Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1167

 

 

   2022         08         01                                    2022/ШЦТ/1167

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, Ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Иргэдийн төлөөлөгч Д.Нямбаяр,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.П-,

Шүүгдэгч Б.Ч-, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогтой Б-ын Ч-т  холбогдох эрүүгийн 2206 00000 1656 дугаартай хэргийг шүүх 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг, 0 дүгээр баг, Хэрх Эрдэнэтолгойн гудамж 0 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, гавьяа шагналгүй, урьд

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 1993 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 07 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 3 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,  

2.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгэж, эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд багтааж бүгд 3 жилийн хорих ял шийтгэж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2001 оны 6 сарын 27-ны  өдрийн 241 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 10 хоногийн ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,   

 

3.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, регистрийн дугаар хх00000000, Б овогт Б-ын Ч-.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ч- нь 2022 оны 5 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 дүгээр орцны Б1 давхар буюу подвалын шатны хажуу хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.С-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар өөрийн баруун хөлийн өвдөг хэсэгт хутгалсан үйлдэлд дургүйцэн толгойн тус газарт нь 3-4 удаа цохиж гавал тархины битүү гэмтэл учруулснаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч- өгсөн мэдүүлэгтээ: “... Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.П- өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр болсон явдлыг 7-ны өдөр мэдсэн. Манай бага эмэгтэй дүү рүү цагдаагаас залгаж хэлсэн байсан. Манай хүн сүүлийн нэг сар алга болсон. Манай дүү нар Гачууртад байдаг. Гурван эмэгтэй дүүтэй.  Бид нар эхээс наймуулаа. Сүүлд талийгаач нэг ирээд тэрнээс хойш алга болчихоод ийм хэрэг гарсан юм байна лээ.  Гомдолтой л байна. Гомдолтой ч гээд ч яах вэ дээ. Оршуулгын зардал хэд гарсныг сайн санахгүй байна. Бүгдээрээ нийлээд 6.000.000 гаран гарсан байх. Манай эмэгтэй дүү бүх юмыг нь гаргаж өгсөн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хx-1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хx-2-12/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-17/, гэрч О.Соёлмаагийн өгсөн мэдүүлэг /хх-22/, гэрч Д.Төмөрсүхийн өгсөн мэдүүлэг /хх-26/, гэрч Б.Азжаргалын өгсөн мэдүүлэг /хх-28-29/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1346 дугаартай дүгнэлт /хх-34-39/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 510 дугаартай дүгнэлт /xx-84-86/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.П-гийн өгсөн мэдүүлэг /хх-146/, шүүгдэгч Б.Ч-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-108/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

        Шүүгдэгч Б.Ч- нь 2022 оны 5 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 дүгээр орцны Б1 давхар буюу подвалын шатны хажуу хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар өөрийн баруун хөлийн өвдөг хэсэгт хутгалсан үйлдэлд дургүйцэн толгойн тус газарт нь 3-4 удаа цохиж гавал тархины битүү гэмтэл учруулснаар амь насыг нь хохироосон үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.               

 

Шүүгдэгч Б.Ч- нь хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.П-гийн өгсөн: “...Би талийгаач Ц.С-гийн төрсөн дүү нь байгаа юм. Оршуулгын зардлаа нэхэмжпэх хүсэлтэй байна. ...Талийгаач ах маань жам ёсоороо бурхан болоогүй учир хүнээ алдсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-146/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Уянгын өгсөн: “... 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 14 цагийн орчим УХТЭ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт үзүүлье гэж дуудсан. Ингээд очиход нэр ус нь үгүй 35-37 орчим насны орчим ухаангүй, нүүр хэсэгтээ цус мэт зүйлээр бохирлогдсон, нүүр нь хавагнасан байдалтай хоёр гарын сарвуу алга тэр чигтээ бөөлжис мэт зүйлээр бохирлогдсон байдалтай байсан.“ гэх мэдүүлэг /хх-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Соёлмаагийн өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 12 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны 1 дүгээр орцонд ирэхэд нэгдүгээр орцны Б1 давхар руу буусан шатны доор толгой нь 1 давхар руу өгсдөг шатны тал руу харсан байдалтай, доороо кардон цаас дэвссэн, дундаж мариатай 165-170 орчим см өндөртэй 40 орчим насны эрэгтэй хүн амнаас нь хөөс гарч, сонин дуугарсан байдалтай хэвтэж байсан. ...Би 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 12 цаг 47 минутад 103-т дуудлага өгч тэр хүнд “тэсээрэй” гэж хэлсэн. Ингэхэд түргэн дуудлага өгчихсөн байна гэж хэлсэн. Яаралтай түргэн тусламж цаг орчмын дараа ирж авч явсан. Би үлдсэн зүйлийг нь шуудайнд хийж, мөн кардон цаасыг 16 дугаар байрны урд талын хогийн бункер рүү хийсэн. Тэгээд би шатны доод хэсгийг воктой усаар угаасан. ...Шатны хажуу хана хэсэгт хуруугаар хүрсэн гэмээр цус наалдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Цэдэнбалын өгсөн: “... Би 2022 оны 5 дугаар сарын 6-ны 12 цагийн орчим түцэндээ сууж байтал 180 см орчим өндөртэй туранхайвтар, бор саарал хувцастай гадуур хувцастай 45-50 орчим насны цэмцгэр хувцастай эрэгтэй хүн орж ирээд “туслаарай 103 дуудах хэрэгтэй байна, 16 байрны подвальд хүн үхэх гээд байна” гэж хэлсэн. Би шууд 103 дуудсан. Өөр зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Төмөрсүхийн өгсөн: “... Тухайн авсан архиа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны 1 дүгээр орцны подвалд 1 шил архийг бид 4 хувааж ууж дуусгаад байж байтал Ц.С- ах гэрт байсан хоолны хүрэн иштэй хутгыг аваад халаасандаа хийсэн. Тэгэхээр нь би асуутал орой үдэш хоол олдвол хутгаараа иднэ гэж хэлсэн. ...Тэгсэн чинь Б.Ч- ах “би явж тойргоороо хогоо түүлээ” гээд гараад явсан. ...23 цагийн үед Б.Чулуунбатаар ах дахиад нэг шил Хийморь гэх нэртэй 0,75 литрийн савлагаатай архи аваад ирсэн. Бид 3 уг 1 шил архийг хуваагаад ууж байтал Б.Ч- ах Ц.С- ахыг дуудаж “хамт архи ууна” гээд гараад явсан. Тэгсэн удалгүй Б.Ч- ах зүүн хөлийнхөө байхаа шагайны хойд талын дээд хэсэгт Ц.С- ахад хутгалуулчихлаа гэж хэлээд ороод ирсэн. ... Б.Ч- ах шархаа цэвэрлүүлчхээд хаашаа явахаа хэлээгүй гараад явсан. ...Тэгсэн чинь орцны шатны доод талд Б.Ч- ах Ц.С- ах хоёр орилолдоод зодолдоод байсан. Сонсоод байхад Б.Ч- ах Ц.С- ах руу “чи муу найзыгаа хутгалаад байхдаа яадаг юм гээд орилоод цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Азжаргалын өгсөн: “...Д.Төмөрсүх бид хоёр хаалгаа дотроос нь түгжээд унтаад өгсөн. Тэгтэл удалгүй гэрийн хаалгыг хүн тогшоод байсан. Тэгээд би босоод хаалгаа тайлтал Б.Ч- ах “Ц.С- намайг хутгалчихлаа” гээд аль хөлийг нь одоо санахгүй байна, нэг хөлийнх нь өвдөгний ойролцоо хутгалуулсан байдалтай бага зэргийн цус гарчихсан байсан. ...Хутгалуулсан хөлийг нь тамединаар цэвэрлэж боож өгтөл Б.Ч- нь гараад явсан. Түүнээс хойш орж ирээгүй.” гэх мэдүүлэг /хх-28/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1346 дугаартай:

1. Амь хохирогч Ц.С-гийн цогцост их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, /200мл/, цусан хурааг авах мэс заслын дараах байдал, /2022.05.06/. их бага тархины зүүн тал бөмбөлгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт.зүүн чамархайн дэлбэн дэх голомтлог эдийн няцрал, гурав, дөрөвдүгээр ховдол дахь цусан хураа, /бүлэн/, толгойн хуйхны дотор гадаргуун баруун чамархай хэсгийн цус хуралт, хацар хамар, баруун шагай, тавхай, өсгийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2. Амь хохирогч нь элэгний өөхөн хувирал, уушгины хатгалгаа өвчтэй байжээ.

3. Амь хохирогчид хийсэн химийн шинжилгээгээр спиртийн агууламж болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.

4. Амь хохирогч нь хоёрдугаар бүлгийн цустай байна.

5. Амь хохирогчийн цогцост хийсэн 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 20 цаг 10 минутын цогцсын гадна үзлэгээр нас бараад 3-5 цаг болсон байжээ.

6. Амь хохирогч нь тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.” гэх дүгнэлт /хх-34-39/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-44-48/,

Улсын Хоёрдугаар төв эмнэлгээс ирүүлсэн өвчний түүх /хх-49-75/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6807 дугаартай:

1. Б.Ч-ын биед баруун өвдөгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Б.Ч-ын цус нь O /I/  бүлэг байна.” гэх дүгнэлт /хх-78-79/, 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хx-1/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хx-2-12/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-17/,

Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-123/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Ч- нь 2022 оны 5 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 дүгээр орцны Б1 давхар буюу подвалын шатны хажуу хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.С-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар өөрийн баруун хөлийн өвдөг хэсэгт хутгалсан үйлдэлд дургүйцэн толгойн тус газарт нь 3-4 удаа цохиж гавал тархины битүү гэмтэл учруулснаар амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Ч-ын 2022 оны 5 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 дүгээр орцны Б1 давхар буюу подвалын шатны хажуу хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.С-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар өөрийн баруун хөлийн өвдөг хэсэгт хутгалсан үйлдэлд дургүйцэн хохирогчийн толгойн тус газарт нь 3-4 удаа цохиж гавал тархины битүү гэмтэл учруулснаар амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байна.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж,

 Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” гэж,

 Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

 

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсоноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

 

Иргэдийн төлөөлөгч Д.Нямбаяр нь “Шүүгдэгч нь аргагүй хамгаалалт хийсэн” гэх санал гаргасан болно.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,

508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Ч- нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч-аас оршуулгын зардал нэхэмжилсэн бөгөөд 11.027.611 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан, гэм хорын хохирол тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ч-аас 11.027.611 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид...бусад туслалцаа үзүүлсэн”, мөн 1.4 дэх хэсэгт заасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн”, зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 9 жил хорих ял оногдуулж, биечлүүлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ч- нь 2022 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 85 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь зааснаар түүний эдэлсэн ялд оруулан тооцож шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс тоолов.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогтой Б-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ч-т 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Ч-т оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Ч-ын цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

         5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Ч-аас 11.027.611 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.П-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

        7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Ч-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   9. Шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ч-т авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                   

 

 

                                 ДАРГАЛАГЧ, 

                                 ШҮҮГЧ                                           Э.ЧИНГИС

                                          

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ОДОНТУУЛ

 

                                ШҮҮГЧ                                             Ц.МӨНХТУЛГА