Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/311

 

  2022         9              14                                 2022/ШЦТ/311

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,     

улсын яллагч Л.Э,

хохирогч Б.А,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Р.Б,

шүүгдэгч П.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн О.Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн П.Г нарт холбогдох эрүүгийн 2225003080309 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, О.Б

Монгол Улсын иргэн, П.Г

шүүгдэгч О.Бнь ганцаараа,

2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 9-2 тоот Б.А-н хашаанд байсан тээврийн хэрэгслээс “Supreme” загварын 60 ампертай аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 20.000 төгрөгийн хохирол,

үргэлжилсэн үйлдлээр, 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 19 цаг 50 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 9-2 тоот Б.А-н хашаанд байсан тээврийн хэрэгслээс “Hankook” загварын 80 ампертай аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 255.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч О.Б, П.Г нар бүлэглэн,

2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 20 цаг 41 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 9-2 тоот Б.Амгалангийн хашаанд байсан тээврийн хэрэгслээс “Hankook” загварын 100 ампертай аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч О.Б“...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

шүүгдэгч П.Г“...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

хохирогч Б.А“...хулгайд алдсан аккумулятороос 2 аккумулятороо авсан, нэг аккумулятороо аваагүй байгаа, мөн эд зүйлийн үнэлгээ гаргуулахад “Хас үнэлгээ” ХХК-д 40.000 төгрөг төлсөн тул энэ мөнгөө гаргуулна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.А-н “...2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр манай задаргаанд худалдан авагч ирээд “Sonata 6” маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авахаар сонирхоод асааж үзүүлэхээр хашаанд байсан хөх өнгийн “Isuzu bighorn маркийн тээврийн хэрэгсэлд тавьсан байсан “Hankook загварын 100 ампертай аккумуляторыг авах гэтэл байхгүй болчихсон байсан. ...хяналтын камераа 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шүүж үзтэл 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19 цаг 50 минутаас 19 цаг 58 минутын хооронд манай хашаан дотор бараан өнгийн хувцастай, согтуу бололтой эрэгтэй хүн орж ирээд хашаанд байсан хөх өнгийн “Subaru impreza” маркийн тээврийн хэрэгслээс “Hankook загварын 60 ампертай аккумулятор авч байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан. Мөн өдрийн 20 цаг 41 минутаас 20 цаг 50 минутын хооронд бараан өнгийн хувцастай эрэгтэй хоёр хүн баруун талын айлын хашааг давж, манай хашааны баруун талын хашааны банзгүй хэсгээр орж ирээд хашааны хойд хэсэгт байрлуулсан байсан хөх өнгийн “Isuzu bighorn” маркийн тээврийн хэрэгсэлд тавьсан байсан “Hankook загварын 100 ампертай аккумуляторыг авч байгаа нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байсан. Үүнээс хойш “Pajero маркийн тээврийн хэрэгслийг асаах гэтэл “Supreme загварын 60 ампертай аккумулятор бас хулгайд алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,  

“...Би хулгайд алдсан “Supreme” загварын 60 ампертай аккумулятор, “Hankook загварын 100 ампертай аккумулятор нийт хоёр аккумулятораа олж авсан, “Hankook загварын 80 ампертай аккумулятороо гаргуулан авах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

гэрч Ч.М-н “...2022 оны 5 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед гэр хорооллын эцсийн буудал дээгүүр архи уугаад яваад байдаг зүс мэдэх, сайн танихгүй залуу манай хашаан дотор хар өнгийн 80 ампертай аккумулятор оруулж ирээд 9000 төгрөгөөр надад зараад мөнгөө бэлнээр аваад явсан. Үүнээс хойш нэг цаг гарангын дараа нөгөө залуу бас нэг залуугийн хамтаар “100 ампертай аккумулятор зарах гэсэн юм” гээд ороод ирэхээр нь би “чи хаанаас аккумулятор авч ирж өгөөд байгаа юм бэ, хулгайн юм биш биздээ” гэж асуухад “үгүй, ямар ч асуудал байхгүй, би өөрөө автобустай тэрний аккумулятор” гэж хэлэхээр нь итгээд 9000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа хойд талын гудамжинд авто задаргаа ажиллуулдаг зүс таних залуу орж ирээд “манайхаас хэд хоногийн өмнө хулгайд аккумулятор алдагдсан, хулгай хийсэн хүмүүс танайд зарсан гэж хэлсэн” гэхээр нь би тухайн үед байсан аккумуляторуудаа үзүүлэхэд өөрийнхөө гарын үсэгтэй аккумулятороо, мөн өөр бас нэг 60 ампертай аккумулятораа таньсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

Ч.М-н иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Би О.Баяртулга, П.Ггэж хүмүүсийн гэмт хэргийн замаар олж авсан автомашины 3 ширхэг аккумуляторыг худалдан авч, ...аккумуляторын төлбөрт төлсөн 18.000 төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байгаа учир энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

П.Г-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 15-ны орой...гэр хорооллын эцсийн буудал дээр Баяртулга гэх зүс таних ахтай таарсан. Баяртулга ах “Рашаант багийн 9 дүгээр гудамжинд үйл ажиллагаа явуулдаг автомашины задаргааны хашаа руу орж аккумулятор авъя, чи ахдаа зүгээр өргөөд хашаа давуулаад туслаад өгчих, би хаана нь камер байдгийг мэднэ, хоёулаа камерт бичигдэхгүй хулгай хийнэ” гэж хэлээд, намайг задаргаа руу дагуулаад явсан. Баяртулга ах бид хоёр задаргааны хашааны ертөнцийн зүгээр баруун талын эзэнгүй айлын хашааны араас нь давж ороод урагшаа яваад задаргааны хашааны банзгүй онгорхой хэсгээр нь ороод Баяртулга ах тэнд байсан машинуудын доторхи эд зүйлсийг болон копудыг сөхөж үзэж явж байгаад тухайн задаргааны арын хаалганы урд байх хөх өнгийн дунд гарын жижиг жип машинаас аккумуляторыг аваад надад өгсөн, тэрийг нь би өргөж явж байгаад урд талын хашааг нь давуулж шидэж хашааны гадна талд гаргаад урд талын гудамжинд хаягдал төмөр авдаг Бавгар хочтой ахад 9000 төгрөгөөр зарсан, 9000 төгрөгөөрөө нэг хайрцаг тамхи, нэг шил 0.5л архи аваад Баяртулга ах бид хоёр хувааж уугаад гэр гэрлүүгээ салаад явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

“...би хэрэг үйлдэх үедээ согтуу байсан болохоор л хулгай хийсэн байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-63 дахь тал/,

О.Б-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Рашаант баг 9-2 тоотод үйл ажиллагаа явуулдаг авто задаргааны хашаан дотор байдаг машинуудаас нийт гурван удаа, гурван ширхэг аккумулятор хулгай хийсэн нь үнэн. ...хулгай хийсэн аккумуляторуудаа Рашаант багийн 8 дугаар гудамжинд түүхий эд худалдан авдаг Бавгар хочтой ахад тус бүрийг нь 9000 төгрөгөөр зарж борлуулаад архи аваад уучихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

“...сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна, архи уумаар санагдаад архины мөнгөгүй болохоор архины мөнгө олох санаатай хулгайн гэмт хэрэг үйлдсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54 дэх тал/,

хохирогч Б.А-н “...2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Рашаант баг 9-02 тоот гэрийнхээ хашаанаас машины 100 ампер, 80 амперийн аккумулятор хулгайд алдсан.” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

түүний Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 725 дугаартай; “...80 ампертай аккумулятор 255.000 төгрөг, 100 ампертай аккумулятор 330.000 төгрөг, нийт 585.000 төгрөг.” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

хохирогч Б.А“Хас үнэлгээ” ХХК-д 40.000 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 21 дэх тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 622/3935 дугаартай; “...Supreme загварын 60 ампертай хэрэглэж байсан хуучин аккумлятор 20.000 төгрөг.” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 9-2 тоотод үйл ажиллагаа явуулдаг автомашины задаргааны хашааны хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

иргэний нэхэмжлэгч Ч.Мөнхбатаас “Supreme” загварын 60 ампертай, “Hankook загварын 100 ампертай хоёр аккумуляторыг хураан авч, хохирогч Б.Амгаланд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 37-38, 39-40, 41 дэх тал/,

О.Б-н;

иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 70, 76 дахь тал/,

түүнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 78-80 дахь тал/,

О.Б нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тул түүний эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 508 цагийг 63 хоногийн хорих ялаар сольж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссанд тооцсон Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Батбаярын тогтоол /хавтаст хэргийн 82 дахь тал/,

Орхон аймг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ХМШЗ/230 дугаартай “ялтан О.Баяртулгын эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих тухай” шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 95-98 дахь тал/,   

П.Г-н;

иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 86, 90 дэх тал/,

түүнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 93-94 дэх тал/,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 9-2 тоотод үйл ажиллагаа явуулдаг автомашины задаргааны хашааны хяналтын камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 115 дахь тал/ зэрэг болно.

          Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас, мөн О.Баяртулга, П.Гнараас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Шүүгдэгч О.Б, П.Г нарыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч О.Б нь ганцаараа,

2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 9-2 тоот Б.Амгалангийн хашаанд байсан тээврийн хэрэгслээс “Supreme” загварын 60 ампертай аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 20.000 төгрөгийн учруулсан гэмт хэрэг  үйлдсэн,

үргэлжилсэн үйлдлээр, 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 19 цаг 50 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 9-2 тоот Б.Амгалангийн хашаанд байсан тээврийн хэрэгслээс “Hankook” загварын 80 ампертай аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 255.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн,

шүүгдэгч О.Баяртулга, П.Гнар бүлэглэн,

2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 20 цаг 41 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 9-2 тоот Б.Амгалангийн хашаанд байсан тээврийн хэрэгслээс “Hankook” загварын 100 ампертай аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Б.А-н “...2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19 цаг 50 минутаас 19 цаг 58 минутын хооронд манай хашаан дотор бараан өнгийн хувцастай, согтуу бололтой эрэгтэй хүн орж ирээд хашаанд байсан хөх өнгийн “Subaru impreza” маркийн тээврийн хэрэгслээс “Hankook загварын 60 ампертай аккумулятор авч байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан. Мөн өдрийн 20 цаг 41 минутаас 20 цаг 50 минутын хооронд бараан өнгийн хувцастай эрэгтэй хоёр хүн баруун талын айлын хашааг давж, манай хашааны баруун талын хашааны банзгүй хэсгээр орж ирээд хашааны хойд хэсэгт байрлуулсан байсан хөх өнгийн “Isuzu bighorn” маркийн тээврийн хэрэгсэлд тавьсан байсан “Hankook загварын 100 ампертай аккумуляторыг авч байгаа нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байсан. Үүнээс хойш “Pajero маркийн тээврийн хэрэгслийг асаах гэтэл “Supreme загварын 60 ампертай аккумулятор бас хулгайд алдагдсан байсан.” гэх,

Ч.М-н “...Би О.Баяртулга, П.Ггэж хүмүүсийн гэмт хэргийн замаар олж авсан автомашины 3 ширхэг аккумуляторыг худалдан авч, ...тухайн хоёр аккумляторыг цагдаагийн байгууллагад хураалгасан.” гэх мэдүүлгүүд,

хохирогч Б.Амгалангийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл,

Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 9-2 тоотод үйл ажиллагаа явуулдаг автомашины задаргааны хашааны хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

иргэний нэхэмжлэгч Ч.М-ас “Supreme” загварын 60 ампертай, “Hankook загварын 100 ампертай хоёр аккумуляторыг хураан авч, хохирогч Б.Амгаланд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          “Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, эсхүл захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

          Шүүгдэгч О.Баяртулга, П.Гнарын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Шүүгдэгч О.Баяртулга, П.Гнарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах, хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан, тэдэнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул тэднийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч О.Б, П.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч О.Баяртулга, П.Гнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч О.Баяртулга, П.Гнарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баяртулгад 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганхүүд 1 жилийн хугацаагаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч О.Баяртулгын өмгөөлөгч Р.Бямбажав “...хохирлын хэмжээ нэг сая төгрөгт хүрээгүй, төлөх төлбөр нь бага хэмжээнээс доогуур байгаа бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ялаас сонгон эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч П.Гөөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “аавтайгаа хотод амьдрах боломжоор хангаж өгнө үү.” гэсэн санал, хүсэлтийг тус тус гаргав.

          Шүүх шүүгдэгч О.Баяртулга, П.Гнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баяртулгыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганхүүг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

          шүүгдэгч О.Баяртулгад оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 33 хоногийг хасч, 10 сар 27 хоногийн хугацаагаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд;

шүүгдэгч П.ГЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Бусад асуудал;

          Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан. 

Шүүгдэгч О.Баяртулгын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Амгаланд 275.000 төгрөгийн,  

шүүгдэгч О.Баяртулга, П.Гнарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Амгаланд 330.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнхбатад 18.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Ань 20.000 төгрөгийн үнэ бүхий 60 ампертай аккумулятор, 330.000 төгрөгийн үнэ бүхий 100 ампертай аккумуляторыг тус тус буцаан хүлээн авсан, энэ талаар хохирогч болон шүүгдэгч нар маргаагүй байна.  

Шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол төлбөрийг тооцоод хохирогч Б.Амгалангийн эд зүйлд үнэлгээ хийлгэхдээ “Хас үнэлгээ” ХХК-д төлсөн 40.000 төгрөгийг шүүгдэгч нар тэнцүү хуваан төлөх,

иргэний нэхэмжлэгч Ч.Мөнхбатад учирсан хохирол 18.000 төгрөгөөс шүүгдэгч П.Г4500 төгрөгийг, шүүгдэгч О.Б13.500 төгрөгийг,

шүүгдэгч О.Б“Hankook загварын 80 ампертай аккумуляторын үнэ 255.000 төгрөгийг хохирогч Б.Амгаланд тус тус төлөх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч О.Баяртулгаас нийт 288.500 төгрөг гаргуулж, үнэлгээний хөлс 20.000 төгрөг, 80 ампертай аккумуляторын үнэ 255.000 төгрөг нийт 275.000 төгрөгийг хохирогч Б.Амгаланд,

13.500 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ч.Мөнхбатад олгохоор,

шүүгдэгч П.Ганхүүгээс 24.500 төгрөг гаргуулж үнэлгээний хөлс 20.000 төгрөгийг хохирогч Б.Амгаланд,

4500 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ч.Мөнхбатад олгохоор шийдвэрлэсний дараа шүүгдэгч П.Гшүүхээс тогтоосон хохирол төлбөрийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлж барагдуулсан тул шүүгдэгч П.Гбусдад төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 9-2 тоотод үйл ажиллагаа явуулдаг автомашины задаргааны хашааны хяналтын камерийн бичлэг бүхий хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй,

шүүгдэгч П.Гнь цагдан хоригдсон хоноггүй,

шүүгдэгч О.Баяртулгын 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 33 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг дурьдаж,   

          шүүгдэгч О.Баяртулгад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

          шүүгдэгч П.Ганхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч П.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусадтай бүлэглэн, нэг удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-г 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-н 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 33 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-н цагдан хоригдсон 33 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар 27 хоногийн хугацаагаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч П.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

шүүгдэгч П.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Б-с нийт 288.500 төгрөг гаргуулж 275.000 төгрөгийг хохирогч Б.А-д, 13.500 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ч.М-д олгосугай.

          9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 9-2 тоотод үйл ажиллагаа явуулдаг автомашины задаргааны хашааны хяналтын камерийн бичлэг бүхий хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

          битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нарс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ