Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1163

 

 

 

  2022         07         29                                    2022/ШЦТ/1163

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

    улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

          шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т.Б-ад холбогдох эрүүгийн 2206 01730 1792 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Хялганат тосгонд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, “..........” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Улаан хэрэмтийн 0 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 93 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Т овогтой Т-ийн Б-.

         

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Т.Б- нь 2022 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаан хэрэм 1 дүгээр гудамжны 15 тоот хашааны гадаа тодорхой шалтгаангүйгээр хохирогч Ш.Г-этэй маргалдах явцад баруун гараас зуурч, барьцалдах үед хохирогчийн амь насыг хохироох аюултай үйлдэл гарахгүй гэж хөнгөмсгөөр хандаж хохирогч Ш.Г-ийн гарыг нь тавиулах зорилгоор гарыг нь угзрахад хохирогч Ш.Г-э дагз хэсгээр савж унаж улмаар тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан буюу хохирогч Ш.Г-ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-9/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г-ын өгсөн мэдүүлэг /хх-32-34/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-15/, эд мөрийн баримтаар тооцож сидиг хураан авсан тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-18/, гэрч Б.Сэлэнгээгийн өгсөн мэдүүлэг /хх-33-34/, гэрч Т.Баасандоржийн өгсөн мэдүүлэг /хх-3, 43/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 966 дугаартай дүгнэлт /хх-70-72/, шүүгдэгч Т.Б-агийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-179-180/, шүүгдэгч Т.Б-агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-120/, шинээр шүүгдэгч Т.Б-агийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч Т.Б-агийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, “Бат Их үйлс” ХХК-ийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг 4 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Н Т.Б- нь 2022 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаан хэрэм 1 дүгээр гудамжны 15 тоот хашааны гадаа тодорхой шалтгаангүйгээр хохирогч Ш.Г-этэй маргалдах явцад хохирогч Ш.Г-э нь яллагдагч Т.Б-агийн баруун гараас зуурч, барьцалдах үед хохирогчийн амь насыг хохироох аюултай үйлдэл гарахгүй гэж хөнгөмсгөөр хандаж хохирогч Ш.Г-ийн гарыг нь тавиулах зорилгоор гарыг нь угзрахад хохирогч Ш.Г-э дагз хэсгээр савж унаж улмаар тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан буюу хохирогч Ш.Г-ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г-ын  өгсөн: “...Амь хохирогч бид хоёр 2017 оноос хойш хамт амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болсон. 2022 оны 3 дугаар сарын 18-ны орой ажлынхаа хүмүүстэй ажил дээрээ баяр тэмдэглэж байна гэж хэлсэн бөгөөд орой 22:06 цагт залгахад цаана нь нэг хүүхэн хашхираад юм дуугараад утас нь тасарсан юм. Би яг юу болоод яагаад хашхирч байгаа талаар мэдээгүй. Удалгүй 22:36 минутанд дахин залгахад дуу султай байж л байна гэж хэлсэн. ...Тархины битүү гэмтлийн улмаас хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-23, 28-29, 32-34/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сэлэнгээгийн өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай байгууллага эрэгэй ажилчддаа баяр хүргэж Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг Улаан хэрэм 1-15 тоот үйлдвэрийн байранд зоогийн газартаа 16 цагийн орчим 20 орчим ажилчддаа хүлээн авсан... Отгонбаатараас юу болсон талаар асуухад үлдсэн Б-, Баасандорж, Түмээ, Ганаа ах гэх хүмүүс үлдэж архи ууж байгаад, хоорондоо маргалдсан, юунаас болж маргалдсан талаар асуухад Г-э ах Б-аг алнаа гэж хэлээд галын төмрөөр цохисон. Би түүнийг харсан. Хариуд нь Б-а босч ирээд барьцалдаж авсан. Энэ үед Отгонбаатар салгаж, Г-э, Баасандорж нарыг байшингаасаа хөөж гаргасан гэж хэлсэн. Отгонбаатар нь байшинд унтаж байхад 5 цагийн орчим Г-э ах хурхираад байхаар сэрээд хартал цусаар бөөлжсөн байсныг хараад Түмээ эгч 103 дуудаж эмч ирээд яаралтайгаар авч явсан...” гэх мэдүүлэг /хх-33-34/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Баасандоржийн өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 18-ны 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд найз Б-агийнд Ганаа, тогооч нартай 1 литртэй “Эдин” уугаад байж байсан нь Ганаа босож ирээд Б-аг дэгээ төмрөөр нуруу хавь руу нь хоёр цохьсон. Тэгээд Б-а хэвтэж байгаад босч ирсэн чинь нүүр хэсэгт нь Ганаа нэг удаа цохьсон. Тэр хоёр маргалдаад байхаар нь би юмыг яаж мэдэх вээ гэж бодоод тэр хоёрын голд нь орсон байсан. Тэгээд Б-а гараа угзрах шиг болсон чинь Ганаа газар унаад их хурдан босч ирсэн. Тэгээд би Ганааг аваад гэрт нь хүргэж өгөх санаатай такси барих гээд бид хоёр зам дээр очсон. Тэгсэн чинь бид хоёр юм яриад байж байсан чинь Ганаа газарт унаад өгсөн Тэгээд еглөө 05 цагийн үед Ганаа их сонин дуугараад байсан. Тэгээд би бөөлжих гэж байна гэж бодоод түлхсэн чинь дагзан хэсэгтэй нойтон байсан. Тэгсэн чинь тогооч наад хүн чинь их сонин байна. Манай дүү ингэж байгаад өнгөрсөн гэхээр нь Б-а түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-41-43/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 966 дугаартай дүгнэлтэд:

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бембөлөгийн хатуу хальсны дээрх цусан хураа, тархи дарагдал, цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал / 2022.03.19-ны өдөр 1, баруун тал бөмбөлөгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн аалзан хальсны доорх цус харвалт, баруун зулай, чамархайн хуйх, булчинд цус хуралт, духанд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. 3. 5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, амьд ахуйд учирсан шинэ гэмтэл ба үхэлд хүргэсэн болно.

4. Гавал тархины гэмтэл нь унах, цохигдох аль ч үед үүсэх боломжтой.

6. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэх дүгнэлт /хх-70-72/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-73-74/,

Лабораторид шинжилгээ хийлгээх илгээх бичиг /хх-75-77/,

Улсын Хоёрдугаар эмнэлгээс ирүүлсэн өвчний түүх /хх-83-110/,   

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Б-агийн яллагдагчаар өгсөн: "... Хашааны хаалгаар гарахад хашааны хаалганы гадна талийгаач Г-э, Баасанжаргал нар байсан. Би зүүн гартаа мод барьсан чигээрээ очоод талийгаачтай маргалдсан. Тэгтэл Баасанжаргал миний гарт байсан модыг гараас авчихсан. Талийгаач миний зүүн шанаа руу баруун гараараа 3 удаа цохьсон. Би хойшоо ухрахад талийгаач миний зүүн гарнаа зүүн гараараа барьчихсан байсан. Тэгэхээр нь гараа тавиулах гээд гараа хүчтэй татахад талийгаач замын хажуу талын налуу хэсэг рүү өнхөрч унасан. Тэгээд босч ирээд дахин маргалдаж байгаад Баасанжаргалтай талийгаач цааш явсан. Би гэр рүүгээ ороод унтаж амарсан. ... Өглөө тогооч Түмээ босч ирээд Г-э сонин болоод байна гэхээр нь босоод харахад амнаас нь хүрэн өнгийн зүйл гоожсон байсан. ... Ийм зүйл болсонд үнэхээр их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-179-180/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-9/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-15/,

Эд мөрийн баримтаар тооцож сидиг хураан авсан тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-18/,

Шүүгдэгч Т.Б-агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-120/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г-ын Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-184/ гэх мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Улсын яллагч “...Шүүгдэгч Т.Б- нь 2022 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаан хэрэм 1 дүгээр гудамжны 15 тоот хашааны гадаа тодорхой шалтгаангүйгээр хохирогч Ш.Г-этэй маргалдах явцад баруун гараас зуурч, барьцалдах үед хохирогчийн амь насыг хохироох аюултай үйлдэл гарахгүй гэж хөнгөмсгөөр хандаж хохирогч Ш.Г-ийн гарыг нь тавиулах зорилгоор гарыг нь угзрахад хохирогч Ш.Г-э дагз хэсгээр савж унаж улмаар тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан буюу хохирогч Ш.Г-ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т.Б-агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

           Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанаар шүүгдэгч Т.Б-агийн 2022 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаан хэрэм 1 дүгээр гудамжны 15 тоот хашааны гадаа тодорхой шалтгаангүйгээр хохирогч Ш.Г-этэй маргалдах явцад баруун гараас зуурч, барьцалдах үед хохирогчийн амь насыг хохироох аюултай үйлдэл гарахгүй гэж хөнгөмсгөөр хандаж хохирогч Ш.Г-ийн гарыг нь тавиулах зорилгоор гарыг нь угзрахад хохирогч Ш.Г-э дагз хэсгээр савж унаж улмаар тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан буюу хохирогч Ш.Г-ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг гэдэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйльд хуульчилан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж,

 Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” гэж,

 Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

 

Өөрөөр хэлбэл хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох нь ихэвчлэн хайхрамжгүй хандахын үр дүн. Хэргийн нөхцөл байдлын улмаас өөрийн үйлдэл, нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлах боломжгүйгээс ухамсарлаагүй, түүнчлэн учирч болох нийгмийн хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байснаас нийгмийн хор уршиг учирсан байхыг хэлнэ.

 

         Шүүгдэгч Т.Б-агийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

 

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо. 

 

Шүүгдэгч Т.Б- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г-д 40.000.00 төгрөгийн нөхөн төлсөн болохыг дурдаж байна.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Т.Б-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

            Мөн шүүхээс шүүгдэгч Т.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах” үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.

           

            Шүүгдэгч Т.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т овогтой Т-ийн Б-ыг “...Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Шүүгдэгч Т.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                                                                                                                                                      

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б- нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

           4. Шүүгдэгч Т.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “зан үйлээ засах” үүргийг хүлээлгэсүгэй.

 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

 

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

           7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

           8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС