Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1162

 

 

 

    2022       07           29                                  2022/ШЦТ/1162

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

Шүүгдэгч Ж.О- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т овогт Жийн О-т холбогдох эрүүгийн 2206 00542 0765 дугаартай хэргийг шүүх 2022 оны 6 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, эгчийн хамт, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Өлгийн 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх-0000000 Т овогт Жийн О-.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/    

 

Шүүгдэгч Ж.О- нь 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа “GINX” нэртэй фейсбүүк хаягаас “Заал түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн “Голомт” банкны ххххххххххх гэсэн дансаараа иргэн М.Үаас 60.000 төгрөгийг “заал түрээсийн урьдчилгаа” гэж шилжүүлэн авч залилсан,

2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим орчинд өөрийн “GINX” нэртэй фэйсбүүк хаягаас “Заал түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн “Голомт” банкны ххххххххххх гэсэн дансаараа иргэн Б.М-аас 10.000 төгрөгийг “заал түрээсийн урьдчилгаа” гэж шилжүүлэн авч залилсан,

2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа “GINX” нэртэй фэйсбүүк хаягаас “ Заал түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн “Голомт” банкны ххххххххххх гэсэн дансаараа иргэн Б.О-гаас 30.000 төгрөгийг “заал түрээсийн урьдчилгаа” гэж шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О- мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас шүүгдэгч Ж.О-ийнГоломт” банкны ххххххххххх дансны хуулга /хх-34-48/, хохирогч М.Үын өгсөн мэдүүлэг /хх-7/, хохирогч Б.М- өгсөн мэдүүлэг /хх-67/, хохирогч Б.О-гийн өгсөн мэдүүлэг /хх-83/, Ж.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-20/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 2022/ЦХШЗ/230 дугаартай захирамж /хх-95-96/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ЦХШЗ/343 дугаартай захирамж /хх-97-99/, хохирол төлсөн баримтууд /хх-107/, шүүгдэгч Ж.О-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Ж.О- нь 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа “GINX” нэртэй фейсбүүк хаягаас “Заал түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн “Голомт” банкны ххххххххххх гэсэн дансаараа иргэн М.Үаас 60.000 төгрөгийг “заал түрээсийн урьдчилгаа” гэж шилжүүлэн авч залилсан,

2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим орчинд өөрийн “GINX” нэртэй фэйсбүүк хаягаас “Заал түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн “Голомт” банкны ххххххххххх гэсэн дансаараа иргэн Б.М-аас 10.000 төгрөгийг “заал түрээсийн урьдчилгаа” гэж шилжүүлэн авч залилсан,

         2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа “GINX” нэртэй фэйсбүүк хаягаас “ Заал түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн “Голомт” банкны ххххххххххх гэсэн дансаараа иргэн Б.О-гаас 30.000 төгрөгийг “заал түрээсийн урьдчилгаа” гэж шилжүүлэн авч, залилсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Үын өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 10-07 тоотод оршин суудаг бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр өөрийн найзуудын хамтаар заал авч тоглох гээд фейсбүүкээр “заал авна, өгнө” гэсэн зарын групп руу ороод заал авахаар “GINX” гэсэн аккаунттай “48 дугаар сургууль дээр заал өгнө” гэсэн зарын дагуу 99ххххххх гэсэн дугаар руу холбогдсон юм. Тухайн дугаар руу залгахад 20 орчим насны эрэгтэй хүн утас аваад “ххххххххххх гэсэн данс руу урьдчилгаа 60.000 төгрөг шилжүүлчих, ирээд үлдсэн тооцоогоо хийчих” гэж хэлсэн болохоор нь тухайн данс руу 60.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль дээр очоод тухайн 99ххххххх гэсэн дугаар руу залгасан чинь “Би жижүүртээ хэлчихье” гэж хэлээд тухайн дугаар дахиж холбогдоогүй ...” гэх мэдүүлэг /хх-7/,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.М-ын өгсөн: “... Би “заал өгнө, авна” гэсэн фэйсбүүк группт зар харж байгаад 99ххххххх дугаартай хүнтэй 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр холбогдож яриад “Кино үйлдвэр”-ийн хойшоо өгсөн зам дагуу байрлах ерөнхий боловсролын 69 дүгээр сургууль дээр спорт заал 22 цагт авахаар тохиролцсон. Тухайн хүн надад урьдчилгаа 20.000 төгрөгийг “Голомт” банкны ххххххххххх данс руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад дансанд 10.000 төгрөг байна гэж хэлээд тухайн хүний “Голомт” банкны ххххххххххх тоот данс руу өөрийн “Хаан” банкны 5217024941 тоот данснаас гүйлгээний утга хэсэгт овог, нэр, утасны дугаараа бичиж шилжүүлсэн. Тэр ах надад орой 22 цагаас шууд очоод ороорой би жижүүрт хэлчихсэн байгаа гэж хэлсэн. Ингээд би 21 цаг өнгөрч байхад Ерөнхий боловсролын 69 дүгээр сургууль дээр хамт заал авах найзуудынхаа хамт очиход тухайн сургууль хаалттай, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-67/,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.О-гийн өгсөн: “... Би “заал өгнө, авна” гэсэн фэйсбүүк группт зар харж байгаад 99ххххххх дугаартай хүнтэй 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр холбогдож яриад Төмөр замын 3 дугаар сургууль дээр спорт заал 22 цагт авахаар тохиролцсон юм. Тухайн хүн надад урьдчилгаа 30.000 төгрөгийг “Голомт” банкны ххххххххххх данс руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би 30.000 төгрөгийг тухайн хүний “Голомт” банкны ххххххххххх тоот данс руу өөрийн найз Содбаярын “Хаан” банкны данснаас  гүйлгээний утга хэсэгт нь утасны дугаараа бичиж шилжүүлсэн. Тэр ах надад орой 22 цагаас шууд очоорой би жижүүрт хэлчихсэн байгаа гэж хэлсэн. Мөн өөрийгөө Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн багш ажилтай гэж хэлсэн. Ингээд би 99ххххххх дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Ингээд би өөрийгөө залилуулсан талаар мэдсэн ...” гэх мэдүүлэг /хх-83/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.О-ийн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 1 сарын 1-5 хүртэлх хугацаанд надад ямар нэг ажил олдохгүй байсан учраас би өөрийнхөө 99ххххххх дугаарын гар утаснаас цахим сүлжээнд “заал түрээслүүлнэ”, “Монгол цамц зарна” зарыг  байршуулж нийтдээ  7 хүнээс 187.000 төгрөг залилан мэхэлж авсан...” гэх мэдүүлэг /хх-20/,

        

        Шүүгдэгч  Ж.О- эзэмшигчтэй ххххххххххх дугаартай Голомт банкны дансны хуулга /хх-34-48/,

        Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 2022/ЦХШЗ/230 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” захирамж /хх-95-96/,

        Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ЦХШЗ/343 дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээ авах тухай” захирамж /хх-97-99/,

        Хохирол төлсөн баримтууд /хх-107/,

        Шүүгдэгч Ж.О-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26/ зэрэг нотлох баримтууд болно.

 

        Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

        Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

        Иймд шүүгдэгч  Ж.О-ийн Ж.О- нь 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3 удаагийн үйлдлээр бусдаас нийт 100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”...гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

         

           Ийнхүү шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанаар  шүүгдэгч Ж.О-ийн үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

        Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

        мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

        Шүүгдэгч Ж.О- нь шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр болох 100.000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

        Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

         Шүүхээс шүүгдэгч Ж.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын нөхцөл байдал, анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

        Шүүгдэгч Ж.О- нь энэ хэрэгтээ 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэл 42 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх буюу 15.000 төгрөгөөр тооцож түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаас хасаж шийдвэрлэв.

 

       Энэ хэрэгт эд мөрийн баримаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т овогт Жийн О-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Шүүгдэгч Ж.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр ял шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ийн цагдан хоригдсон 42 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх буюу 15.000 төгрөгөөр тооцож нийт 630 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 630.000 төгрөгөөр тогтоож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаас хасаж нийт торгох ялын хэмжээг 270 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 270.000 төгрөгөөр тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.О- нь шүүхээс оногдуулсан 270 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 270.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.О- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                               

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ж.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                             ДАРГАЛАГЧ, 

                                             ШҮҮГЧ                              Э.ЧИНГИС