Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1677

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б.Г/РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо, Б.А /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7,123,500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч О.Баяржаргал, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг зээлж авсан.

 

Дээрх гэрээнүүдийн хугацаа дуусахад үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 1,200,000 төгрөг, нийт 6,200,000 төгрөгийг өдөр өдөрт нь үндсэн зээл болон хүүгийн хамт төлөх ёстой байсан боловч зээл болон хүүнд нийт 1,491,000 төгрөгийг төлсөн.

 

Одоо зээлийн үлдэгдэл 4,749,000 төгрөг, алданги 2,374,500 төгрөг, нийт 7,123,500 төгрөгийг хариуцагч Б.Ааас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2017 оны 11 дүгээр сард Б.Ггаас Д.Сарантуяагийн гуйлтаар өөрийн нэр дээр 2,000,000 болон 5,000,000 төгрөгийг өдрийн зээлээр авч өгсөн.

 

Д.Сарантуяа нь эхэндээ зээлээ төлж байгаад сүүлдээ төлөхөө болж одоо утас нь холбогдохгүй, гэртээ байхгүй зугатаад байгаа. Би хуульчаас зөвлөгөө авсан бөгөөд энэхүү зээл нь миний нэр дээр байгаа болохоор төлөлтийг би өөрөө төлж барагдуулах болж байна.

 

5,000,000 төгрөгийг Д.Сарантуяа зээлж авсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа, зээлийн гэрээнүүд дээр би гарын үсэг зурсан байгаа учраас хариуцлага хүлээх болчихоод байна.

 

Би өөрөө энэ 5,000,000 төгрөгийг хэрэглээгүй учраас алданги төлөхгүй, харин үндсэн төлбөр болох 4,749,000 төгрөгийг тодорхой хугацаанд төлнө... гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,123,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч би зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгийг нь хэрэглээгүй, Сарантуяа гэдэг хүнд зээлж авч өгсөн учраас гарын үсэг зурсныхаа хариуцлагыг хүлээж 4,749,000 төгрөгийг төлнө, алдангийг төлөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.Ад 2017 оны 11 дүгээр сарын 15-нд 2,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 18-нд 3,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн болох нь талуудын тайлбар, Зээлийн гэрээнүүд, Хаан банкны диспозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Б.Г нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Б.Ад 2017 оны 11 дүгээр сарын 15-нд 2,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 18-нд 3,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байх ба зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т ...төлөлтийг зээл авсан өдрийн дараагийн өдрөөс нэг өдөрт ногдох хэмжээгээр өдөр бүр төлнө... гэж тохиролцсон байх ба хариуцагч Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 18-нд 33,000 төгрөг, 19-нөөс 30-ны өдрийг хүртэл өдөр бүр 82,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 01-нд 82,000 төгрөг, 22-нд 82,000, 23-нд 82,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Ггийн ХААН банкны 5070324751 тоот дансанд нь шилжүүлсэн болох нь талууд тайлбар, Хаан банкны диспозит дансны дэлгэрэнгүй хуулгаар зэргээр тогтоогдсон ба нийт 1,491,000 төгрөгийг зээл болон хүүнд төлсөн талаар талууд маргаагүй учраас маргаагүй үйл баримтын талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

 

Талууд зээлийн гэрээг бичгээр хийж алданги тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 15 болон 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрүүдийн зээлийн гэрээний дагуу алданги тооцож нэхэмжилж байгааг буруутгах үндэслэлгүй юм.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад нийт 6,200,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн боловч зээл болон хүүнд нийт 1,491,000 төгрөгийг төлж, 4,709,000 төгрөгийг төлөөгүй байна.

 

Хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 15-нд байгуулсан 2,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 18-нд байгуулсан 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд заасан ...5,000,000 төгрөгийг би өөрөө авч хэрэглээгүй, Д.Сарантуяад зээлж авч өгсөн нь Хаан банкны дансны хуулгаар нотлогдоно гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан байхад зээлдэгч нь гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй, нөгөө талаар гэрээний зүйл зээлдэгчид шилжсэн үеэс эхлэн тухайн эд хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах эрх зээлдэгчид үүсдэг.

 

Зээлдэгч, зээлдүүлэгчид мөнгийг шилжүүлснээр өмчлөх эрхийг ч мөн шилжүүлж байх тул өөрийн өмчлөлд авсан эд хөрөнгө, мөнгийг зээлдэгч эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болдог учраас хариуцагчаас Сарантуяагийн эзэмшдэг гэх Хаан банкны 5081041082 тоот дансанд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн гэх 1,900,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс Д.Сарантуяа зээлж авсан гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасны дагуу хариуцагч нь тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Иймд хариуцагч Б.Ааас үндсэн зээл 4,709,000 төгрөг, алдангийг 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл тооцоход үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул 4,709,000 төгрөгийн 50 хувь болох (4,709,000 / 2 = 2,354,500 төгрөг) 2,354,500 төгрөг нийт 7,063,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Б.Ааас зээлийн гэрээний үүрэгт 7,063,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Б.Ааас 127,966 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,926 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                    Х.ДАШДЭЧМАА