| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2018/00766/и |
| Дугаар | 714 |
| Огноо | 2018-09-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 714
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 5 дугаар баг, 13-001 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ86042363, Мээрэн овогтой Гэжээгийн Нацагдоржийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 11 дүгээр баг, 11-2 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ86082476, Шангас овогтой Мандалын Нямсамбууд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Нацагдорж, хариуцагч М.Нямсамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Нацагдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2008 онд нөхөр болох М.Нямсамбуутай танилцаж, 2009 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж, 2011 онд охин Н.Мөрөнг төрүүлсэн. Бид хоёр 4 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд нөхөр болох М.Нямсамбуу нь архи ууж, гэр орондоо тогтохоо больсон. Нэг гарахдаа хэд хоногоор ч ирдэггүй, гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй байсан ба энэ байдлаас болж 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр охиноо аваад аавындаа ирсэн. Охин бид 2 аав, ээжийн хамт 5 жил амьдарч байна. Энэ хугацаанд нөхөр маань “Буцаад нийлье, амьдаръя” гэж ганц удаа ч ирээгүй. Хааяа утсаар ярьдаг байсан, одоо бүр сураггүй таг болсон. Иймд охин Н.Мөрөнг миний асрамжид үлдээж, охинд минь эцэг болох М.Нямсамбуугаас хуулийн дагуу тэтгэлэг тогтоож, бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Дахин эвлэрэн хэлэлцэх боломжгүй” гэжээ.
Хариуцагч М.Нямсамбуу шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Г.Нацагдоржийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд бидний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү. Дахин эвлэрэн, хамт амьдрах боломжгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Нацагдорж нь хариуцагч М.Нямсамбууд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.
Гэрлэгчид 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр охин Шангас овогтой Нямсамбуугийн Мөрөн төрсөн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нар 2013 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй, дахин хугацаа авахгүй гэснийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М.Нямсамбуу, Г.Нацагдорж нарын гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Н.Мөрөнг эх Г.Нацагдоржийн асурамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Н.Мөрөнг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.Нямсамбуугаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Нацагдоржоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Нямсамбуугаас 170.582 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Нацагдоржид олгох нь зүйтэй.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шангас овогтой Мандалын Нямсамбуу, Мээрэн овогтой Гэжээгийн Нацагдорж нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Шангас овогтой Нямсамбуугийн Мөрөнг эх Г.Нацагдоржийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Н.Мөрөнг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.Нямсамбуугаар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Нацагдоржоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.582 /нэг зуун далан мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Нямсамбуугаас 170.582 /нэг зуун далан мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Нацагдоржид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг Ерөнхий шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА