Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 171

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

            Улсын яллагч Ж.Ганцэцэг,

            Шүүгдэгч Н.Галмандах, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

            Шүүгдэгч Т.Төмөрсүх, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан,

            Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөрбаатарын Төмөрсүх, Нармандахын Галмандах нарт холбогдох 201601000005 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 19-нд хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино найруулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 51-19 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялд мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж нийт биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоосон,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Урианхай овогт Төмөрбаатарын Төмөрсүх (РД:ЦЖ87041553)

нь 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Крокус бааранд үйлчлүүлж байхдаа Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта тетрагидроканнабинолын агууламж бүхийн 0.3 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

2.Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашины засварчин, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 29 дүгээр гудамж, 62 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Нармандахын Галмандах (РД:ЧЕ87121216),

нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Барилгын коллежийн оюутны дотуур байранд байрлах Зонж барьцаалан зээлдүүлэх газарт яллагдагч Т.Төмөрсүхээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта тетрагидроканнабинолын агууламж бүхий 0.3 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч нараас шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

            1.Т.Төмөрсүхээс:-2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Люмино хамтлагийн тоглолт үзэж байхад Баадуу гэх найзтайгаа таарсан. Тэгээд тоглолт дуусаад явж байтал дахиад Баадуутай таараад надад нэг жижиг зүйл өгөөд хэрэглэж үзээрэй гэж хэлэхээр нь би тэр зүйлийг нь хэтэвчиндээ хийсэн. Тэгээд Галмандахтай уулзаад нөгөө хэтэвчинд байсан зүйлийг хэрэглэж үзсэн. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2 сар хоригдохдоо ойлгосон. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

2.Н.Галмандахаас:-2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төмөрсүхтэй уулзсан. Би олон жил Төмөрсүхтэй уулзаагүй байсан. Тэгтэл Төмөрсүх шавар гэх зүйлийг гаргаж ирээд бид хоёр нэг удаа хэрэглэж үзсэн. Төмөрсүх гараад явсны дараа цагдаа орж ирээд намайг барьсан. Энэ хэргийн үйлдэл дээр маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

            Гэрч Ц.Түвшинтөгсөөс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгны коллежийн оюутны дотуур байрны 1 давхарт байрлах Зонж нэртэй ломбард дээр очиход Н.Галмандах ганцаараа мансуурсан байдалтай сууж байхаар нь Н.Галмандахаас юу хэрэглэсэн талаар асуухад мансууруулах төрлийн гашиш (шавар) гэх гудамжны нэршилтэй бодис хэрэглэсэн гэж хэлэхээр нь таны хэрэглэсэн мансууруулах төрлийн гашиш (шавар) гэх гудамжны нэршилтэй бодисоос чинь одоо байгаа юу гэхэд жоохон үлдсэн гээд хар ногоон өнгийн баримал мэт зүйл ширээн дээр байсныг зааж өгсөн. Мөн танд өөр хууль бус мансууруулах төрлийн бодис болон түүнд хэрэглэдэг хэрэглүүр байна уу гэхэд хар өнгийн гялгар хүрэмнээс тарианы шил байж болзошгүй натрихлорид 0.9%, 2 мл гэсэн бичиглэлтэй, дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шил, цагаан өнгийн хуванцар гуурс зэргийг ширээн дээр гаргаж ирсэн. Тухайн үед хэлтсийн дарга болон мөрдөн байцаах тасгийн даргад танилцуулж, мөрдөн байцаагч Д.Нямрагчааг ирэхийг хүлээж, удалгүй мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Нямрагчаа ирж хэргийн газарт үзлэг хийсэн гэжээ.

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.01.18-ны ¹759 тоот дүгнэлтэд:

            1.2.3.4.Шинжилгээнд ирүүлсэн “Галмандах” гэсэн хаягтай шээсний дээжинд тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol)-ын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно гэжээ.

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.01.18-ны ¹760 тоот дүгнэлтэд:

            1.2.3.4.Шинжилгээнд ирүүлсэн “Төмөрсүх” гэсэн хаягтай шээсний дээжинд тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol)-ын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно гэжээ.

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.01.21-ний ¹761 тоот дүгнэлтэд:

            1.Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай хар ногоон өнгийн ургамал мэт зүйл нь аналитик жин дээр жигнэхэд гялгар уутын хамт 0.3139 гр байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хуйлж ороож соруул мэт болгосон АК9588379 гэсэн серийн дугаартай Монгол улсын мөнгөн дэвсгэрт, цагаан өнгийн хуванцар гуурс мэт зүйлд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.

            2.Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай хар ногоон өнгийн шавар мэт зүйл болон цагаан өнгийн гуурстай хамт нэг талдаа хар өнгийн шатсан байж болзошгүй зүйлээр бохирлогдсон мөнгөлөг өнгийн тугалган цаасанд каннабис (дельта 9 тетрагидроканнабинол) илэрсэн.

            3.Дельта 9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно гэжээ.

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.02.01-ний ¹75 тоот дүгнэлтэд:

            1.Т.Төмөрсүх нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.

            2.Т.Төмөрсүх нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            3.Т.Төмөрсүх нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            4.Т.Төмөрсүх нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна.

            5.Т.Төмөрсүх нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

            6.Т.Төмөрсүх нь сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай гэх шинж баримт үгүй байна гэжээ.

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.02.02-ны ¹98 тоот дүгнэлтэд:

            1.Н.Галмандах нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байгаагүй.

            2.Н.Галмандах нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            3.Н.Галмандах нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            4.Н.Галмандах нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна.

            5.Н.Галмандах нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

            6.Н.Галмандахад мансуурах дон мансууруулах бодисын хамаарлын шинж илрээгүй гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Т.Төмөрсүх нь 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Крокус” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан, урвуулан ашиглахыг хориглосон дельта тетрагидроканнабинолын агууламж бүхийн 0.3 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зоргилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хадгалсан, шүүгдэгч Н.Галмандах нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Барилгын коллежийн оюутны дотуур байранд байрлах, өөрийн ажиллаж байсан “Зонж” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт, ажлын байранд шүүгдэгч Т.Төмөрсүхээс дээрх 0.3 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан болох нь шүүгдэгч Н.Галмандахын “…Төмөрсүх шавар гэх зүйлийг гаргаж ирээд бид хоёр нэг удаа хэрэглэж үзсэн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.Төмөрсүхийн “…тоглолт дуусаад явж байтал дахиад Баадуутай таараад надад нэг жижиг зүйл өгөөд хэрэглэж үзээрэй гэж надад хэлэхээр нь би тэр зүйлийг нь хэтэвчиндээ хийсэн. Тэгээд Галмандахтай уулзаад нөгөө хэтэвчинд байсан зүйлийг хэрэглэж үзсэн” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх 4-7), гэрэл зургийн үзүүлэлтүүд, Н.Галмандахын биед үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх 26-27), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх 31, 54), Т.Төмөрсүхийн биед үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх 48-49), Т.Төмөрсүх, Н.Галмандах нарыг мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглаж шалгасан тухай тэмдэглэл (1-р хх 32-33, 55-56), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.01.18-ны ¹759, ¹760, ¹761 тоот дүгнэлтүүд, хэрэгт хавсаргаж ирүүлсэн эд мөрийн баримтууд, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Урианхай овогт Төмөрбаатарын Төмөрсүх, Боржигон овогт Нармандахын Галмандах нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж, авсан хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Төмөрсүх нь 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлж, давж заалдах шатны шүүхийн магадлалаар эвлэрсэн гэх үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул түүнийг 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр анх удаа Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж, тэдгээрийг нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Торгох ялын хэмжээг Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг нэг зуугаас нэг зуун арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоолоо.

Шүүгдэгч Н.Галмандах, Т.Төмөрсүх нар нь 77 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т заасныг баримтлан тэдгээрийн цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (192.000 төгрөг)-тэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дельта 9 тетрагидроканнабинол агууламж бүхий хар ногоон өнгийн уутны хамт 0.3 грамм “шавар” гэх гудамжны нэршилтэй бодис, нэг талдаа хар өнгийн шатсан байж болзошгүй зүйлээр бохирлогдсон мөнгөлөг тугалган цаас 2 ширхэг, цагаан өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, натрихлорид 0.9%, 2 мл гэсэн бичиглэл бүхийн дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгаж, хуйлж ороож соруул мэт болгосон АК9588379 гэсэн серийн дугаартай Монгол улсын 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг Монголбанкинд хүргүүлэхээр шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Урианхай овогт Төмөрбаатарын Төмөрсүх, Боржигон овогт Нармандахын Галмандах нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж, авсан хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч Т.Төмөрсүхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 115 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 22.080.000 (хорин хоёр сая наян мянга) төгрөгөөр, шүүгдэгч Н.Галмандахыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 (арван есөн сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар шүүгдэгч Т.Төмөрсүх, Н.Галмандах тус бүрийн цагдан хоригдсон 77 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Т.Төмөрсүх, Н.Галмандах нарын эдлэх ялаас 14.784.000 (арван дөрвөн сая долоон зуун наян дөрвөн мянга) төгрөгийг хасч, шүүгдэгч Т.Төмөрсүхийн биечлэн эдлэх торгох ялыг 7.296.000 (долоон сая хоёр зуун ерэн зургаан мянга) төгрөгөөр, шүүгдэгч Н.Галмандахын биечлэн эдлэх торгох ялыг 4.416.000 (дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянга) төгрөгөөр тус тус тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Т.Төмөрсүх, Н.Галмандах нарыг торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хар ногоон өнгийн уутны хамт 0.3 грамм “шавар” гэх гудамжны нэршилтэй бодис, нэг талдаа хар өнгийн шатсан байж болзошгүй зүйлээр бохирлогдсон мөнгөлөг тугалган цаас 2 ширхэг, цагаан өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, натрихлорид 0.9%, 2 мл гэсэн бичиглэл бүхийн дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хуйлж ороож соруул мэт болгосон АК9588379 гэсэн серийн дугаартай Монгол улсын 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг Монголбанкинд хүргүүлсүгэй.

7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Төмөрсүх, Н.Галмандах нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ