Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Р 

Улсын яллагч Э.Б 

Шүүгдэгч А.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 1989 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын   дугаар баг,    тоотод оршин суух, урьд Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 04 сарын 07-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар  4 сарын баривчлах ялаар,

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 03 сарын 04-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 сарын 07-ны өдрийн  6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар 2 жилийн хорих ялаар,

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Т  овогт А.Г  /РД: / холбогдох эрүүгийн 2220000000051 тоот хэргийг хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Г  нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн  Гаалийн ..-..-.. тоотод оршин суух иргэн Э.У   гэрт хууль бусаар нэвтрэн орж “HP” маркийн саарал өнгийн нөүтбүүк 1 ширхэг, Самсунг маркийн гар утас 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Г  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тэр шөнө явж байтал  Ууганаа гээд залуугийн байшингийн цонх гэрэлтэй байхаар нь цонхоор нь харахад ширээн дээр нь тал шил архи байсан. Тэгээд цонхоор нь ороод гар утас, нөүтбүүк, мөнгөн аяга  зэргийг хулгайлж гарсан. Ингээд Элгэн баян дэлгүүрийн хавьд гар утас, нөүтбүүкээ хүнд зарсан. Мөнгөн аягыг нь өмдний кармаанд хийж явж байгаад хаясан юм шиг байна лээ. Би их согтуу байсан. Гар утас, нөүтбүүкээ хүлээлгэн өгсөн, мөнгө аяганы үнэ 140,000 төгрөгийг төлнө ” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Э.У  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “  Орой 19 цагт унтсан. Би шөнө 04 цагийн сэрээд гар утсныхаа цагийг харах гэсэн чинь гар утас олдоогүй, тэгэхээр нь зурагтаа асаагаад цаг харсан тэгэхэд 04 цаг өнгөрч байсан тэгээд гар утсаа хайгаад олоогүй. Гөөгөө ахын хаалгыг татаж үзсэн чинь хаалга нь түгжээтэй байхаар нь хажуу талын хашааны айлд Гөөгөөгийн дүү нь байдаг болохоор очсон, тэгсэн Гөөгөө тэднийд унтаж байхаар нь гар утсаа асуусан тэгсэн би аваагүй гэж хэлсэн, тэгээд эргэж гэртээ орсон, хаалгаа түгжээд унтсан байсан тул цонхоо үзсэн чинь гаднаас нь түлхэж орсон шинжтэй түгжээ нь эвдэрчихсэн байсан. Тэр шөнөдөө өглөө болохыг хүлээгээд байрны эзэнд хэлсэн, тэгсэн бид хоёр Гөөгөөгөөс манайхаас авч гарсан тал шил архиа хэнтэй хувааж уусан талаар асууж таны хамт архи уусан хүн чинь гэрт орж ирээд гар утас аваад гарсан байна гэж хэлэхэд Гөөгөө урьд талын хашааны Туяа гэх эмэгтэйн гэрт орж тал шил архи хувааж уусан, тэгэхэд өөр хүн хамт байгаагүй гэж хэлсэн, тэгсэн байрны эзэн, Гөөгөө хоёр Туяа гэгчийд орж би гадаа нь үлдсэн, тэгсэн Туяа нь Г  өчигдөр орой манай гэрт орж ирсэн би хөөгөөд гаргасан гэж хэлсэн гэсэн тэгэхээр нь Г  гэх хүнийг Гөөгөө ахтай хамт хайгаад олоогүй тул цагдаад мэдэгдсэн. Самсунг-A8 маркийн бор гэртэй хар өнгийн утас 1 ширхэг, HP маркийн саарал өнгийн хар цүнхтэй нөте 1 ширхэг, дунд гарын хээгүй цулгуй мөнгөн аяга 1 ширхэг алдагдсан байсан. Би гар утас, нөүтбүүк хоёроо цагдаа дээрээс хүлээн авсан. Мөнгөн аягаа аваагүй байгаа мөнгөн аяга болон аяганы мөнгийг нь авчихвал  нэхэмжлэх зүйлгүй. Мөнгөн аяганы хохирлыг  барагдуулвал гомдол саналгүй “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19/

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-10/

 Б.Б  HP маркийн нөүтбүүк 1 ширхэг, Самсунг А-8 маркийн гар утас зэргийг  хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/

 

Хохирогч Э.У  HP маркийн нөүтбүүк 1 ширхэг, Самсунг А-8 маркийн гар утас зэргийг  хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 14/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед “Элгэн Баян” гэх нэртэй дэлгүүрийн хажууд явж байсан, тэгсэн 175 см орчим өндөртэй 30 орчим насны залуу ирээд гар утас авах уу гэж асуухаар нь үгүй гэж хэлээд гэр рүүгээ явсан. Тэгсэн тэр залуу намайг дагаж яваад гэрт ирээд мөнгөний хэрэг гараад гар утсаа 30.000 төгрөгөөр зармаар байна гэхээр нь би худалдаж авсан. Тэгсэн удалгүй ахиж ирээд буудлын мөнгө дутаад байна, энийг 200.000 төгрөгөөр авчих гээд “нөүтбүүк” үзүүлсэн тэгэхээр нь би тэрийг нь 150.000 төгрөгөөр авсан. Гар утас, Hөүтбүүк хоёр хуучирчихсан байсан. Цагдаагаас ирээд гар утас, нөүтбүүк хоёрыг хураагаад аваад явсан. Мөнгөн аяга гэж ерөөсөө хэлээгүй мөнгөн аяга харагдаагүй. Би тэр хүнийг танихгүй урьд нь ч харж байгаагүй. Тэр залуу эрүүл байсан. Тухайн үед надад 180.000 төгрөгийн хохирол учирсан байсан, би хохиролоо бүрэн барагдуулж авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

 

Гэрч Д.Э  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би  2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэртээ унтаж  байсан чинь манай дүү  У  хаалга тогшоод  манай гэрт  хулгайч  ороод эд зүйлс  алга болсон байна гээд намайг дуудсан. Би гэрт нь  ороход надад хэлэхдээ  дунд гарын  мөнгөн аяга 1 ширхэг,  1 ширхэг компютер хулгайд алдагдсан байна гэж надад хэлсэн. Түүний гэр нь манай нийтийн байрны эсрэг талын хаалганд байдаг юм. Тэгээд  бид цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/

 

Гэрч Н.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Манай хүүхэд эхнэр хүүхэдгүй. Эхээс дөрвүүлээ айлын том  хүүхэд доороо  хоёр эмэгтэй , нэг эрэгтэй  дүүтэй. Хүүгийн минь найз нөхдийг  би сайн мэдэхгүй байна, нийлдэг найз нөхөд гэж байхгүй  хааяа гадуур  гарахдаа элдэв хүмүүстэй архи дарс уучихдаг юм. Манай хүү ааш зангийн хувьд хүнд их тусархуу бусадтай эвтэй сайн байдаг юм. Ажил хийвэл маш сайн хийдэг, гэр орны ажилд сайн манай хүү шиг ажилласаг хүүхэд байхгүй,  манай энэ хавиар  хүмүүс их гуйж, ойр зуурын  юм хийлгэдэг, хүн болгон ам сайтай байдаг юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-46/

Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 03 сарын 07-ны өдрийн “ Samsung S8 маркийн гар утас 1 ширхэг 280,000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг 140,000 төгрөг, НР брэндийн саарал өнгийн нөүтбүүк 1 ширхэг 650,000 төгрөг нийт 1,070,000 төгрөг  “ гэсэн ТХҮ-622/3198 тоот дүгнэлт /хх-ийн 49-51/

 

Шүүгдэгч А.Г  нь урьд нь “хулгайн гэмт хэрэгт 4 удаа ял шийтгүүлж байсныг тодорхойлсон” ял шийтгүүлж байсан гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 65-66/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Г  нь  2022 оны 02 дугаар сарын 20-ны шөнө согтуурсан үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Гаалийн ..-..-.. тоотод оршин суух хохирогч Э.У  гэрийн цонхоор орж “HP” маркийн саарал өнгийн нөүтбүүк 1 ширхэг, Самсунг маркийн гар утас 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйл баримт болжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 длүгээр зүйлийн 1-д” энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, мөн 2-д “ гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг  учирсаныг  гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан буюу хүний байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг сэм, нууц, далд байдлаар авч, захиран зарцуулсан байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт  өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байхаар хуульчилсан байх бөгөөд тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл хийсэн, хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч А.Г  “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Э.У  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Э , иргэний нэхэмжлэгч Б.Б  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-10/, Б.Б  HP маркийн нөөтбүүк 1 ширхэг, Самсунг А-8 маркийн гар утас зэргийг  хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/, хохирогч Э.У  HP маркийн нөөтбүүк 1 ширхэг, Самсунг А-8 маркийн гар утас зэргийг  хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирлын хувьд:

Шүүгдэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зйүлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Э.У д Самсунг маркийн гар утас 1 ширхэг, НР брэндийн саарал өнгийн нөүтбүүк 1 ширхэг зэргийг хохирогчид хүлээлгэн өгсөн нь хэрэгт тогтоогдсон байна. Харин мөнгөн аяганы үнэ 140,000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Э.У  олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч А.Г  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгүүрлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч А.Г  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч нь энэ хэрэгт 2022 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн 2 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар дээрх хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйл болон эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т овогт А.Г /РД: / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т заасан хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т  овогт А.Г  2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Г  оногдуулсан 2 жил, 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хулуийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Г  цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.Г-с мөнгөн аяганы үнэ 140,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.У  олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД