Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1168

 

 

2022          08          01                                    2022/ШЦТ/1168

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Д-гийн Э-д холбогдох эрүүгийн 2206 00554 1916 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, ах, эгч, эгчийн 4 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Жалгын 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

        Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 741 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх00000000 Б овогт Д-гийн Э-

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Д.Э- 2021 оны 12 дугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жамсран уулын ар 4 дүгээр гудамжинд 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн 13 нас 6 cap 17 хоногтой буюу насанд хүрээгүй Б овогт Э-ын Д-ыг “дүү зодлоо” гэх шалтгаанаар хоолой боох, гэдэс рүү өшиглөх зэргээр зодож, хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э- мэдүүлэхдээ: ”...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй....” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч Э.Д-ын өгсөн мэдүүлэг /хх-18/, насанд хүрээгүй хохирогч Э.Д-ын нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-13/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1290 дугаартай дүгнэлт /хх-29-31/, гэрч Т.Ариунсолонгын өгсөн мэдүүлэг /хх-22/ насанд хүрээгүй хохирогч Э.Д-ын өвчний түүх, /хх-35-42/, шүүгдэгч Д.Э-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Д.Э- 2021 оны 12 дугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жамсран уулын ар 4 дүгээр гудамжинд 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн 13 нас 6 cap 17 хоногтой буюу насанд хүрээгүй Б овогт Э-ын Д-ыг “дүү зодлоо” гэх шалтгаанаар хоолой боох, гэдэс рүү өшиглөх зэргээр зодож, хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Д-ын өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 9 цаг өнгөрч байхад, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын ар 4-44 тоот гэртээ 2 дүүгийн хамт байж байсан чинь, манай эрэгтэй дүү Даваасамбуу нь гадаа хүн хашхираад, хашаа руу орж ирсэн байна гэж хэлсэн. Тэгсэн чинь гаднаас Д.Э- ах ганцаараа гэрийн хаалга эвдэж, орж ирээд надад хандаж одоо гэр рүү явна гээд намайг чирээд гэр рүүгээ дагуулж явсан. Гэрт нь очиход Д.Э-гийн ээж нь, Тэкүүнээ гээд ах нь, тэрнийх нь эхнэр нь, бас Отгоо, Өөдсөө гээд 2 ах байсан. Тэгээд Д.Э- нь миний хоолойг гутлын үдээсээр боож байгаад хацар руу алгадаад, унагааж байгаад гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд Д.Э-гийн ээж нь толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд Тэкүүнээ нь намайг толгойгоо хамгаалж байхад ах нь чамайг яах ч үгүй гэж хэлж байснаа миний толгой руу бас хэд хэдэн удаа цохисон. Д.Э- нь одоо гадаа гарч, сүх авч байгаад чамайг ална гээд сүх барьж авахаар нь Өөдсөө нь болиулж салгаж сүхийг нь авсан Тэгээд Тэкүнээгийн эхнэр нь өөдөөс хүрч ирээд нүдийг чинь сохолно гээд зүүн талын нүд рүү цохиод байсан. Отгоо нь яасан их ирж дээрэлхдэг юм гээд миний хөл рүү өшиглөөд байсан. Тэгээд Д.Э-гийн ээж нь цагдаа дуудсан. Цагдаа дуудахдаа өчигдөр манай хүүхдийг зодсон хүн дахиад ирэх гэж байна гээд хэлж байсан цагдаа ирэхээс өмнө Э- нь одоо чамайг зодсон гэж хэлэх юм бол ална шүү гэж сүрдүүлсэн. Сүүлд цагдаа ирсэн чинь зодсон гээд хэлсэн чинь Өөдсөө нь дараа чамайг алнаа гэсэн. Тэдний дундаас Өөдсөө нь ганцаараа миний биед халдаж зодоогүй. Бусад нь бүгд миний биед халдаж зодсон. Тухайн үед миний биед ямар нэгэн зовуурь мэдэгдэхгүй байсан ба цагдаагийн хэлтэс дээр ирэхэд бөөр, толгой өвдөөд байсан. Эгчийн гэрт ирэхэд гар бүр салгалаад нүд таллаж хараад эхэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд хавсарсан гэмтлийн тасагт 4 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн.” гэх мэдүүлэг /хх-18/

Насанд хүрээгүй хохирогч Э.Д-ын нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-13/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1290 дугаартай:

1.Э.Д-ын биед хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-29-31/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Ариунсолонгын өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 30-ны өглөө би Д.Э-гийн хамт Тэнүүнсайханы гэрт өглөөний 6 цаг гэхэд ороод, ор засаад унтах гэж байхад, Тэнүүнсайханы ээж нь бид нарт хандаж хэлэхдээ “хажуу айлын Д- гэх хүүхэд манай Отгонсайханыг гэртээ ганцаараа байхад нь хүмүүс дагуулаад орж ирээд дүүгийн чинь толгой руу заазуураар цохисон байна.” гэж хэлсэн тэгээд байж байхад Э- гэрээс гараад Д-ын хашааны хаалгыг нь нүдээд гэрээс нь гаргаж ирээд гэртээ дагуулж ирээд Д-ын гар бие хэвлий хэсэгт нь гараараа цохиод байсан тэгээд Э- Д-ыг уяа гаргаж ирээд хоолойноос нь боогоод цохиж байгаад аваад гадаа гарсан энэ үед Тэнүүнсайхан нь наад хүүхдээ битгий зод ээж аав нь хэл амтай шүү гэж хэлсэн тэрнээс биш гар хүрээгүй. Тэгсэн чинь Д-ын ээжийн эгч нь ирээд манай хадам ээжид хандаж хэлэхдээ ал руу чинь архины шил хийнэ гэх мэтээр хэлээд орилоод байсан. Харин нэг гар утасны дугаараас над руу залгаад манай нөхөр болох Тэнүүнсайхныг энэ хэрэгт оролцуулаад байхаар нь би аваад ярьсан чинь утасны цаанаас надад хандаж хэлэхдээ ямар аятайхан хоолойтой гичий вэ хүчиндээд ална шүү гэж хэлээд сүрдүүлээд байсан чинь манай нөхөр гэрээсээ явахаа болиод байж байснаа цагдаа юм уу Прокуророос очиж тогтоолоо авна гэж хэлээд гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-22/,

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Д-ын өвчний түүх /хх-35-42/,

Шүүгдэгч Д.Э-гийн  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-49/ зэрэг болно.

 

 Шүүх дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Д.Э- нь насанд хүрээгүй хохирогч Э.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Д.Э- нь 2021 оны 12 дугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жамсран уулын ар 4 дүгээр гудамжинд 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн 13 нас 6 cap 17 хоногтой буюу насанд хүрээгүй Б овогт Э-ын Д-ыг “дүү зодлоо” гэх шалтгаанаар хоолой боох, гэдэс рүү өшиглөх зэргээр зодож, хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанчимэг нь хохирлын баримт гаргаж өгөөгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд шийдвэрлэх боломжгүй бөгөөд харин түүний цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд гарсан зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Э-гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

  Шүүгдэгч Д.Э- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Д-гийн Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э- нь шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанчимэг нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Э- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                              Э.ЧИНГИС