

 

Б.М-аас гаргасан гэмт хэргийг талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-10/,

 

Шүүгдэгч Д.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/  зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Д.О-ын шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын 1-41 тоот хашаагүй, 0.7 га газрыг миний өөрийн газар, бичиг баримт нь гараагүй байгаа гэж худал хэлж хуурч, иргэн Б.М-д зарахаар болж тохиролцон, улмаар 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл нийт 700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

М Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “М Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзлээ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгч Д.О- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөр 150.000 төгрөгийг төлж үлдэгдэл 550.000 төгрөгийг хохирлыг төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.О-аас 550.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д олгохоор шийдвэрлэв.

 

Энэ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.О-т үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэв.  

 

Мөн шүүхээс Д.О-т оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Д.О- нь энэ хэрэгтээ 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 21 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн  1, 2  дахь хэсэгт тус тус зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М овогтой Д-ын О-ыг “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-т 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.О-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.О-ын урьд цагдан хоригдсон 21 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 550.000 төгрөгийг шүүгдэгч Д.О-аас гаргуулж хохирогч Б.М-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС