Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1155

 

 

   2022         07         28                                    2022/ШЦТ/1155

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

    улсын яллагч Н.Гэрэлмаа,

    хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-,

          шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч К.Манлай нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Б-од холбогдох эрүүгийн 2202 00000 0191 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Х он” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, өвөөгийн хамт Хан-Уул дүүрэг, Вива сити 3/3 байр 2-5 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх-0000000, Х овогтой Н-ын Б-.

         

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Н.Б- нь “Х он” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа, 2019-2020 онд “Б ” ХХК-иас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт нийт 4.998.696.150 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг “Б ” ХХК- иас авсан мэтээр хий бичилт бүхий 11 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг 2019 оны 1, 4, 6 сарууд болон 2020 оны 3 дугаар сард өөрийн компанийн худалдан авалтаар зориуд худал тодорхойлж татварт тайлагнан улсын төсөвт төлөгдөх 454.426.922.18 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. 288.593.904.40 мөнгөний тал дээр борлуулалт хийхээр ахиад өр үүснэ. Худалдан авалт хийхээр багасаад явна. Саяны хэлж байгаагаар төлөөд дуусчихсан. Шинэ үйл ажиллагаа явуулахад нэмэгдсэн өртгийн албан татварын өртэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Өр маань тасралтгүй төлөгдөөд явж байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баттулгын мэдүүлэхдээ: “...Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Б ” ХХК-тай холбоотой нэгдсэн орлогын албан татвартай холбоотой борлуулалт, болон худалдан авалтын талаар танилцуулга бичиж өг гэсэн удирдамжийн дагуу “Б ”ХХК-ийн худалдан авалт бичсэн жагсаалтуудын дагуу танилцуулга бичиж Эрүүгийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газарт хүргүүлсэн. Энэ танилцуулгын хүрээнд “Х ” ХХК нь “Б ” ХХК”-аас 4.998.696.150 төгрөгийн хий бичилт бичсэнийг мөн “Х ” ХХК худалдан авалт хийснийг татварын системээс хөрвүүлж бид нар танилцуулга бичиж илгээсэн. Түүнчлэн 4.998.696.150 төгрөгийн ноогдох татвар болон 4.554.426.922.18 төгрөгийг төсөвт төвлөрүүлэхийг шаардаж байсан. Эндээс төлөөд үлдэгдэл нь 288.000.000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн гэж байна... гэв.  

 

 Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Бадам, Г.Б- нарын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Б ” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар танилцуулга 487 аж ахуйн нэгжийн жагсаалт /1хх-133/, хохирогч Г.Баттулгын өгсөн мэдүүлэг /2хх-26-27/, “Их наяд” ХХК-ийн татварын мэргэшсэн зөвлөгөө үзүүлэх эрх бүхий шинжээч нарын 2022 оны 5 дугаар сарын 10-ны 22/05 дугаартай дүгнэлт /1хх-209-216/, гэрч Б.Батзаяагийн өгсөн мэдүүлэг /1хх-193-194/, гэрч Э.Ган-Оргилын өгсөн мэдүүлэг /1хх-195-196/, Д.Хишигжаргалын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-182-184/, Татварын Ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 05/1228 дугаартай “Х он” ХХК нь Баянзүрх дүүргийн татварын албанд харьяалагддаг талаарх албан бичиг /1хх-136-137/, “Х он” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /2хх-5-6/, Н.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-12-13/, Н.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-21/, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 10/3519 дугаартай албан бичиг /2хх-5-6/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Н.Б- нь “Х он” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа, 2019-2020 онд “Б ” ХХК-иас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт нийт 4.998.696.150 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг “Б ” ХХК- иас авсан мэтээр хий бичилт бүхий 11 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг 2019 оны 1, 4, 6 сарууд болон 2020 оны 3 дугаар сард өөрийн компанийн худалдан авалтаар зориуд худал тодорхойлж татварт тайлагнан улсын төсөвт төлөгдөх 454.426.922.18 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Баттулгын өгсөн: “...“Х он” ХХК нь 2019 оны 1, 4, 6 дугаар сарууд болон 2020 оны 3 дугаар сард “Б ” ХХК-иас нийт 4.998.696.150 төгрөгийн худалдан авалт хийснээр 11 ширхэг НӨАТ-ын падааныг татварт тайлагнан, нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хэмжээг 454.426.922 төгрөгөөр бууруулсан байна, мөрдөн шалгах ажиллагаа болон, шинжээчийн дүгнэлтээр эдгээр НӨАТ-ын падаанууд нь хуурамч болох нь тогтоогдсон байна, ийм учраас “Хүрэл- Ордон” ХХК-ийн холбогдох албан тушаалтан нь улсад 454.426.922 төгрөгийн хохирол учруулж, мөн хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн байна, тийм учраас татварын байгууллагаас тухайн хохирлыг гэм буруутай этгээдээр улсад эргэн төлүүлэхээр шаардлага тавьж байна. ... Шинжээчийн дүгнэлттэй танилцсан байгаа, шинжээчийн дүгнэлтээр гаргасан дүн нь манай татварын байгууллагаас шалгаж гаргасан, танилцуулгад тусгасан дүнтэй таарч байгаа...” гэх мэдүүлэг /2хх-26-27/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батзаяагийн өгсөн: “...2019 оны 5 байна уу 6 дугаар сарын үед шиг санагдаж байна. Манай танил найз Бат-Эрдэнэ нь манай ахын нэг компани байдаг юм “Х он” гэдэг нэртэй тэр компани нь татвар дээр нэлээн өртэй болоод байгаа юм, таньдаг мэддэг хүн байна уу гэж асууж байсан, тэгээд би өөрийн танил Ган-Оргилтой холбогдоход "Б '' ХХК-иас НӨАТ-ын падаан шивүүлж болох байх гэж хэлж байсан. Тэгээд “Х он” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б- гэж хүнтэй багшийн дээдийн тэр хавьцаа нэг оффис дээр очиж уулзсан. ... Урьдчилгаа мөнгө өгч байж падаан шивж өгнө гэж байна гэдгийг нь Н.Б- гэх хүнд дамжуулж хэлсэн. Тэгээд Н.Б- нь надад НӨАТ авах дүнгээ хэлж байсан, яг хэд гэж байсныг нь санахгүй байна. ... Н.Б- нь НӨАТ-ын падаан шивүүлсний урьдчилгаа мөнгө гээд 20 сая төгрөгийг надад бэлнээр өгсөн. Тэрийг нь би Ган-Оргилд тэр өдөртөө 25 дугаар эмийн сангийн тэнд аваачаад өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-193-194/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ган-Оргилын өгсөн: “...2019 оны 4 дүгээр сард шиг санаж байна манай найз Б.Батзаяа "Х он" ХХК-ийн талаар яриад НӨАТ баримт хэрэгтэй байна гэнээ НӨАТ-ын баримт шивж өгөх боломж байгаа юм уу, зээлээр шивүүлээд дараа нь мөнгийг нь авах боломж байгаа юм уу" гэж асууж байсан юм, тэр үед би Б.Батзаяад Д.Хишигжаргал эгчээс асуугаад хариу хэлье гэж хэлж байсан. Тэгээд Д.Хишигжаргал эгч рүү яриад зээлээр НӨАТ шивж өгөх боломж байгаа юм уу гэж асууж байсан юм. Тэгээд Д.Хишигжаргал эгч нэг хариу хэлж байсан тэгээд тухайн үедээ яг яасныг нь сайн санахгүй байна. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын үед байх "Х он" ХХК-иас НӨАТ-ын баримт шивүүлсний төлбөр гээд 20.000.000 төгрөгийг Б.Батзаяа нь бэлнээр надад авчирч өгч байсан. Тэр 20 сая төгрөгийг нь би Д.Хишигжаргал эгчид тэр өдрөө шууд тухайн үед Д.Хишигжаргал эгчийн компанийн оффис байдаг байсан Цэцэрлэгт хүрээлэнгийн ард талд байх байршилтай байрны 4 дүгээр давхарт аваачиж өгч байсан...” гэх мэдүүлэг /1хх-195-196/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Хишигжаргалын гэрчээр өгсөн: “...Би “Б ” ХХК-ийн нэрээр 2017-2020 онуудад нийт 135.166.886.586.36 төгрөгийн НӨАТ-ын борлуулалтын падаан үйлдэж төсөвт төлөх зайлсхийх боломж олгосноо хүлээн зөвшөөрч байна. Би шивсэн НӨАТ-ын падааны үнийн дүнгийн 0,8-1,5% хүртэлх хувиар борлуулж байсан...” гэх мэдүүлэг /1хх-182-184/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Х он" ХХК нь анх 2007 онд үүсгэн байгуулагдсан барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм. Миний тухайд 2014 оноос одоог хүртэл гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчийн ажлыг давхар хийж явж байна. ... 2019 оны 1, 4, 6 дугаар саруудад нийт 4 ширхэг падаан баримтаар 773.101.450 төгрөгийн дүн бүхий НӨАТ-ын шивэлт хийлгэсэн. Тухайн оны хамгийн сүүлийн шивэлт нь 6 дугаар сард хийгдсэн яг хамгийн сүүлийн шивэлт хийгдээд дууссаны дараа 773.101.450 төгрөгийн НӨАТ-ын баримтын төпбөр болгож уг үнийн дүнгийн 2,5 хувь болох 20.000.000 төгрөгийг Багшийн дээдээс зүүн тийш яваад байдаг “Маргад” төвийн оффис дээр байхад Б.Батзаяад бэлнээр өгсөн. ...Татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2хх-12-13/,

 

Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Бадам, Г.Б- нарын 2021 оны 4 дүгэзр сарын 23-ны өдрийн “Б ” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар танилцуулга, 487 аж ахуйн нэгжийн жагсаалт /1хх-18-133/,

 

Татварын ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 05/1228 дугаартай “Х он” ХХК нь Баянзүрх дүүргийн татварын албанд харьяалагддаг талаарх албан бичиг /1хх-136-137/,

 

“Х он” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /2хх-5-6/,

 

Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 10/3519 дугаартай албан бичиг /2хх-5-6/

 

Н.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-21/ гэх мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Улсын яллагч “...Шүүгдэгч Н.Б- нь “Х он” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа, 2019-2020 онд “Б ” ХХК-иас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт нийт 4.998.696.150 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг “Б ” ХХК- иас авсан мэтээр хий бичилт бүхий 11 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг 2019 оны 1, 4, 6 сарууд болон 2020 оны 3 дугаар сард өөрийн компанийн худалдан авалтаар зориуд худал тодорхойлж татварт тайлагнан улсын төсөвт төлөгдөх 454.426.922.18 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

           Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанаар шүүгдэгч Н.Б-ын “Х он” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа, 2019-2020 онд “Б ” ХХК-иас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт нийт 4.998.696.150 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг “Б ” ХХК- иас авсан мэтээр хий бичилт бүхий 11 ширхэг НӨАТ-ын падаан баримтыг 2019 оны 1, 4, 6 сарууд болон 2020 оны 3 дугаар сард өөрийн компанийн худалдан авалтаар зориуд худал тодорхойлж татварт тайлагнан улсын төсөвт төлөгдөх 454.426.922.18 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

          Татвар төлөхөөс зайлсхийх нь улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм. Татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг дэлхийн улс орнуудад төдийгүй Монгол Улсын Эрүүгийн хууль хууль тогтоомжид гэмт хэрэгт тооцож ирсэн уламжлалтай. Татвар төлөх талаар тогтоосон журам байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долоодугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн татвар төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

          Д.Хишигжаргал нь нас барсан болох нь бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /2хх-2/ Мөн эрүүгийн 2111001440087 дугаартай хэргээс 2202000000191 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн тогтоол үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг тусгаарлагдсанаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх, ял завших боломжгүй учир шүүгдэгч Н.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 454.426.922.18 төгрөгөөс шүүгдэгч Н.Б- 165.833.018 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэгдэл хохирол болох 288.593.904.40 төгрөгийг гаргуулж нь улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо. 

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Н.Б-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

            Шүүгдэгч Н.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогтой Н-ын Б-ыг “Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон буюу татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б-оос 288.593.904.40 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

          6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Н.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

           7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС