Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2023/0534/З |
Дугаар | 221/МА2024/0356 |
Огноо | 2024-06-03 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2024/0356
С.Г-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч С.Г
Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Гаалийн ерөнхий газрын харьяа З дэх гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын албаны гаалийн улсын ахлах байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах, С.Г ийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллах боломжоор хангаагүй Гаалийн ерөнхий газрын харьяа З дэх Гаалийн газрын даргын үйлдэл шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, ажилтны 2023 оны 02 дугаар сарын цалинг олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд бичилт хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох бичилт хийхийг З дэх Гаалийн газрын даргад даалгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 800 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2023/00534/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Г нь “Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Гаалийн ерөнхий газрын харьяа З дэх гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын албаны гаалийн улсын ахлах байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах, С.Г ийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллах боломжоор хангаагүй Гаалийн ерөнхий газрын харьяа З дэх Гаалийн газрын даргын үйлдэл шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, ажилтны 2023 оны 02 дугаар сарын цалинг олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд бичилт хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох бичилт хийхийг З дэх Гаалийн газрын даргад даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 800 дугаар шийдвэрээр: “… нэхэмжлэгч С.Г оос Гаалийн ерөнхий газрын дарга болон Гаалийн ерөнхий газрын З дэх Гаалийн газрын даргад холбогдуулан гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Гаалийн ерөнхий газрын харьяа З дэх гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын албаны гаалийн улсын ахлах байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах болон С.Г ийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллах боломжоор хангаагүй Гаалийн ерөнхий газрын харьяа З дэх Гаалийн газрын даргын үйлдэл шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, ажилтны 2 сарын цалинг олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд бичилт хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох бичилт хийхийг тухайн газрын даргад даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 800 дугаар шийдвэрээр С.Г миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ буруу буюу дутуу дүгнэлт хийж, нэхэмжлэгч миний маргасан зарим үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Тодруулбал, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлүүдийн дийлэнх нь “ёс зүйн дүрэм”-ийн зөрчилтэй холбогддог. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.2-т “Маргаж буй тушаалын эрх зүйн голлох үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.16 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.4, 274 дүгээр зүйлийн 274.2.5 дахь заалт байна” гэж тодорхойлсон. Тухайн зохицуулалтуудаас харахад байгууллагын соёл, дэг журам, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээ, дүрмийг чанд сахих үүргээ биелүүлэлгүй гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангаргаа зөрчсөн хэмээн намайг буруутгасан гэж ойлгогддог. Миний хувьд ёс зүйн болоод сахилгын зөрчил гаргасан талаар маргадаггүй.
3.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.8, 4.9-д “ажлын байраа орхиж явсан нь тогтоогдсон, энэ нь хүндэтгэх шалтгаангүй” талаар дүгнэсэн. Гэтэл миний бие ажлын байраа орхиж явсан буюу ажил тасалсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар З дэх Гаалийн газрын удирдлага, Гаалийн ерөнхий газрын хянан шалгагч, сахилгын хорооны гишүүд, удирдлагадаа тухай бүр танилцуулж, шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзэх талаар хүсэлтээ илэрхийлсээр ирсэн. Гэтэл хариуцагч нар ч, шүүх ч энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзаж үзсэнгүй. 17 Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл нь “ажил тасалсан нь хүндэтгэх шалтгаангүй бөгөөд хууль, журамд заасныг зөрчсөн тул сахилгын шийтгэл ногдуулсан нь зөв” хэмээн тайлбарлагддаг. Гэтэл миний бие сахилгын зөрчил гаргасан талаар ч тэр, тухайн гаргасан зөрчилд шийтгэл хүлээлгэсэнд ч тэр аль алинтай нь огт маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Гол маргаж буй үндэслэл нь сахилгын зөрчил гаргасан нь зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, гаргасан зөрчилтэй маргадаггүй буюу хүлээн зөвшөөрдөг, энэ тохиолдолд сахилгын шийтгэлийг хөнгөрүүлэх боломж байсан боловч хариуцагч нар нь тухайн нөхцөл байдлыг харгалзаж үзсэнгүй хэмээн маргадаг. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.3.6-д гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан байдлыг сахилгын шийтгэл ногдуулахдаа харгалзаж үзэх, 3.5.3-т зөрчлийг гаргахад хүргэсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал гэж үзсэн бусад тохиолдолд сахилгын шийтгэлийг хөнгөрүүлэх талаар заасан байна.
3.3. Үүнээс үзвэл, хэдийгээр өмнө сахилгын шийтгэл хүлээж байсан, тухайн шийтгэлийн хугацаа дуусаагүй хэдий ч ажилтны хувийн байдал, ажил тасалсан шалтгаан нь хүндэтгэн үзэх нөхцөлтэй байсан эсэх, тухайн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, дахин зөрчил гаргахгүй байхад анхаарч, дүгнэлт хийсэн байдал зэргийг Гаалийн ерөнхий газрын дарга харгалзаж үзэх байсан боловч тухайн нөхцлийг харгалзалгүй шууд “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсныг буруу гэж маргасан боловч шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулж, нэгэнт нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч, маргадаггүй асуудлыг л дахин дахин дүгнэж, шийдвэрээ гаргасныг буруу, бодит нөхцөлд тохироогүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.10, 4.11 дэх хэсэгт “хариуцагчийг ажиллах нөхцөлөөр хангаагүй” гэж буруутгах үндэслэлгүй, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй” хэмээн З дэх Гаалийн газрын даргад холбогдох нэхэмжлэлд буруу дүгнэлт хийсэн. Миний бие 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр З дэх Гаалийн газарт ирж, өөрийн эцэг П.Сосоржавын биеийн байдал хүндэрч, асрах зайлшгүй шаардлагатай байгаа тул ээлжийн амралтаа эдлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хэдий ч амралт эдлүүлэх боломжгүй хэмээн татгалзсан. Улмаар ажил үүргээ гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хэдий ч “гаргасан зөрчилтэй холбоотой асуудлыг ерөнхий газраас шийдвэрлэх хүртэл ажиллуулахгүй” хэмээн ажиллах боломжоор хангахгүй, хууль бус эс үйлдэхүй гаргасан. Мөн Гаалийн ерөнхий газарт “12 хоногийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан тул арга хэмжээ авхуулах”-аар албан бичиг хүргүүлсэн.
3.4. Хэргийн материалд авагдсан З дэх гаалийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/130 дугаар албан бичиг, Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн гаалийн улсын байцаагч Д.А-ий үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 09, 03 дугаар сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын танилцуулга, гаалийн улсын байцаагч Н.Л-н үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн утсаар ярьсан тэмдэглэлүүдээс үзэхэд С.Г намайг ажиллах хүсэлтээ илэрхийлэхэд удирдлага шийдвэрлэдэггүй буюу шийдвэрлэхээс татгалзсан, дээд шатны байгууллагаас хариу иртэл ажиллуулахгүй хэмээн татгалзсан зэрэг хууль бус үйлдэл гаргасан болох нь тогтоогддог. Гэтэл шүүх тухайн баримтуудыг ямар шалтгаанаар үнэлээгүй болох нь шүүхийн шийдвэрээс харагддаггүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй хэмээн буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 800 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “С.Г ийг гаалийн албанаас халах тухай” Б/266 дугаар тушаалын тушаах хэсгийн 1 дэх заалтаар “Сахилгын зөрчил давтан гаргаж, удаа дараа ажил тасалсан” гэж үзэж, Гаалийн ерөнхий газрын харьяа З дэх Гаалийн газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С-н Г ийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон гаалийн албанаас халахаар шийдвэрлэжээ.
2.2. Нэхэмжлэгчээс Гаалийн ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын харьяа З дэх Гаалийн газрын дарга нарт холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Гаалийн ерөнхий газрын харьяа З дэх гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын албаны гаалийн улсын ахлах байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах, З дэх Гаалийн газрын даргад холбогдуулан “С.Г ийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллах боломжоор хангаагүй Гаалийн ерөнхий газрын харьяа З дэх Гаалийн газрын даргын үйлдэл шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, ажилтны 2023 оны 02 дугаар сарын цалинг олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд бичилт хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.
2.3. Анхан шатны шүүх “…С.Г нь гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллах хугацаандаа ажлын байраа 5 өдөр хүндэтгэх шалтгаангүйгээр орхиж, ажил тасалсан, энэ талаар удирдлагадаа мэдэгдээгүй нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, гаалийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг зөрчиж, төрийн үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байх зарчмыг алдагдуулсан үйлдэл бөгөөд энэ зөрчил нь маргаж буй захиргааны актын үндэслэл болох Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.16 дахь заалтад заасан Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах; үүргээ хэрэгжүүлээгүй гэх зөрчил болон зөрчлийн шинж байдалтай нийцсэн … шүүх төрийн тусгай албан хаагч болох С.Г ийг хяналт шалгалтын ажлын байрыг орхисон, ажил тасалсан үндэслэлээ тухай бүр мэдэгдэх, чөлөө зөвшөөрөл хүсэх боломж 5 хоногийн хугацаанд байсан гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгчийн ... сэтгэл санааны хямралд орсон гэх тайлбараар ажил тасалсан гэх зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй” гэж дүгнэж, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 37.1.16, 37.1.17, 48 дугаар зүйлийн 48.2 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.Г ийн Гаалийн ерөнхий газрын дарга болон Гаалийн ерөнхий газрын З дэх Гаалийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэн байна.
2.4. Маргаан бүхий актад заасан “… сахилгын зөрчлийг давтан гаргаж, удаа дараа ажил тасалсан” гэх зөрчлийг нэхэмжлэгч С.Г гаргасан болох нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан С.Г ийн “... ажил тасалсан гэдэгтээ маргахгүй, харин хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэх өөрийнх нь тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох “...З дэх гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын албаны гаалийн улсын ахлах байцаагч С.Г ид холбогдох сахилга, ёс зүйн зөрчлийн асуудлыг Гаалийн ерөнхий газрын Сахилгын хороогоор хэлэлцүүлэн албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, сэлгэн ажиллуулах санал, дүгнэлтийг гаргаж байна” гэх танилцуулга, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын З дэх Гаалийн газрын даргын “хариуцлага тооцуулах тухай” 1/130 дугаар албан бичиг, З дэх Гаалийн газрын сахилгын зөрчил гаргасан зарим албан хаагчдын 2 дугаар сарын цагийн бүртгэл болон цалин олголтын талаарх “... С.Г нь ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 12 хоног ажил тасалсан...” гэх танилцуулга болон хэргийн оролцогчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.
2.5. Энэ нь Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ” гээд мөн зүйлийн 37.1.7-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж, 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” гэж, Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.2-т “Албан хаагчид Гаалийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас гадна дараах нийтлэх эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гээд 3.2.1-д “Энэ журмын 3.2-т заагдсан хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн баталсан эрхийн актыг судалж, үйл ажиллагаандаа дагаж мөрдөх”, 3.2.2-т “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, гаалийн улсын байцаагчийн сахилгын болон ёс зүйн дүрмийг чанд сахих”, 3.2.15-д “Албан хаагч өвчтэй эсхүл гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас ажлын байрандаа ирэх боломжгүй болсон тохиолдолд өөрийн харъяалах нэгжийн удирдлагад шуурхай мэдэгдэх” гэж гэж тус тус заасныг зөрчсөн байх тул хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргыг маргаан бүхий 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/266 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Г ийг гаалийн албанаас халж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
2.6. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “миний бие ажлын байраа орхиж явсан буюу ажил тасалсан нь үнэн, гэхдээ хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар З дэх Гаалийн газрын удирдлага, Гаалийн ерөнхий газрын хянан шалгагч, сахилгын хорооны гишүүд, удирдлагадаа тухай бүр танилцуулж, шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзэх талаар хүсэлтээ илэрхийлсээр ирсэн … Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.3.6-д гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан байдлыг сахилгын шийтгэл ногдуулахдаа харгалзаж үзэх, 3.5.3-т зөрчлийг гаргахад хүргэсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал гэж үзсэн бусад тохиолдолд сахилгын шийтгэлийг хөнгөрүүлэх талаар заасан. Хэдийгээр өмнө сахилгын шийтгэл хүлээж байсан, тухайн шийтгэлийн хугацаа дуусаагүй хэдий ч ажилтны хувийн байдал, ажил тасалсан шалтгаан нь хүндэтгэн үзэх нөхцөлтэй байсан эсэх, тухайн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, дахин зөрчил гаргахгүй байхад анхаарч, дүгнэлт хийсэн байдал зэргийг Гаалийн ерөнхий газрын дарга харгалзаж үзэх байсан боловч тухайн нөхцлийг харгалзалгүй шууд “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсныг буруу” гэх үндэслэлийг дурдаж гаргасан давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангах боломжгүй байна.
2.7. Мөн Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлд “Төрийн албаны зарчим” гээд 7.1.8-д “захирах, захирагдах ёсыг баримтлах” гэж, 36 дугаар зүйлийн 36.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо: “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөж баталгаажуулна” гэж, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална гээд, 47.1.4-д “энэ хуульд заасан бусад үндэслэл” гэж, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд 48.1.4 дэх заалтад “төрийн албанаас халах” гэж тус тус заасан.
2.8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч С.Г нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, “гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас ажлын байрандаа ирэх боломжгүй болсон тохиолдолд өөрийн харьяалах нэгжийн удирдлагад шуурхай мэдэгдэх” үүргээ хэрэгжүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт болон хүсэлтээ тухайн үед илэрхийлсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул маргаан бүхий актыг гаргах эрх бүхий этгээд нь нэхэмжлэгчийг гаргасан зөрчилд тохирсон шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байна.
2.9. Мөн шүүх маргаан бүхий шийдвэрийг гаргах болсон шалтгаант нөхцөл бодитоор бүрдсэн байсан эсэх, тус шийдвэр үндэслэлтэй эсэх, мөн тус шийдвэр оновчтой, зорилгодоо нийцсэн эсэхтэй холбогдуулан хуулиар тогтоосон журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй болохоос бус эрх бүхий албан тушаалтнаас гарсан маргаан бүхий шийдвэрийн шалтгаан үндэслэлийг нөхөн шалгаж, баталгаажуулах үүрэггүй.
2.10. Нэхэмжлэгч С.Г нь Гаалийн ерөнхий газрын харъяа З дэх Гаалийн газрын даргад холбогдуулан “С.Г ийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллах боломжоор хангаагүй Гаалийн ерөнхий газрын харьяа З дэх Гаалийн газрын даргын үйлдэл шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, ажилтны 2023 оны 02 дугаар сарын цалинг олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд бичилт хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох бичилт хийхийг З дэх Гаалийн газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
2.11. Энэ талаар анхан шатны шүүх “... Тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажлын байраа орхиж явсан, шалтгаан нөхцөл, цаашид ажиллах боломжийн талаар удирдлагадаа мэдэгдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанд орох нөхцөл байдлыг илтгэх тодорхой нотлох баримт болох акт лист ирүүлээгүй ба ирсэн өдрөө ээлжийн амралт авах хүсэлтээ гаргасан. Энэ тохиолдолд тус газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/15 дугаар тушаалаар баталсан Гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч нарын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 15-ны өдөр хүртэл ажлын хуваарьт С.Г ийг оруулаагүйг ажиллах нөхцөлөөр хангаагүй гэж буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах боломжгүй” гэх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
2.12. Учир нь төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой бөгөөд нэхэмжлэгч С.Г хүндэтгэх шалтгаангүйгээр 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажлын байраа орхиж явсан байх тул хариуцагч Гаалийн ерөнхий газрын харъяа З дэх Гаалийн газрын дарга 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 дугаар тушаалаар З дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүдэд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажиллах Гаалийн хяналт, шалгалтын алба, Гаалийн бүрдүүлэлтийн алба, Гаалийн хорио цээрийн албаны гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн улсын байцаагч нарын хуваарыг баталж, уг хуваарьт нэхэмжлэгч С.Г ийг оруулаагүй хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр үндэслэлтэй.
2.13. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Г ийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллах боломжоор хангаагүй гэж үзэж, Гаалийн ерөнхий газрын харьяа З дэх Гаалийн газрын даргын шийдвэрийг буруутгах боломжгүй байна.
2.14. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 800 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ